среда, 18 июля 2012 г.

Багын мөрөөдөл биелэв

Би хар багаасаа нисдэг тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөддөг байв. Сая баярын амралтын өдрүүдэд багын мөрөөдөл минь биелэвээ. Энэ жил ч сайхан наадлаа даа. Эрүү өвдөг нийлсэн үедээ -Яагаав нөгөө миний нисдэг наадмаар гээд л дурсана шүү дээ. 

Тээр жил, би сургуульд ороогүй байсан юм даг. Нэг сайхан нарлаг өдөр, тэнгэрээс хачин чимээ гараад, хойт уул дүнгэнэдэгээс ч хүчтэй, гайхмаар ч юм шиг аймаар ч юм шиг болж байтал хүүүхдүүд -нисдэг тэрэг! гээд шуугилдаад явчихав. Бөөн баяр хөөр болсон хүүхдүүд гүйлдэнэ. Хайсаар, Шар хадны хоолой чигт тэнгэрээс дүүжигнэсэн засаа шиг юм ирж явааг олж харлаа. Ойртсоор сумын төв дээгүүр эргэхэд нь баярлан, бахархаж, бахардаж унаталаа дагаж гүйсэнсэн. Хэхэ, нисдэг тэрэг дагаж гүйгээд байхдаа ч яахав дээ. Мөн ч их сонин сайхан үйл явдал болж билээ. Газар тэнгэр нийлүүлэх мэт болсоор урагшаа задгай газар буув. Уул нь Бодь дарга сумын захиргааны хойно цагаан чулуугаар дөрвөлжин тэг татуулаад улаан туг бариад зогсож байсан юмсанж. Тэр үеээс хойш л энэ тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөдөөд байсан хэрэг.

Хожим нисэх загвар сонирхож, "Дөл" тоглолтод оролцож билээ. Планер хийж нисгээд найзуудтайгаа туршдаг байж. Агаарын зохих урсгалд орсон планерийг унатал нь бидний нөхөд дагаад гүйлддэг байв.  "Энэ хэдэн хүүхдүүд нэг том цагаан шувуутай хөөцөлдөөд, алах нь" гэсэн яриа гарсан юм даг. Манай сумын арын уул хар өнгөтэй, түүний фонон дээр миний хийсэн онгоц том цагаан шувуу шиг харагдсан байх.

Хүн өтөллөө ч багын сонирхол салдаггүй бололтой, нисэх загварын чөлөөт нислэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг Цонжин болдогт очиж үзэхээр болов. Тэр үеэр шүхэрчдийн үзүүлбэр ч таарч, Налайхын нисэхийн ... -дугаар ангид ажилладаг үеэл маань биднийг нисдэг тэргэнд суулгаж сонирхуулав. Мөн азтай хэрэгээ. Зураг ч дарав.    

 Байлдааны зориулалттай нисдэг тэрэг
 Энэ пулемёт нь, 120 мм-ийнх. 2 талдаа 120 ш пуужингаар цэнэглэгддэг 
гэнэ лээ. Мундаг эд байгаа биз.
 Миний хүү
 Ми-4
 Хуучин Як
 Ми-2. Энэ нөхөр л манай нутагт очсон байхаа даа
 Миний ниссэн Ми-8
 Биднийг дотор нь сууж, юм хумыг нь оролдохыг зөвшөөрсөн юм
 Хүүхэд насны хүслээ биелүүлэв
 Тансаг эд юм аа

 Нислэгийг удирдах төв
 ТЗК хэмээх дуран. Залуудаа, хаа сайгүй "Дайсан номер нэг-Хятад" гэсэн бичигтэй хилийн заставт алба хаасан хүн шүү дээ би. Энэ дурангаар дайсны хөдөлгөөнийг хянадаг байж билээ.   
 Эрэлхэг зоригт шүхэрчид

 Нислэгт бэлдэж байна

 Эрхэм хурандаад ... нислэгт бэлэн!
 Хүү охин хоёр маань хамт ниссэн. Хоёулаа харааны шилтэй шүү 

Шүхэрчид ба зорчигчид

Бүргэдийн нисэх өндрөөс 

Ар Жанчивлан харагдаж байна
 Шүхэрчид мөн бөх зүрхтэй улсаа

Миний охин


 Экипажийнхантай дурсгалын зургаа татуулцгаав. Нэг ангийн бүргэдүүд.


 Тэмцээний нээлт дээр
 Агаараас ингэж зураг авдаг болж