понедельник, 28 декабря 2009 г.

Морж

2009.12.27-нд. -27 хэм.

Дээр үедээ, биднийг курсант байхад Чкалов багш маань харзны усанд ордог тухайгаа, түүний гайхамшигтай сайхан гэдгийг бидний сэтгэлд хоногштол ярьдаг байлаа. Профирий Иванов гуай, Цагаадай багшийн заавраар хааяа нэг харзны усанд ордог тухайгаа найздаа хэлж, нөхөр дэмжсэнээр бид ням гариг бүрд мөс цоолон усанд ордог болоод байгаа. Аура сэргэдэг гэдэг.
Зургийг зургаан настай Зулаа охин /өөрөө ингэж ярих дуртай/ авсан болно.

Зургийг: www.topnews24.ru-гаас

воскресенье, 20 декабря 2009 г.

среда, 2 декабря 2009 г.

Баавгайг буудчихаад тусламж үзүүлжээ

Швейцарийн Берн хотын билэг тэмдэг нь баавгай аж. Тэгээд ч хотын амьтны хүрээлэнд баавгайд зориулан тусгайлан цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Ааре голын гүүрийн дэргэд байгуулсан тэрхүү хүрээлэнд хос баавгай жуулчдын нүдийг хужирлаад удаж байгаа аж. Саяхан болсон үерийн аюулаас хамгийн түрүүнд тэднийг л аварсан гэнэ.Харин тэдний нэгэнтэй эмгэнэлт явдал тохиолдоно гэж хэн ч бодоогүй бололтой. Тус хотын иргэн, 25 настай залуу араатны хоол болох шахжээ. Цагдаа нарын мэдээлснээр энэ залуу бага зэрэг оюун ухааны хомсдолтой аж. Тэрбээр тусгаарлах хашлагыг даван, дөрвөн метрийн өндрөөс шууд Финн нэртэй аварга том хүрэн баавгай дээрээс үсэрчээ. Араатан хурц хумс, соёогоороо урилгагүй зочныг угтан авсан байна. Ахиад жаахан хугацаа өнгөрсөн бол хөөрхий залуугаас юу ч үлдэхгүй байжээ. Азаар түүнийг нэгэн цагдаа аварчээ. Хууль сахиулагч майга борын цээжинд есөн мм-ийн бууны сум зоосноор араатан олзоо тавьжээ. Урилгагүй зочныг торноос гарган эмнэлэгт хүргэсэн байна. Баавгайнд ч мэс засал хийж сумыг нь гарган авчээ. Түүнийг бүрэн эдгэсний дараа хэрхэхийг шийдэх гэнэ.

Эх сурвалж: Нийгмийн толь.http://news.gogo.mn/r/62958 /Нэвт буудуулан, тусламж авч чадаагүй монгол залуу Ариунбаатарыг бодон гарчгийг зориуд сольсон болно. Арсун/

воскресенье, 15 ноября 2009 г.

Суут гэгээнтэн, хувилгаан Елена Петровна Блаватская

Елена Петровна дэвэн дэлхийг тойрон тэнүүчлэх vедээ бэрх хvнд амьдрал туулж, газар газрын мэргэ төлөг, домын ухаанд суралцан гүнзгийрч явжээ.
Хүмүүс түүний хувилгаан чадлыг гайхан мэтгэж маргалдан, тайлбар эрж, тэмдэглэл хөтөлцгөөнө. Үгүйсгэхийг оролдон, алдаа эрэвч барин тавин үнэн баримт олширсоор хаа ч очсон хэсэг бүлгээрээ хүмүүс нэгдэж байв.

Блаватскаягийн гоц vзэгдэл, хувилгаан чадал хүмүүсийг бишрүүлсээр тодорхой орон зай, бодгалийн бясалгахуйн увидас зэрэгцсэн үедээ хүслээрээ бодлоо материаллагт шилжvvлж байв. Гараа хөдөлгөж, үзэг, цаас хөшихгүйгээр уртаас урт захидал бичиж, астраль хvчээр хэдийнээ хаягласан хүндээ хүргэчихнэ. Хvн байгалийн хооронд зуучилдаг зарим элемент / оюун ухаант амьд оршнол/-уудыг ашиглаж, тэднээр үйлчлүүлдэг гэж Елена Петровна тайлбарладаг байжээ. Нүдэнд үл vзэгдэгч оюун санааны бүтээл, амьд оршнол, ид шидийн зарц, боолууд ямагт бэлэн тусалж иржээ.


Хоосон тасалгаанд хүүхэд орж ирэхэд, тvvнийг өхөөрдөн баярлуулахдаа самбарын араар гараар дохиж хонь хөлөглөсөн хүүхдийн тэрэг гаргаад ирнэ. Хүүхэд шүгэл өгөөч гэхэд гартаа барьсан хэсэг түлхүүрээ атгаснаа дэлгэхэд шүгэл болсон байх жишээтэй.
Зоогийн ширээнд сахарын чимхүүр алга байгааг харснаа гараа дээш өргөхөд багш нарын нь тамга бүхий чамин чимхүүр хэд хэдээрээ бий болжээ.
Энэтхэгийн Вилапурын пари нарын мэргэн хувилгаан Тируваллуварын хөргийг бvтээж өгөхийг нэгэн хүн гуйжээ. Тэрбээр цайрын /бяцхан/ нунтаг авснаа хуудас цааснаа vрж эргvvлэхэд төдөлгvй хувилгааны дvр тодорч иржээ. Америкийн мэргэжлийн зураачид vзээд техникийн өндөр ур чадвараар бvтээснийг нотолсон байна, Елена Петровна нэгэн удаа олон алчуур хээлэн захалж суунгаа ширээн доогуур хөлөөрөө өшгөчин "зайл цаашаа новшоо" гэж vглэжээ.. Хурандаа /Олькотыг хэлж байна. Арсун/ яаваа гэж асуувал нэг муу элемент хормойноос татаад байна гэжээ. Хурандаа тоглоом хийн хэдийг өгчихөөч гэжээ.Түүний хэлснээр Елена Петровна хэдийг шидэж, хэдэн минутын дараа үзвэл хэнээс ч дутахгүй хээлэн захалж бэлэн болгосон байжээ. Өдөр тутам тохиолдох ийм ид шидийг тэмдэглэж барахын аргагvй байв.
Орос эмэгтэйн гоц үзэгдэл хүмүүсийг гайхалд хүргэж, хөлдүү оюуныг нь хөдөлгөөнд оруулж, итгэлийн дөлийг сүүмэлзүүлж байжээ.
Блаватскаягийн нэр олны дунд алдаршиж, хурандаа Олькоттой хамтдаа байгуулсан "Теософи-Далд ертөнцийн нууцад нэвтрэх" нийгэмлэг өргөжин, түүний төв анхлан Энэтхэгийн Мадрас хотноо дараа нь Адъярт шилжин суурьшив.
Эхний хэдэн жилдээ Е.П.Блаватская мөрөөдлөө биелvvлэх зам мөрөөр урагшилж байв. Тvвдийн нилээд олон буддист бүлгийн номлолд тулгуурласан "Далд ертөнцийн нууцад нэвтрэх "шинэ хөдөлгөөн, итгэл үнэмшилд Европын газар бүрээс хүмүүс нэгдэж Елена Петровна нүсэр ажилд дарагдаж гар хумхилгүй, цаг завгүй ажиллаж байв. Энэ номлолоо Буддын сургаалиас гадна ертөнцийн үүслийн тухай эртний Браманизмын номлолыг тайлбарлан шинжилж, vзэл санаандаа хувьсал, төгөлдөржилтийн нэгдмэл хам шинжид тулгуурласан байна. Тvvний номлол эрт эдүгээгийн улс тvмний шинжлэх ухаан, гvн ухаан, шашны нэгдмэл язгуур шинжид vндэслэсэн байна. Энэ оюунлаг vзэл санааг Энэтхэгт нэг хэсэг нь дэмжиж, нөгөө нь эсэргүүцэж байв. Тэр үеийн сонин, сэтгүүлийг эргэж үзэхэд "Бvх нийтийн ахан дvvсийн холбоо"-үнэнийг эрхэмлэгчид гэгддэг хэсэг бүлэг хүмүүс шинэ номлолын эсрэг бүхий л хүчээр хайр найргvй үзэн ядан тэмцэж байжээ.

Мадрас дахь Католик шашныхан өөрсдийнхөө эгнээнд ороогүй, мөн мэргэн хувилгааны бие биенээ хайрла гэсэн номлолыг Орос эмэгтэй өрсөн сурталчилж байгаад маш эгдүүцэж, таслан зогсоохоор шийджээ. Тэд гүжир гүтгэлгийн арга хэрэглэв. Энэ бол бурханы номыг шашны хатуу цаазаас гадуур сурталчилж буй хvн нэг бүртэй тэмцэж, хатуу цохилт өгдөг өрнөдийн шашны нэг арга юм.
Тэд Адъярт Елена Петровнагийн хөлсний байрны эздийг олж элсүүлжээ. Байрын эзэд Блаватскаяг хууран мэхлэгч, олныг хуурахдаа биднийг ашигласан. Бид хуурамч захидал үйлддэг байсан. Гоц vзэгдэл гэдэг нь ердийн илбэчний арга. Хувилгаан багш нар тvvнд байхгүй гэж гvжирджээ. Энэ үеэр сэтгэл зүйн судлалын Лондонгийн нийгэмлэг Мадраст залуу мэргэжилтэн Хожсоныг ирvvлж, байдлыг судлуулжээ. Гоц vзэгдлийг судлах даалгавар авсан тэр залуу хомсхон мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, бардам нэгэн байжээ. Английн дээд зиндааны хүрээнд хамаарагдах католик шашинтны үг, үсгийг гээлгvй дэмжиж, үгүйсгэх үзэлтэй, тэр хөрөнгөтөн залуу Блаватская хууран төөрөлдүүлэгч хэмээсэн дэлгэрэнгүй тайланг Лондонд илгээжээ.
Сөрөг хүчний зогсоо зайгүй гүтгэлэг багш нар, дээд шүтээнийг нь тойрч гарсангүйд Елена Петровна маш эмзэглэж байлаа. Е.П.Блаватскаягийн олон найз нөхөд зай барин холдов. Түүнийг Оросын засгийн газрын тагнуул байж магад гэж элдвийн сэжvvр гаргах оролдлого хийнэ. Францын эрдэмтэн Палюс гэгч Блаватскаяг зарим номоо барон де Пальмийн үлдээсэн гар бичмэлийг хуулбарласан гэж гүтгэжээ. Австрийн морин цэргийн офицер Барон де Пальм бага боловсролтой, гүн ухааны мэдлэггүй, хэвлэлд үг vсэг ч нийтэлж үзээгvй нэгэн байжээ.
Елена Петровна хэнийг ч шүүхэд өгсөнгvй, шvvх өмгөөлөлд зарцуулах мөнгө хөрөнгө ч байсангүй. Үүнийг сайн тооцоолсон сөрөг хүчин эрээ цээргvй загнаж байжээ. Эцэж зүдрэн, өвчинд автсан Е.П.Блаватская Энэтхэг орныг орхин Европын хаа нэгтэй, чимээ аниргүй, амгалан орчинд нууц номлолоо туурвин дуусгахаар шийдэв. Италийн Неаполь хотын үгээгүй нэгэн байранд өндөр дээд эрмэлзлэлийнхээ гашуун төлөөс болон мөрдөгдөн мөшгигдөж, өөрийгөө үгүйсгүүлэн байж цөвүүн цагийн гэрч болжээ. Мөнх бусыг үзүүлж зохиогч нь мартагдсан ч цаасан дээр буусан мөр амилж, эрдэнэт ном мөнхөрнө. Аугаа суут гэгээнтнүүдийн мөн чанар, бүхнийг нэвт сүвлэх оюун санааг Блаватская дотоод эх булгаасаа шүүрдэн шавхаж номоо бvтээв. Тэрбээр зөвхөн ном бүтээх хөдөлмөрт л бие, оюунаа, амьдралаа зориулав. Гоц vзэгдэл, дэмжин талархагчдын халуун дотно харьцаа тэр бүгдийг Елена Петровна тас мартав. Гар цүнхнээс нь могой мурилзан гарч, гарын хөдөлгөөнөөр өнгийн эрвээхэй нисгэдэг байсныг ч мартав. Амьдралын сүүлчийн жилүүдээ өөрийн анхаарал, харааг дотоод мэдлэгийн сангаас суралцахад зориулав.



Сонины хуудаснаа vзэгдэх няцаалт, эргэж ирэгсдийн хорт үгс, сөрөг давалгаа бvхнийг тэрбээр тайван сөрөн зогсож чадав. Эгэлгvй номынхоо мөр бүрийг гүйцээх гэж чөлөө завгүй ажиллаж байв. Өвчин зовоож байсан ч өдөр бүр өөрийгөө захирч, цөхрөлтгүй хөдөлмөрлөж байжээ.
Англид амьдралынхаа сүүлчийн замыг үдэх үедээ Е.П.Блаватская оюуны нөр их хөдөлмөрийг нь үнэлэн, үзэл санааг нь хуваалцах шинэ шинэ найз нөхөд, шавь нартай болж, тэднээрээ хүрээлүүлж чадсан байлаа. Вишну тэнгэрийн Пуран судраас иш татан "Энэрэнгvй сэтгэл бол сайн үйлийг бvтээгч хүний хүч" гэдгийг сануулах дуртай байжээ. Хүн төрөлхтний өмнө дээрээс хүлээлгэсэн үүргээ биелүүлсэндээ сэтгэл хангалуун харж байгаа "Нууц номлол" номынхоо сүүлчийн мөрийг бичиж дуусгаад мөнх бусыг үзүүлжээ.Тvvний буй болгосон үзэл санаа, хөдөлгөөн газар дэлхийд дэлгэрч, хөгжсөөр ирлээ.

Эх сурвалж: http://www.punkie.blog.banjig.net/

среда, 11 ноября 2009 г.

Хүний амь аварсаан, итгэлтэй байна

32-ын тэнд айлд очоод буцахад хашааны буланд мөсөн дээр нэг хүн атийн хэвтэж байв. Шөнийн 21 цаг, жавар тасхийж, мөсөн дээр хүн байтугай чөтгөр ч тэсэмгүй хүйтэн байлаа. Мэдээж өвгөнтийн товарищ, очоод ноцолдолтой биш, 102 луу утасдлаа даа. Уриалгахан дуутай бүсгүй утас авч хаягийг тодруулаад, миний хэн болох, утасны дугаар зэргийг авлаа. Удахгүй хөдөлгөөнт эргүүлийнхэн очиж авах болноо гэдгийг надад мэдэгдэв.
Маргааш нь тэр хавьд хэн нэг нь осгож үхсэн гэж дуулдсангүй. Хүний амь аварсан гэдэгтээ итгэлтэй, сэтгэл сайхан байнаа.

воскресенье, 1 ноября 2009 г.

Тоо цээжлэх хялбархан арга

Энд http://arslans.blogspot.com/2008/03/blog-post_13.html хүний нэрийг хэрхэн тогтоох тухай бичсэн.
Энэ удаа тоон цувааг цээжлэх аргыг товч авч үзье.
Харри Лорейн гуайн аргаар хүүхдүүддээ тоо цээжлүүлсэн чинь богино хугацаанд 60 оронтой тоог тог хийтэл цээжилдэг байнашүү. Энэ янзаараа бол саян тоо байсан ч цээжилчих бололтой. Зүгээр арга юм. Дашрамд хэлэхэд дэлхийн аваргад дээгүүр давхидаг Хатанбаатарын орчуулсан хурдан унших, ой тогтоолтоо сайжруулах тухай ном худалдаанд бий. Бас Эрдэнэбаатар гэдэг залуу сургалт явуулдаг. Миний хувьд залуудаа Москвад ШРЧ (школа рационального чтения)-д бүртгүүлээд хагас дутуу оролдож байгаад өөртөө дадуулж чадалгүй хаясан. Хүн хийж чадаагүй, эзэмшиж чадаагүй юмаа хүүхдүүдээ хийгээсэй гэж хүсдэг бололтой юм.
Хүний царай зүс нэрийг холбон үлгэр зохиох маягаар, олон үгийг цээжлэхдээ гинжлэх, уях арга хэрэглэдэг. Энд дадлага их чухал. Үр дүн нь маш хурдан гарна. Ахиц дэвшлийг тооцохын тулд тест бөглөж үзье.


Тест #1

Дараах 20 оронтой тоог 2 мин 30 секундын хугацаанд хараад дараа нь цаас аваад цээжээрээ бичээрэй. Дарааллын дагуу зөв бичсэн тоогоо 5 оноогоор үржээд харьцуулж харахын тулд хадгалаарай.

7 2 4 4 3 2 7 8 6 2 2 1 7 3 9 8 7 6 5 1

Таны оноо_________________
Цээжлэх аргыг уншсаны дараахь оноо________________

Үгэн хэлхээ аргыг анх 1648 онд Станислав Минк фон Венштэйн томъёолж, английн Ричард Грей 1730 онд сайжруулжээ. Түүний үсгэн эквивалент хэмээх арга нь тоог үсгээр орлуулах арга юм. Энд эгшиг ба гийгүүлэгчийг ашигласан нь хэрэглэхэд төвөгтэй байсан ч сайжруулагдсаар өнөөг хүрчээ.

Тоог үсгээр орлуулж, түүгээрээ үг бүтээж, үлгэр зохионо

Элдэв мэдээллээр таны толгойг эргүүлэхгүй тулд Харри Лорейн гуайн номыг ашиглан өөрийнхөө бага зэрэг өөрчилсөн хувилбарыг санал болгоё. Хэн ч өөрийнхөөрөө, аль аятай хослолыг хэрэглэж болох юм. Ингээд эхэллээ:
# 1 - ийг Т эсвэл Д үсгээр тэмдэглэе. Дармал Т бол 1 босоо зураас, Т Д хоёр ижил дуудлагатай.
# 2 - ыг Н үсгээр тэмдэглэе. Н үсэг 2 босоо зураастай.
# 3 – ыг М үсгээр тэмдэглэе. Латин цагаан толгойн m – ийг эргүүлбэл 3 болно. Бас 3 босоо зураастай.
# 4 – ийг Ч или Ц үсгээр тэмдэглэе. Бичмэл дөрвийн тоо Ч үсэгтэй төстэй, Ч Ц хоёр ч бас төстэй, ижил дуудлагатай.
# 5 – ыг Л үсгээр тэмдэглэе. 50-ийг ром тоогоор L гэж тэмдэглэдэг. L=Л.
# 6 - г С или Ш үсгээр тэмдэглэе. Гүйцээгээд зурчвал зургаа л даа. С, Ш хоёр ижил дуудлагатай.
# 7 – г Г или К үсгээр тэмдэглэе. Төстэй байгаа биз.
# 8 – ыг В или Ф, үсгээр тэмдэглэе. Эдгээр нь 2 дугуйтай. Бас Б, П-гээр орлуулж болно, ижил дуудлагатай.
# 9 – ийг Р үсгээр тэмдэглэе. Эргүүлчихвэл яг адилхан.
# 0 – ыг 3 или Ж үсгээр тэмдэглэе. З үсэг бол “зеро” гэдгийн эхний үсэг. З, Ж нь ижил дуудлагатай бас зэрэгцээ оршино.
Үсэг биш авиа чухал гэдгийг анхаараарай. /Важны не буквы, а звуки/
Ингээд товчоор харъя.
1 – Т, Д
2 - Н
3 –М
4 –Ч, Ц
5 –Л
6 - С, Ш
7 – Г, К
8 – В, Ф, Б, П
9 –Р
0 – 3, Ж
Одоо бол та цээжилчихсэн гэдэгт итгэлтэй байна. Эдгээрт бас нэр өгөх хэрэгтэй /үүнийг дараа болъё/. Тоонуудыг харахад үсэг уншигдах, үсгийг харахад тоо уншигдах хэмжээнд хүрэхийг зориорой. Баруун солгойгүй болгох хэрэгтэй шүү. Энэ маш амархан.
10 - түүз, 11 – тод, 13 – там, 14 - түц, 15 - тал эсвэл дал, 20 - нөж, 21 - НӨТ, 22 - Нана, 23 - нам, 24 - нөөц, 25 - нуль, 26 - нус, 33 - мээм, 37 - майга, 38 - мафи, 95 - арал, 96 - орш, 99 - ор ор, эсвэл –р-р- /архирах гэж болно. Фонетик цагаан толгойд Х үсэг дуудагддаггүй гэж тооцвол/ гэх мэтээр. Үгээ аль болох этгээд, ёжтой ховор үгээр сонговол илүү сонирхолтой.
Бас дээрх үсгээр үг бүтээгээд түүнийгээ тоо болгоорой. Чийчаан_____, тамлага_______, журам______, мангар болов________, зараа_________, шагшуур________ гм.

5 6 6 8 1 7 9 6 2 7 1 5 1 0 0 1 9 1 8 6 2 2 3 5 4 2 3 1 0 1 гэсэн 30 оронтой тоог манай охин дараах үгээр орлуулжээ.
Лус савдаг орсон гутал түүз зуутаар давсан нэхмэлчин мэт зод. Эдгээр үгийг хэлхэн үлгэр зохиож, сайн төсөөлөх хэрэгтэй. Тэгвэл маш амархан цээжлэгдэнэ.

Сонирхолтой хувилбараа илгээнэ үү.

четверг, 22 октября 2009 г.

Зам зуур

Үхэр
"Шударга үзчихье, эврээ авчих"

"Алтын төлөө"

"Заримдаа завгүй"

Хоргодон саатам Хорго уул


Үзэсгэлэнт Хорго уул, түүний хайлж урссан царцдас

Хоргын тогоо
/Тогооны гүн 100 метр/


"Тэр их усыг хараач"

Тэрхийн Цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур
нь Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16 км, өргөн нь 4-10 км, 61 ам дөр.км талбайтай, Гүн нь 20 гаруй метр, д.т.д 2060 м өндөрт оршино. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Википедиагаас

Хайлмаг энд ирээд цацжээ
Аадар бороо асгаран орлоо

Борооны дараа

Алдарт зуун салаа мод

Энэ бол хиймэл эд биш шүү

Буревестник чихрийн рекламанд "Наашаа хар, Зурам аа. Нүдээ битгий аниад бай"

Энд ч бас рекламны зураг авалт

Нисэж буй жигүүртэн /Ямар сохор мохроор нь дуудалтай биш/

Чулуут гол
Миний Бэмби
Охин минь ингэж нэрлэсэн юм

пятница, 9 октября 2009 г.

Иванкалан

Явуухулан гуайг багад нь Эвийхалаг гэдэг байжээ. Явуул хулан, зуугуул адуу гэсэн ойлголттой байж билээ, найрагчийн нэрний тухайд.

...Явуу минь өөрийнхөө нэрийн тухай тайлбар хийсэн байдаг л даа. Тэнд бичсэнээр бол Завхан нутгийн Адарсүрэн хувилгаан «Эвий халаг» хэмээх нэр хайрлажээ. «Эвий халаг» гэснийг орос худалдаачин «Иванкалан» гэж сонсон дуудсан юм гэдэг. Энэ нэрэнд эцэг эх нь бэлгэшээжээ. «Ээждээ», «Хадлан» зэрэг анхны бүтээлээ Иванкалан нэрээр хэвлүүлсэн байдаг. Хожим Иванкалан гэснээ Явуухулан болгож, эл нэрээр нийтэд танил болсон юм...
Гэргий Ж. Адъяатай ярилцсан сурвалжлагч Л. Гомбожавын тэмдэглэлээс. "Нийслэлийн сонин бичиг".

Мөн "Скрипч хvv" шүлгээ Иванкалан нэрээр хэвлүүлж байжээ.

понедельник, 28 сентября 2009 г.

Зомби болчихгүйн тулд

Оросын сэтгүүлч П.Одинцовын “Бид бүгдээрээ зомби” хэмээх мөрдөн сурвалжлагыг манай нэртэй сэтгүүлч Б.Галаарид орчуулан “Цалиг” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Уг номыг уншаад аль дивангарт мартагдсан мэдлэг эргэж сэргэж байна уу гэж бодогдсоныг эрт эдүгээгийн ганц жишээгээр харьцуулъя.

5000 жилийн тэртээ Курукшетрийн талд аугаа их тулалдаан болсон бөгөөд энэ тулалдаан эхлэхийн өмнө Кришна, Махабхаратагийн охь дээж болох Бхагавад Гита-г айлджээ.

Бхагавад Гита-д дурьдсаныг үзвэл эрт дээр үеийн тэр цагт одоогийн галт зэвсгийн зэрэгцээ мөн ус, шороо, агаар огторгуй гэх мэт бусад зүйлсээс бүтээгдсэн төрөл бүрийн зэр зэвсэг ашигладаг байжээ /108-р хуудас. Бхагавад Гита. Анх айлдсан төрх байдлаараа/

Өнөөгийн цөмийн зэвсэгтэй дүйцэхүйц гал махбодод үндэслэн бүтээсэн галт зэвсгийн эсрэг одоогийн шинжлэх ухаанд огт үл мэдэгдэх усан зэвсгээр тэмцдэг байж. Түүнээс гадна орчин үеийн эрдэмтэд мэдэхгүй хуй салхин зэвсгийг ашигладаг байжээ.

Дээр дурьдсан тулалдааны үед дайтагч хоёр тал дун ашиглаж байгаа талаар товчхон авч үзье.

Хорлонт Дхритараштрагийн хүү, сайн улс төрч, дипломат гэгдэх Дурьодхан зэр зэвсгээ агссан цэргээ засаж, хоёр талын хүчнийг харьцуулан үзэж, тулаанаас ялагч болон гарна гэдэгтээ итгэлтэй байна. ...Тэгтэл дайчдын өвөг эцэг, Куру удмын аугаа баатарлаг өвөг Бхишма өөрийн дунгаа чангаар үлээлээ. Түүний дуу нь арслан хүрхрэх лугаа адил аюумшигтай дүнгэнэхэд Дурьодхана баяр хөөрөөр дүүрэв. Үүний дараагаар бүхий л дун, их бага бөмбөр, хэнгэрэг, дохионы бүрээ болон нарийн бүрээнүүд нэгэн зэрэг нижигнэн аянга ниргэх мэт аймшигт чимээ шуугианыг үүсгэв.

Нөгөө талд цагаан морь хөллөсөн байлдааны том тэргэн дээр зогссон Шри Кришна өөрийн Паньчажанья нэртэй дун бүрээгээ цуурайтуулав. Пандугийн хүү Аржуна өөрийн Девадата, харин баатарлаг ялалтуудаараа алдаршсан, цадаж ханадаггүй Бхима Пуандра нэртэй дунгаа үлээцгээв. Дунгуудын дуу маш хүчтэй газар тэнгэрээр нэг цуурайтаж байсан учир Дхритараштрагийн хөвгүүдийн зүрхийг зүсэв.

Дурьодханы талын дайчдыг дун бүрээнүүдээ татахад Пандугийнханы зүрхэнд айдас огт төрөөгүй бөгөөд Пандугийнханы цуурайтуулсан дууг сонсоод Дхритараштрын хөвгүүдийн зүрх урагдав... Бхагавад Гита-д ингэж өгүүлнэ.

... Европын нэр хүндтэй тоглолтын танхимд найрал хөгжим эгшиглэж байлаа. Туршилт эхэлж, найрал хөгжимд 7,5 Гц-ийн давтамж бүхий инфра авиатай бүрээг нэмж өгчээ. Энэхүү бүрээ оролцож эхэлмэгц сонсогчид айдас хүйдэст автан дахиад ганц секунд тэсэхгүйгээ мэдэрч үүд рүү зүтгэн шахцалдаан үүсгэв. …Уг нь энэ танхимд гарах замаа нударганы хүчээр бий болгохоор түлхэлцэж үзээгүй “нийгмийн дээд давхарга” цугласан байсан юмсанж. Инфра авиаг америкийн физикч, хорхойсолтоороо бусдаас ялгарагч Роберт Вуд анх туршсан юм.Туршилт эрдэмтдийн сонирхлыг тун их татлаа. Тэгэхээс ч биш яахав. Үл сонсогдох авиа хүний үйл хөдлөлийг хэрхэн удирдаж болох нь харагдлаа шүү дээ. Вудын туршилтын дараа урьд нь ойлгомжгүй байсан байсан олон түүхийг физикийн үүднээс тайлбарлах боллоо. Орхигдсон хөлөг онгоц, гэв гэнэт хоосорсон тосгон, айдаст автан гүйлдэх бөөн хүмүүс… Инфра авиаг ашиглан жагсаал хийж буй олныг хөөн тараах зэвсэг бүтээжээ. Ус шүршигч машин, нулимс асгаруулагч хийнээс илүү тустай гэх юм билээ… Баримт ингэж өгүүлнэ.

Дээрх судрын бичээс, “Бид бүгдээрээ зомби” хэмээх номонд дурдагдсан баримт хоёрыг та харьцуулаад нэг хардаа.

Орчин үед бид хоол хүнс, байр орчны аюулгүй байдлаа хангахаас гадна псиэкологийг цэвэр байлгах шаардлага гарч ирж байна.

Татвараа тогтмол төлдөг, аливаа бүхэнд хариуцлагатай ханддаг, эмнэлгийн хуудас хөөцөлдөөд байдаггүй сонгодог “сайн ажилтан”, эсвэл зүйл бүрээр доромжлуулж, сохор зоосны хөлсөөр ажиллаж, өлсөж зүдэрч, бие махбодиороо зововч өөрийн эзнээ өдөр шөнөгүй алдаршуулах үнэнч боол болчихгүйн тулд, товчоор хэлбэл зомбичлогчдын золиос болчихгүйн тулд Одинцовын номыг нэг харчихсан байх нь хэрэгтэй гэж бодно. Аюулгүй байдлын хэрэгцээгээ бодсон ч тэр. Ингээд “Бид бүгдээрээ зомби” номын хэсгээс товчлон танд хүргэе.

...Хүмүүс дээр анхны өргөн хэмжээний туршилтыг ЗСБНХУ ч, АНУ ч хийгээгүй юм. Психотронын технологийн өлгий нь фашист Герман байлаа. Гитлерийн байгууллагуудаас хамгийн нууцлаг хамгийн учир битүүлэг нь “Анэнербе” юм. Үүнийг орчуулбал “өвгөдийн өв” гэсэн үг болно.

“Анэнербе” ер нь бүхнийг сонирхож байлаа. Хачирхалтай руни бичээс бүхий хүснэгтийг тайлсан үр дүн нь пси-генератор бүтээсэн явдал гэж үздэг. Эдгээр төхөөрөмжийн зураг, үйл ажиллагааг нь дүрслэн бичсэн зүйлс хадгалагдан үлджээ. Эрдэмтэд хуйлрагч орны тухай санааг гаргаж иртэл дөч илүү жил өнгөрсөн юм. Гэтэл бүр дайнаас өмнө хуйн урсгал буюу торсион, бичил лептон цацрагуудыг “Анэнербе” нээчихсэн байж. Түүнээс хамгаалах ямар ч арга байхгүй. Рентген туяаг зузаан тугалган хавтан хаадаг бол торсион талбай түүнийг нэвт гараад явчихна. Сулхан торсион талбай хүнийг унтуулж чаддаг бол дунд зэргийнх нь логик холбоог алдагдуулж, ой санамжийг арчин арилгана. Өндөр давтамжийнх нь тархи оюун төдийгүй бие махбодыг устгана.

СС-т хамааралтай нууц лабораториудад олон нийтийг зомбичлох туршилт хийгдэж байлаа. Психотронын зэвсгийн загварууд ч мөн л тэнд туршигдаж байв. Вермахтын цэргийн хувьд жинхэнэ алуурчин бүтээх тусгай хөтөлбөр боловсруулагджээ. Вермахтын цэргүүдийг өөрийн биеэ бүрэн хянах, цаг хугацааг саатуулах, зэвсгээс гэмтэл авахгүй байх, дайсны ухамсрыг жолоодоход сургаж байлаа. Элит хэсгийн сургалтын гарын авлага нь Түвдээс авчирсан гар бичмэлүүд байв. Энэтхэг даяар, мөн Гималайд германы эрдэм шинжилгээний ангиуд байрлан судалгаа хийж мэдээлэл цуглуулж байв. Эртний нэлээд олон шаштирыг Германд нууцаар аваачин энэ тухай бүх мэдээллийг нууцалжээ. Тэдний нэг нь “Виманика Шастра”, нөгөө нь “Самаранга Сутрадхаран” нэртэй. Тэдгээрт эртний үндэстнүүдийн нисдэг хөлгүүд, Дэлхий дээрх юм бүхнийг шатаах аймшигт зэвсэг зэргийн тухай тун тодорхой зураглан өгүүлсэн байв. Түүнээс гадна эртний гар бичмэлүүдэд харийн орныг хэрхэн цус урсгахгүй аргаар эзлэх, бүх хүмүүсийг нь аз жаргалтай боол болгох тухай олон мэдээлэл агуулагдаж байлаа...

Аз болоход Гитлерийн хүсэл биелээгүй юм.

Дэлхийн II дайнд Герман бууж өгсөнөөр нууц архивуудыг хоёр тийш нь АНУ, ЗСБНХУ руу зөөжээ /зөвхөн архивын баримтуудыг ч бус зарим мэргэжилтнүүдийг олж авчээ/. Дээрх хоёр гүрэн психотронын технологийг Гитлерийн цуглуулсан өвөөс шилжүүлэн авсанаар сэтгэцэд нөлөөлөх зэвсэг бүтээгдэх явц цаг хугацааны хувьд хойшлогдсон ч, хөгжлийг нь хурдасгасан нь эргэлзээгүй. Хүйтэн дайны үеэр дайсагнагч хоёр тал бие биенээсээ маш их айж байлаа. Мэдээж энэ айдас хоёр талд өөрийн гэсэн психотронын зэвсэгтэй болох туршилтад тэрбум тэрбум доллар зарцуулахад хүргэжээ. Хүмүүс мэдээж туршилтын туулай нь болж хэдэн мянгаараа , бүс нутгаараа өртөж байжээ.

1973 онд Новосибирск хотын нэгэн цэргийн ангид блок-схемд нь СВЧ генератор ашигласан “Радио нойр” /Радиосон/ төхөөрөмжийг туршжээ. Яг энэ СВЧ цацруулагчийг америкийн “МК-ультра” төсөл” туршсан байдаг. Түүнд ашигласан өндөр нам үелзлэлийн генераторууд дээрх сударт өгүүлсэн янз бүрийн нэртэй дунгуудыг санагдуулна. Ойрын ирээдүйд туршилтыг жинхэнэ зэвсгийн хэмжээнд хүргэж дайсны армийг бөмбөг, сумгүйгээр ялдаг болно гэсэн цэргийнхний амлалт зарим судраас олдсон мэдээлэлтэй агаар нэг байгааг номыг унших явцдаа анзаараарай.

Өргөн олонд нөлөөлөх төхөөрөмж бүтээж аварга үүсгүүрийг сансрын тойрог замд хүртэл байрлуулахаар Байконурын сансрын нислэгийн талбай руу илгээх гэж байв. Эрдэм шинжилгээний “Энергия” төвийн энэхүү төхөөрөмжийг бүтээгчид “Манай орны иргэдийн сэтгэл санааг дээшлүүлэхэд нөлөөлж, төлөвлөөгүй байсан олон нийтийн арга хэмжээ, цуглааныг таслан зогсоож чадна” гэдгийг онцлон дурдаж байв.

Аз болоход овор ихтэйгээсээ болоод энэ төсөл хэрэгжээгүй юм.

ЗСБНХУ задарч, улс орон таран бутарч байх үед тэр үеийн ДЯЯ-ны сайд Баранников өөрийн байгууллагынхандаа “Нууц технологи алдагдах үйл явц айсуй. Тэдгээрийг мафийнхан (улс төрчид, цэргийнхэн, маньякууд, нууц байгууллагынхны ашиг сонирхол) гартаа оруулна” гэж анхааруулж байжээ. Одинцовын материалуудыг харж байхад хяналт алдагдсан гэж дүгнэж болохоор байна. Цэргийн зориулалттай психотронын тоног төхөөрөмжийн нууцлал, технологи нийтэд ил болж, өнөөдөр “жирийн нэгэн “инженер гарин” гэртээ суугаад бүтээх хэмжээнд хүрчээ.

Халаасанд багтах хэмжээтэй, товчлуур дарах төдийд олон нийтэд нөлөөлөх хэрэгслүүд бүтээгдсэнээс гадна шашины янз бүрийн сектүүд хүний сэтгэцийг хэрхэн өөрчилж байгаа дараах жишээнээс харж болно. Албан ёсны мэдээгээр шашины Аум Шинрикё сектийн гишүүн 18-30 насны 2 сая орос хүн зомбилогдсон байв. Өөрөөр хэлбэл зомбичлох, роботчлох тусгай хөтөлбөрийг гишүүн бүрийн ухамсарт суулгасан байжээ. Аум Шинрикё-г Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосноос хойш тэд бүр “амьтан” болжээ. Тэдгээр гишүүд нийгмийн баримжаагаа бүрэн алдаж, зах дээрх наймаанаас олсон бүх орлогоо оросыг орхин одсон япон багшдаа илгээнэ. Үнэн хэрэг дээрээ тэд 20 дугаар зууны боолууд болсон юм. Орчин үеийн анагаах ухаан үүнийг эмчилж чадахгүй байна. Энэ тохиолдол бол ертөнцийг танин мэдэх эрмэлзлэлтэй, оюун санааны эрэл хийгч залуусыг урхидан харамсалтай байдалд оруулсаны баримт.

...ОХУ-ын Төрийн Дум 2001 оны зургадугаар сарын 26-нд “Зэвсгийн тухай” холбооны хуулийн 6 дугаар зүйлд психофизикийн зэвсгийн тухай нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч В.В.Путин өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурав. Нэмэлт өөрчлөлтөд: ”Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр радио идэвхт цацраг, цахилгаан соронзон цацраг, инфра авианы цацраг, ультра авианы цацраг, биологийн хүчин зүйл ашиглахад үндэслэсэн хөнөөх үйлчилгээтэй зэвсэг болоод өөр бусад зүйлсийг иргэний болоод албаны зэвсэг хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл энэхүү нэмэлтээр психотронын зэвсэг болоод зомбичлол нь хүүхэд айлгах төдий зүйл биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний солиорол ч биш, харин бүрэн бодот байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ...

Хараал хорлол хүртэл техникжлээ хэмээн санаа зовнин, дээрхномыг орчуулсан Б.Галаарид андад талархахын хамт тус номыг уншаад шинжлэх ухааны ололт буруу гараар орж, бидний амьдран буй орчныг бохирлож байгааг мэдээсэй гэж үүнийг бичлээ.

вторник, 15 сентября 2009 г.

Золбинцагаан

Золбинцагаан
Манай нутгийн Нохойцагаан гэж шударга шулуун, хэлэмгий нэгэн бий. Тэр жил гантай байсан тул хэсэг малчид билчээрийн соргогыг хөөсөөр зэргэлдээ Төгрөг сумын нутагт малаа оторложээ.
Тус сумын удирдлагаас малчдыг хөөж, сүүлдээ улаан шугамтай шаардах бичиг хүргүүлсэн юмсанж. Тэр бичгийг нь Нохойцагаан гуай авч үзээд их л эрх мэдэлтэй хүн шиг "Үл зөвшөөрөв. Золбинцагаан" гээд гарын үсгээ зураад буцаажээ.

Хэлэмгий доломгой малчныг хөөж эс чадсан дарга нар манай Хөдөлмөрийн баатар О.Ядамхүү даргатай ирж уулзаад тэр задарсан малчнаа татаж ав гэж зарга мэдүүлжээ. Цагийн байдал, ногооны сөлийг бодсон хашир дарга хугацаа хожихоор "Манай нэгдэлд ийм нэртэй малчин байдаггүй. Итгэхгүй бол шүүгээд үз" гээд данс хараагаа өгчээ. Харин Нохойцагаан гуай тэднийг мухардалд орон мунгинаж байх зуур хэдэн малаа таргалуулсан шигээ суужээ.

Ийнхүү билчээр идээд байдаг, дансанд нэргүй "Золбинцагаан" гэх нэг малчин гарч ирээд зэргэлдээ сумын дарга нарыг ихэд сандаргажээ.

Чичээд чичээд
Нохойцагаан гуай айлд дайлуулж суутал нэгэн залуу ирж мэндлээд, түүнийг чадах санаатай:

Шүдлэн байдсаа
Шонд уячихаад
Шүдгүй толгойгоо
Лонхтой холбочихоод хаа хүрч явна гэхэд

Чичээд чичээд
Чив чинь хүрэхгүй
Чичлээд чичлээд
Үг чинь хүрэхгүй гэж амыг нь таглажээ.

Дүрэлзүүлээд буучих уу?
Дээр Ядамсүрэн, Погноон гуай хоёрын тухай бичсэн дээ. Тэдний тухай Б.Номинчимэдийн ярьсаныг /сэтгэгдэл/ энэ бичлэгтээ оруулъя.

"Ядамсүрэн тэр хоёр Устын амаас халамцуухан морджээ. Чандмана ам орохоор, хэ хэ. Тэнд Хүүр Самдангийнх байж. Тэгтэл "таавчиг" Ядамсүрэнгийн тамхины цог нь цоо шинэхэн хөвөнтэй даалимбан дээлийнх нь хормой дээр унаад унгасаж гарч дээ. Погноон ах "за хө хоюулаа унгасаад байх уу" гэхэд "Давхиад байх уу" гэж ойлгосон Ядамсүрэн "тэгэе л" гэж. Чандмани аманд ирэхэд нөгөөх нь бүүр гал болоод дүрэлзээд ирж. Погноон ах "За хө хоюулаа дүрэлзүүлээд буучих уу?" гэхэд үнэн учрыг нь ойлгоогүй Ядамсүрэн бас л "тэгэе" гэж. Тэгээд айлын гадаа буух гэтэл хормойных нь галаас үргэсэн морь нь бусгаад Ядамсүрэнг шидчихжээ. Ядамсүрэн уурлаад, чи хормой шатаж байхад хэлэхгүй" гэхэд. Би хэлсэн ш тээ. Чи л өөрөө тэгэе гээгүй бил үү гэж бас нэг амыг нь тагласан гэдэг. Хар Мухар, Шар Ах, Шар Дамдинсүрэн/гавьяат/, нөгөөх алдартай дархан Монхооног гээд бараг хүн бүрийнх нь тухай үүх түүх хүүрнэж болно шүү. Сайхан нутаг, сайхан хүмүүс дээ.

Зандир дээр гараад ирлээ.
Баруун Элэгний хад, Яглагын хөндийн урд Жандар хэмээх уул бий. Лхачин ажаа энэ уулан дээр гарч алсын бараа хараад Хар чулуутад нутаглах Махбариад гуайнд иржээ. /Жасрай гуайн ах нь/. Тэдний эхнэр Бадаа гуай Лхачин ажаагийн жаахан хэлгийг нь мэдэх тул зориудаар -Та хаа хүрээд ирэв гэхэд:

- Зандир дээр гараад ирлээ гэжээ.

Жандар гэж байгаа нь тэр. Хэргийн учир нь Лхачин ажаагийн самган Нүдэн, Самдан ааяа нар үеэлүүд, Самдан ааяагийн тэднийхэн олон жил айл саахалт яваа, Зандир нь Самдан ааяагийн эхнэр бөлгөө, хэхэ. Шооч улсууд даа.

среда, 9 сентября 2009 г.

Элэг цэвэрлэх шинэ арга

Элэг цэвэрлэх тухай бичлэгүүдийг үзээд блог анд Алтайн уулс дараах мэдээллийг олжээ. http://altai-mountains.blogspot.com/2009/04/blog-post_09.html

Элэг нь 1500 гр жинтэй, xамгийн xүнд дотор эрxтэнд тооцогддог, маш олон үүрэгтэй.
Цусаар дамжиж ирсэн тэжээлийн бодисыг янз бүрийн xимийн урвалаар xувиргаж, жишээ нь жирийн чиxэр (Kohlenhydrat) glucose-ийг glukogen болгон xувиргаж xадгалан, xэрэгтэй үед даxин биед энерги өгөx зорилгоор, мөн олон aminosaure-оос protein xийж, бие дэx янз бүрийн процесст, (жишээ нь өсөлт, цус бүлэгнүүлэx бодис гэx мэт.) Витамин А болон Б-12 xадгалаx, биед үүссэн xорт бодисыг ялгаруулаx, цөс боловсруулах үүрэгтэй.

Цөс нь дотроо билирубин, цөсний xүчил, cholesterin , phospholipid агуулдаг ба тэжээлээр дамжиж орж ирсэн өөx тосыг нарийн гэдэст жигд тарааж, өөx задалдаг enzym, Lipase (нойр булчирxайгаас ялгарсан)... боломжтой болгодог байна. Нэг хэсэг цөс нь цөсний xүүдийд хадгалагдаж, xэрэгцээний xирээр, жишээ нъ xоолны дараа 12 xуруу гэдэс рүү ялгардаг.Маш товч дурдахад иймэрxүү.

Хайж байгаад элэг цэвэрлэx арга илүү сонирxол татах арга олсоноо тавъя.

Др. Кларксын Элэг цэвэрлэх арга

Xэрэв элэг нь цөсний чулуунаасаа ангижирвал xоол боловсруулаx ажиллагаа болон xүний биеийн ерөнxий эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Жишээлбэл: элэг цэвэрлэx болгоны дараа танд байсан аллергие багасаx, мөр, гар, болон нурууны өвчнөөс ангижраx, амъдралын илүү иx энерги, xүч чадал , эрүүл байдал мэдэрдэг бна.

Элэг нъ өдөрт ойролцоогоор 1 литр цөс ялгаруулдаг ба нарийн сувгаар цөсний xүүдийтэй xолбогдон, тэнд хадгалагдаж, xоолоор өөx тос, уураг авсаны дараа ойролцоогоор 20 минутын дотор цөс нь цөсний хүүдийгээс ялгарч нарийн гэдэс рүү орон xоол боловсруулаxад туслаx үүргээ гүйцэтгэдэг байна.

Цөсний xүүдийг рентген зураг болон ultrashall-аар үзэxэд чулуунууд голдуу маш жижиг байдаг учраас харагдаж илэрдэггүй, эсвэл калк-тай болж xатуураагүйгээс зурагт гарч ирэx болзлыг хангаагүй байдаг тул мэдэгдэлгүй үлддэг. Зургаагаас илүү олон төрлийн чулуу байдаг ба иxэнx нь xолестерин кристалл агуулдаг ба улаан, цэнxэр, цагаан, ногоон, бараан өнгөтэй байна. Энэ чулуунууд нь цөсний сувгийг бөглөдөг, чулуу бүрийн төвд бактерийн суваг байдаг бөгөөд судалж үзсэний дүнд энэ нь чулууг үүсгэсэн үxэж мөxсөн паразит, элэгний xорxойн үлдэгдэл гэж үздэг. Олон xүн, тэр байтугай хүүхдүүдийн xүртэл цөсний суваг энэ жижиг чулуугаар бөглөгдсөн байдаг ба заримд нь аллергие эсвэл арьсан дээр тууралт гэx зэрэг шинж илэрдэг боловч иxэнx тоxиолд ямар ч шинж тэмдэггүй байдаг.

Xэрвээ энэ чулуу нь xэмжээгээрээ томроx буюу тоо нь олширвол элэгт үүсэx даралт иxсэж, цөс боловсруулалт нь багасч, мөн цөсөөр дамжиж ялгардаг xолестерин биед xуримтлагдаx нь иxэсдэг байна.

Цөсний чулуу нь нягт биш, нүx сүв иxтэй болоxоор биед цус, тэжээлээр дамжин орж ирсэн вирус, бактер xорxой, паразитуудад үүрлэн өсөx таатай нөxцлийг бүрдүүлж өгдөг бөгөөд бие махбодийг xалдварын эx үүсвэр болсон бактераар зогсолтгүй ханган, зарим нэг өвчний эx булаг болдог байна. Жишээлбэл: xодоодний шарx, гэдэсний xий зэрэг өвчнүүд цөсний чулуу элэгт байгаа цагт xурдан эдгэрдэггүйг үүгээр тайлбарладаг.

Та жилд 2 удаа элэгээ цэвэрлэж байгаарай.

Бэлтгэл ажил

Xэрэв элэгний ямар нэг өвчтэй, мөн паразит, xорxойтой бол элэг цэвэрлэx xориотой. Боломжтой бол бөөрний цэвэрлэгээг элэг цэвэрлэxээс өмнө хийвэл үр дүн нь сайн байдаг . (гарсан ялгадас биеэс сайн xолдуулаx гэx мэт.) Боломжоороо амны xөндийгөө сайн цэвэрлээрэй.

Бэлтгэх зүйл:

1. Давс 4 халбага
2. Олив (чидун жимс)-ийн тос 125 мл
3. Grapefruit. (Ханжүрж)
4. Ornitin. (энэ нъ унтахад туслах үүрэгтэй эм юм шиг бна. Энэ цэвэрлэгээний үед шөнө унтах xэцүү юм шиг).
5. хагас литрийн тагтай сав

Элэгний цэвэрлэгээг болж өгвөл амралтын өдрөө, эсвэл хагас бүтэн сайнд xийгээрэй, ингэхдээ эм, витамин xэрэглэxгүй байвал сайн, эxлэxээсээ өмнө өөх тосгүй өглөөний цай, өдрийн xоол иднэ, жишээ нъ жимс, шүүс, талx (дангаар нь) гэx мэт. Элдэв халуун ногоо энэ тэр хэрэглэxгүй зөвxөн давсаар амтлаарай. (Энэ нь цөсний цугларалтыг нэмэгдүүлж, элгэнд үүсэx даралтыг иxэсгэн, өндөр даралт нь илүү олон чулуу ялгарахад нөлөөтэй).

14:00 цагт: юу ч битгий идэж уугаарай. (идвэл сүүлд бие чинь маш эвгүйрхэнэ.
Бэлтгэл: 4 халбага давсыг 800 мл усанд уусгаад, усаа сав руу юүл (4 хэсэг, 200 мл-ээр), xөргөгчинд хийгээд хөргөөрэй. (заавал хийхгүй байсан ч болно).
18:00 цагт: 1-р xэсгийг нь 200 мл бэлдсэн усаа уу, амаа цэвэрлээрэй.
20:00 цагт: дараагийн 200 мл усаа уу. (та 14 цагаас xойш юм идээгүй боловч өлсөxгүй бх. ( цагаа маш нарийн баримтлаx нь амжилтын үндэс болоxоор баримтлаарай)
21:45 цагт: 125 мл оливен тосоо хагас литр савандаа хийгээд, грапефруйт /ХАНЖҮРЖ/ жимсээ шахаж шүүсийг нь 125-190 мл гаргаад тостой сав руугаа юүл. Тэгээд энэ саваа таглаад, бараг тунгалаг шаxуу болтол нъ сайн сэгсэр. (жимс шинээрээ бол тунгалаг болно, xуучин бол үгүй байх), одоо жорлон ороорой.
22:00 цагт: одоо түрүүн бэлдсэн тос шүүсний бэлдмэлээ уугаарай, (босоогоорой уугаарай, xэвтээгээрэй биш. 5 минутын дотор ууж дуусга, настай xүмүүст 15 минут) тэгээд 4 капсул орнитин уугаад (унтаxын тулд) шууд xэвт, (xэрвээ одоо хэвтэxгүй бол чулуу гараxгүй байх). Xэдий чинээ хурдан xэвтэнэ төдий чинээ олон чулуу ялгараx байx. Xэвтэxдээ нуруугаараа, толгой дээрдүү байрласан, багадаа 20 минут турш маш тайван xэвт. Хэрвээ сайн төвлөрч чадвал чулуу яаж xөдөлж барьж байгааг мэдэрч магадгүй... Тэгээд унтаарай.

Маргааш өглөө нь дараагийн 200 мл давстай усаа уу. Xэрвээ xодоод чинь эвгүй болоx, эсвэл дотор чинь муухай болоод байвал арилтал нь xүлээж болно, эсвэл xэвтэж амраарай. (энэ уусмалыг өглөөний 6 цагаас өмнө битгий уугаарай).

2 цагийн дараа: сүүлчийн 200 мл давстай уусмалаа уугаад xүсвэл xэвтэж болно. 2 цагийн дараа бага зэрэг юм идэж болно. Эxлээд жимсний шүүс, 30 минутын дараа жимс, 1 цагийн дараа xөнгөн зүйл идээрэй, орой нь бас.

Тос шүүсний бэлдмэл уусны маргааш гэдэс чинь гүйлгэж магад, xүсвэл юy гарсаныг нъ xараарай...жижиг, ялангуяа ногоон чулуу (гар чийдэнгээр харку юу..хэхэ..)
Ойролцоогоор 2000 жижиг чулуу гараx байx, ингэсэн тоxиолдолд элэг жинхэнэ цэвэрлэгдсэнд тооцогддог байна. Цэвэрлэгээний дараа зарим нэг аллергие, нурууны өвчин зэргээс чөлөөлөгдөx байx. Эxний элэг цэвэрлэлтийн дараа xэдэн өдөр ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй, xарин элэгний xойд талд бсан чулуунууд урагшилж даxин өвдөx ч юмуу бие чинь сулрах, эвгүйрхэх шинж тэмдэг гарвал 2 долоо xоногийн дараа даxин элэгээ цэвэрлээрэй.

Харин өвчтэй бол цэвэрлэx xориотой

Элэгний өвчтэй xүмүүст xориотой, эмчийн зөвлөлгөөг аваарай. Ер нъ одоо үед эм тариа энэ тэрийг хэрэглэхдээ нэг газраас уншсанаар биш мэргэжлийн xүмүүсээс зөвлөлгөөг авч байж xийx хэрэгтэй байx. Учир нъ xүн бүр өөр, өөрийн онцлогтой, биеийн жин, өвчний явц, үе шат, эсэргүүцэл зэргээс шалтгаалж эмийн хэмжээ, төрлөө сонгодог болоxоор заавал эмчийн зөвлөлгөө аваарай..

(Aus "The Cure for All Advanced Cancers", S. 562ff., Copyright-Hinweis)

Шинэ мэдээлэл олж, орчуулж тавьсан анд Алтайн уулс-даа талархаж буйгаа илэрхийлье. Эхнэр маань энэ аргаар элгээ нэг удаа цэвэрлэсэн, богино хугацаанд хийх боломжтой сайн арга байна гэснийг тэмдэглэе .

среда, 26 августа 2009 г.

Вансэмбэрүү

Вансэмбэрүү цэцэг / saussurea involucrata /

Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Т
өөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод
үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосг
үй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэр
үүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор х
өөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ х
өөж явах шиг
Тоорцог
өмссөн хоёр хүүхэд
Тойрон б
үжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам г
үм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд
үзвэл
Унаганы уруул шиг з
өөлхөн байлаа
Х
үрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Х
үүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэр
үүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон с
үйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо м
өндрөөрөө унадаг
Зуурам х
өлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэр
үү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал х
өлдүү царманд
Хосын х
үчинд амилдаг байна!

гэж яруу найрагч Б.Явуухулан гуай яасан сайхан бичээ вэ. Бас:

Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос б
уудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Уч
ран харвал мөнхөрнө гэдэг
Урьдын
үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би
үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Т
өөлвөл бие чацуу тоолвол нас чацуу
Хосоор ургадаг Вансэрбэрүү үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосг
үй сайхан
Ихэр ботго шиг хор
воод ховор
Сэр
үүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
гэж Дуламсүрэн гуай ямар сайхан дуулна вэ.
( http://www.youtube.com/watch?v=BcbxmjiLOFY энд бий)

Тэнгэрийн цэцэг гэгдэх вансэмбэрүүг үзэхээр Дөрөлжийн нуурын баруун салаанаас бид нар эртлэн гарлаа. Өлзийтийн дэвсэгээр өгсөж, Захирагчийн овоо, Барзан хайрханыг өвөрлөж, Алагхайрхан уулыг Цагаан асгаар давж Их Хүнхэр лүү орж Хөх хадны хөлөөр хайх төлөвлөгөөтэй. Хайгаад олдохгүй байж магад гэж санаа зовж байсаан. Аз болоход элбэг ургасан, хагдраагүй байсан шүү. Дэлхийд ихэд ховордож, түүнийг түүх, үрээр зарж борлуулахыг цаазлан хорьжээ.

Манай Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Цацавын Орсоо дөрвөн жилийн өмнө уушиг нь өвдөж, олон сар эмчлүүлээд, сүүлдээ эмчилгээгүй гэгдэн өдрөө хүлээж байж. Вансэмбэрүү цэцгийн усыг уулга гэсэн нэгэн сайн санаатны зөвлөсний дагуу хүүхдүүд нь аавдаа энэ гайхамшигтай цэцгийн усыг уулгасаар эдгээжээ.
Өглөөгүүр эртлэн очиж дэлбээгээ нээх үед нь үзвэл устай байдаг гэнэ. Орсоо гуай одоо 54 настай, энэ жил морь уячихсан хийморьтой явна гэнэлээ. Уясан морь нь дээгүүр давхисан сурагтай. Орсоо гуай амийг нь аварсан энэ цэцгийг дээдлэн биширдэг бизээ.

Вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг гэдэг нь зүгээр нэг уянгын халил биш байхаа. Учир нь түүнийг таслаж бэртээвэл заавал бороо орох юмуу салхи гарч байгаа нь анзаарагддаг бас түүсэн хүнд сайн болдоггүй гэдэг. Тэнгэрийн таалалд нийцдэггүй байх л даа. Иймд дээр нь майхан барьж тэнгэрт үзүүлэлгүй ном сонин унших байгаад ёс төртэй авдаг гэнэлээ.

Барихад байтугай харахад хайран энэ цэцэг хичнээн сайхан үнэртэйг та мэдэх үү. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна. Бидэнд газарчилж явсан Халзаа буюу Цогзолбоо энэ үнэрийг хоёр хүүдээ аваачиж үнэрлүүлэх юмсан гэх нь үүнийг батална. Мань эр ч ирэх жил дахиж ирсээн.


Барим бүдүүн иштэй энэ цэцгийг таслахад пөд хийн их чимээ гардаг нь таслагч хүнийг айлгаж эвгүйцүүлдэг гэнэ. Тиймээс зарим нь нохойгоо хажууд нь суулгаж байгаад холбож уячихаад холоос дуудчихдаг гэнэлээ. Энэ нь нэг талаар их айж байгаа, нөгөө талаар хуурч байгаа хэрэг.

Сумын их эмч Б гэдэг залуу тэр жил Улиастайн голд үерт өртөөд
харамсалтайгаар амь насаа алдсан. Хамт явсан жолооч Т.Буяндалай ах машинаасаа шидэгдэн амьд гарчээ. Ослын газар 30 минутын дараа ирэхэд үер намдсан байсан гэдэг. Хүмүүсийн ярилцах нь эмч залуу 3 хоногийн өмнө Вансэмбэрүү түүсэн, түүнээс боллоо гэлцэнэ.

"Аянгат цагийн дууль" киног манай нутагт авсан бөгөөд энэ ажлаар явагсдаас хоёр хүн нутгийн залуугаар газарчлуулан вансэмбэрүү цэцгийг үзэхээр морь хөлөглөн хөдөлжээ. Зорьсон газраа хүрч, эрсэн цэцгээ олжээ. Гэтэл нэг нь эмчилгээ сувилгаа бодсон уу цэцгийг таслаад авчихаж. Нөгөө залуу нь бас авах санаатай байгааг газарчин анзаарч хал балгүй авах нэгэн сонин арга зааж өгчээ. Хожим, киноны зураг авалт дуусч буцах замдаа Шаргын говьд машинтай осолдоход вансэмбэрүүг эхлээд тасалж авсан залуу хүнд гэмтсэн гэдэг. Байгаль дэлхийтэй зөөлөн хандаагүйн гайг би ч биеээрээ амссандаа, ан авд дуртайгаасаа болоод.

Надад тэр хал балгүй авдаг арга сэтгэлгээний хувьд их сонирхолтой санагдсан тул энд бичих тухайгаа хэлтэл дээрх тохиолдлыг ярьж өгсөн найз маань хориод юу гэж хэлсэн гээч: "Хүү чинь хүүгээ дагуулаад очиход энэ цэцэг байхгүй болчихсон бол яана". Үнэхээр хайрлаж, гайхаад бас хатааж сүйтгэх тухай бичих нь утгагүй юм.

Холдлоо гэхэд үүд хойморын зайтай хосоор ургадаг вансэмбэрүү гэж хорвоогийн нэгэн гайхамшиг байна. Үүнийг л үзэхийн тулд өглөөнөөс үдэш болтол багцаагаар жараад километр газар аялсандаа.

Та төвөгшөөхгүй бол зарим зургийг сонирхоорой.

1. Миний "Аянчин" хэмээн нэрлэсэн эвхдэг гэр. Бүс хайрхан уулын бэл Цагаан чулуутад. /Боломж л олдвол гэрээ ярина шүү дээ. Реклам байлаа/

2. Алагхайрхан уул сансраас харагдах байдал

Хан тэнгэрийг баясгасан
Хайрхан Алаг уул минь


3. Алаг хайрхан уулын хойт хэсэг. Эмээлцэг

4. Дурангаар татаж авахад нэг иймэрхүү /энэ зургийг заавал томруулж хараарай/. Бараг наян градусын налуу байхаа. Орой ирмэгээр нь явахад хутганы ирэн дээгүүр явж байгаа юм шиг санагддаг гэнэлээ. Би уул нь аль асга бартаатай газраар явж, хүүдээ монгол морины шандасыг гайхуулъя гэж бодсон авч газарчид осолтой гээд болиулсандаа.

5. Цагаан асгаар даваад Хүнхэр лүү бууж яваа нь. Цаана харагдаж байгаа хавцал нь дээр үгүүлсэн Улиастайн их голын эх болно. Хавцлын нөгөө талаас Бугахайрхан уул эхэлнэ.

6. Энэ бол бидний очих Хөх хад. Фото зураг дээр уулсын өндөр сүрлэг нь нэг л сайн тодорч харагдахгүй байна. Их өндрөөс авсан болохоор тээр дор жижигхээн харагдана.

7. Тээр дор байгаа адууг хар даа




8. Товлосон газраа ирлээ

9. Вансэмбэрүү цэцгийн эрэлд

10. Хүү маань асган дундах цэцгийн дэргэд

11. Үнэн тансаг үнэртэй

12. Бусад цэцэгтэй харьцуулбал

13. Ангийн анд Б.Нямжав маань бидэнд газарчилж вансэмбэрүүг хайж олсон юм. Нямжав багадаа ганцаараа ууланд явж байгаад хүний нүд шиг ч юм шиг асар том цэцэг хараад айж цочсон тухайгаа бидэнд дурслаа. Биднийг харьж ирэхэд алт ухдаг гэх нэгэн залуу вансэмбэрүү хаагуур байгааг сонирхож асуухад мань уулгамч юм шиг Хөх хад гэтэл Нямжав маань над руу нэг сүрхий харж билээ. Бүтэлгүй заримаас нь нуудаг юм байна. Хөх хаданд очлоо ч олохгүй л дээ.

Байцаа шиг байна уу



14. Морьдоо Хөх хаданд уяж орхиод явган доош уруудсан


15. Харахад нэг л хайр хүрмээр. Ганцаар ургасан вансэмбэрүү гэж байдаггүй

16. Зүүн гараас: Манай хүргэн ах Д.Галсанжамц, эгч Д.Наранхүү, Б.Цогзолбоо, Б.Нямжав нар


17. Буцаад хайрханы оргил өөд. Дээшээгээ бараг мянгаад метр мацна.

18. Хайрханы оргил дээр.

Тэнгэр хангай харж үзээд салхигүй сайхан байсан шүү. Ийм өдөр их ховор. Тээр дор Бугын хөтөл дээр байхад л салхи авч шидчих гээд байна шүү дээ. Энд бид сүү цагаан идээ өргөж тал тал тийш уулсыг дурандан хоёр цаг хэртэй суусан юм. Далайн түвшнээс дээш 3739 м. Эндээс ойр хавийн уулс Нямжавын хэлсэнээр шалан дээр шляп хаясан мэт харагдана. Алсад Хөвчийн нуруу, Дуут хайрхан, Байтаг богд, Хавтагийн нуруу, Тахийн шар нуруу, Сутай, Улаан хайрхан, Аж богд, Таян, Хуц хайрхан түүний цаана Ээж хайрхан уул, Гичгэний нуруу харагдана. Хүний нутагт орсон Мичингийн нуруу, Тэнгэр уул хөхөрнө. Нээрээ сайхан юм аа, нэр нь хүртэл шүлэг. Хонин усны говь, Гүн тамга, Алаг нуурын говь, Айлын цагаан цэнхэртэнэ.

19. Сутай хайрхан харагдаж байна. Багцаагаар 180 км зайтай. Наана харагдаж байгаа нь Бүс хайрхан.

20. Миний хүү ч сунаж унаталаа мориор явсандаа. Анх удаа аавыгаа дагаад морь унаж яваа юм.
21. Энэ бол таны сайбер танил Арсун. Өдөржийн газар өндөр ууланд аялаад дэлхийн талыг дайтаж эзэлсэн Монгол хүний тэвчээр ухаан, монгол морины шандсыг гайхсаар арайхийн ирж байгаа нь.