четверг, 24 января 2008 г.

Андуураад байна, андуураад байна


Ламын гэм заримыг үзвээс өөрийн алдаат үзэгдэл мөнийг санах хэрэгтэй нь:

1. Лигвигармаа, Бурхан багшийгаа мөнхөд хуурамч хэмээн үзснээр газар хагарч тамд унасан нэгэн үлгэр бий. Пагвотогмид Майдар бурханыг өттэй гичий нохойд үзсэн. Ванчин Нарова нь Дүвчин Диловыг өгүүлж үл мэдэх тэнэг хэлгийд үзсэн. Загасыг амьдаар нь шарахыг үзсэн тэргүүтэн хийгээд Мидразогоор Балдан Сараахыг үзсэн зэрэг алдаат үзэгдлүүдээр үлгэр загвар болгон ойлгоосой хэмээн айлдсан. Тэр нь Мигразогоор Балдан Сараахыг эрж яван явсаар нэг уулын оройд одвоос нэг балгас үзэж, тэнд очвол хөгшин эмгэн байжээ. Түүнээс Сараахи хэмээгчийг үзэж сонссон уу гэж асуухад: миний эрийн нэр Сараах гэдэг. Өөр хүнийг сонсоогүй хэмээн өгүүлснээр Мидразог машид баясан: одоо хаашаа явсан юм бэ? гэхэд эмгэн: гахайн сүргэнд одсон хэмээн өгүүлжээ. Тэр балгасанд байтал үдэш Сараах гахайнуудаа элдэж ирсэн бөгөөд зэрлэг гахай нэгийг алж махыг идэх үед эр эм хоёр хоолны хэрүүл болж, гахайнууд ч харилцан тэмцэлдэж хэрүүл тэмцлийн орон гэдэг нь ёстой нэг энэ болжээ. Өөрийн алдаат үзэгдэлд бясалгахад: үүр гэгээрэх төдийд эр эм хоёр Дэмчиг эцэг эх болж тэврэлдэж, өөр өөрийн зүрх сэтгэл тэргүүтнээ уншсан хийгээд, гахайнууд ч эв нэгдлийн бурхан болж, өөр өөрийн зүрх сэтгэлийг мэдэх болсныг үзсэн хэмээн айлдсан.
2. Бас бус өөрийн алдаат үзэгдлийн эрхээр элдэв юм үздэг жишээ нь: Ёнзон Ринбүүчийд сүсэггүй халхын зүүн хушууны хатагины овгийн нэг хүн байжээ. Тэр хүн Ёнзон Ринбүүчий алин болохыг нэг үзье хэмээн хүсчээ. Энэ үед Гомонд зарлиг ном соёрхохоор залрах цагт замд нь Ёнзон Рэнбүүчийг таньж мэдэх нэг хүнээс зааж өгөхийг хүсээд хүлээж байх үед Ёнзон Ринбүүчийн өмнө Гүнтан Ринбүүчий хүж бариад, түүний хойноос Ёнзон Ринбүүчий заларч явсанд Ёнзон Ринбүүчий тэр байна хэмээн заан өгөхөд тэр хүн үзээгүй тул Гүнтан Ринбүүчийг үзэж байна уу? гэж асуухад: үзэж байна гэжээ. Тэгвэл түүний хойно явж байна гэхэд: Гүнтан Ринбүүчийд нохой байгаагүй атал тэр их үстэй нохойноос хаана явж байна хэмээн их үстэй нохойд үзсэн гэдэг.
3. Урьд зуугийн оронгоос нэг хүн Утайд ирж гурван жил хүртэл Манзуширыг бүтээвч шинж тэмдэг гараагүй тулд хувь дутав хэмээн эргэж буцахаар завдах цагт нэг хятад ирж юу элдэж байна хэмээн асуухад тэр хүн учир начраа дэлгэрэнгүй хэлсэнд хятад хүн: Чиний замд их хот Гаагий муу /Утай Лхас зуугийн хооронд/ байгаа. Түүнд миний нөхөр Дайха хэмээгч нэгэн бий. Түүнд захиа хүргэж болох уу гэж асуужээ. Тэр хүн хотыг мэддэг болохоор болно хэмээн захиаг авч Гаагий муу хотод хүрч Дайхийг эрвээс хотын харуул тийм хүн энд байхгүй. Харин энд Дайха гэгч том гахай бий гэжээ. Шөнө гахайнууд ирвээс тэр хүн захиаг тайлж Дайха гэгч том гахайд харуулсанд тэр гахай бусад гахайнуудаа шилээ гозойлгож тойруулж харахад тэр даруй үхэцгээхэд тэр захидлыг үзвээс Нөхөд, Бодьсад, Сэнбачинба, Богд Манзуширт хүргүүлсэн захидалд орон газрын шавь нарууд их төлөв өнгөрч гүйцсэн. Нааш залрахтун хэмээн бичсэн захидал үзэгдсэн гэдэг.
4. Утайд нэгэн хаан гуйлгачингуудад өглөг өгөх үед нялх хүүхдээ тэвэрсэн, нэг хүүгээ хөтөлж, нохой дагуулсан гуйлгачин эмгэн ирж идээ гуйсанд тэр хаан өглөг өгчээ. Хоёр хүү, нохой гурвуулангийн өмч хувийг гуйж аваад бас гэдсэн доторх хүүхдийн хувийг гуйжээ. Хаан тэр чинь идэж чадахгүй хэмээн дургүй өгүүлж өгчээ. Нохой нь арслан, өөрөө Жамъянмарайвсэнгэ болж, огторгуйд хэтэрч хутагт одсонд: хаан миний алдаaт үзэгдэл хэмээн уйлж хоёр нүдээ хулсаар чичснээр хожим нь билгийн нүд гэдгийг олсон түүхийг Тива Брүгва /ширээт хувилгаан/ айлдаж байсан гэдэг шүү.
5. Хамгийг айлдагч Брүгва /луу/ нямба үйлдэх үедээ шээсээ асгах үед гурван үзүүрт хялгас барагдахад ойртсныг үзээд нямбын үедээ зах зээлийн гадна дотроос сарлагийн савга худалдаж авах санаа төржээ. Түүний дүү Брүгва Гүнлиг хэмээгч эгэл хар хүний ёст тэрээр энэхүү санааг мэдээд хөл хорионы дотор орохыг завдахад шавь нар нь багш нямба хийж байна, тун барьж байгаа үе хэмээн хэлж орохыг хорьжээ. Дүү Брүгва Гүнлиг: та нар нямба үйлдэж байна гэж бүү худал хэл. Тун саяхан зах дээр сарлагийн савга эрж явж байсан хэмээн өгүүлсэнд ах нь дүүгээ дотогш оруулахыг хэлж дуудсан байна. Дүүгээ орж ирэхэд Хамгийг айлдагч Брүгва: За олон гөрөөс алж байна уу? гэж асуусанд Брүгва Гүнлиг ахдаа хандан: Та тангараг буурсан шавь нар олныг хурааж байна уу? гэж асуусан гэдэг.
Брүгва Гүнлиг ер нь бусад хүнд нэг их мөргөөд байдаггүй сүсэг багатай ёстон байв. Нэгэн үед Их зууд мөргөл үйлдэх үедээ бусад хүмүүст илт харагдахаар мөргөхдөө: Анх чи надтай адилхан, завсар нь чи хичээнгүйг зохиовой, эцэст та тогуулагсан бурхан болжээ. Одоо тандаа мөргөнө хэмээн уншиж мөргөсөн гэдэг.
6. Сэмба Дүвчин хэмээх жам ёс цалгардуу нэгэн эр архинд согтож элсэн дээр шээсээ самардаж хэвтэх үед Далай ламаар Дарь эхийн дүрэнд аравнай өргүүлэхээр авч явсан нэгэн хүнтэй учрахдаа: Далай лам моринд баясна, Сэмба лам архинд баясна, Сэрбарай гэсүм түгээлд баясна. Шээстэй элсний өлзий оршиг хэмээн өгүүлж шээстэй элсээ шидэхэд авч явсан Дарь эхийн дүр нь элс шороонд булагдсанд тэр хүн ихэд сэжиглэж түүнийг арилгажээ. Тэгээд Далай ламд аравнай өргүүлэхээр айлтгасанд Далай лам: үүнд аравнай хэрэггүй, надаас илүү нэгэн аравнайлчихжээ гэж айлдсан гэдэг.
7. Сэмба лам тэрээр нэг түшмэдийн эхнэрт хурьцал хийхийг хүсч дуудахад тэр нь ер зөвшөөрсөнгүй. Эхнэр нь түшмэддээ хэлж л дээ. Тэгэхэд түшмэд эхнэртээ: зарлиг хэрэгтэй байсан болов уу? хэмээж эхнэрээ Сэмба лам руу явуулжээ. Сэмба лам: Сэр хийдийн хоёр гэвш үхээд зуурдад нөхөрлөж, нэг нь Дүштийн /ганданд/ оронд орж сайн төрөл авсан ч нөгөөх нь зуурдад нөхөрлөж байхдаа илжигний умайг Ямандагийн жинхорт эндүүрч илжиг золигийн төрөл авчихсан тул одоо ч чиний хэрэггүй дээ хэмээн айлдсан гэдэг.
8. Арэй Брүлгү Их хүрээнд ирдэг байжээ. Энд нэг зиндааныхан болох: Цэцэн тойны баруун хүрээний Содном цорж, Зоогийн Шунхлайв цорж, Сүмийн Жамбал цорж хэмээх гурван хүн байжээ. Жамбал цорж нь Арэй Брүлгүтэй уулзаж л дээ. Тэгэхэд Арэй Брүлгү урьд Их хүрээний гэвш бусадтай уулзахад юуг ч тоохгүй юм шиг байсан. Харин Жамбал цорж түүнтэй бусадтайгаа адилгүй их л хүндлэх ёсоор эрдэм яриа дэлгэжээ. Тэгэхэд Арэй Брүлгү: Таны бусад хоёр нөхөр хаана байна вэ? хэмээн асуухад Жамбал цорж зиндааныхаа хоёроо санаж нэг нь энэ хүрээнд байгаа, нөгөө нь баруун хүрээнд бий гэж айлтгаад гадагш оджээ. Сүүлд нь тэгсэн чинь Арэй Брүлгү: Жамбал цоржийг Оглигвы Шийрав бусад хоёрыг Хүдэнзундуй Юндэн, Бром Жалбийжунай хоёрын хувилгаан гэж айлдан, Их хүрээнд: Хү, Ог, Бром гурвын хувилгаан оршдог нь маш гайхамшиг гэж алдаршуулан айлдсан гэдэг. Гэвч тэдгээр эгэл хүмүүс юугаараа ч ялгарахгүй байдалтай байжээ. Ялангуяа Жамбал цорж нь ертөнцийн өвгөн мэт хээгүй бүдүүлэг байдалтай байсан гэдэг. Бодьгальс эгэл мэт үзэгдэвч эгэл мөн биш нь магадгүй, үлгэр энэ мэт бөгөөд үүгээр багшийг эглийн шуналтай нэгд үзэх үзлийг хаах хэрэгтэй...


Буддын сургааль & шинжлэх ухаан. Б.Болдсайхан /ШУТИС-ын Логик, синергетикийн профессор, Анагаах ухааны доктор/. Шинжлэх ухаан технологийн их сургууль. Систем судалгааны хүрээлэн. Улаанбаатар. 2003.
114-117 дугаар хуудас.
/Дараагийн бичлэг удах байхаа, 2 сарын бөгсөөр ирнэ/

среда, 23 января 2008 г.

Таны аль тархи илүү хөгжилтэй вэ?

Та zураг дээр үзүүлсний дагуу хоёр гарынхаа хуруунуудыг салаавчлан атгана уу. Аль гарын эрхий хуруу дээр нь байна вэ? Одоо нөгөө гарын эрхий хуруу дээр нь байхаар салаавчлан атгана уу. Танд эвгүй байна уу. Үүгээр баруун зүүн тархины аль нь илүү хөгжилтэйг тодорхойлдог юм байна.
Хоёр тархи ижил хөгжилтэй бол зураач Өнөрчимэг шиг болох байх л даа, баруун зүүнгүй бичээд.

суббота, 19 января 2008 г.

Дилов хутагт, шавь Наров, Их Мутрын дуулал

Дилов хутагтын анхны дүр Энэтхэгийн Бенгаль мужид 988-1069 онуудад амьдарч байжээ. Дүвчин Диловын шавь Нарова, Наровын шавь Марав, Маравын дөрвөн их шавь нь:
1. Цүрдонвангидорж
2. Огдончойдорж
3. Дүвчин Мийвудорж
4. Миларайв нар байв.
/Мял богдын намтрыг Цогт хунтайжийн ээж Чин Тайху хатан захиалан анх удаа монгол хэлнээ орчуулсан/.

Дилов хутагтын тухай домог
Дилов хутагтын анхны дүр судар уншаад сууж байлаа. Тэгтэл нэг гуйлгачин эмгэн гарч ирээд: “Чи тэгээд наад уншиж байгаагаа ойлгож байгаа юм уу?” хэмээн дооглонгуй асуужээ. Гуйлгачны үгэнд эгдүүцсэн Дилов ихэд уурсав. Харин нөгөө эмгэн судар луу нь нэг нулимчихаад, өмнө нь огт сонсоогүй нэг тарнi хэлчихээд алга болжээ. Тарнийг сонссон Диловын уур нь шууд алга болж өөрийн ном эрдэмтэйд эргэлзэж эхэлжээ.
Эмгэнийг тэрээр урт удаан хугацааны турш эрж хайсаар нэгэн хүүрийн газар иржээ. Нөгөө эмгэн тэнд байсан бөгөөд нүднээс нь улаан гэрэл цацарч байлаа. Эмгэнийг тэнгэрийн дагинасын нэг гэж Дилов ойлгоод түүнд шавь оржээ. Багш нь түүнд дагинасын оронд хүрч тэргүүн дагинатай уулзаж Үнэнийг таньж мэд гэв.
Үнэнд хүрэх зам мөрд саад тотгор дүүрэн байх агаад аймшигт ангал, ширүүн гол, зэрлэг араатан, бирд, хий үзэгдэл, аюулт зэрэглээ дайралдана гэж хэлэв. Хэрэв айж сүрдсэнээсээ болж нарийхан жимээсээ гажвал аюулт мангасын хоол болно. Бас замдаа цангаж хүйтэн булгийн уснаас уувал, өлсөхдөөзамд дайралдах модны жимсийг идвэл, ойд зугаацах дагинасын гоо үзэсгэлэнд автвал ой ухаанаа алдаж эргэж буцахгүй төөрөх болно гэж хэлэв. Эцэст нь эмгэн Диловт нэгэн тарни зааж өгчээ...
Дилов тарниа тасралтгүй уншсаар замд тохиолдох саадыг даван туулж дагинасын оронд хүрэв.
Дагинасын орны гуулин хана цайртлаа халж, эргэн тойрон ургасан модонд сэлэм хутга сагсайж харагдана. Дилов олон өрөө сүлжиж явсаны эцэст тэргүүн дагинын өрөөнд хүрэв. Тэргүүн дагина үнэхээр гоо үзэсгэлэнтэй бөгөөд үнэт чулуугаар чимсэн нүд гямбам сайхан хувцас өмсжээ. Дилов тэргүүн дагины гоо үзэсгэлэнд автсангүй харин ч тарниа уншсан хэвээр түүн дээр очиж эрхэндээ оруулж өөрийн эмээ болгон авчээ...
Үүнээс хойш тэр Үнэнийг таньсан гэдэг.

Дилов хутагтын шавь Норовын тухай домог
Дилов хутагтын шавь Норов уг нь бярман хүн байжээ. Тэрээр төрийн алба хашдаг байсан бөгөөд нэг удаа эзэндээ айхтар доромжлуулсан тул шидийн хүчээр эзнээ хөнөөх сэтгэлтэй болжээ. Тэгээд аглагт очиж нэгэн шидэт тойрог зурж тарни уншиж, эзнээ хөнөөж эхэлтэл гэнэт нэг дагина гараад иржээ. Дагина: “Чи наад хүнээ хөнөөчихөөд сүнсийг нь сайн төрөлд оруулж чадах уу?, эсвэл махан биед нь оруулж чадах уу?” гэжээ. Норов: Алийг нь ч чадахгүй гэхэд дагина: “Бүтээж чадахгүй юмаа нурааж яаж зүрхлэнэ вэ чи? Ийм нүгэл үйлдсэн тул тамд унах чинь гарцаагүй” гэв. Норов үхтэлээ айж: “Яавал энэ нүглийн үрээс мултрах аргыг хэлж өгөөч?” гэж дагинаас гуйжээ. Дагина түүнд: “Дилов хутагттай уулзаж шавь нь бол” гэв. Ингээд Норов хутагтын эрэлд гарав.
Тэрээр нэг удаа хийдийн хажуугаар явж байлаа. Гэтэл нэг нүцгэн өвгөн хийдийн хашаанд загас шараад идэж байж. Норов махан идэшт бузар өвгөнөөс сэжиглэн хурдхан шиг хажуугаар нь явж өнгөрөх гэтэл хийдээс нэг хувраг гарч ирээд буян номын газар мах идэж, амь таслах нүгэл үйлдэж байна хэмээн өвгөнийг загнаж эхлэв. Өвгөн тоосонгүй. Тэгээд нэг тарни уншиж гараараа дохитол идсэн загасны ясанд мах ургаж амилав. Амь орсон загаснууд агаарт хэсэг хөөрч байснаа алга болов. Үүнтэй нэгэн зэрэг өвгөн ч алга болов. Яг тэр үед өвгөн бол Дилов хутагт байсныг Норов ухаарчээ.
Хутагтыг таниагүй Норов дахиад эрэлд гарлаа. Түүнийг хайж, хаа сайгүй очсон боловч саяхан явчихсан гэсэн хариу сонсоно.
Нэг удаа ядарч туйлдсан Норов замын хажуугийн нэгэн айлд оржээ. Тэр айлын эзэн Норовт хундага дарс барив. Бярманы ёсонд архийг бузар идээ гэж жигшинэ. Норов бярман хүн тул уухаас татгалзав. Гэтэл нөгөө байшин хүн хоёр алга болж, “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.
Дараа нэг удаа Норов илжигний арьс өвчиж буй тариачинтай дайралдлаа. Тариачин түүнээс тусламж гуйв. Тэр цагт ийм ажлыг зөвхөн дорд гаралтнууд л хийдэг байж. Бярман хүн дорд гаралтнуудтай ярих байтугай дөхөж очихоос бузартана гэдэг. Тиймээс Норов тариачнаас холдон зугаттал, бас л: “Дилов намайг таньсангүй” гэх дуун сонсогдов.
Бас нэг удаа уйлж унжсан нэгэн эмийг үснээс нь чирч гулдарсан эртэй дайралдав. Нөгөө эм амь аврахыг гуйж байв. Гэтэл чирч явсан догшин эр Норовт хандан: “Энэ бол миний эхнэр. Би түүнийг алах гэж байгаа юм. Надад туславал тусла, туслахгүй бол алахад минь бүү саад бол” гэв. Норовын уур хүрч тэр харгис эрээс эхнэрийг нь салгаж амийг нь аврав. Гэтэл нөгөө хоёр гэнэт алга болж, Диловын доогтой инээх нь дуун сонсогдож “Дилов намайг таньсангүй” гэж бас хэлэв. Иймэрхүү юмтай олон учирсны эцэст Норов дайралдсан амьтан хүн бүрийн өмнө сөгдөж мөргөдөг болжээ.
Нэгэн орой тэрээр хүүрийн газар хүрч очив. Шарилын гал арай унтраагүй байлаа. Галын бүдэг гэрэлд хэн нэгэн хүн газар хэвтсэн харагдав. Гэтэл хутагтын доогтой инээх сонсогдов. Норов хурдхан шиг гүйж очоод хоёр хөлийг нь өргөж толгой дээрээ тавив. Хутагт энэ удаа алга болсонгүй...
Норов Дилов хутагтад шавь орж багшийгаа олон жил даган явжээ. Гэвч багш нь шавьдаа юу ч зааж өгдөггүй байсан бөгөөд үе үе л хир үнэнчийг нь шалгадаг байжээ.
Нэгэн удаа Норов бадар аяга барьж гуйлга гуйж аяга будаа багшдаа авчирч өгчээ. Ном ёсоор багш нь идэж дууссаны дараа шавь нь идэх ёстой. Гэтэл Дилов өгсөн будааг идчихээд дахин идмээр байна гэв. Норов өглөг өгсөн айлдаа буцаж очтол хэн ч байсангүй. Тэгэхээр нь хаалгыг нь эвдэж ороод аягандаа будаа хийж байтал айлын эзэд ирж ёс бус хуврагийг айхтар зоджээ. Өөрийнх нь төлөө явж байгаад зодуулж нүдүүлсэн Норовыг хараад багш нь өрөвдсөнгүй, харин ч: “Надаас болж зовж байгаагаа мэдэж байна уу? Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэж асуужээ.
Нэгэн удаа Дилов шавь нарынхаа хамт газраар урсаж буй өтгөн шингэний хажуугаар өнгөрч явжээ. Багш нь гэнэт: “Намайг үүнээс уу ид гэвэл хэн миний үгэнд орох вэ?” гэж асуув. Тэгтэл ганцхан Норов л өмхий баас шээс идсэн гэдэг.
Бас Дилов хутагт хулсаар хорин ширхэг зүү хийж Норовын хөл гарын арав арван хурууны завсар шаасан байна. Тэгээд намайг эргэж иртэл ингээд байж бай гээд орхиод явжээ. Диловыг хэд хоногийн дараа эргэж ирэхэд Норов нөгөө л зүү шаалгуулсан байдалтайгаа хөдөлгөөнгүй сууж байсан гэдэг.
Бас нэг удаа Дилов хутагт Шавь нарын хамт явж байгаад хуримлаж буй хостой дайралджээ. “Сүйт бүсгүйг хэн надад авчрах вэ? “ гэж хутагт асуув. Норов: “Би” гэв. Тэгээд хурим хийж буй хүмүүс дээр очтол хүмүүс түүнийг бярман хүн байна гээд билэгшээн угтжээ. Гэтэл Норов хүүхнийг аваад араасаа чирч эхэлжээ. Уурласан бухимдсан хүмүүс Норовыг ухаан алдтал нь зодов. Хэсэг ухаангүй хэвтсэн Норов арай гэж сэрж өөрийг нь хаяж явсан багшийнхаа араас очтол, Дилов нөгөө л хэлдгээрээ “Миний шавь болсондоо харамсаж байна уу?” гэжээ.
Диловт таалагдах гэж Норов хөл нүцгэн халуун цогон дээр гишгэж, өндөр байшингаас ч үсэрч байсан гэдэг.
Нэгэн орой Дилов хутагт шавь Норовын хамт түүдгийн дэргэд сууж байлаа. Гэнэт багш нь өмсч явсан гутлаа тайлж Норовын нүүрэн дундуур цохиод авчээ... Яг энэ агшинд Норов Үнэнийг таньж гэгээрсэн гэдэг.
Дилов хутагт өөрийн шавь нараас ганцхан Норовт л жүд дамжуулсан юм.

Дилов хутагтын анхны дүрийн бичсэн нэгэн гайхамшигт зохиолыг монгол хэлнээ орчуулан танд хүргэж байна. Энэ зохиолд Буддын гүн ухааны хоосон чанар, их мутар, хуурамч “би”, сэтгэл гэх мэт олон ойлголтын тухай нэгэн зэрэг тайлбарласан байдаг бөгөөд бясалгал хийх арга, бясалгал хийх үед хүний дотоодод мэдрэгддэг зүйлс болон гэгээрэхийг хүсэгч нь зөвхөн мэдлэг хуримтлуулан байжгэгээрэх боломжгүй тухай тайлбарлаж өгсөн хосгүй бүтээл юм. Дилов хутагт энэ зохиолоо гэгээрэлд хүрэх замд няцашгүй чин зориг гаргасан өөрийн шавь Норовтоо зориулан бичжээ.

Дилов хутагт

Их Мутрын дуулал
Их Мутар нь тодотгол бүхнээс ангид бөгөөд
Бэлгэдэл бүхнээс илүү юм.
Үнэнч шударга шавь Норов чамдаа
Түүний тухай ийнхүү өгүүлье.
Хоосон юунд ч суурилдаггүй
Их Мутрын тулгуур нь юу ч бус.
Ямар ч хүч чармайлт гаргахгүй,
Эрх чөлөөг эдлэн, жамыг даган,
Хүлээснээс ангижирч, Авралд хүрч болно.
Хэрэв чи орон зайг тольдож, гагцхүү
Юу ч бусыг олж харж байвал
Хэрэв чиний Сэтгэл өөрөө өөрийгөө хянаж чадаж байвал
Ялгалууд арилж Бурханы мөн чанарт тэгэхэд чи хүрнэ.
Тэнгэрээр хөвөгч үүлсийн цаана
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Энэ мэтчилэн ухамсраар хөвөгч бодлуудад
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Өөрийн “би”-гийн үнэн мөн чанарыг олж харах тэрхэн агшинд
Хоёрдмол үзлийн ялгал шууд арилах болно.
Орон зай нь хэлбэр, өнгийг төрүүлдэг ч
Буян ч тэр, нүгэл ч тэр түүнд ул мөргүй.
Зуунаар нүүрлэсэн түнэр харанхуй гэтэлгэгч наранг халхалж чадахгүй
Сансарын олон галавууд сэтгэлийн гэгээ гэрлийг далдалж чадахгүй.
Хоосныг бид үгээр дамжуулан өгүүлж байвч
Хоосныг үнэндээ яг тэр чигээр нь илэрхийлэх аргагүй.
“Сэтгэл бол гэрэл гэгээ юм” гэж бид хэдий өгүүлэвч
Тэрээр үг, билэгдэл хоёроос ангид оршиж байдаг.
Хэдийгээр Сэтгэл нь мөн чанартаа хоосон боловч
Бүхнийг хамарч бүхнийг агуулж л байдаг.
Алив нэг биеийн хөдөлгөөнийг бүү хий, биеээ сулла
Амаа хамхиж үг дуугүй орш.
Ухамсраасаа бүх бодлоо хөөж, бүхнийг март.
Чиний бие хоосон хулс мэт амар амгалан оршиг.
Бодлоо зогсоо, юу ч бүү өг, юу ч бүү хүлээж ав.
Их мутар нь юунд ч уягддаггүй Сэтгэл мэт.
Үүнийг тогтмол хийснээр эцэстээ чи Бурханы хутгийг олох болно.
Маань уншиж, барамидийг тасралтгүй судалж болно.
Судар бичгүүд дэх тайлбаруудыг үзэж болно.
Олон янзын сургаал, ариун судар номлолууд нь
Харамсалтай нь Анхдагч Үнэнийг танихад тус хүргэхгүй.
Учир юу хэмээвээс хүсэлдээ захирагдсан Сэтгэл
Зорилгодоо хүрье гэж эрмэлзэх явцдаа
Гэрлийг зөвхөн халхалж л байдаг.
Дандарын ёсоор оршигч хүмүүн
Ялгалыг үл тэвчиж байваас
Самайя-гийн агаараас урваж буй хэрэг мөн.
Алив үйлдлийг зогсоо, юуг ч бүү хүс
Бодлууд чинь далайн давалгаа мэт хөөрч, нэг унаж байг.
Ялгал үгүйн зарчимд хэн үнэнч байна
Дандарын ёсыг тунхаглагч тэр болой
Үүнд ч түүнд ч уягдахгүй
Алив хүслээс татгалзаж чадсан нь
Бичиг шасдируудын утгыг олох болно.
Бүх нүгэл хилэнц Их Мутарт шатаж устана.
Их Мутрын тусламжтайгаар Ертөнцийн хүлээснээс авралд хүрнэ.
Энэ бол номын агуу зул мөн.
Гагцхүү өөрийн мунхагаас болж үүнд эргэлзэгч нь
Зовлон шаналал, ядуу тарчигийн баг шаварт
Үрийн үрд живэх болно.
Аврал одуулахдаа багшийг шүт
Багш Сэтгэлийг чинь адисласан цагт
Аврал ойрхон байх болно.
Харамсалтай нь энэ Ертөнцөд утга төгс юм нэг ч үгүй
Байгаа юм бүхэн гуниг гутралын үрийг л төрүүлж байдаг.
Гүехэн сургаалууд зөвхөн үйлдлийг л зааж өгдөг.
Тиймээс гагцхүү Агуу Сургаалуудыг л дагах хэрэгтэй.
Хоёрдмолын хүлээсийг тасдан хаях нь
Эрхэм Дээдийн Зам Мөр мөн.
Сарнисныг номхотгох нь Эрхэм Дээд Үйл мөн.
Бүх Бурхад Үл Үйлдхүйн замаар явж байсан.
Тийм бөгөөс үүгээр замнагч хэн бүхэн бээр
Бурханы Төгс чанарт хүрэх болно.
Энэ Ертөнц мөнх бус, хуурмаг зүүдэн мэт
Энэ Ертөнц бодитой бус тул түүнээс болон ойр дотныхноосоо татгалз
Өш хонзон, хуял тачаалын хүлээснээс чөлөөлөгд.
Ой мод, уул хаданд бясалган суу.
Хэрэв чи ямар ч хүч чармайлт гаргалгүй
Жам ёсны байдалд оршиж чадваас
Тун удахгүй Их Мутар хэмээгч Хүршгүйд хүрч чадна.
Модны үндсийг цавч, тэгсэн цагт навис гандана.
Сэтгэлийн үндсийг тасал, тэр цагт Сансар нурна.
Зул бүр тус тусын гэрлээр
Олон олон галавын харанхуйг нэгэн агшнаа гийгүүлж
Сэтгэлийн Илт Гэрэл тэрхэн зуураа
Мунхагийн харанхуйн хөшгийг хуулан хаяна.
Өөрийн ухамсраас зуурагч нь ухамсрын хязгаараас хальсан үнэнийг хүлээж авч чаддаггүй.
Номыг байнга сурахыг эрмэлзэгч нь
Байнга суралцахын заагаас давсан Үнэнийг хүлээж авдаггүй.
Ухамсар болоод байнга суралцахын хязгаараас давахын тулд
Ухамсрын бүх үндсийг тасалж өөрийгөө ил гаргах хэрэгтэй.
Ийнхүү чи ялгалаас ангижирч
Амирлан ахуйд хүрэх болно.
Юу ч бүү өг, юу ч бүү ав,
Өөрийнхөө мөн чанарт үнэнч бай.
Учир нь Их Мутар хэмээгч нь
Ямарваа нэг өгөө аваагийн хязгаараас хальсан байдаг.
Хэн ч Алая-г төрүүлээгүй
Тиймээс хэн ч түүнийг бузарлах юм уу номхотгож чадахгүй.
“Төрөл үгүй” оронд оршиж
Дармата дахь бүх үзэгдлийг устгаж чадна.
Тэгээд Юу ч бус чиний зүрх зориг, бардам сэтгэлийг залгих болно.
Дээд Ухаарал нь үүнээс ч, түүнээс ч хамаагүй хол оршино.
Дээд Үйлдэл нь агуу чадварыг агуулавч
Хүлээс үгүй байдаг.
Тогтмолыг ямар ч итгэл өвөрлөлгүйгээр ухан ойлгоход
Дээд Онохуй оршино.
Егүзэр хүн Замын эхэнд Сэтгэлээ хүрхрээ мэт хүлээж авдаг.
Замын дунд очиход тэрээр тайван удаан урсаж буй
Ганга мөрний ус мэт болдог.
Замын эцэст тэрээр хязгааргүй Их Далай болдог.
Тэгээд хүүгийн Гэрэл түүнд Эхийн Гэрэлтэй нэгэн цул болон нийлдэг.
Энэхүү материалыг надад уншуулахаар өгсөн Ошо-гийн бүтээлийг орчуулагч, судлаач Н.Ачиймаад талархсанаа илэрхийлье.

вторник, 15 января 2008 г.

1+1=1

Миний бага охин 1+1=1 гэдэгт тун их итгэлтэй. Ааваараа үлгэр яриулж дуусаад дахиад íýãèéã ãýæ гуйна. Би чамд сая ярьж өглөө шүү дээ гэхэд "Хоёр чинь нийлээд нэг шүү дээ" гээд хуруугаа гарган үзүүлж ярихаас аргагүй болгоно. Тиймээ охин минь, нийлсэн хоёр юм нэг л болно шүү дээ.

Хоёр чинь нийлээд нэг.
Аавынхаа "Монголын ёс гурав" гэдгийг битгий сурчихаасай, охин хүүхэд алзахгүй ээ.

суббота, 12 января 2008 г.

Астраль лүндэн

Боловсролтой англичууд, манай зууны цэргийн цуутай жанжин, генерал Ермоловын нэрийг андахгүй. Оросын "Кавказ" сонинд нийтлэгдсэн эмгэнэлд "Оросын алдарт генерал Алексей Петрович Ермолов 85 насыг зооглоод 1861 оны 4 сарын 12-ны өдрийн 11 цаг 45 минутад өөд боллоо. Оросын ард түмний, оросын армийн бахархал болсон түүний нэртэй Ватутино, Бородино, Кульм, Париж, Кавказ салшгүй холбоотой. Тэр Оросын үнэнч хүү..." гэж дурджээ. Ермоловыг сайн мэдэх түүний найзын бичсэн сонирхолтой баримтыг үзье.

Нэг удаа Москваг орхин явахдаа Ермоловтой уулзаад, салах ёс хийхдээ би сэтгэлээ барьж чадахгүй байв.
- Бүү зов, бид эргэж уулзана, чамайг эргэж иртэл би үхэхгүй гэлээ. Энэ бол түүнийг нас барахаас 18 сарын өмнөх явдал.
- Бидний амьдрал үхлийг Бурхан л мэднэ шүү дээ гэхэд,
- Би чамд яг тодорхой хэлж байна, Би нэг жил зургаан сарын дараа үхнэ, алив нааш ир гээд намайг бичгийн өрөөндөө дагуулан орж цоожтой хайрцагнаас нэгэн бичиг гаргаж миний өмнө тавиад,
- Энэ хэний бичиг вэ? гэж асуув.
- Чиний гарын үсэг байна шүү дээ гэхэд,
- Тэгвэл унш гэв.
Би ч зөвшөөрөв.
Энэ бол Ермоловын дэд хурандаа цолтой байх үеэс нь эхлэн түүний амьдралд тохиолдох үйл явдлуудыг маш тодорхой он, сар, өдөртэй нь заасан, хөтөлбөр ч гэмээр тэмдэглэл байлаа. Тэрээр миний уншихыг дагуулж харсаар төгсгөлд ирэхэд сүүлийн мөрийг алгаараа дараад "Чи үүнийг уншаад хэрэггүй, энд миний үхэх он, сар, өдрийг бичсэн юм. Миний бичсэн, чиний уншсан зүйл бол нэг бүрчлэн яг цаг хугацаандаа бичсэний дагуу болж өнгөрсөн. Одоо хэрхэн бичсэнээ ярьж өгье. Намайг дэд хурандаа цолтой байхад ажил хэргээр нэг жижиг хотхон руу илгээсэн юм. Миний байр хоёр өрөөтэй, үүдний өрөөнд нь миний зарц, нөгөөд нь би суудаг байв. Миний өрөөнд орохын тулд заавал зарцын өрөөгөөр дамжина. Нэг удаа шөнө орой, ширээнийхээ ард гүн бодолд автан сууж байгаад нүдээ нээн харвал гэнэт миний өмнө, ширээний нөгөө талд үл таних эрэгтэй зогсож байв. Хувцасласныг нь үзвэл нийгмийн доод язгуурт хамаарах ажээ. Юуны өмнө хэн болох, юу хэрэгтэйг нь асуух гэтэл "өдөө аваад бич" гэлээ. Давшгүй хүчний нөлөөнд байгаагаа мэдрэн би үг дуугүй захирагдав. Тэр надад бүгдийг, миний амьдралд тохиолдох үйл явдлыг, үхэх өдрийг ч хэлж бичүүлэв. Сүүлийн үгтэй хамт тэр гэнэт алга болчихов. Би бүрэн сэхээрэх зуураа ширээнээс огло харайн үл таних хүний дамжин гарсан байх ёстой зэргэлдээ өрөө рүү харайлгав. Хаалгаа дэлгэн лааны гэрэл юм бичих бичээчээ, орох хаалганы дэргэд унтах дагуулаа харлаа. Хаалга түгжээтэй бөгөөд давхар цүүлсэн байв. "Сая энд хэн байв?" гэсэн миний асуултад гайхсан бичээч "Хэн ч байгаагүй" гэв. Хий юм харж дэмийрдэг, орон гаран гэлдэнэ гэж бодоод өнөөдрийг хүртэл би хэнд ч юу ч яриагүй. Гэвч миний хувьд энэ түүх, дараа нь тохиолдсон үйл явдлууд няцаашгүй баримт болсон юм. Нотолгоо нь мөн энд бий гэж ярив. Генералыг нас барсны дараа үзвэл гар бичмэлийн сүүлчийн огноо нь нас барсан өдөртэй яг тохирч байв. Ермоловыг Орёлд оршуулсан юм. Дайчин нөхөд нь хандив цуглуулж их бууны сумны хонгио ашиглан түүний шарилын өмнө мөнхийн гал асаажээ.
Одоо энэ үзэгдлийн тухай яръя. Генерал Ермоловын цэгцтэй хэлсэн үг туйлын үнэн юм. Тэр, баримт нотолгоог үнэлэгч, ид шидийг огт тоодоггүй, шулуун шударга, жинхэнэ цэрэг байсан юм. Түүний амьдралын энэ тохиолдлыг, биднийг Тифлист амьдарч байхад манай гэр бүлийн сайн танил түүний ууган хүү нь батлан ярьсан юм. Генералын үлдээсэн баримт энэ үзэгдлийн нотолгоо болно.

"Нууцлаг зочин" хэн байв?
Спиритуалистууд /Спиритуализм-бодисыг бус сүнс санааг жинхэнэ бодитой зүйл гэж үздэг, шинжлэх ухаанд харш сургааль, БНМАУ-ын хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан "Орос Монгол толь",
Спиритуализм (франц. spiritualisme, от лат. spiritualis - духовный, spiritus - душа, дух), объективно-идеалистическое философское воззрение, рассматривающее дух в качестве первоосновы действительности, как особую бестелесную субстанцию, существующую вне материи и независимо от неё. Большая советская энциклопедия/ түүнийг "биежсэн сүнс" гэнэ. Тэд хүний сүнс үйл явдлыг урьдчилан харж, ирээдүйг зөгнөж чадна гэж үздэг. Бид /теософийн нийгэмлэг/ ч мөн тэгж үздэг. Гэхдээ үүнийг зөвшөөрөөд бусдыг бүгдийг нь зөвшөөрөхгүй. Спиритуалистууд энэ бол генералын дээд Би-гээс өөр, түүнээс хамаарахгүй сүнсний биежил байсан гэнэ. Бид огт өөр, эсрэг байр суурьтай байна. Энэ бол өнөөх "Эго". Алив шударгаар хэлэлцье... гээд цаашид гарцаагүй байдлаар нотолсон байна.

Елена Петровна Блаватская "Фрагменты оккультной истины". Англи хэлнээс орчуулсан К.Леонов. Москва. 2002г.

534-539 дүгээр хуудас. Товчлон орчуулав.

вторник, 8 января 2008 г.

1 минутын дасгал

Та завтай бол ганцхан минутын нэгэн сонирхолтой дасгал хийгээд үзээч.
Зорилго: Энергетикээ хэмжих
Бэлтгэх байдал: Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, нүүр гарын алчуурыг хоёр гартаа атган урдаа унжуулна.
Яг 1 минутын турш алчуурыг таслах гэж байгаа мэт хамаг хүчээрээ хоёр тийш нь татна, нүдээ аньж байвал зүгээр. Хүчээ улам нэмэгдүүлэн татсаар байгаад цаг дуусмагц гараа суллан тавина. Алчуур унана. Энэ үед хоёр гар чинь дээш өргөгдөнө. Түүнд саад бололгүй ажиглаж бай. Хэр өндөрт, ямар хугацаанд байгаагаар энергетик ямар байгааг тодорхойлно. Минийх нэг л удаа 3 цагийн орчимд 40 секунд байсан. Зарим хүмүүс үүнийг запаслагдсан энерги гэж үздэг.
Энэ дасгалыг Александр Свияшийн номноос дээр үед харж байсан юм.

понедельник, 7 января 2008 г.

Монгол хүнс

Зараа-гийн "Ниргэсэн хойно нь хашгирав" нийтлэлд Айдаагийн бичсэнийг уншъя: /зөвшөөрөлгүй авсаныг уучилна уу, Улсын мэргэжлийн хяналтын газар ухаарч ажиллаасай/

Заллага
Би баярын ширээ засч баахан амьтадыг дайлъюу хэмээн шийдэв. За тэгээд Зараа тэргүүтэй хэсэг бүлэг амьтадыг хүндэт зочноор урьюу хэмээн жагсаалт гаргачихлаа.

Манайд ирээрэй, манайд ирээрэй
Хонгороос авчирсан ногооны салатаар
Сюрприз барин угтъя
Хор нь буцалсан Багануурын архиар
Дээж сөгнөн өргөе
Эрээнээс авчирсан хачигтай алимаар
Өнгө чимэн дайлъя
Элдэж хэрчсэн цианиттай гурилаар
Эрхэм таныг хооллоё.
Манайд ирээрэй
манайд ирээрэй
Маргаашийг үзнэ гэж
битгий горьдоорой.

Idea from Paradise...

1:1000 1:1000 1:1000 1:1000 1:1000 1:1000

1 жилд 1000 гаруй монгол хүн архинд хордож, түүнээс шалтгаалж үхдэг гэнэ. Багануурт бөөнөөрөө гэдэг утгаараа анхаарлын төвд ороод байгаа юм. Тайвуу хугацаанд, таруухан бол монголчууд олж хардаггүй, нэг их тоодоггүй юм байна л даа. Нэгдэл, нийгэмдээ нэр алдартай хүмүүс ч архины рекламанд дэмжиж оролцдогийг нэг ухаантай хүн NTV-гээр шүүмжилж байна. Нэр алдар нь brand болсон хүмүүс "Соёмбо" архийг сурталчлан, ууж идээд хариуд нь магтаад байгаа нь хөнгөмсөг явдал. Тэд ашиглуулж байгаагаа мэддэггүй гэсэн үг. Цаана нь масс хараад сууж байна шүү дээ. Архи үйлдвэрлэгчийг магтаж болохгүй. Соёмбыг ашиглуулахгүй гээд заргалдаасай, нэг үл ажиглагдам өөрчлөлт оруулаад баталгаажуулсан юм болов уу? Зараа-наас үс гуйж аваад заргалдах уу.
Зараагийн бичлэгт нэг хүн дараах сом-t бичжээ /нэрийг дурдахаа азнав/: "Архинд хордсон хүмүүсийн ар гэрийнхэн нь тэмцдэггүйн байх даа, засгийн газрыг ч юм уу, холбогдох төрийн байгууллагыг нь шүүхэд өгч. Ялалт байгуулахгүй байж магадгүй ч гэсэн ингэж тэмцвэл хүмүүст их юм өгнө дөө. Бид эрүүл байх, амьд явах эрхтэй, тэр нь хэрэгждэггүй ч гэсэн хуулиар хамгаалагдах учиртай гэж. Тэгээд хямдхан архи уудаг ч гэсэн эрхээ хамгаалуулахаар тэмцэж мэддэг гэж". Жагссан ч яадаг юм. Хүн бүр хичээгээд, дуугараад байвал орчин арай дээрдэнэ дээ.

суббота, 5 января 2008 г.

Соёлын хэмжээ

Төв талбай нь иймэрхүү байдалтай цэр нусандаа дарагдсан газар олон байдаг болов уу. Хэдийгээр нэг л өдөр ийм болчихоогүй ч арай дэндүү. Талбай нэлэнхүйдээ л ийм гээд төсөөлдөө. Утаа арилж тэнгэр цэлмээд, талбайгаа угааж цэмцийлгэн сэтгэл тэнийх өдөр удахгүй байхаа.
/зургийг хураав/

Профирий Иванов гуайн сургаснаар 2000 оноос хойш газарт шүлсээ хаясангүй. Тэрээр байгал эх рүүгээ бүү нулим, түүнээ как еда залгичих гэнэ. Амьдралд сайн өөрчлөлт гарна, худлаа гэвэл шалгаад үзээрэй гэх. Сургаалаа коммунизмын ид үед түгээж байсан юм.

Наран гарав

Улаанбаатар хотод наран мандаж байх үеийн зургийг татлаа. Үелэн улаан туяа татсан байх нь сонирхолтой, үзэсгэлэнтэй санагдав.


Хүчтэй камераар авсан бол чанартай гарах байсан байхаа. /Энэ бичлэг уншигдаж байгаа болов уу. Хариу өгнө үү/

четверг, 3 января 2008 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна-3

Хoёрдугаар бүлэг

Асуудал бэрхшээл гэж юу вэ?

"Дотогш харахад аюулгүй"

Миний бие болохгүй байна.

"...Бие өвдөөд хамраас цус гарч, шархирч хорсож, хавдаж, лугшиж, сийгж, хатгаж, халуурч, хөгширч байна. Хараа, сонсгол муудаж, хөл гар өвдөж..." За тэгээд өөр таны нэмж хэлэх юу байна даа? Энэ бүгдийг би олон удаа сонсож байсан.


Миний харилцаа, харьцаа нэг л биш байна.

"...Дотор давчдаж, хүмүүс намайг чичилж, шивэр авир хийгээд, эсвэл загнаж, зандраад өөлж гоочлоод, шүүмжилж, шүүсэлж мууг минь үзээд, хэн ч намайг хайрлахгүй, надад итгэхгүй, намайг тоохгүй байна". Өөр юу ч гэж боддог байж болно. Би бүгдийг нь бас сонссон.

Миний амьдрал нэг л болохгүй байна.

"...Би санасан зүйлээ хэрэгжүүлж огт чадахгүй юм, би хэн нэгэнд дахин ингэж найр тавьж чаданхгүй, надад цаг хугацаа даан ч хатуурхаж шавдуулдаг. Миний хүсэл зорилго дандаа замхардаг. Би бусдад ашиглуулаад, өөрөө хохирч үлддэг. Миний юу хүсч байгааг хэн ч хайхардаггүй. Намайг тэд үүдний гишгүүр шиг үзэж, үл тоодог. Би ямар ч авъяасгүй, азгүй, би юу г ч зөв хийж чаддаггүй, бүх зүйл утггүй, бүтэлгүй ..." за тэгээд юу гэдэг билээ. Би бас энэ бүгдийг сонсож байсан.

Би үйлчлүүлэгчдийнхээ хэнээс нь ч бай " - Таны амьдрал ямар байна" гэсэн асуултад дээрх хариултын аль нэгийг эсвэл нэг хэсгийг заавал сонсдог. Тэд үнэхээр өөрсдийнхөө асуудлаа мэдэж байна гэж боддог. Гэхдээ би энэ бол тэдний дотоод сэтгэл бодлынх нь гадаад илрэл, тусгал л гэж боддог. Тэр дотоод бодлын бүр уг үндэс суурь нь гадаад илрэлийн эхлэл байдаг.

Би үйлчлүүлэгчдээсээ дараах түгээмэл асуултыг асуудаг:

- Таны амьдралд яг юу тохиолдоод байна вэ?
- Таны бие ямар байна?
- Та юу хийж амьдарч байна?
- Та ажилдаа дуртай юу?
- Таны санхүү ямар байна вэ?
- Таны хайр сэтгэлийн амьдрал ямар байна вэ?
- Хамгийн сүүлд харилцаагаа яаж төгсгөсөн бэ?
- Үүнээс өмнөх харилцаа чинь бас хэрхэн төгссөн бэ?
- Бага насныхаа тухай товчхон яриач?
- Би тэднийг ярьж байх зуур биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлыг нь хардаг. Гэхдээ хэлж байгаа үгнүүдийг нь анхааралтай сонсдог.
Бодол санаа, үг яриа бидний ирээдүйг бий болгодог. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би тэднийг сонсож байхдаа л тэдэнд яагаад тийм асуудлууд тулгарсаныг шууд ойлгодог. Бидний хэлж байгаа үгс бидний дотоод бодлын илэрхийлэл байдаг. Заримдаа хэлж байгаа үгс нь тэдний тодорхойлсон туршлага, туулж өнгөрүүлсэн амьдралтай нь тохирдоггүй. Тэгэхээр нь амьдралд нь юу болоод байгаа яах гэж над руу ирснийгээ тэд нэг л сайн ойлгоогүй байгааг би мэддэг. Аль нь ч бай энэ бол хаанаас эхлэх вэ гэдэг асуултыг сөхөж байгаа хэрэг юм.

Би ингэсэн нь дээр.../Дасгал/

Дараа нь би тэдэнд хуудас цаас үзэг өгч "Би ингэсэн нь дээр" гэсэн санаануудаа бичих даалгавар өгдөг. Та ч бас доорх зайнд бичнэ үү. /Өөрийнхөөрөө хийвэл зохино, хийсэн нь дээр гэж бодож буй зүйлүүдээ жагсааж бичээрэй. Тав зургаан өгүүлбэр байхад л болно/

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

Энэ даалгаврыг авсан зарим нь бичих зүйл олж яддаг, зарим нь эцэс төгсгөлгүй их бичих зүйл олдог. Тэднийг бичсэн өгүүлбэрүүдээ нэг нэгээр уншихыг хүсээд, уншиж эхэлмэгц нь би: "Та яагаад ингэх хэрэгтэй гэж бодож байна вэ?" гэж асуудаг, үүний хариулт нь маш сонирхолтой бөгөөд тодорхойлох үүрэгтэй байдаг. Тэд хариулахдаа:

- Ээж намайг ингэсэн нь дээр гэсэн юм.

- Яагаад гэвэл би үүнийг хийхгүй байхаас айж байна

- Би төгс төгөлдөр болох ёстой

- Хүн бүхэн л ингэх хэрэгтэй шүү дээ

- Яагаад гэвэл хэтэрхий залхуу, эсвэл намхан бүдүүн, туранхай, царай муутай гэцгээдэг. Эдгээр хариултууд нь тэднийг өөрсдийнхөө итгэлд хүлэгдэж, өөрсдийнхөө хязгаарыг тогтоосныг илрүүлж байгаа хэрэг. Би тэдний хариултад ямар ч тайлбар хийдэггүй. Харин тэдний хариултыг уншиж сонсож дууссаны дараа л "ингэсэн нь дээр" гэдэг үгний тухай тайлбарладаг. Та хар даа "ингэсэн нь дээр" гэдэг бол бидний үгсийн санд байдаг хамгийн аюултай үгсийн нэг. Бид үргэлж л энэ үгийг хэрэглэдэг ч яг үнэндээ бол буруу зүйл л хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид буруу зүйл ярьсан, ярьдаг, ярих болно гэсэн үг. Одоо цаашид ийм буруу зүйл бидний амьдралд хэрэггүй гэж би бодож байна.

Бидэнд сонгох эрх чөлөө улам их хэрэгтэй. Би энэ "ингэсэн нь дээр" гэдэг үгийг үгсийн сангаасаа бүрмөсөн авч хаяад, өөр тохиромжтой үг олохыг хүсч байна. Түүний оронд "чадна" гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Энэ үг бидэнд сонголт бий болгож, бид дахиж буруу зүйл хийхээ болино гэсэн үг.

Дараа нь би тэднийг нөгөө өгүүлбэрүүдээ эхлэхдээ "Хэрэв би үүнийг хийхээр үнэхээр хүсч байгаа юм бол чадна" гэж өөрчилж хэлэхийг хүсдэг. нэ нь асуудлыг огт өөр өнцгөөс харахад тусладаг. Тэднийг өгүүлбэрээ ингэж өөрчилсний дараа би: - Та нар тэгвэл яагаад үүнийгээ хийгээгүй байгаа юм бэ? гэж асуудаг. Харин тэд:

  • - Би хүсэхгүй байна
  • - Би айж байна
  • -Яаж хийхээ мэдэхгүй байна
  • - Би тийм мундаг биш гэх мэтчилэн хариулдаг.

Тэд хийе гэж хүсээгүй зүйлээ хийж чадаагүйнхээ төлөө удаан удаан хугацаанд өөрийгөө буруутгаж зэмлэдгийг эндээс би олж мэдсэн. Тэд тухайн нэгнэг зүйлийг хийх хүсэл сэдэл төрөөгүй байх үедээ түүнийг хийж чадаагүйнхээ төлөө өөрсдийгөө шүүмжилж, чамласан байна гэсэн үг. Өөрөө хүсээгүй байхдаа өөр хэн нэгэн "ингэсэн нь дээр" гэж хэлсний дагуу тийнхүү өөрсдийгөө хүчилж, шаналж байгаа нь тэр. Хэрэв өөрсдөө үнэхээр хүсээгүй бол түүнийгээ "ингэсэн нь дээр" гэдэг жагсаалтаас гаргаж хаях хэрэгтэй. Энэ нь хичнээн амар болохыг мэдэх үү? Өөрсдөө хүсээгүй боловч эцэг эхийнхээ хэлснээр мэргэжлээ сонгосон түүнийхээ төлөө олон жил өөрсдийгөө хүчилж, албадан яваа олон хүний жишээ байдгийг санадаа. Ээж аав нь шүдний эмч, багш бол гэсний дагуу л тэдний үгээр ажиллаж амьдрах гэж өөрсдийгөө хүчилж албадаж байнга гэсэн үг. Бид хэн нэгний хэлснээр л хэн нэгэнтэй адилхан эсвэл арай илүү баян, илүү ухаантай, илүү бүтээлч болох ёстой гэж өөрсдийгөө хэр их чамлаж боддог билээ. "Таны ингэх нь дээр ингэхгүй бол болохгүй" гэж агсаасан тэдгээр зүйлүүд бол шанал хэрэггүй харин тайвширч болохуйц зүйлс юм. Ийм жагсаалт гаргаад байгаа энэ цаг мөчид л бид өөр, шинэ амьдрал руу харж эхэлж байгаа юм шүү дээ. "Ингэсэн нь дээр" гэж бодож байсан зүйлс таны хэзээ ч хүсэж байгаагүй зүйл бөгөөд энэ нь ердөө таныг бусдын үгээр явж байсныг чинь ойлгуулах болно.

Маш олон удаа өөрсдийгөө муу хүмүүс гэдгээс, түүнийгээ мэдрэхээс бид айдаг. Одоо асуудал өөрчлөгдөж эхэлсэн. Одоо би үйлчлүүлэгчдээ хэн нэгний жишигт тохирохгүй учраас миний буруу гэдэг ойлголтоосоо татгалзаж, тайвшруулах шатандаа явж байна. Дараагийн шатанд нь би энэ номын нэгдүгээр бүлэгт дурдсанчлан өөрийнхөө амьдралын философийг тэдэнд тайлбарлаж өгдөг. Амьдрал үнэхээр энгийн гэдэгт би итгэдэг. Бид юу өгнө түүнийгээ л авдаг. Хорвоо ертөнц таны таны бодол итгэлийг биелүүлэхэд тусладаг.

Бид бага байхдаа өөрсдийнхөө эргэн тойронд байх томчууд, эцэг эхчүүдээс буюу тэдний бидэнд хэрхэн ханддаг хандлагаас өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгож тэндээс л суралцдаг байсан. Бид юу гэж итгэдэг байсан, тэр бүгд биднийг өсөж том болоход бидний туршлага мэтээр давтагддаг. Гэхдээ бид зөвхөн бодол санааны тухай л чухалчлана. Харин хүч гэдэг бол үргэлж одоо цагт л хамаатай зүйл.

Өөрчлөлтүүд одоо энэ цаг мөчөөс эхэлж болно.

Өөрийгөө хайрлахуй

"Ямар асуудал байна вэ гэдэгт бүү анхаар, харин бидний гол анхаарах ажиллах ёстой зүйл бол өөрийгөө хайрлах явдал юм" гэж би уулзсан үйлчлүүлэгч бүхэндээ тайлбарладаг.

Өөрийгөө хайрлах нь бидний амьдралд илбэ мэт нөлөөлнө. Хайр гэдэг илбийн эмчилгээ.

Би таныг нэрэлхүү, биеэ тоосон байхыг зөвлөж буй хэрэг биш шүү.

Нэрэлхэх, биеэ тоох гэдэг хайр биш, айдас

Харин бидний оюун ухаан, бие сэтгэлд нөлөөлдөг гайхамшигт ид шид буюу өөрийгөө хүндэлж, өөртөө талархах тухай би ярьж байна. Миний хувьд хайр гэдэг зүрхэнд бялхаж, зүрхнээс урсан ундарч байдаг баяр талархлын их хүч. Хайр ямар ч чиглэлтэй байж болно. Би хайрыг:

  • - Амьдралын үйл явц
  • - Амьд байхын баяр баясгалан
  • - Миний харж буй гоо сайхан
  • - Бусад хүмүүс
  • - Мэдлэг
  • - Оюун ухааны үйл явц
  • - Бидний бие хөдөлгөөн
  • - Амьд шувууд, загас
  • - Ургамал, цэцэг, навч
  • - Ертөнц амьдрал, түүний оршил, жам ёс .../гээд өөр олон зүйлийг жагсааж чадна/ гэж ойлгодог.

Одоо бүгдээрээ өөрсдийнхөө хайхрамжгүй , хайргүй ханддаг тэр зүйлүүдийг саная л даа.
- Бид өөрсдийгөө эцэс төгсгөлгүй шүүмжилж зэмлэдэг
- Бид архи тамхи буруу хоол хүнсээр биеэ хордуулдаг
- Бид өөрсдийгөө хэний ч хайрыг татахааргүй амьтад гэж итгэдэг
- Өөрсдийнхөө төлөө, өөртөө тохирсон үнэтэй үйлчилгээ, бараа худалдаж авахаас гар татдаг

- бид бие сэтгэлдээ өвчин үүсгэдэг
- Өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ хойш тавьдаг
- Бид замбараагүй эх захгүй орчинд амьдардаг
- Бид өөрөө өөртөө өр тавьж ачаалал бий болгодог
- Бид өөрсдийгөө доош уруу татсан хүмүүстэй нөхөрлөж, тэдний нөлөөнд автдаг...
Өөр та юу нэмж болох вэ?

Бид сайн сайхан зүйлээ өөрсдөөсөө холдуулж хойш тавьж байна гэдэг бол өөрсдийгөө хайрлахгүй л байгаагийн шинж.

Би нэг үйлчлүүлэгчийг санаж байна л даа. Тэр нүдний шил зүүдэг байсан юм. Харин нэг өдөр тэр бага насныхаа айдсаас чөлөөлөгдөж чадсан. Тэгээд контакт линз зүүх нь түүнд маш төвөгтэй байсныг олж мэдсэн, тэгээд ч түүний нүдний хараа үнэхээр зүгээр болсон. Гэвч тэр өдөржингөө "Би өөртөө итгэхгүй байна, итгэхгүй байна" гэж гайхсаар маргааш нь сэрээд дахиад л линзээ зүүж эхэлсэн. Тэр өөрийнхөө харааг зүв зүгээр болсонд итгэж чадаагүй. Тэгээд түүний хараа дахиж муудсан.

Бидний далд ухамсарт ямар ч хошигнол гэж байдаггүй.

Өөрийгөө дутуу үнэлнэ гэдэг өөрийгөө хайрлахгүй байхын бас нэг хэлбэр

Бас нэг жишээ өгүүлье: Томми маш сайн зураач байлаа. Түүний үйлчлүүлэгчид овоо бэл бэнчинтэй, бололцоотой хүмүүс байсан бөгөөд байсхийгээд л гэртээ ханын чимэг зураг зуруулахыг түүнээс хүснэ. Гэвч тэр өөрийнхөө авъяас, хөдөлмөрөө байгаагаас нь доогуур, дутуу үнэлдэг байв. Өөрөөр хэлбэл түүний ажилдаа зарцуулдаг хугацаа, хүч хөдөлмөр түүний авч буй хөлстэй нь харъцуулшгүй их байв.
Уг нь хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгч үйлчлэхэд заавал тохирсон үнэ өртөгтэй байж л таарна.
"Хайрын бэл бэнчин ихтэй" хүн аливаад заавал их үнэ төлдөг. Энэ нь тухайн зүйлд илүү их үнэ цэнэ өгч чадаж буй хэрэг юм.
Өөр нэг жишээ: Хуучин нөхөр маань нэг хэсэг их уймарч, ядарч, үглэж янших болсон юм. Би л түүнийг ийм болгочихлоо гэж би их гайхаж байлаа. Тэр намайг нэг хоёр удаа л дагуулж гардаг байв. Бидний гэрлэлт бүтэлгүйтэж би маш их алдаа гаргажээ гэж бодож байв. Бидний хэн нэгэн нь дуугарч эхэлж үг өдөхөөс айна. Бидний бие галбир гэж Gentlemen, Miss-ийн зургаар дүүрэн "Vogue" сэтгүүлийн залуучууд хүүхнүүдтэй харьцуулашгүй. Бид үүндээ их л ичдэгсэн. Бид ямар ч наймаа хийдэггүй, юунд ч оролцдоггүй. Ер нь тааруухан амьтад гэдэгтээ ч итгэсэн байсан. Бие биедээ ойртож, ойр дотно байхаас зайлсхийж, бидний хувьд сексийн харьцаа гэгч нэр төдий л байв. Ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй, яагаад гэвэл тэр шийдвэр буруу л байх биз гэж боддог байсан. Би ингэж л итгэсэн, миний амьдрал ч яг л тийм болж хувирсан.

Үргэлжлэл бий.