среда, 13 мая 2009 г.

Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу

Орой эртээ эхэлсэн бороо шөнөжин орлоо. Чийг дутаж, шороо эргэлдсэн энэ үед асгаран орсон бороо хэн бүхэнд таатай байлаа. Олон ч түймэр унтарсан даа. Гэтэл өглөөгүүр адраас ус гоождог байгаа. Дээд давхрын айл эзгүй. Энэ лав борооных байж таарлаа гээд сав тосож орхиод ажилдаа явлаа. Тэр өглөө охиноо бороотойгоор далимдуулаад унтуулан цэцэрлэгт нь явуулсангүй, эмээтэй нь үлдээв.
Дахин ихээр ус гоожсон тул гэртээ дуудагдан ирлээ. Савнуудаа эгнүүлэн тосох зуур охин минь болгоомжтойгоор туслана. "Ээжийнхээ гэдсэнд байсан бол амар байхгүй юу" гэхэд анзааран харвал царай нь их түгшжээ. Ургуулан бодоод удахгүй нурах юм шиг л төсөөлсөн биз. Би тайвшруулан "дусаал гоожих гоё байгаа биз дээ, энд, тэнд бас энд. Чи сонсдоо..., -Тийм байна". Охины айж сандарсан байдал арай дээрджээ.
Бороо намдав дусаал ч татрав. Бас ч танагтай, жаахан шарлаад болчих нь тэр. Тэртэй тэргүй засвар хийх юм чинь.

среда, 6 мая 2009 г.

"Угсаатны наадамд" монгол гэр тэргүүлжээ


Шотландчууд үндэсний уламжлал, зан заншил, язгуур урлагаа сурталчилахаар 4 дүгээр сарын сүүлчээр "Угсаатны наадам" зохион байгуулжээ. Хоёр хоногийн турш үргэлжилсэн уг наадмыг сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид майхан барин отоглосон аж. Сонирхолтой нь 140 хүртэл галтай, таван отгийн дунд монгол гэр байсан гэнэ. Уламжлалт эд өлгийн зүйлс шалгаруулсан уг наадамд "Юнайтед бийтс коллектив" хэмээх байгууллага монгол гэрээр оролцож, гранпри хүртэн, 5000 паундын эзэн болжээ.
Тус байгууллагын тэргүүн Крис Кэмпбэл "Хүн төрөлхтний хэрэглэж байсан хамгийн гайхалтай сууц бол монгол гэр. Барихад амархан, нэг ч хадаас шаардахгүй. Дунджаар 5 цаг зарцуулдаг. Тэгсэн хэрнээ өвөлдөө дулаахан" гэжээ

О.Ундармаа "Өнөөдөр" 2009.05.06.

Зураг дээрх эвхдэг гэр миний бүтээл бөгөөд жипний багажинд хоол хүнс, хөнжил гудас, бүх юмны хамт ачихад багтана.