Показаны сообщения с ярлыком Далд ухамсар. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Далд ухамсар. Показать все сообщения

понедельник, 21 декабря 2015 г.

Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь

http://duuren.mn/?p=959

Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь


 Хүнийг гүн ховсонд оруулсны дараа цаг хугацаагаар аялуулах технологи байдаг, ирээдүй цаг руу аялуулахыг нь прогресс, өнгөрсөн цаг руу аялуулахыг нь регресс гэдэг. Д.Батсуурь гэдэг монгол судлаач энэ аргаар хүмүүсийг цаг хугацаагаар аялуулдаг талаар хэдэн жилийн өмнө сонин хэвлэлд тодорхой мэдээлэл гарч байсан. Duuren.mn энэ удаад түүний саявтархан хөтөлсөн нэг аяллыг нь сонирхуулж байна. Ховсдуулагч нь 28 настай, ухаан санаа эрүүл, бизнес эрхэлдэг У гэдэг залуу байв У-г гүн ховсонд орсны дараа юу харж мэдэрч байгааг нь асуухад ирээдүй цагийн Японд очсоноо дүрслэн ингэж ярьжээ.


hypnos-3…Цэцэг байна. Ягаан дэлбээтэй, гол нь шар. Дээвэр дээр байна.. Өндөр байшингийн дээр шилэн хүлэмж, би дотор нь байна. Зүүн гар минь 4 хуруутай. Манантай байна, гадаа. Бор хуванцар хувин байна. Маш өндөр байшин байна. Япон улсад 25 онд. Би эмэгтэй хүн. Нүдний шилтэй, шил нь гуя байхгүй. Яаж тогтож байгааг би ойлгохгүй байна. Хамар дээр тогтоод байна. Намхан хамартай. Нуухгүй шилтэй, тэр  нь хамарт хүрээгүй бөөрөнхий.
Би юм идэж байна. Түрс шиг мөртөө ногоон өнгөтэй сонин юм  аяга дүүрэн байна. Дуртай идэж байна. Хөргөгч нь хаалгагүй. Гараа оруулахаар хүйтэн байна. Гэхдээ хүйтэн нь гадагшлахгүй байна. Хаалга байхгүй. Гэртээ байна. Тавилга байхгүй хоосон өрөө. Гэхдээ бүх юм байна. Зурагт. Хана нь зурагт шиг асаж байна.Гоё. Амьтан байна.  Шувуу, цагаан толгойтой шувуу. Сууж байна. Сууж байна. Сандал хананаас гараад ирсэн.  Сонгох гээд байна. Эрэгтэй хүн алийг нь сонгох. Хоёулаа сайн. Аль нь дээр? Нүдний шилтэй өндөр эрэгтэй хүн надад их хайртай. Би итгэхгүй байна, хэлж байгаад нь. Хамт явж байна. Нуур байна. Эргээд явж байна. Хиймэл модтой. Хиймэл гэдэг нь мэдэгдээд байна. Жинхэнэ мод байвал гоё байхгүй юу. Хавар байна. Хүмүүсийн хувцас бараг адилхан.
Би япон хүн. Зурагтаар бөмбөр тоглож байгаа хүн гарч байна. Би бөмбөрийг хараад гайхаж байна. Надад бөмбөр байхгүй, цохиж үзмээр санагдаж байна. Хаалгаар эрэгтэй хүн орж ирж байна. Сандал гулгаад өөрөө өөдөөс нь явж байна. Нөгөө юмаа идээд байна. Эрэгтэйг би явуулмаар байна. Энэ хүнийг би сонгохгүй. Шалтгаан бий.
Урт юм явж байна. Нийтийн тээвэр метро бололтой.. Гэхдээ газар дээгүүр явж байна. Нэг урт сандал. Вагон шиг олон хэсэг биш. Дуу чимээ байхгүй. Гаднаас нь харж байна. Дээр бас байна. Өндөр нарийн гүүр. Гүүр биш зам юм байна.. Зам нь тулгуур байхгүй. Зам нь агаар дээр тогтож байна. Тулгуур харагдахгүй, байшингийн цаагуур эргэсэн. 10 давхар хавьцаа. Манай байшингийн 10 давхар луу орж байна.
Гудамж эл хуль. Машин харагдахгүй. Бүх юм цайвар саарал. Хүмүүс ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Хүн биш байна. Миний урдах хүн биш байна. Түүний цаадах нь хүн байна. Дарааллаараа зогсож байна. Үснийх нь дундаас гэрэл гараад байна. Дагзнаас нь. Үүдэнд роботон гар. Зүүн гарын дотор талд бичиг байна.  Би алхаагүй, явж байна. Баруун тийшээ салаад явлаа. Зам нь өөрөө явдаг, тэгэхдээ дээрээ зогсож байгаа хүнээ аваад салаад салаад  явчихдаг.
Би ганцаараа ажлын өрөөндөө байна. Хүн болгон ийм өрөөтэй, гэхдээ хана нь тунгалаг,  нэвт харагдаж байна. Олон эмэгтэй. Нүдний шилгүй 3 хүн байна. Бусдынх нь шүдний шил нь минийх шиг гуя байхгүй, нуух байхгүй.
Би шилэн дээр хуруугаараа дарж байна. Ойлгохгүй байна. Шилэн ширээн дээрх тавцан түүн дээр дүрс гарч байна. Би ойлгохгүй байна. Нэг юман доогуур яваад байна. Зогсож байна. Хоёр зүү шиг юмаар юм хийгээд байна. Түүнийг би удирдаж байна. Дууслаа. Одоо явж байна. Бусад хүмүүс ижилхэн юм хийж байна. Би ажлаа сайн хийвэл хүмүүс урт насална. Би өвчнийг эдгээнэ. Харанхуй байна. Хүн биш нь арай доод түвшний ажил хийдэг, тэд угсардаг. Хүн биш болохоор тийм ажил хийдэг. Би тэрнээс дээр. Би илүү. Би хүн юм чинь, би илүү.
Гэхдээ би тэднийг удирддаггүй.  Тэд хиймэл мөртөө яг хүн шиг. Тэр гэртээ амьдардаг. Төрхийг нь эрх мэдэлтэй хүмүүс шийддэг. Том болдоггүй, хөгширдөггүй, хүүхэд бас байна. Ажил сайн хийдэг, боддог. Буруу бодвол аюултай. Зөв бодуулах хэрэгтэй. Гэртээ бөөндөө байдаг. Хүүхдүүд нь айлд байдаг. Унтдаггүй, гэр нь ор байхгүй. Манайд бол ор байгаа. Буруу харсан 4 ширхэг тоо харагдаж байна. 8 , 5, 2-ын тоотой цаас.
Дэлхийн улс орнууд хилтэй. Гэхдээ хоорондоо чөлөөтэй зорчдог. Харь гараг руу явахдаа л зөвшөөрөл авдаг. Би нэг монгол эмэгтэйг танина. Хамт ажиллаж байсан. Гэхдээ тэр одоо харь гараг руу ажиллахаар явсан. Би бас тийшээ явахыг хүсч байна. Хиймэл хүмүүс бас харь гараг руу явдаг. Харь гарагт тэд хаа хамаагүй явж ажилладаг. Хүн бол тодорхой газарт л ажиллана. Яагаад гэвэл хиймэл хүмүүст агаар хэрэггүй.
Тодотгол: Ховсдуулагч У 25 онд Японд байна гэж хэлж байгаа ч хэд дэх зуун, мянганы 25 он болохыг  нь тодлож чадаагүй байна. Энд робот, хүн хоёр адилхан амьдарч, зорчиж, ажиллаж байгаа тухай өгүүлж буй нь сонирхол татаж байна. Хүн робот хоёрын хөдөлмөрийн ялгаа, тэр үеийн технологийн дэвшлийн талаар өгүүлсэн мэдээлэл нь ч сонирхолтой юм.Регресст оруулж мэдээлэл авах үндсэн технологи нь асуулт хариулт учраас энд өгүүлсэн хэсэгхэн мэдээлэл гэхэд л асар олон асуулт хариултын үр дүнд бий болсон байна. Duuren.mn цаашид судлаач Д.Батсуурийн судалгааны тэмдэглэлүүдээс аль сонирхолтойг нь цувралаар хүргэх болно.

© duuren.mn

среда, 4 февраля 2015 г.

Хүнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зүйл аргыг регресс гэдэг. Нийт хүмүүсийн арав орчим хувь нь ховсонд ордоггүй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хүмүүсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Үүнийг бичигч би нэг удаа түүний сеансны үеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хүнийг эхлээд гүн ховсонд оруулна. Тэгээд юу үзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ үед юу хийж байсан, хэн болохыг нь хэлүүлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгүйгээр үзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, үзэгдэж мэдрэгдэж буй эд зүйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Түүний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бүсгүй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зүг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зүг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны үг үсгийг уншиж чадахгүй, бүгд харийн үл таних үсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лүүгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хүндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагүй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах үйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй үед айж эмээх зүйл огт биш бөгөөд гагцхүү туршлага муутай, эхлэн суралцагч хүмүүс бие даан хийж болдоггүй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгүй, алдаагүй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гүйцэтгэж болдог үйл юм. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжүүлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн үүнийг хийж байна гэж олж сонсоогүй. Тэрээр чамгүй олон хүн дээр туршилт хийн нэлээд өндөр түвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдүгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах үед юу ярьсныг сонирхуулъя. Түүнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн үеийн тодорхой огноо зааж асуулгүйгээр тухайн тохиолдолд юу үзсэнийг нь асуухад юу ярьсныг бүрэн сийрүүлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хүн давхиж байна. Хувцас нь их хүнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хүн байна. Морины сүүл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туг байхаа гэж регрессийн дараа хэлэв/. Миний хувцас малгай их хүнд байна. Урд байгаа цуварсан ууланд хүрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хүн. Гансэлэм нэртэй. Бүгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгүй байна. Миний морь хүрэн зүстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зүүн гарт хар морьтой хүн байна. Баруун гар талын хүн үзмэндүү өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нүдтэй, хөмсөг сайтай сүрлэг хүн байна. Инээхэд нь шүд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны үнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хүрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бүгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хүмүүс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгүй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар үзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бүх хүмүүс бууж хүрээ үүсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хүмүүсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хүн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчүүд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгүй, ангийн арьсаар хийсэн хүрэм шиг хувцастай, зарим хүн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хүрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгүй байна. Би сүүлийнхээ улсыг харахгүй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруүн орж байна. Нэлээд хол гал түлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бүр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хүн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Үйлчилж байгаа хүн их том хүн юм. Гутал нь харагдаж байна. Бүс мүс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шүр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бүүрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хүн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бүрийн юм л байна. Эмээлийн бүүрэг нь их өргөн, цагаан. Дүрлэгэр дүрлэгэр нүдтэй, бордуу эршүүд хүмүүс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од түгсэн байна. Хоёр талын уул их сүрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хүн байна. Миний зүүн гар талд эрэг дээр хоёр хүн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хүн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бүрээ барьсан хүн гарч ирлээ. Бүрээ дуугарч байна. Бүгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бүгд бэлдэж байна. Буу шийдэмгүй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хүн. Нар гараагүй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгүй байна. Хоёр салаа явна. Бүгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би түрүүнд нь явна. Ард цагаан морьтой хүн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хүнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггүй. Яагаад гэвэл орогч гүн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелүулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын үр дүнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон үед түшээ хийж байгаа хүн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгүй байгаа зүй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг түшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хүссэн мэдээллээ олж авахгүй байх, далд битүү утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг үед амьдарч байсан хүний сүнстэй харьцаж буй бол регресс нь хүнийг өнгөрсөн үе рүү нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хүнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргүйгээр өгч буй хариулт байдаг учраас нүдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зүйлийн хэлбэр дүрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сүнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа түүх, угсаатны зүй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгүй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илүү нарийвчлан асуусангүй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, түрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагүй нарийхан, өсгий нь хойшоогоо илүү гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол түүхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дүрстэйг асуусангүй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангүй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггүй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгүй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг үе рүү оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцүү. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Үүний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Түүний түлхүүр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх үе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мөн 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгүүлсэн цаг хугацааг олох нь магадтай ч үүний тулд ихээхэн цаг зарахад хүрнэ. Ер нь Д.Батсуурь гоц үзэгдэл сонирхон судлаач учраас хүнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос түүх, угсаатны зүйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгүй гэдгийг энэ дашрамд өгүүлье. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдүй цаг руу хүнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд үр дүнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хүргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хүссэн хүн бүрийн ажил биш бөгөөд сайн багшгүйгээр оролдвол учрах үр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу үйлчилдгийг анхааралдаа авагтун.

четверг, 23 октября 2008 г.

Бумеранг

Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.

Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.

Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.

Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.

Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.

четверг, 1 мая 2008 г.

Зүүд-2

Түрүүч нь энд бий.
Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:


  • Зүүдэндээ гарчиг өг.
Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.
Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би.



  • Дахин "зүүдлэгтүн"

Сэрэнгүүтээ зүүдэндээ "дахин орж" түүний персонажуудтай ярилцаарай.

Танд хэн ч саад болохгүй газар олоод 5-10 минутын хугацаанд нүдээ аниад зүүдээ эргэн санагтун. Зүүднийхээ үйл явдал, дүрүүдийг сэргээж сэтгэлдээ дахин "зүүдлэгтүн". Үйл явдлууд өрнөж, та тэдгээрийг мэдэрч эхлэмэгц та үйл явдлыг хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь, танай гэр лүү дайран хүүхдүүдийг хулгайлах гэсэн дээрэмчний тухай зүүдийг эргээд сэргээхдээ түүнтэй тэмцэлдэхгүйгээр ярилцахыг оролдох хэрэгтэй. Түүнээс, тэр хэн болох, юу хүсэж байгаа, яагаад заавал үүнийг хийх гээд байгааг асуугаарай. Одоо бол та зүүдээ хянаж байгаа тул үүнийг хийж чадна. Та мөн хүүхдүүдтэйгээ ярилцаж болно, тэдний хариулт таны гайхлыг төрүүлэхээр сонирхолтой байх болно. Хэрэв та бүх юмны учрыг олохыг хүсэж байвал энэ арга маш чухал.

  • Таны зүүд - жүжиг

Зүүдээ жүжиг гэж үзээд дараах хэсэгт хуваан дүгнэж үзэх:

1. Удиртгал. Зүүдний уран сайхны хувиргалт, зүүдэнд хөндсөн асуудлын утга учир.

2. Сюжет. Зүүдний үйл явц, үйлдэл.

3. Төгсгөл. Зүүд хэрхэн төгсөж байгаа? тавьсан асуудал шийдэгдсэн эсэх? тийм төгсгөлийн цаана юу нуугдаж байна?

Ийм схемээр зүүдээ судалж үзээд түүний үндсэн бэлэгдэл юу болохыг тодорхойлоорой. Эдгээр нь юу гэсэн үг болох, өнгөрсөн үеэс аль хэсэгтэй холбоотой, надад юуг хэлэхээр оролдож байна гэдгийг бодож үзээрэй. Зүүднийхээ момент бүр дэх сэтгэл хөдлөлийн байдлыг харьцуулж үзэх хэрэгтэй. Тайвшрал, айдас, итгэлтэй байдал, ер бусын хүч чадал мэдэрч байна уу? Үүнд тайллын түлхүүр оршиж байж болно.

Магадгүй та аллагын гэрч болчихоод айдас түгшүүрийн оронд баяр баясгаланг мэдэрч байгаагаар зүүдэлсэн байг. Сэрээд өөрийн мэдрэмжээ гайхаж болох юм. Зүүдний тайллын түлхүүр нь аллагын үеийн таны мэдрэмж. Таны амьдралын ямар нэг хэсэг нь өөрчлөгдөх (арчигдах) ёстой юу? тийм өөрчлөлт гарвал та баярлах уу? Таны амьдралд гарах ямар өөрчлөлтийг энэ зүүд зааж байна? гэх мэт янз бүрийн хувилбарыг бодож дүгнэж үзнэ.

Ямар нэг зүүдээ тайлбарлаж чадаагүй байлаа ч (эхний үед 4 зүүднээс нэгийг нь л тайлбарлаж чадах байх) зүүдээ манаж буй нь далд ухамсартайгаа ажиллах дадлаа дээшлүүлж байна гэсэн үг.

Оролдлого хоосон өнгөрнө гэж үгүй. Зүүдийг тайлах гэж оролдоход зөн билэг логикоос дутахгүй чухал гэдгийг анхаараарай.

Зүүд бүхэн, хэрвээ түүнийг анзаарч, зөв тайлбал удаан хугацаанд сайнаар нөлөөлнө. Хүмүүс зүүдээ сонсоно гэдэг түүгээр дамжуулж дотоод ертөнцтэйгээ холбоотой байна гэсэн үг. Хэрвээ бид зүүдэндээ зөв тайлал хийвэл бидний дотор ямар нэг юм "торхийх" шиг болно. "Тийм байна ш дээ" гэхүйд, эрч хүч цутган орж ирнэ. Зүүдээ зөвөөр ойлгох нь маш сайн нөлөөтэй, учир нь дотоод ухамсраасаа заавар аваад хүмүүс амар амгалан болж, сэтгэлийн ханамж эдэлдэг.

Зүүдний тайлал - энэ бол далд ухамсартайгаа хийх амьд ярилцлага. Зүүдээ тайлбарлаж дадсанаар хүмүүс өөрийнхөө дотор орших хязгааргүй, асар хүчирхэг ямар нэг юмтай холбоотой болсноо ойлгож эхэлдэг.

четверг, 17 апреля 2008 г.

Зүүд-1

Жон Кехо 1975 онд аглагт суухаар оджээ. Тэр Мял богдын адилаар тухайн орчноосоо голоо зогоож байж. Гурван жилийн дараа ойгоос гарч ирэхдээ оюун ухааныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан байв. Үүнийхээ дагуу сургалт явуулж, 1980 он гэхэд дэлхий дахинд алдар нь цуурайтаж байжээ. Тэрээр одоо Номхон далайн баруун хойд эрэгт эхнэрийнхээ хамт жаргалтай тайван амьдарч, номоо бичиж, сургалтаа явуулж байна. Түүний "Далд ухамсар бүхнийг чадна" номноос зүүдний тухай хэрхэн өгүүлснийг танд товчлон толилуулъя.

Зүүдний тухай

Зүүд танд таны хаана байгаа, хаашаа явж байгааг харуулна.
Тэр таны хувь заяаг танд дэлгэн үзүүлнэ.
Карл Юнг

Дивангарын үеэс хүмүүс зүүдийг сонирхсоор иржээ. Христийн тооллоос өмнөх 3000 жилийн үед хамаарах Вавилоны шавар хавтан дээр дээр бичсэн "Гильгамаше-ийн туульс"-д зүүдний тайллыг үзэж болно.
/Үүнээс хойшхи өнөөг хүртэлх олон тохиолыг бичиж болох авч товчлов/.

Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.

Зүүдэндээ олсон

Олон эрдэмтэд судалгааныхаа шийдлийг зүүдэндээ үзжээ. Эйнштейн харьцангуйн онолоо нээхээсээ өмнө нэлээн удаан хугацаанд нарны туяан дээгүүр морitoi давхиж яваагаар зүүдэлж байжээ.

Менделеев үелэх системээ зүүдэндээ үзсэн. Зураачид, бизнесменүүд судлаачид, уран бүтээлчид зүүдэндээ шинэ санаа шийдлээ олсон байдаг.

Зүүд бол зүгээр нэг дэмийрэл биш гэж хамгийн ноцтой үл итгэгчийг ч итгүүлэх баримт хангалттай байх юм.

Канадын нэрт эмч, доктор Федерик Бантинг зүүдэндээ инсулины химийн бүтцийг олчихжээ. Олдож өгөхгүй зовоосон томъёог яг л олсон гэнэ дээ.

Oёдлын машиныг зохион бүтээсэн Элиас Хоу олон жил бүтээл дээрээ ажиллаж хариугүй дуусдгийн толгой дээр хамгийн гол зүйл дээрээ очоод таг гацчихаж, яаж ч болдоггүй. Нэгэн шөнө тэр зүүдэлжээ. "Зэрлэг хүмүүс түүнийг бүсэлж тал талаас нь хачирхалтай жад барин түүн рүү чиглүүлсээр ойртоно. Тэр хачин жаднуудын үзүүр нь нүхтэй байв". Хоу зүүний үзүүрийг "нүдтэй" болгох шинэ санаатай сэрсэн гэдэг. Ингэж оёдлын машин мэндэлжээ.

Бас нэгэн гайхалтай жишээг дурдахыг зөвшөөрнө үү.
Нобелийн шагналт доктор Жеймс Ватсон нэгэн шөнийн зүүднийхээ туслалцаатайгаар ДНК-ийн молекулын нууцлаг чанарыг нээжээ. Тэрээр молекулын бүтцийн нууцыг тайлах гэж олон жилийн турш оролджээ. Нэгэн шөнө тэр хоёр могой бие биенээ ороон мушгиралдаж байгааг зүүдэлж. Сэрэнгүүтээ "Энэ байна" хэмээн хашгирчээ. ДНК энэ бол бие биенээ ороон мушгирсан давхар спираль. Ватсон энэ гипотезийг шалгаад генийн кодын нууцыг тайлсны төлөө Нобелийн шагнал хүртжээ.

Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм

Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Би олон жил зүүдээ манаж, түүнд задлан шинжилгээ хийж үзсэн хүний хувьд "Дээд оюун ухаан зүүдээр дамжуулж бидэнтэй ярилцаж байна" гэдгийг итгэлтэйгээр хэлье. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.

Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед "нүдний хурдан хөдөлгөөн" ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.

Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусладаг.

Зүүдээ хэрхэн захиалах вэ?

  1. Унтахын өмнө "унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно"гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
  2. Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
  3. Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа "тавь", шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно, эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.

Зүүдний тайлал

Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн боддоо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ? Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно. Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлэгдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлэгдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлэгдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамнал байдаг.

Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.

Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.

Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний "Би"-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.

Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны "Би"-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх "насанд хүрэгчид" түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү?

Зүүдний тайллыг хэтэрхий тодорхой болгохоос дандаа зайлсхийж байгаарай

Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү? Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз? Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү? Та хурдаа хас, будаа боловоо, өөрөөр хэлбэл хайртай хүнээсээ хагацав, үнэтэй зүйлээ aлдав гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.

Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлэгддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.

Хар дарсан зүүд - энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар " Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд - энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.

Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:

  • Зүүдэндээ гарчиг өг.

Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.

Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би...

Үргэлжлэл бий.