пятница, 7 декабря 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 2

Луйза Хей, Орчуулагч Ц.Одонтуяа, түүний номноос та бүхэнд зориулан шивсэн охин Б.Заяа нартаа талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Бид эцэг эхээ сонгодог гэдэгт би итгэдэг

Бид, ер нь хүн бүхэн энэ ертөнцөд мэндлээд тухайн цаг хугацаанд, тухайн орон зайд энэ биеийг олж, яаж амьдрахаа шийдэж, сонгож байдаг. Бид оюун санааны хичээлүүдийг суралцах гэж энэ амьдралыг, энэ хөгжил хувьслын замыг сонгож ирсэн. Бид хүйсээ, арьсны өнгөө, яс үндсээ өөрсдөө сонгож дараа нь энэ амьдарлын туршид хэрэг болох бидний хүмүүжлийн толь болсон эцэг эхийнхээ жишээг эргэн тойрноосоо авдаг. Тэгээд өсөж том болохоороо гэнэт эцэг эхээ буруутгаж, та л биднийг ингэж сургасан, та л ингэ гэж заасан гэж чичилдэг. Яг үнэндээ бол тэд бидний төлөө чадах бүхнээ хийсэн, харин бид л ямар нэг бэрхшээлийг давж гарахыг хүсэхдээ, тиймэрхүү асуудлыг шийдэхэд тэд л хамгийн сайн нь байсан гэж итгэж тэдний хэрэглэдэг байсан аргыг сонгодог.
Бидний итгэлийн систем хар багаас минь л бүрэлдэн тогтож, бид амьдралынхаа турш туулж өнгөрүүлсэн бүхнээ тэр итгэлтэйгээ харьцуулдаг. Тэгээд итгэл, бодит байдал хоёр зөрчилдөхөөр гомдож, бухимддаг.
Та өнгөрснөө эргэж бодоод яг ижилхэн үйл явдал хэдэн удаа давтагдсаныг сана даа. Хэрэв танд ямар нэг зүйлийг тэгэж олон удаа давтаж хийсэн тохиолдол байсан бол та өөрийгөө тийм зүйл хийх ёстой гэж итгэсэнтэй л холбоотой.
Бидэнд хичнээн хүнд бэрхшээл, хэр урт хугацаанд тулгарч, хэр их төвөг учруулсан нь огт хамаагүй. Хүч чадлын амин сүнс зөвхөн одоо цагт л оршиж байдаг.
Өнөөдрийг хүртэл таны туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага бол тэр чигээрээ таны урд өмнө нь бодож байсан бодол итгэлээс бий болсон зүйл. Тэдгээр нь таны өчигдөр, өнгөрсөн долоо хоног, өнгөрсөн жил, эсвэл 10, 20, 30-н жилийн өмнө ярьж хэлж, бодож, итгэж байсан тэр бодлуудаас үүдсэн зүйлс. Гэхдээ энэ бол таны өнгөрсөн амьдрал. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Энэ цаг мөчид буюу одоо юу хамгийн чухал вэ гэвэл та юу бодож, юунд итгэхээ өөрөө сонгох боломж юм. Юу гэж хэлэхээ ч бас.
Таны одоо бодож байгаа бодол, итгэл, үг хэл тань таны ирээдүйг бий болгоно. Таны хүч чадлын амин сүнс одоод л оршиж байгаа бөгөөд энэ хүч чадал таны маргаашийг, ирэх долоо хоног, ирэх сар, ирэх жилийг, ирэх цаг хугацааг бүтээнэ.
Та яг одоо толгойд орж ирж байгаа бодлоо эерэг үү, сөрөг үү гэдгийг анзаарч байж болох юм. Та тэр бодлоо таны ирээдүйг бий болгоосой гэж хүсч байна уу? Зүгээр л ажигла, тэгээд сайн санаж яваарай.

Бидний байнга тасралтгүй хийгээд зүйл бол бидний бодол- Бодлыг өөрчилж болно

Ямар ч бэрхшээл зовлон байсан туулж өнгөрүүлсэн зүйлс маань бидний дотоод бодлын гадаад илрэл юм.

Өөрөө өөрийгөө үзэн ядах нь өөрийнхөө тухай муугаар боддогоос болсон хэрэг. “Би ч тааруухан амьтан” гэсэн бодол танд тийм сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв та тэгэж бодоогүй бол танд тэгэж мэдрэгдэхгүй шүү дээ. Энэ бодлыг өөрчилж болно. Түүний дараа дээрх мэдрэмж арилах болно. Өөрөөр хэлбэл танд тэгэж санагдахаа болино гэсэн үг.
Энэ бол зөвхөн бид тэр олон итгэлийг хаанаас олж авдгийг харуулах гэсэн жишээ юм. Гэхдээ үүнийгээ байнгын зовиур шаналгаа болгож биедээ хадгалахаа больцгооё. Одоо өнгөрсөн бүхэн ямар ч хүч чадалгүй, нөлөөгүй болсон.
Бидэнд ямар ч гашуун туршлага, ямар ч хэцүү зүйл, ямар ч удаан хугацаанд тохиолдсон хамаагүй. Тэр бүгд өнгөрсөн. Харин хүч чадал гэдэг одоо цагт л байдаг зүйл. Үүнийг ойлговол хичнээн гайхалтай гээч! Яг одооноос эхлээд бид бэрхшээлээс чөлөөлөгдөж, ангижирч болно.

Та итгэнэ үү, байна уу, бид үнэхээр бодлоо сонгодог

Магадгүй бид зөнгөөрөө л ямар нэгэн зүйлийг өөрийн эрхгүй дахин дахин боддог учраас энэ сонгох боломжгүй гэж та ойлгож байж болох юм. Яг үнэн хэрэгтээ бол бид бодлоо өөрсдөө сонгодог. Ер бид тодорхой нэг бодол бодохоосоо татгалзаж болно. Та өөрийнхөө тухай эерэг сайн зүйл бодохоосоо хэр их татгалздагаа нэг бодоод үз л дээ. Бас та өөрийнхөө тухай хэр их сөрөг бодол боддог, түүнээс хэр их татгалздагаа сана даа.
Надад хандаж, надтай уулзаж байсан хүн бүхэн их, бага хэмжээгээр өөрийгөө чамлаж, өөрийгөө дорд үзэх өвчинд автсан байдаг. Ингэх тусмаа бидний амьдралд өөдрөг, бүтэмжтэй зүйл бага болж, улам л зовлонтой, төвөгтэй болдог шүү дээ.
Өөрөө өөрийгөө аль болох бага зэмлэж, бага буруушааж чадвал амьдрал тань тэр хэмжээгээр дээшилж, дэвжинэ.

Надтай уулзаж, надад хандаж байсан хүн болгоны дотоод бодол нь “би тийм сайн байж чадахгүй байна” гэсэн нийтлэг бодол байдаг.

Бид дээр нь “Би юу ч амжуулдаггүй”, “Би ямар ч гавьяагүй гэж бодоцгоодог. Яг тань шиг байна уу? Та ингэж бодож, ингэж ярьдаг уу? Гэхдээ та хэний гаргасан жишигт хүрэхгүй, хэний төлөө гавьяа байгуулаагүй гэж бодоод өөрийгөө зэмлэж байгаа юм бэ?
Хэрэв та ингэж хатуу итгэж, боддог бол та яаж өөдрөг, баяр баясгалантай, бусдын хайрыг татаж, эрүүл саруул амжилттай ажиллаж, амьдарч чадах юм бэ? Яаж ийгээд л таны далд ухамсарт суусан ийм бодлууд таныг өөрөө өөртэйгөө зөрчилдөхөд хүргэдэг. Яаж ингээд л та өөрийгөө хаа нэг газар, хэзээ нэг цагт буруу зүйл хийнэ гэж итгэдэг.

Гомдол, бухимдал, буруутгал, шүүмжлэл, айдас болгоомжлол гэдэг өөр юунаас ч илүү хамгийн их төвөг учруулдаг гэдгийг би олж мэдсэн.

Энэ хэдэн зүйл бидний амьдрал, эрүүл мэндийг доройтуулж, биеийг өвчлүүлдэг. Энэ мэдрэмжүүд бол амьдралд болж өнгөрсөн зүйлүүд өөрөө хариуцлага хүлээхгүй, хэн нэгнийг буруутгах сэтгэлээс урган гардаг.

Та хар даа, хэрэв бид өөрсдийн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг бол хэн нэгэнийг зэмлэх хэрэг гарахгүй шүү дээ. Тэнд юу болж байна, энд би юу бодсонтой л холбоотой. Бид дотоод сэтгэл буюу бодлын толь бол бидний амьдралд болж буй үйл явдал юм.
Би өөдгүй хүмүүсийг өмгөөлж, хамгаалах гээгүй, гэхдээ хэнийг өөртөө татаж, хэнээр хайрлуулах нь бидний итгэлээс хамаардаг гэдэгийг хэлэх гэсэн юм.
Хэрэв та өөрийгөө “Хүн бүхэн надад ингэж хандах юм, тэд дандаа намайг шүүмжилж, надад гомдож, намайг үл тоож, намайг гомдоож, яг л үүдний гишгүүр шиг үздэг” гэж бодох юм бол хүмүүс тэгэх л болно. Яагаад гэвэл тэр бодлууд чинь хүмүүст “харагдаж”, тэдний тантай тийм байдлаар харьцахад нөлөөлдөг юм. Хэрэв та тэгэж бодохоо больчихвол тэд танаас холдож, өөр хэн нэгэн рүү явна.
Шинжлэх ухааны түвшинд нотолсон зарим жишээний үр дүнг дурдвал: Удаан хугацаанд тээсэн гомдол биеийг аажмаар идэж, бидний нэрлэдэг өмнө үү гэх өвчин үүсгэдэг. Бас байнга шүүмжлэх нь үе мөчний өвчинг үүсгэдэг. Өөрөө өөрийгөө буруутгаж, гэмших нь өвчлөх гол шалтгаан болдог. (Надад хандаж, ирсэн үйлчлүүлэгчдээ өвдсөн байхыг хараад тэд удаан хугацаанд өөрсдийгөө буруугаж, дотроо гэмшиж явсныг би шууд л мэддэг).
Айдас гэдэг үс халцрах, яр шарх гарах, ходоодны шархтай болоход шууд нөлөөлдөг.
Уучилж өршөөж, гомдлоо мартах нь өмөн үүг ч зогсоож чаддагийг би бас олж мэдсэн. Энэ нь хэтэрхий хялбархан юм шиг санагдаж болох юм. Гэхдээ л би үүнийг үнэхээр өөрийн биеэр үзэж, мэдэрсэн.

Бид өнгөрсөнд хандах хандлагаа өөрчилж чадна

Өнгөрсөн гэдэг нь нэгэнт болоод дууссан зүйл. Түүнийг одоо бид өөрчилж чадахгүй. Харин бид өнгөрсний тухай бодлоо өөрчилж чадна. Өмнө нь хэн нэгэн бидэнд муу зүйл хийж, биднийг гомдоосны төлөө өнөөдөр бид өөрсдийгөө шийтгэнэ гэдэг хичнээн тэнэг хэрэг билээ.
Би хүмүүст: “Надад гомдлоо яг одоо, илүү хялбар байгаа дээр нь тайл, үхлийн өмнө наад гомдлоо тайл” гэж хэлдэг.
Бид хүн байдалд орсон үедээ бодол санаагаа төвлөрүүлж, сэтгэлээ ариусгана гэвэл үнэхээр чадашгүй, бүтэшгүй ажил.
Харин одооноос эхлэн айдсаа арилгахад цаг зарцуулах ёстой. Хэрэв бид өөрсдийгөө ямар ч тусламж авалгүй өнгөрөөх хохирогч, бүх зүйл найдваргүй гэж итгэх тийм итгэлийг сонгох юм бол хорвоо ертөнц таны энэ итгэлийг л биелүүлэхэд л тус болох болно. Тэгээд бид шууд уруудаж улам л дордоно. Тиймээс тийм тэнэг зүйлд итгэхээсээ зайлсхийж, тийм сөрөг бодол бодохгүй байх нь чухал.
Бурхан тэнгэр бидний эсрэг биш бидний төлөө, бидний итгэл, бодлыг л дэмждэг. Та юу гэж бодно тэр түүнийг дэмжинэ гэсэн үг. Та сайн зүйл бодож, сайхан зүйлд итгэвэл тэр түүнийг биелүүлэхэд танд тусална.

Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлөхийн тулд өршөөхөд бэлэн байх ёстой

Бид өнгөрснөөс чөлөөлөгдөхийн тул өөрсдийгөө болон бусдыг ч өршөөхөд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй бид яаж өршөөхөө мэдэхгүй, бас хүсэхгүй байж болно. Гэвч өршөөхөд бэлэн байх нь эрүүлжих үйл явцын эхлэл юм. Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж, бас өөрийгөө болон бусдыг өршөөх нь хойшлуулшгүй чухал зүйл.
“Би чамайг миний хүссэнээр байгаагүйн чинь төлөө өршөөлөө, би чамайг зүгээр л орхилоо” гэж хэлэхэд л энэ өгүүлбэр бидний чөлөөлнө.

Бүх өвчин өршөөх сэтгэлгүйн улмаас үүддэг

Хэрэв та, хэзээ нэгэн цагт өвдөх л юм бол зүрхээ чагнаж, өршөөл хэрэгтэй хүнийг заавал олоорой. “Гайхамшигт цуврал” хэмээх хичээлд яг ингэж өгүүлсэн байдаг.
Миний зүгээс танд нэмж хэлэхэд: Таны хувьд өршөөхөд хамгийн хэцүү санагдаж байгаа тэр хүн бол таны өөрөөсөө холдуулахыг хамгийн их хүсч байгаа хүн мөн. Хэн нэгнийг өршөөнө гэдэг ердөө л түүнийг орхино, явуулна, өөрөөсөө холдуулна гэсэн үг.
Энэ бол түүний өөдгүй зан чанарыг нь уучилна гэсэн үг биш. Зүгээр л юутай хээтэй нь тэр чигээр нь хая гэсэн үг. Бид яаж өршөөхөө мэдэхгүй байж болно. Бидний хийх ёстой зүйл бол өршөөхөд бэлэн байх л явдал юм. Харин хорвоо ертөнц яах тухайг өөрөө мэдээд учрыг нь олно.
Бид өөрсдийнхөө шаналалыг их сайн ойлгодог. Харин бидний хамгийн түрүүнд өршөөх хэрэгтэй тэр хүн хэн ч байлаа гэсэн бас шаналж л байгаа гэдгийг ойлгох үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ тэд тухайн үедээ түүнээс өөрөөр яах ёстой байснаа мэдэхгүй, ойлгохгүй, өөрөөр яаж ч чадахгүй байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Хүмүүс надад зовлонгоо тоочих үед тэдэнд ямар ч асуудал тулгарсан бай, эрүүл мэнд нь муудах, мөнгөгүй болох, хэн нэгэнтэй харилцаагаа таслах, хэн нэгэнтэй муудалцах, санаж сэдсэн нь бүтэлгүйтэж нурах ер нь аль нь ч бай тэр бэрхшээлийг анхаарахаасаа илүү тэднийг зөвхөн өөрийгөө хайрладаг болгоход анхаарч, ажиллах явдал байдаг.
Хэрэв бид өөрсдийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч, хайрлаж чадвал амьдралд бүх зүйл эерэгээр эргэнэ гэдгийг би олж мэдсэн. Энэ бол яг л эргэн тойронд бяцхан ид шид байгаа мэт хүчтэй нөлөөтэй. Ингэснээр бидний эрүүл мэнд сайжирч, бид мөнгөтэй болж, бидний харилцаа ойлгомжтой, эерэг болж, бид өөрсдийгөө үнэхээр бүрэн дүүрэн илэрхийлж эхэлнэ. Бүх зүйл огт хичээгээгүй байхад л аяндаа бүтэж байгаа мэт санагдах болно гээч. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлана гэдэг танд аюулгүй, тайван амьдрах орон зайг бий болгож, итгэл, зөвшөөрөл гэдэг таны оюун санааг эмх замбараатай болгон, таны амьдралд илүү найрсаг бүлээн дулаан харилцаа бий болж, энэ бүхэн таны зүг сайн сайхныг урин дуудах болно. Ингэснээр бүр таны биеийн жин хүртэл хэвийн хэмжээндээ байна гээч. Таны өмнө шинэ ажил, шинэ амьдрах орчин бий болно. Өөрийгөө хайрладаг хүмүүсийн бие нь хүртэл тэднийг хайрладаг юм. Эзэн нь биеэ хайрлавал бие нь эзнээ хайрлана гэсэн үг.
Өнөөдөр өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах нь бидний амьдралын бүх л хэсэгт гарах эерэг өөрчлөлтийг хэзээ ч дахиж шүүмжлэхгүй байхаас эхэлсэн. Шүүмжлэл гээч биднийг өөрчлөлтөөс ухрааж, нэг л байранд хүлж, цоожилж байдаг зүйл.
Өөрийгөө ойлгож, уян хатан хандах нь тэр хүлээс, цоожноос гарахад тусалдаг.
Та олон жил өөрийгөө шүүмжиллээ. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй байгааг та хар даа. Тэгвэл өөрийгөө зөвшөөрөөд, дэмжээд үз л дээ.
*********************************************************
Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм цогц, төгс төгөлдөр,бүрэн бүтэн.

Өдөр бүр, мөч бүхэнд надаас урсан гарч буй тэр хүчээс хэд дахин илүү хүч байдаг гэдэгт би итгэдэг.

Би өөрийгөө оюун ухааны өмнө нээж байна.

Энэ дэлхий ертөнцөд ганцхан оюун ухаан байдаг гэж би боддог.

Энэ л ухаанаас бүх хариулт, бүх шийдэл, бүх эрүүл саруул, шинэ зүйлс гардаг.

Миний мэдэх хэрэгтэй юм бүхэн хэзээ нэгэн цагт тодорхой болно, надад хэрэгтэй бүх зүйл цагаа болохоор зайгаа олоод, дарааллынхаа дагуу ирнэ гэдгийг мэдэж, оюун ухааны хүч чадалд би итгэдэг.

Миний ертөнцөд бүх юм сайн сайхан.

Заа үүгээр нэгдүгээр бүлэг дуусч байна. Охин маань хоёрдугаар бүлгийг шивээд дууссан. Арван хуруугаар хурдан бичдэг болсон байна лээ шүү. Аавдаа туслахдаа их дуртай байгаа.

Үргэлжлэл бий.

10 комментариев:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ комментирует...

Еранхийдөө сэтгэлээр өөдрөг байх нь л хамаг сайн сайхны эхлэл байх болно. Тэгэхийн тулд зөв зүйтэй, өөдрөг бодол сонгож олох нь чухал гэсэн утгатай юм байна гэж ойлгогдлоо.

Nana комментирует...

bodol sanaa, huvi tavilan, etseg ehee hurtel ooroo songodog gej boddog. hezee uhehee ch hurtel.hezee amidarhaa ch hurtel.

Barimalch комментирует...

Za sedevt jaahan holboogui uuchilaarai gehdee holbootoi ;)

Huuchinii sonsdog baisan goy clipnuudees blognii ezen ba zochidod ay duunii mend hurgey (neg naiz ogov):


Pet shop boys: RENT
http://www.youtube.com/watch?v=TZvXseMZ70Q

Black: Wonderful Life
http://www.youtube.com/watch?v=iyfu_mU-dmo

End neg yanziin shine klip setguulch Dashzeveg guain DZMAN:
http://www.youtube.com/watch?v=CT7OR7oraGA

ZAYA комментирует...

Ингээд бодохоор бид хэт даруу ч юм шиг. Гэхдээ бидний дунд өөрөө юу мэдэхгүй, чадахгүй байж, өөрийгөө дөвийлгөн боддог хүмүүс их байдаг юм шигээ. Хувь тавилан, төөргөөрөө амьдардаг. Төөргөө хүн өөрөө л зурдаг. Ингээд бодохоор өөрийгөө дарж дутуу үнэлэх бол байж болошгүй алдаа болох нь ээ. Хойшид илүү ч үгүй дутуу ч үгүй өөрийгөө үнэлэх чадвартай болмоор юм байна даа.
Заяа охинд амжилт хүсье. Үүнээс хойш ч гэсэн аавдаа туслаж олон олон бичлэг оруулна гэдэгт итгэж байгаа шүү.

Arsun комментирует...
Этот комментарий был удален автором.
Arsun комментирует...

Бум-Эрдэнэ: Сэтгэл зүйч Вилъям Хьюит "мөрөөдөх хэрэгтэй" гэж захих юм. Сайхан мөрөөдөлд умбах сайхан. Багаасаа муухай муухай юм боддог л байж. Одоо хүүдээ сайн сайхан юм бодож байхыг захих юмдаа. Бас сэтгэлийн сахилга бат гэж нэг юм байх юм. Сахил сахихтай төстэй юм уу даа. Зодооны чиглэлийнхний тангарагт гарах юм.

Нана: Долгионы нэг хуваарьт орчихсон юм шиг санагдаад байдаг. Бодол муу бол бүтэлгvй юм тохиолдох, тааруу хүмүүстэй учрах гэх мэх, бодол сайн бол тийм хvмvvс тойрох юм шиг. Нээрэн, Хvдэрт амарч байхдаа би нэг зvйл ажигласан. Нэг орой бид дуулж хуурдаж, архидваа. Гэтэл хоёр янзын дэнлүүний керосин дэнлvvн дээр нэгч эрвээхэй ялаа шумуул шавьж цуглахгvй байхад зайгаар ажилладаг өдрийн гэрэл гэж ярьдаг даа тийм ламптай дэнлүүн дээр ёстой элдэв шавьж шавсан даа.
2 дэнлүүг ойртуулж тавьсан ч ялгаагvй. Ер нь өдрийн гэрлийг бясалгал vйлдэх өрөөнд тавихыг зөвшөөрдөггvй юм шvv дээ. Гэрлийн үелзлэл /давтамж/ багатай гээд, улайсдаг чийдэн хэрэглэхийг зөвлөдөг.

Барималч: Баярлалаа. Ая дууны мэндчилгээг хүлээж авлаа.

Заяа: Хамгийн гол нь өөрийгөө vнэлж, хvндэлж сурах хэрэгтэй байна. Болж өгвөл жаахан сагсуу байхдаа ч гэмгүй. Бидний монголчууд баахан даруу улс шvv дээ. Хvний өөрийгөө vнэлж хvндлэхээс хөгжил эхэлж мэдэх юмаа.
Заяа Заяаг урамшуулав. хэхэ.

A.Амарсайхан комментирует...

Манай хадам хөгшин миний хоёр хүүг өхөөрдөөд, "Миний хоёр хүү хөтөлцөөд, аав ээж хоёрыгоо хайж, Ховд, Говь-Алтай хоёрын хооронд зөндөө их гүйсэн. Тэгээд, аавынхаа том алчууранд нуугдаад хүрээд ирсэн" гэх мэтээр л ярьдаг байсан. Цаад хоёр нь итгээд л. Бодоод л.
Нээрээ ч хайсаар яваад хүрээд ирсэн байх өө дөө.

бж комментирует...

За ёстой 3 дахин уншлаа ш дээ. Өдөрт нэг уншаад л...
Нээрээ ч тийм юм уу гэж бодогдмоор юм их байнаа. Хүн ер нь хувь заяагаа өөрөө зөгнөдөг гэж үнэн байх шүү. Миний амьдралд ч гэсэн зарим нэг зүйл дээр энэ номын санаа батлагдаад байх юм.

Arsun комментирует...

Амарсайхан: Алтайн уулсыг арлан хайсаар уу хихи. /хөөрхөн юмаа/.
Бидний бодол аль ертөнцөд голдуу байна үр удам маань тэндээс ирдэг байж магадгүй гэж боддог. Иймэрхүү материалууд таараад байгаа.

Ганаа: 3 дахин аа, Хайран цаг,хэхэ.
Одоор зурсны дараагийн өгүүлбэрүүдийг давтан давтан бодох юмуу хэлэх хэрэгтэй /амандаа/ юм шиг байгаан /дотоод ухамсартаа суулгах гэж/.

бж комментирует...

Сонирхоод уншсан тул хайран цаг энэ тэр гэж харамссангүй дээ, хө.

Одны доорхи үгнүүдийг тэмдэглэж аваад дандаа хэлж байяа. Сайхан бодол төрүүлэх үгс байна.