четверг, 29 января 2009 г.

Нутгархах

"Манай Увсынхан гүй ээ мөн их ухаалаг хүмүүс шүү. Хаа газрын эрдэмтэд л Увсынх байх юм" ...

http://deppsu.blogspot.com/ Дүү охины бичлэг нэгийг бодогдуулав. Би ч нутгархаг хүн л дээ. Нутгийн тэмээ хүний газар хоригдсоныг хараад суллаад тавьчихсан гэж боддог хүн. Нутгийнхантай уулзах сайхаан, удам судар сайн муу, өөрөө ч мэддэггүй зан чанарыг минь мэднэ гээч.
Манай хүү охин хоёр багадаа эмээгээ булаацалдан дүү нь хариугүй дийлдээд "Тэгвэл танай эмээ чинь надтай унтдаг" гэж ахынхаа амыг таглаж билээ. Үүн шиг, нэгэн анд маань Бал даргыг минь өмчлөөд сүйд, нутгаараа бахархаад, миний нутгийг бараг хэрэгсэхгүй шахам байна шүү. Шар ч хөдлөөд явчихлаа. Та нар тийм сайн юм бол яах гэж хүний газар ясыг нь тавиулав. Бараг дөхсөндөө. "Төв хороо удирдагчаа тоодоггүй юм бол арми маршалаа авна" гэж миний нутгийн атигар хөх өвгөн л зүтгэсэн шүү дээ. Түүний хүчинд бахархалтай, эмгэнэлтэй амьдарсан нэгэн үеийн удирдагч маань эх нутгийнхаа элгэнд амгалан нойрсож буй.
Эх нутгаасаа хэлтлэхгүй гэж эрэлхэгээр тэмцэж, эцэст нь алтан амиа бусдын гарт алдсан Аварзэд гуайгаар би бахархдаг. Гэтэл Давст уул хаа байна? /нийт 1247 хав. дөр. км нутгаа харьд алдсан/. Бурхан гуйсан ч бүү өг гээгүй бил үү гэж шөргөөцөлдөн хэл амныхаа загатнааг арилгав. Чиний наад охор бодол хэтэрч байна шүү гээд хэлээд л тавина. За энэ ч яахав, зодолдож мэндэлж, хэрэлдэж ярьдаг хоёр найзын толхилцоо.
Би ч нутгаараа бахархдагаа, бусдын л адил. Жаварт алгадуулж хүйтэндүү ихэмсэглэх ян сарьдаг, хөх байцас шиг нутгийн хөгшчүүл хатуу хөтүү ч үнэн үг хэлдэг, үг нь уурлаж бухимдмаар боловч аминд ордог л юм даа. Унасан газар, угаасан ус хэнд ч эрхэм. Жалга довны гэж ад үзэгдэх боловч эх оронч гээч үзэл эндээс л эхлэх байх. Харин ёс ёмбогор, төр төмбөгөрөө мэдэхгүй бол хүүхдийн доог, хүний элэг болно. Хүний газар гүний нутагт монгол хүн харагдвал чоно харсан мэт зугатаадаг гэж би дуулсаан, жаахан эмзэглэдэг боловч цаг зуурынх байхоо, эрх чөлөө тавигдаад ирэхээр эхлээд хүнд гарууд гадагшаа гарсантай холбоотой биз. Нэгдэлшиж, нийгэмсээд ирэхээр монгол хүнээ хараад баярладаг болноо. Мал ч гэлээ ижлээ гэдэг, морь ч гэлээ нутгаа гүйдэг.
Деппсү дүүгийн хэлдгээр хорин хэд болоод хуваагдаад талцаад байвал бид л хохирно. Ар өвөр болоод яалаа. Баруун зүүн гэвэл баларна. "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг баахан сонгууль үнэртүүлсэн болохоос үнэн үг.

Жич: Нэг онигоо сонсоод
өнөөх найздаа өөрийн биеэр ярихаад очлоо. Хотод ирсэн нэгэн зурагтын суваг сольж, эргүүлж тойруулж сууснаа UBS TV-г гарахад "УБС гэж байна" гээд ухасхийн дуу алджээ. Танайхан нээрээ засаршгүй ээ гэхэд -Нутаг амьтай л хүн байна даа гээд ихэд бахархав. Эмнэлэгт хэвтээ, эргэж тойрох хүнгүй нутгийн нэгэндээ халуун хоол цай дөхүүлэх сэтгэл тэдэнд бий.

четверг, 22 января 2009 г.

Нисэхсэн

Ийм унаатай болчихвол сайханаа. /Зургийг А.Амарсайханы блогоос авлаа/

среда, 14 января 2009 г.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үү?

"Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэдэг үг саяхнаас үүссэн байх. Чингэс хаан маань бусдад зүтгэсэн хүнийг ч үнэн сэтгэлийг нь үнэлэн дэргэдээ авдаг байсан. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байгаагүй. Монголын төрийг хүчгүй байлгах талаар "сайн" хөрш маань санаа тавьсаар иржээ. Тэдний гарын ажлыг бид буруугаар ухаад, Монголын төр зүтгэсэн хүнээ нухаад байдаг юм шиг ойлгож болохгүй. Тэд ажлаа сайн халхавчилж бид ч бүүр итгээд "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гээд сууж байх гэж. Монголын төрд зүтгэгсэд, түүний язгуур эрх ашгийг хамгаалагсад яагаад цагаас эрт хорвоог орхин эх орон, элгэн саднаа өнчрүүлнэ вэ. Өнөөдөр цаг хугацааны хувьд хол, үйлдэгдэж буй арга нь өөр болсон тул бид анзаарахгүй тайван байна уу?
1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай, парламенттай байх үеээс эхлэн дээрх үг бидний үгийн санд нэвтэрсэн бололтой. Дөчөөд он хүртэл аллага мөн ч гаарсан даа. Энэхүү улс төрийн аллага 1913 онд өвөрмонголын бинт ван Гончигсүрэн гэнэт хордож үхсэнээр эхэлж, Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад яамны сайд чин ван Ханддорж, Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Сангийн яамны хошой чин ван Чагдаржав, Цэргийн яамны сайд шүн ван Гомбосүрэн, Дотоод яамны дэд сайд бэйл Цэрэнням, гадаад яамны дэд сайд гүн Равдан, Сангийн яамны дэд сайд Ванчигравдан, Хүрээ Маймаа хотын хятад иргэдийг хянах хэлтсийн түшмэл Лувсанцэрэн, Өвөрмонголын занги Шагдарсүрэн, Сахалт лам, баргын манлай ван Дамдинсүрэн нарын олон хүн хорлогджээ. Энэ бол гүйцэд тоо биш, нууцаар алан хядах ажиллагаа ихээхэн өргөн цар хүрээтэй явагдсан юм.
Хятадын нууц албаны алан хядах ажиллагааны тухай "Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам" буюу бидний нэрлэдгээр "Ноёдын нам"-аас 1919-1920 оны орчим гаргасан "тунхаг бичиг"-т "Манай халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон гэрэлт эрдэнийн ширээг балартуулан хайран тулгар төрийг унагаж, хамаг ардыг сарниулан, толгой мөрний дээр тэгшдэхгүй хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов. Эдүгээ тэдний шулмасын санаа бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх гашуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо төрийн хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховор болсон" гэж гашуудан бичсэн байна.

Энэхүү далдуур алан хядах ажиллагаанд хувийн эрх ашиг, хэргэм ямбыг үндэсний эрх ашгаас дээгүүр тавигч Шанзов Бадамдорж мэтийн урвасан хүмүүс ашиглагдаж улмаар тэднийг Монголын төрийн удирдлагад түлхэн гаргажээ. Хятадын тусгай албанд биеээ худалдагсад Богд хааны ордон, түүний хүрээнд шургалан орж алан хядах ажиллагаа явуулж байсан нь
сайн ноён хан Намнансүрэн, чин ван Ханддорж, бинт ван Гончигсүрэн нар Богдын ордонд хордсоноор нотлогдоно.
Богд хаан эдгээр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдыг хорлосон болж харагдах нь Богд хааныг ганцаардуулах, ноёдын дунд үл итгэлцэх уур амьсгал бий болгоход чиглэгдэж байлаа.
Эх орноо тусгаар улс болгох Монголын эх орончдын эсрэг оросууд ч зүгээр суугаагүй юм. Хаант Орос гурван этгээдийн гэрээгээр
Монголоос хэлтлэн өөртөө нэгтгэхийг санаархаж байснаа хэрэгжүүлэхийн тулд Тагна Урианхайн захирагч Гомбодоржийг Тагна уулын даваан дээр алж, оронд нь оросын талыг барьдаг Агваандорж гэгчийг тавьсан тухай дурдаж болох юм... Цаашид үйл явдал хэрхэн өрнөсөнийг та бүхэн сайн мэднэ. Монголын төр зүтгэсэн хүнээ хамгаалж чадахгүй байна гэвэл үнэнд илүү нийцэх бизээ.


Эх сурвалж:

вторник, 6 января 2009 г.

Орос сэтгэхүй

Российский менталитет
ЗХУ задарсан шалтгааны тухайд Анатолий Лукьянов:
- Союз задрах бодит шалтгаан байгаагүй юм. Хувь хүмүүсийн л дамцаг шүү дээ. Горбачев Лигачев хоёр муудалцсан-Секретариат ЦК байхгүй болсон.
Горбачев Рыжков хоёрын харилцаа эвгүйцэв. Тэр огцорсон гэж бодно уу? Үгүй ээ, Сайд нарын зөвлөл тарсан.
Горбачев мөн л ийм "замаар" явсан даа. Түүнийг буулгахын тулд СССР-ийг будаа болгосон.

Уншихаар барах уу
Төрийн Думд сэтгүүлчид Геннадий Бурбулист хандан:
- Геннадий Эдуардович, та ерөнхийлөгчийн илгээлтийг уншив уу?
- Уншихаар барах уу, бичсэн.

Хэн юу авчрахыг хэн мэдэхэв
Оросын төрийн думд "ОХУ-д хүний дархлал хомсдлын вирус тархахаас сэргийлэх тухай" хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад ОЛАН-ын гишүүн, депутат Вячеслав Марычев үг хүсэв. Шинжлэх ухааны шийдэж чадаагүй судалгааны ажилд хувь нэмрээ оруулан:
- СПИД тархах нэг суваг нь депутатуудын гадаад томилолт болж байна гэж мэдэгдэв.
Үүнийгээ тодотгон:
- Одоо Голландад "Оросын эмэгтэйчүүд" бүлгийн тэргүүн Алевтина Федулова байгаа, юу авчрахыг хэн мэдэхэв гэж болгоомжлов.
Гайхширсан "нардепүүд"* Марычевыг жигшүүртэй, ичгүүртэйгээр нь дуудан, жириновчийн үг хэлэх эрхийг гурван хуралдааны турш хасах Александр Невзоровын санаачлагыг дэмжиж, чуулган дуустал хэвээр байлгажээ.

Нүцгэн шалдан шахуу
ОЛАН-ы өөр нэг төлөөлөгч Геогий Лукава гадаадынхныг Думын танхимд "зохимжгүй" хувцастай орж ирэх явдлыг таслан зогсоохыг шаарджээ. Лукавын бодлоор бол гадныхан нүцгэн шалдан шахуу гүйлдэх нь "Төрийн Думын нэр хүндэд харшилсан хэрэг" ажээ.

*нардепы - нардепүүд /ардын депутатууд/

Николай Зенькович. "В тени Кремля" 2000 г. -аас чадан ядан орчуулах аядав. Дашрамд дурдахад Николай Зеньковичийг "Мистер факт" гэж хүндэлдэг гэнээ.