четверг, 29 ноября 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 1

Надад Луйза Л.Хэйгийн бараг бүх ажил бий. Олон ч жил дарлаа даа. Түүний номыг уншихад их сонин санагддаг. Дээр "Үг" хэмээх нэг бичлэгтээ жаахан орчуулж оруулсаныг та санаж байгаа байх. Ц.Одонтуяа бүсгүй “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” номыг нь олж уншаад сэтгэл нь хөдлөн “ийм сайхан бал бурамтай умдааг хүмүүстэй хуваалцана” гээд өөрөөс нь зөвшөөрөл авч орчуулан олон түмэндээ хүргэсээр 3 жил өнгөрчээ. Би ч бас Ц.Одонтуяа бүсгүйд талархан, найз нөхөддөө хэрэг болуужин гээд түүний орчуулгаас цувралаар гаргахаар шийдлээ. Энэ номыг дуусахаар, эсвэл дундуур нь бусад бүтээлүүдээс нь орчуулан тавих болно.

Уншигч Та бүхэнд өгөх миний санал
Би өөрийнхөө мэддэг зүйлээ уншигч та нартайгаа хуваалцах, та бүхэнд зааж сургахын тулд энэ номыг бичсэн юм.
Миний бичсэн “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” гэдэг энэ жижигхэн ном бидний биеийг өвчлүүлдэг шалтгаан болдог сэтгэлийн буюу сэтгэцийн тухай өгүүлсэн ба хамгийн их уншигчтай ном гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Миний уншигчид намайг өөрийн мэддэг бүхнээсээ илүү ихийг хуваалцаач гэж хүссэн мянга мянган захидал надад илгээдэг. Миний лекцийг сонссон, миний ярилцлагад оролцсон, миний үйлчлүүлэгчид Бүгдээрээ л намайг энэ номыг бичихэд цаг зав гаргаач гэж хүсэж байсан. Тиймээс би энэ номыг, яг л таны миний лекцэд сууж, надтай ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр бичихийг хичээлээ.
Та миний номонд өгүүлсний дагуу, энд байгаа дасгалуудыг дарааллын дагуу үргэлжлүүлэн хийсээр, энэ номыг уншиж дуусгах юм бол, тэр үед таны амьдрал өөрчлөгдөөд эхэлчихсэн байх болно. Эхлээд та энэ номыг нэг удаа, анхааралтай уншиж дуусгаад, дараа нь дахин дахин тогтож уншихдаа дасгалуудаа хийгээрэй. Тэр дасгалуудыг хийх цаг зав заавал гаргаарай. Хэрэв боломжтой бол дасгалаа найзтайгаа, эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт хийхийг хичээгээрэй.
Бүлэг бүхэн өөрийн хэллэг, билэг дэмбэрэлтэй үгсээр эхэлж байгаа. Тэд бүгдээрээ таны амьдралд сайнаар нөлөөлнө. Нэг бүлгийг уншихад хоёроос гурван өдөр зарцуулаарай. Тэгээд бүлгийн эхэнд байгаа өөдрөг хэллэгүүдийг дахин дахин бичиж, дахин дахин хэлээрэй.
Бүлэг бүрийн төгсгөлд эмчилгээний “жор” байгаа. Энэ нь таны ухамсрыг өөрчлөхөд чиглэгдсэн эерэг санаануудын урсгал юм. Энэ эмчилгээнүүдийг өдөрт хэд хэдэн удаа давтан уншаарай.
Номын төгсгөлд би та бүхэндээ өөрийн түүхээс хуваалцах болно. Үүнийг уншсанаар та бид хаанаас ч ирсэн ямар ч байдалд орсон бай, амьдарлаа эерэгээр өөрчилж болдог юм гэдгийг ойлгох болно.
Бас таныг номоо уншиж дасгалаа хийж байхад миний бодол санаа, миний дэмжлэг тантай хамт байх болно гэдгийг санаарай.
Луйза Хэй

Миний философийн зарчмууд

  • Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрсдөө л хүлээх ёстой.
  • Бидний бодол болгон бидний ирээдүйг бий болгодог.
  • Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
  • Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
  • Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
  • Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
  • Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
  • Хэрвээ бид өөрсдөө өөрсдийгөө хайрлаж чадах юм бол бидний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
  • Бид өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
  • Бид өөрсдийгөө хайрлаж сурахад бэлэн байх ёстой.
  • Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
  • Бид өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрсдөө л бий болгодог.
  • Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
  • Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно.
  • Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
  • Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
  • Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
  • Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
  • Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
  • Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
  • Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

Нэгдүгээр бүлэг

Би юунд итгэдэг вэ?

“Мэдлэг, ухаанд хөтлөх хаалга үргэлж нээлттэй байдаг”

Амьдрал гэдэг үнэхээр энгийн. Бид юу өгнө, түүнийгээ л авна. Энэ бол амьдрал.

Өөрсдийнхөө тухай боддог бодол маань бидний хувьд үнэн болдог.
Биний амьдралд тохиолдож буй сайн, муу бүх зүйл бидний л хариуцлага гэдэгт би итгэдэг.

Бидний бодож буй бодол бүхэн бидний ирээдүйг авчирдаг. Бид өөрсийн бодол, мэдрэхүйгээрээ туршлага хуримтлуулдаг. Бодол, яриа маань л бидний туршлагыг бүтээдэг.

Бид нөхцөл байдлыг өөрсдөө бий болгодог. Тэгээд болохгүй бүтэхгүй зүйл гармагц бусдыг зэмлэж буруутгахад хүчээ зарцуулдаг.
Биднээс илүү хүчтэй ямар ч хүн, орон зай, юмс энд байхгүй. Бид л бодож сэтгэж чадна.

Бид оюун санаандаа эв нэгдэл, зохирол зохицол, тэнцвэрийг олж олж чадах юм бол бид амьдралдаа тэр их хүчийг мэдрэх болно. Доорх үгсийн аль нь танд тохирох бол?
- Хүмүүс бүгд өөдгүй эсвэл
- Тэд үргэлж надад тусалдаг
Энэ хоёр итгэл тэс өөр амьдралыг бий болгодог. Өөрөөр хэлбэл бид юу гэж итгэнэ, бидний амьдрал тийм л болно гэсэн үг.

Бид юунд итгэж, юу гэж бодож байна Ертөнц түүний хүлээж авч, түүнийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний далд ухамсар бидний бодож итгэсэн болгоныг тэр чигээр нь хүлээж авдаг гэсэн үг юм. Тэгэхээр өөрийнхөө тухай болон амьдралын тухай юу гэж бодож, итгэнэ та ч тийм, таны амьдрал ч тийм л болж хувирна.

Харин бидний бодолд хязгааргүй сонголт бий. Үүнийг мэдэж байвал бүх хүмүүс өөдгүй амьтад гэхээс илүү, бүх зүйл ач тустай гэсэн бодол танд эерэг үр дүн авчирна гэдэгт итгэх хэрэгтэй.

Хорвоо ертөнцийн хүч биднийг хэзээ ч шүүж, шүүмжилдэггүй. Харин биднийг тэр чигээр нь хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл тэр хүч бидний бодол итгэлийг засаж, залруулахгүйгээр, бид юу гэж бодож, итгэнэ түүнийг шууд, тэр чигээр нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

Хэрэв: -Би ганцаардаж байна, хүмүүс намайг хайрлахгүй, хайхрахгүй байна гэж бодвол миний амьдрал тийм л болж хувирна. Харин би: -Миний эргэн тойронд хаа сайгүй хайр байна, намайг хүмүүс хайрлаж, би тэдний хайрыг татаж байна гэж бодож, итгэж энэ үгийг дахин дахин хэлж чадвал энэ нь үнэн бодит зүйл болж биелэнэ. Өөрөөр хэлбэл ингэснээр таныг хайрлаж байсан хүмүүс танд улам ч их хайртай болж, бас өөр олон сайхан хүмүүс таныг хүрээлж, таныг хайрлах болно. Ингэснээр та тэдгээр хүмүүст улам сайхан хандаж байгаагаа мэдэрнэ.

Бидний ихэнх нь өөрсдийгөө их тэнэг гэж боддог ба яаж амьдрах ёстой талаар хэтэрхий олон, хатуу чанга дүрмүүдийг бий болгодог.

Бид тухайн мөчид, ямар нэг зүйлийг хамгийн зөв гэж бодсоноороо, өөрсдийнхөө боломжоор, чадлынхаа хэрээр хийж байсныгаа эсвэл хийж байгаагаа буруутгах ёсгүй. Хэрэв бид тухайн үед илүү ихийг мэддэг, чаддаг, боломжтой л байсан бол илүү сайнаар л хийх байсан шүү дээ. Тиймээс байгаа байдлаа үгүйсгэж, өөрийгөө чамлаж, буруушаана гэдэг огт хэрэггүй зүйл.

Ер нь та миний бичсэн энэ номыг уншиж байна гэдэг чинь өөрчлөгдөхийг хүсэж, өөрчлөгдөхөд бэлэн байна гэсэн үг. Үүнийгээ өөрөөсөө асуу, өөртөө сануул. “Эр хүн уйлдаггүй”, “Эм хүний үс урт, ухаан богино”. Аая яа яа. Амьдралыг ямар их хязгаарласан, ямар хатуу дүрэм гээч вэ?
Бид багаасаа л эргэн тойрондоо байгаа томчуудын хандлагаас өөрсдийнхөө тухай сэтгэгдлээ олж авч, түүнд нь итгэж үнэмшсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийнхөө талаар юу гэж бодож, юу гэж итгэхээ сонгож ирсэн арга зам юм.
Хэрэв таны эргэн тойронд аз жаргалгүй, айдас хүйдэстэй, уур, уцаартай хүмүүс байсан бол та амьдралыг мөн тийм л бүрхэг харанхуйгаар төсөөлж, өөрийгөө ч тийм гэж итгэхэд хүрнэ. “Би дандаа л буруу зүйл хийдэг”, “Энэ миний буруу”, “Би уурлахаараа ёстой аймаар болдог” гэсэн үглэл ийм итгэлийг бий болгож, таны амьдрал ч бас тийм л болно.
Бид өсөж том болоод ч тэр л өссөн дассан орчин, гэрийнхээ хуучин уур амьсгалыг дахиж бүрдүүлэх хандлагатай байдаг. Энэ нь сайн ч биш, муу ч биш, зөв ч биш, буруу ч биш зөвхөн ”Гэр гэдэг ийм байх ёстой” гэсэн дотоод итгэлийн нөлөө юм.
Бас бид ээж аавтайгаа хэрхэн харьцдаг, ээж аав хоорондоо яаж харьцдаг байсан тэр хэв маягийг өөрсдийнхөө амьдралд дахин бий болгох хандлагатай байдаг.
Таны хайрт чинь, дарга чинь яг аав шиг чинь байдаг уу?
Эцэг эх маань биднийг яаж шаарддаг байсан, тийм шаардлагыг бид өөрсөддөө тавьдаг. Бид яг л тэдэн шиг аргаар өөрсдийгөө шийтгэдэг, зэмлэдэг. Магтаж урамшуулахдаа ч мөн адил. Хэлдэг үгийг нь ч бас. “Чи хэзээ ч зөв юм хийхгүй юм”, ”Энэ бол чиний буруу” гэдэг үгсийг та хэр олон удаа өөртөө хэлдэг вэ? “Чи бол гайхалтай”, “Би чамд хайртай” гэдэг үгсийг бас хэр олон удаа хэлдэг вэ? Гэхдээ би энэ бүгдийг эцэг эхийг тань зэмлэх гэж хэлээгүй.
Бид бүгдээрээ л хохирогчийн хохирогч, тэд мэдэхгүй байсан болохоор л бидэнд зааж өгч чадаагүй биз. Таны аав ээж өөрийгөө яаж хайрлахыг мэдэхгүй бол өөрийгөө яаж хайрлахыг танд зөөж өгөх боломжгүй шүү дээ. Тэд хүүхэд байхаасаа сурсан зүйлээ, өөрсдийн мэддэг чаддагаараа л бүхнийг хийж байсан. Хэрэв та эцэг эхээ илүү сайн ойлгохыг хүсвэл тэдний бага насных нь тухай яриулаарай. Та тэднийг анхааралтай сонсох юм бол айдас, болгоомжлол хаанаас төрдгийг мэдэж болно.

Үргэлжлэл бий.

вторник, 27 ноября 2007 г.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Үг Ц.Дамдинсүрэн
Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Хожимдсон ч гэлээ та бүхэндээ Монгол улсаа тунхагласны баярын мэнд хүргэе.

понедельник, 19 ноября 2007 г.

Миний гэр - mini ger

Эвхдэг гэрээ л үзүүлмээр санагдаад. Дарааллыг нь өөрчилж чадсангүй. Зураг дээр товшвол томорно.
"Аянчин" эвхдэг гэрийн зохиогч гуай.

Суудлын тэрэгний тээшинд.

Анхны зарагдсан гэр маань Францад гарсан гэж байгаа. Зургийг нь олж авахсан. 53 кг жинтэй, сүүлд нь ханыг зузаалж 63 кг болгосон.


Нар шиг харагдаж байна уу.

Ханын нүдээр харахад.

Гэр барьж алжаалаа тайлах сайхаан. Манай эхнэр, том охин хоёр Туулын хөвөөнд гэрээ барьж байна.

Тооно

Та нартаа хайртай шүү.

Энэ гэрийг хоёр хүн за нэг хорин минутад л барина дөө. Нэг ангийн хорхойтон өвлийн дулаалгатай хийж өгөөч гэсээр байгаад хийлгэсэн. Тохилог байна гэсээн. Надад лав таалагдаад байгаа юм. Бусад хүнд таалагдах байхоо.

Аялал жуулчлал, отор нүүдэл, рашаан сувилалд авч явахад авсаархан хөнгөн юм даа.

Агшин

Хүндэт зочдоо уйдаахгүй гээд гэртэй холбоотой хэдэн зураг тавилаа. Дээр үед цуглуулсан тул хаанаас авсанаа санахгүй байнөө. Хулгайллаа гэвэл гэнэ л биз.

Энэ нээрээ жаргалтай өвгөөн. Тэр буугий нь хараач. Сайхан хилэн хар морь. Байгальд хэд хонохсон.

ммммммм
Би эвхдэг гэрээ дагуулаад бас урц хийх санаатай байгаа. Жижигхээн, хөөрхөн. Эвхээд цүнхэлчихдэг. Ариун цэврийн өрөөний зориулалтаар ашиглах. Ус нь нараар халаад, халуун хүйтэн устай байвал зүгээр шүү дээ, бас морь харах гээд хол явах шаардлагагүй. Уул нь ч байгальд сан тавих ч сайхан л даа.


Гэр дүүрээ л явчихлаа гэдэг шиг. Монгол ахуй, сайхан бүсгүй. Гоё зураг байгаа биз.
Хүүе босгон дээр суудаггүй юм. Тэр өрхөө хааш нь харуулчихваа.
Монгол гэр ийн бууриар дэлхийг тамгалахсан гэж мөрөөднө. Манайхан ч овоо борлуулдаг юм шигээ.

пятница, 16 ноября 2007 г.

Ягчис намнах цуст дайн

“Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэдэг үгийг монголчууд өргөн хэрэглэдэг. Монголын хэдэн үеийг шашингүйн үзлээр хүмүүжүүлсэн төрийн бодлогын эерэг, сөрөг талын алийг нь ч энэ үгээр тайлбарлаж болно. Тэгвэл Европ тив шулмасаас хагацсан түүх бүр ч бодитой билээ.
Дундад зууны үед Европд гэм буруутан, нүгэл үйлдэгс­дэд ноогдуулдаг байсан шийтгэл дэндүү хүнд аймшигтай байлаа. Энэ нь хүн хэрвээ буруугүй бол ямар ч хүнд шийт­гэлээс Бурханы аварлаар бүрэн бүтэн гарна гэсэн номлол ноёрхож байсантай холбоотой.
Нэн эртнээс улбаатай халуун төмөр атгуулах шийт­гэлийг тэр үед бараг өдөр тутам хэрэглэж байв. Ингэхдээ шийтгэл хүлээгч улайтгасан төмөр атгаад ес алхах ёстой, үүнийх нь дараа санваартнууд гарыг нь боож тусгай тэмдэг тавих журамтай байв. Гурав хоногийн дараа гарынх нь боолтыг задлахад эв эрүүл байвал гэм буруугүй гэж үзнэ.
Халз тулаанд дуудаж үхэх сэхэхээ үзэх нь мөн л гэм буруугүй хүнийг бурхан ивээнэ гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй, шийтгэлийн өвөрмөц хэлбэр байв.
Шулам гэж үзсэн хүнийхээ зүүн гарын эрхийг баруун хөлийн эрхийтэй, баруун гарын эрхийг зүүн хөлийн эрхий хуруутай холбон нүцгэнээр нь ус руу шиддэг заншил бас тэр үед байв. Ингэж шидэхийн өмнө санваартнууд усыг ариулдаг учир живсэн хүнийг нүгэлгүйд тооцдог, ариун ус нүгэлтнийг хүлээж авахгүй гэж үздэг байжээ.
XIII зууны дундуур тухайн үеийн сүм хийдүүдийн алдартай номлогч нарын нэг Фома Аквинский “Ягчисын тухайд бол ямар ч тийм зүйл байхгүй, ердөө итгэл сүсэггүй байдлаас үүддэг гэж зарим нь боддогийг бид мэднэ. Чөтгөр шулмас хүмүүсийн бодол санаанд л оршдог бөгөөд хүмүүс өөрсдөө бодож олчихоод санаа бодолдоо бий болгосон хий дүрээсээ өөрсдөө айдаг гэж тэд боддог. Гэвч чөтгөр байдаг, тэд далдуур хөнөөж, гэр бүлийн өсөлт үржилтэнд саад болдог гэдгийг католик шашин нотолсон” гэсэн нь шулмасын эсрэг дайныг галыг ноцоосон үйл явдал болжээ. Энэ дайн үндсэндээ 500 жил үргэлжилсэн.
Энд чөтгөр шулам гэдэг нэрийн дор хар дом, ид шидийн аливаа илрэлийг багтаан ойлгодог байсан гэдгийг ч хэлэх нь зүйтэй.
Тэр үед чөтгөр шулмастай элдэв дом, хариулга зэрэг аргаар тэмцэхээс гадна сэжигтэй санагдсан хүнийг инквизицийн (Инквизиц гэж католик шашны залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх газрыг хэлдэг) шүүхэд авчирч тарчлаадаг байв.
Энэхүү цуст тэмцэл заримдаа ягчисыг намнах бус, харин хүн гээч махан биет, цусан зүрхтэн өөрөө адгийн чөтгөр болохыг илчлэн нотолсон үйл явдал мэт бодогддог.
Тэр үед өөрийгөө ягчис гэж хүлээн зөвшөөрсөн бүхнийг түүдэг галд шатаадаг байв. Хэн нэгнийг шүүхэд татахад ямар ч нотолгоо шаардлагагүй, ганцхан матаас л байхад хангалттай. Матуулсан хүн нь гэм буруугүй нь нотлогдсон тохиолдолд матаач хариуцлага хүлээхгүй. Гэхдээ гэм буруугүй сугарч үлдэх тохиолдол бараг байдаггүй байж. Ихэнх “ягчис” хүнд хэцүү тамлалыг даалгүй “хэргээ хүлээнэ”. Хэргээ хүлээхгүй бол шулмын хүч шингэсэн учир ийм тэсвэр, тэвчээртэй байна гэж үзнэ. Тэгэхээр тамлал даалгүй үхэх, эсвэл өөрийгөө шулмас гэж хүлээн зөвшөө­рөөд түүдгийн галд шатаалгах хоёроос өөр гарц байдаггүй байж. Чухам энэхүү гарах гарцгүй байдал мөрдөлтийн жилүүдэд ягчисын тоог эрс нэмэгдүүлж, айдаст автсан ард түмэн өөрийгөө авч үлдэхийн тулд хөршөө барьж өгдөг жишиг бий болгожээ. Цаазын үйл ажиллагаа өргөжих тусам айдас улам улам нэмэгдэж, чөтгөр шулмасын хар хүч улс орныг нэгэнт нөмөрчээ гэсэн итгэл сүм хийдийн удирдла­гуудад хүртэл улам лавширна.
Германд хэдэн зуун жил үргэлжилсэн мөрдлөг зогсоход бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй амьд үлдсэн тохиолдол байдаг нь ягчис намнах аян ямархуу цар хүрээ­тэй байсныг бэлээхэн нотолдог.
Европыг тахал мэт бүрхсэн хийрхэл хагас мянган жил болохдоо хэдэн сая “ягчис” шатаасан гэж судлаачид үздэг. Тэр үеийн харгислал ямар санаанд багтамгүй, сэтгэлд буумгүй байсныг нотлох баримт олон. Тухайлбал, Тулуз хотноо 1577 онд 400 ягчсыг нэг дор шатааж байв.
Сонирхуулж хэлэхэд үүнээс нэг жилийн дараа II Далай лам Хөх нуурт ирж шарын шашныг хамгаалан дэлгэрүүлэх асуудлаар Алтан хантай хэлэлцсэн байдаг. Шарын шашны хүчтэй дайсан нь монголчуудын уламжлалт бөө мөргөл байсан тул Алтан хан бөөг идэвхтэй дарж эхэлжээ. Үүнээс санаа авсан Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж бөө судлаач Ш.Сүхбат эрхэм судалгааны бүтээлдээ дурдсан байдаг. Их гал өрдөөд жинхэнэ бөө нь ниснэ, хуурамч бөө нь үхнэ хэмээн шатаах явдал ч бас гарч байжээ.
Аливаад баримт нотолгоогүйгээр итгэх, төөрөлдөх, хорт бодлоо биелүүлэхийн тулд бодит үнэнийг харахыг хүсэхгүй, бодохыг хичээхгүй байх явдал ямар аймшигтай байдаг, түүнд хил хязгаар, үндэсний зан заншил, сэтгэл­гээний онцлог гэж байдаггүйг энэ баримт харуулж байна.
Энэ зуур шинжлэх ухаан урагшлан хөгжиж, төөрөгдөл эндүүрлээс алхам алхмаар ангижирч, Галилей, Кеплер нарын эрдэмтэд агуу нээлтүүдээ хийв. Байгалийн хуулийг ямх ямхаар танин мэдэцгээв. Урьд нь гагцхүү чөтгөр шулмас л хийж чадна гэж үздэг байсан олон зүйлийн нууцыг хүн төрөлхтөн тайлав. Ягчис намнах цуст дайн дээд зэргийн тэнэглэл болохыг ойлгож эсэргүүцэгчид ч олшров.
Генрих Корнилий Агриппа, түүний шавь Иоанн Вейер, мөн Бальтазар Беккер зэрэг эрдэмтэд ягчис хэмээх төөрөгдлийн мөн чанар, ягчистай харгис тэмцлийн урхгийн талаар даацтай бүтээлүүд туурвиж, олны хүртээл болгосон нь үр дүнгээ өгч эхэллээ. Ягчсын дайн Германд 1711, Австрид 1740, Данид 1700 онд зогсов. Европын бусад орнуудад ч тэгсхийгээд намжсан байна.
Ийнхүү Европын эмэгтэйчүүд Пруссийн II Фридрих хэлсэнчлэн айх аюулгүй өтөлж, үхэж чадахуйц болжээ.

Б.Галаарид 2005 он.

четверг, 15 ноября 2007 г.

Ээж минь

Ухасхийн, хар хурдаараа гэрээсээ гарч зугатав. Ээж минь араас элдэнэ. Гүйцэхгүй юм чинь. Сүүлдээ хэрэг тарьчихаад, хоёр гарыг нь таг бариад гүрийхэд ээж минь бууж өгдөгсөн. Дийлэхгүй юм чинь. Өсөж, том болоод хурдан гүйдэг, бас бяр сууж байгаа нь тэр. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэж энэ байхдаа.
Ээж минь сумын эмнэлэгт асрагч хийдэг байв. Эрхэлсэн ажилдаа эзэн байсан даа гэж аргагүй бодогдоно. Айлын авгай төрөхөө дөхөхөөр ээжийн минь ээлжийг хүүхэд гүйлгэн асуулгадагсан. Эмч биш дээ, ээж минь танд ямар хамаатай юм гэж гомдоож байсан удаатай. Миний ээлжин дээр нялхас энддэггүй, хүнд өвчтөн алздаггүй хэмээн хүүдээ сайрхана. Ажилдаа явахдаа ааруул ээзгийхэн боогоод гарна, заримдаа аагтай цай бэлддэгсэн. Хэн нэг нь цайсаа биз. Бурхан шүтээд сүйд болохгүй, нүгэл гэж л их хэлдэгсэн. Би мөн ч олон удаа нүгэл гэж дуу алдуулав даа. Аравдугаар ангид орох жил аав минь хүндээр өвчилж, хавар таван сард бурхан болов. Хичээлээ таслан замын унаанд дайгдан ирэхдээ гэрийнхээ тооныг гэрэлтэй байна уу гэж алсаас харан харан, гэрэлтэй байхуйд санаа амардагсан. Ээж дүү охин хоёр аавыг минь сайхан асарч, хол ойроос хүүхдүүдээ дуудан уулзаж, сэтгэл тайван өөд болсон доо, аав минь. Бага нас минь жаргалтай сайхан өнгөрсөөн. Дээд сургуулиа төгсөөд би Эрдэнэтэд хуваарилагдав. Бас л азтай шүү, хагас жил ажиллаад л бүрэн тавилгатай хоёр өрөө байранд орж билээ. Нэг удаа богинохон өдрийн гэрлийг яг таарсан зайнд тогтооход ээж минь хажуугаас яаж ингэж тааруулаав гэхэд нь тайрчихсан юм аа гээд өнгөрөв. Намайг эцгийгээ дуурайсан гарын дүйтэй гэж их бахархана. Хожим нь манай хүргэн ах гэртээ өдрийн гэрэл суурилуулах гэтэл уртдаад байхад ээж тайрчихаач гэсэн гэдэг. –Ээж минь үүнийг тайрч болдоггүй юм гэхэд, -Арсун тайрчихсан л юм даа гэж байсан гэдэг. Надад их итгэдэг байсан байгаа юм шүү. Ээж минь өндөр настай болсон ч их саваагүй, зарим тоглоомыг задалж үзнэ, шат руу гүйгээд буучихдаг байж билээ. Дээхнэ үед манай ахынд байсан хөхөөтэй цагийг сандал давхарлан авирч гараад хөхөөг донгодохоор гараад ирэнгүүт бариад авч гэнэ. Өнөөх нь гацчихгүй юу. Хүү минь чи цаадуулаа ирэхээс өмнө засчихаарай гэхэд их үнэд орж байж засч билээ. Нэг удаа сонгууль болох өдрийг хоног тоолон хүлээгээд байв. Сонгуулийн өглөө өөрийнхөө надад оёж бэлдсэн хүрэн хамбан дээлээ гаргаж өгөөд сонгуульдаа оролцохоор бэлдэв. Би ч монгол дээл өмсөөгүй удсаныг хэлэхүү, татгалзаж чадалгүй өмслөө дөө. Ямар бажийнк өмсөлтэй биш, шинэ хромон гутал жийв. Аавын минь бүрх малгайг гаргаад ирэв. Захиргааны ажилтан танил залуу намайг анх харж байгаа юм шиг гайхаж билээ. Ээж минь тэр өдөр их сэтгэл хангалуун байсансан. Би Эрдэнэтэд удалгүй хот руу шилжлээ. Нэг удаа ээжийгээ эргээд очиход –хоёулаа соёлын ордонд юм үзье гэнэ. Тухайн үед тоглолт байгаагүй, би ч юм анзаарсангүй, гэтэл дүү маань ээжийн санааг хэлж байна. Учир нь тэр хоёрыг нэг тоглолт үзэхэд орон нутгийн телевиз бичлэг хийгээд жижигхээн биетэй, цав цагаан толгойтой, ээжийг минь сонирхсон юм байлгүй байн байн дэлгэц дүүрэн гаргаад байж. Нэвтрүүлгийг хэд хэд давтаж л дээ. Би учрыг нь ойлгоод шоолж хөхөртөл, -Урамгүй гэдэг нь, хүүг минь нутгийнхан харвал аштай юу гэдэг байгаа. Эх, үрийн санаа мөн байгаа биз. Багадаа хулгайлж авсан зүйлийг минь заавал эзэнд нь өөрийн минь биеэр хүргүүлэн өгдөг байж билээ. Үүнээс хойш нэг ч хулгай хийгээгүй бөгөөд ухаарч ойлгосон эсвэл цагаан зааныг хулгайлж болно хаана нуух вэ гэдэг их асуудал үүссэнээс ч болсон байж магадгүй. Хүнд үед ээжийгээ дуудаж, ярьж тайвшрах юм. Буянтай буурал ээж минь сайхан хүн байсан даа.

пятница, 9 ноября 2007 г.

Зарлигаар дархалсан Сутайг Зэрлэгээр дэлбэлэхээр зэхэж байна гэв үү

Ерөнхийлөгчийн сонорт хүргэхээр зориглон бичлээ. Хэрхэхийг та мэдтүгэй гэсэн захидал "Зууны мэдээ"-д нийтлэгджээ.

четверг, 8 ноября 2007 г.

Карма 3

Онассисын гэр бүл. Тэрбумтан Аристотель Онассисын үйлийн үр хувь заяа их сонин. Аристотель Онассис грек үндэстэн, Туркийн Смирна хотод 1900.01.20-нд төрсөн. Эцэг нь тамхины наймаагаар хөлжсөн нэгэн.
Тамхины наймаа бол ер нь их муу үйлийн үрийг цуглуулдаг.
1. Тамхи тариалснаар ургамлын ертөнцөд зохирол алдагдана.
2. Тамхийг түгээснээр хүмүүсийн эрүүл мэндийг хордуулна.
3. Тамхины утаа агаар мандлыг бохирдуулна.
Иймэрхүү үйлийн үрийн өр төлөөс үүнд оролцсон бүх хүнд, ялангуяа тамхи үйлдвэрлэгч, гол борлуулагч нарт илүү хэмжээгээр тусдаг.
Аристотелийн эцэг түүнийг коллежид сургахаас гадна контортоо түншүүдтэй ажиллаж сурахад өдөр бүр 2 цаг зарцуулахыг шаарддаг байв. Аристотель энэ “хичээл”-ээс их юм олж авчээ. Хүссэндээ хүрэхийн тулд хүмүүстэй харилцах, хүмүүний сэтгэл зүйг хэрхэхийг сайн гэгч сурчээ. Аристотелийг 22 нас хүрэхийн алдад Туркт өөр шүтлэгтнүүдийг хавчин гадуурхах явдал газар авчээ. Үүнээс гадна Онассисийн гэр бүлд эцэг, өвөг эцгийн талаас их тааруухан үйлийн үрийн өр төлөөс иржээ. Онассисийн эцгийг нь шоронд хорьж, гурван авгыг дүүжилж, авга эгчийг нь охинтой нь сүмд амьдаар нь шатаажээ.
Ийм өр төлөөсийг тооцож үзвэл тэдний дээд удамд ёс суртахуун, шүтлэг бишрэлтэй холбоотой тийм үйл үйлдэгдсэн гэж үзэж болох юм. Гэр бүл Түркээс яаралтай дүрвэж, Грект ирлээ. Эцгийг нь албаны шугамаар суллуулахаар хамаатнууд нь зөвлөлдсөн боловч Аристотель эцгээ суллахаар бие даан хөдлөхөөр шийджээ. Тэр үлдсэн мөнгөө аван Түрк явлаа. Удалгүй эцэг нь суллагдаж, хамтдаа Грект ирэв. Эцэг эхээ халамжилсан энэ үйлдлээрээ Аристотель Онассис нуруун дээрх үйлийн үрийн өр төлөөсөө нилээн нимгэлжээ. Гэвч түүний үйлдлүүд гэр бүлийнхэнд таалагдсангүй, түүнийг мөнгөнд хэтэрхий үрэлгэн байна гэж буруутгав. Үүнд дургүйцэж, эцгийнхээ компанид ажиллахаас татгалзав. Халаасандаа 250 доллартай залуу тансаг амьдралыг мөрөөдөн АНУ руу явжээ. Түрк гаралтай түүнийг тэнд хүлээж авсангүй тул Аргентинд суурьшив. Энд ёстой үйлийн үрээ эдлэн цайруулж эхэллээ. Амь зуулгын мөнгөгүй тэрээр хоолны газар таваг угаах, гудамж цэвэрлэх, шөнийн харуул гэх мэт юу тааралдсанаа хийж байлаа. Үйлийн үрийн өр төлөөсийг үг дуугүй эдлэх, гутаагдан доромжлуулах, эвлэрэнгүй байх зэрэг нь өр төлөөсийг цайруулахад ихээхэн нөлөөлдөг. Хэрвээ хүмүүс хахир хатуу, зовлон зүдгүүрийг даахгүй, хүлээж авахгүй бол үхэл хагацал, бэртэл гэмтэл гэх мэт таашгүй байдал үүсч болзошгүй. Ингэж Аристотель Онассис өөрөө ч мэдэлгүйгээр гэр бүлийг зовоосон эцэг өвгөдийн маш таагүй үйлийн үрийг цайруулжээ. Үйлийн үрийг цайруулснаар хувь заяа түүнд хандах хандлагаа өөрчилжээ. Онассис цахилгаан утасны станцын залгагч болж байнгын ажил эрхлэв. Амьдрал ахуй арай дээшилж, илүү чөлөөт цаг гарч түүнээ сурч боловсроход зориулав. Мөнгөө хуримтлуулсаар гайгүй костюм авч, Буэнос-Айресийн баячуулд зориулсан нэр хүндтэй клубт гишүүний татвар төлөв. Энд баян тарган, хүндтэй ноёнтон болон хувирахад эцгийнхээ конторт олж авсан сэтгэл зүйн мэдлэг дадлага ихээхэн хэрэг болов. Харилцаа Аргентинд тамхины өргөн зах зээл байгааг тогтооход тусаллаа. Тэрээр Грек дэх хамаатнуудтайгаа яаралтай холбогдон ятгаж, тийш нь хямд тамхины экспорт хийв. Үр дүнд нь түүнд анхны зуун мянгатууд бий болж, дойлуураа живсэн хөлөг худалдан авахад зарцуулав. Олж авсан боловсрол бас ирээдүйг харсаныхаа хүчинд нефть зөөвөрлөж эхлэв. Ажил үйлс нь дэлгэрч нилээн баяжаад, Нью-Йоркод ирлээ. Дэлхийн II дайн эхлэв. Энэ үед нефтийн тээвэрт хоёр грек өрсөлдөж байв. Өрсөлдөгчийнхөө 16 настай охинтой гэрлэснээр өрсөлдөгчөө буулган авлаа. Энэ үе бол Онассисын амжилтын оргил үе байлаа. Монтевидео дахь хамгийн том эдлэн газар, Афинд хамгийн том зуслан, Парижийн хамгийн тансаг байр, Францын өмнөдөд хамгийн гайхамшигтай цайз гэхчлэн түүний өмчлөл тоолж баршгүй. Эгийн тэнгист арал худалдан авч нисэх буудал, зугаалахад зориулсан авто зам барьлаа.
Үүнтэй зэрэгцээд мораль нь навс унаж байв. Тэр жирэмсэн эхнэрээ зулбуулахын тулд зодож нүдэн, нүдэнд үзэгдээгүй нүгэл үйлдэв. Эцгээ шоронгоос чөлөөлөхөөр бүхнээ дайчилсан хүн чинь үр удмаа, түүгээр дамжин төрөл олох гэсэн бусдын амийг таслахаар гэнэт өөрчлөгдөв. Ямар сэдлээр үүнийг хийв, ахуйдаа л автаагүй байх. Энэ үйлдэл нь түүний амьдралыг баллаж, үйлийн үрийн гинжийг толгойдоо углажээ. Охин ямар ч гэлээ амьд төрөв, гэвч гэр бүлийнхээ гишүүдийг устгах адын хөтөлбөр орон зайн далдын далд давхарт хадгалагдан үлдлээ. Хүний хувь заяатай холбоотой тэр давхаргад шүү дээ. Америкийн ерөнхийлөгч агсны бэлэвсэн эхнэр Жаклин Кеннедитэй сууснаар тэр бараг өмнөх гэр бүлээ үгүйсгэх эхлэв.
Ингэж өмнөх амьдрал, гэр бүлээ устгах кармын хөтөлбөр ажиллаж эхэлжээ. Эхлээд 25-тай цэл залуу хүү нь онгоцны ослоор амь үрэгдэв. Салсан эхнэр нь түүний заналт дайсантай суугаад удалгүй нас барав. Тэр өөрөө 75 хүрээд өтөлсний улмаас өөд болсон. Түүнийг өнгөрсөний дараа охин нь 38-тайдаа нас барав. Ганцхан ач охин нь амьд үлджээ. /Сүүлд хэвлэлээр гарахыг үзвэл 9 настай охиндоо олигтой өв хөрөнгө үлдээхгүйгээр гэрээсэлснийг ач охины өмгөөлөгч нар хөөцөлдөж, насанд хүрэхээр тодорхой хувийг авахаар болгосон байх. Тэрээр насанд хүрч хөрөнгө өвлөж байгаа тухай хэвлэлд гарч байсан/.
Хүүгээ өнгөрсөний дараа буяны сан байгуулж хөрөнгийнхөө хагасыг хандивлаагүй бол Аристотель Онассисын хувь заяа илүү эмгэнэлтэйгээр төгсөж мэдэх байв.

Монголчууд сайхан сэтгэлтэй улсаа, хаа ч явсан хазгайг тэгшилж, унасныг босгох, учран золгохдоо ч ерөөлтэй, сархад хүртэхдээ ч ерөөлтэй, салаад одохдоо ч ерөөлтэй, ашдын билэг нь амандаа байдаг улсаа. Гэр орон, тавилга сэлтээ ч ерөөнө. Эрхэм анд, дүү нартаа сэтгэл зөв, заяа зөв явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

понедельник, 5 ноября 2007 г.

Карма 2

Өмнөх бичлэгт энэ 2 түүхийг оруулъя гэж амласны дагуу орчуулах гээд үзэхэд их хүнд байлаа.
Үйлийн үрийн өр төлөөс хэрхэн үйлчилдгийг Г.Малаховын "Судьба и карма" номноос харъя. Ер нь монголчуудад тодорхой жишээ харагддаг боловч түүнээс аль болох зайлсхийв.

Бизнесийг 3 ангилж болох юм. Үүнд:
- Цагаан
- Саарал
- Хар гэж.

Цагаан мөртэй, буянтай бизнес бол багшлах, эмчлэх, үйлчлэх, хооллох, буяны байгууллагад ажиллах гэх мэт олон юм аа.

Заа саарал бол ойлгомжтой.

Хар. Энэ ч хэцүү эдээ. Хүний наймаа, архи тамхи үйлдвэрлэх, зарж борлуулах, бусдыг мансууруулах, замыг нь алдуулах, заа тэгээд тэнгэр, байгалийн хууль зөрчсөн бүхэн орох байхдаа.

1. Кеннедийн гэр бүл. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт буудуулсан гэдгийг бид мэднэ. Америкийг төдийгүй бүх дэлхийг цочоосон энэ эмгэнэлт түүхийг үйлийн үрийн талаас нь тайлбарласан хувилбарыг авч үзье. Кеннедийн гэр бүл бол америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг. Энэ баялагийн эх сурвалж нь юу байв. Эцэг Кеннеди их хямралын жилүүдэд /өнгөрсөн зууны 20-30 он/ асар их хөрөнгийг шударга бусаар цуглуулан баяжсан нэгэн байв. Ямарч үнээр хамаагүй баяжих-ганцхан зорилгын төлөө хамгийн үл бүтэх аргуудыг хэрэглэж байлаа. Иймэрхүү үйлдлүүд нь үйлийн үрийн хариу болж удаан үйлчилгээтэй хор мэт үр ач нарт нь үйлчилсэн юм. Үйлийн үрийн төлөөсийн товчхон жагсаалт. Эцэг Кеннедийн гэр бүлд гурван хүү нэг охин төржээ. Эрлэгийн элч илдээ далайхаас өмнө тэд өсөж өндийн эрийн цээнд хүрцгээжээ. АНУ-ын цэргийн нисэх хүчний нисэгч ах Роберт Кеннеди онгоцны ослоор амь үрэгджээ. Удалгүй эгч нь мөн онгоцны ослоор нас барав. Жон Кеннеди гоо үзэсгэлэнт Жаклинтай суусан ч ямар нэг юм таалагдаагүй бололтой, аз жаргалтай байсангүй. Үүнээс болж гэр бүлээс гадуур олон тооны сексийн харилцаа үүсч байв.
Үйлийн үрийн хамгийн аймшигтай төлөөс нь Кеннидигийн өөрийнх нь хүүхдүүдэд тусжээ. Тэд бүгд нярай багадаа өнгөрсөн байна. Анхны хүү нь төрөөд удалгүй өнгөрсөн. Дараагийнх нь охин, амьгүй төрсөн. Бага хүү нь эцгийгээ алагдсаны дараа өнгөрсөн байна. Эцэг Кеннедигийн гэр бүлээс ганц бага Роберт амьд үлдсэн боловч азгүй тохиолдлууд дагасаар байв. /Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж яваад 1968 оны 5 сарын 07-нд буудуулан үхлийн шарх авч, 6 сарын 6-нд нас баржээ. /Интернэтээс авав/
Тэдний эцгийн байгалийн хуулийг сөрсөн үйлдлүүдийг үр ач нар нь ингэж үүрсэн байна. Бурхан минь, мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй юм байна. Эсрэгээрээ, бохир, ялангуяа цус шингэсэн мөнгө гай зовлон авчирдаг ажээ.
Үр хүүхдүүд нь ямархуу яваагаар нь тэдгээрийн эцэг эхийн үйлдсэн нүглийг тодорхойлж болно.
Дээрх тохиолдолд охин, гурван хүү, ач нарынх нь үхэл эцэг Кеннеди гэгч ямархан нүгэлтэн байсныг, орчлон ертөнцийн хуулийг хэрхэн зөрчиж байсныг харуулна. Юуны үр суулгана түүнээ хураана гэж энэ байх, Кеннидийнхний харамсалтай хувь заяаны "гарц" ийм байх нь кармын хуулийн дагуу гарцаагүй ажээ. /Стр.354/
Үүнийг орчуулах явцад бичмээргүй байвч яахав мэдээд хаячихад гэмгүй мэт санагдлаа. Бараг хадаж орчуулав.

суббота, 3 ноября 2007 г.

Карма

Карма үйл, үйлийн үр гэсэн утгатай санскрит үг. Ведийн судраас уламжлагдан иржээ. Карма буюу үйлийн үр гэдэг бол хүний сэтгэл, хэл, биеэр гадаад ертөнцтэй харилцаж буйн төлөөс юм уу. Гадаад орчин хүний үйлдэл бүрийн сайн муугаас нь хамааран эерэг, сөргөөр хариу барина.
Хувь заяа бол хүний үйлдлүүд, түүнд үзүүлж буй гадаад орчны нөлөөнүүд, тэдгээрийн нийлбэр болно.

Кармыг бүрэлдүүлэх, хүний хувь заяаг хэлбэршүүлэх үндэс нь юу вэ? Энэ асуултанд мэргэд аль дивангарт хариу өгчээ. Энэ бол ХҮСЭЛ. Зөвхөн ямар нэгэн юмыг шунан тачаах, эзэн байх, эдлэх, засаглах, юм хийх зэрэг нь л сэтгэх аппаратыг ажиллуулж гадаад орчинд дарамт үзүүлдэг, хариуд нь хар цагаан кармаг хүлээн авдаг. Эдгээрийн нийлбэр хувь заяаг товчоор:
ХЗ=К123+…+Кn

Үйлийн үр хувь заяаны үйлчлэх механизм нь организмын эсийн үйлчлэлд үзүүлэх хариутай төстэй. Зөв үйл сайшаагдана, буруу үйл шийтгэгдэнэ, устгах хүртэл арга хэмжээ авна. Орчлон ертөнцийг амьд бие гэвээс бид эс буюу. Хавдар үүсвээс огтлоод хаячихдагтай адил бусуу.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дууны үг санаанд бууж байна. Энэтхэгийн нэрт философич С.Радхакришаны номлосноор “Үйлийн үрийн хууль бол мэдээлэл, эрчим хүч хадгалагдах хууль мөн” гэнэ. Эдгээр мэдээллийг энд тэндээс цуглуулагч арсун бол энэ бол хатуу ширүүн хууль мөн гэдгийг өөрийн бие дээрээ амсаад үзсэн нэгэн бөлгөө. Та нар минь түүнийг харсандаа, зодож зодчихоод дараа нь гүзээ болтлоо нүдүүлэхийг.

Төрийн хуулиас мултарлаа ч
Тэнгэрийн хууль өршөөхгүй.

Кармын төрлүүд

- Орчлон ертөнцийн
- Галактикийн
- Гариг ертөнцийн
- Гаригийн
- Улсын (үндэсний)
- Хотын
- Отог омгийн
- Эцэг өвгөдийн
- Хувь хүний
Таны муухай үйл /таны байхдаа яахав дээ/ танд, таны гэр бүлд, алаг үрсэд чинь хойт төрөлд чинь нөлөөлөх нээ. Дээрхийг төрөл бүрээр нь сайхан тайлбарлажээ.
Сонирхуулахад нэгэн сударт тэмдэглэснээр орчлон ертөнц “Аугаа эрин”-д 311.040.000.000.000 жил байгаад шилжилт хийх ба түүний нэг өдөр нь манай 4.320.000.000 жилтэй тэмцэнэ гэнэ. Бас 64000 хэмжээс буй гэнэ. Энэ ч бидэнд ямар хамаа байхав. Гэвч бидний оршнол (бие)-ын мэдээлэл, эрчим хүчний үндэс нь (душа) орчлон ертөнцийн хамтаар түүнд болж буй бүхнийг санаж байдаг ажгуу. Ингээд бодвол миний нууж үйлдсэн нүгэл бүхэн хариугаа хүлээгээд сууж байгаа ажээ. Зарим нь их хурдан тэр дороо ирнэ. Зарим нь жаахан азнана.

Монголчууд Багдадыг долоо хоногийн дотор (Тигр мөрний усыг хашиж байгаад үерт авхуулан) эзэлж аван алт эрдэнэсээ харамласан нөхдийн нүдэнд нь алт цутгаж цааш харуулаад, Арабын ертөнцийн алт эрдэнэсийг тэмээн жингээр арвантаа эх нутагтаа илгээжээ. Тэгээд яав. Бүгдийг нь Бээжинд аваачив. Дараа нь яав. Чан Кай Шии цааш нь нэг арал руу ачиж аваад зугтчихсан. Одоо Тайван алт эрдэнэсийн нөөцөөр дэлхийн хамгийн баян оронд тооцогдоно. Сонин юм шүү. Тэгж зайлуулаагүй бол нутаг ч үгүй, алт ч үгүй өөрсдөө уусчихсан байхыг хэн мэдэхэв дээ. Цөөхүүлээ нээг их алттай бол цөөврүүд зүгээр суулгахгүй шүү дээ. Бидэнд ахдаад байгааг мэдээд зайлуулаа биз. Нээрээ ингээд цөс хөөрөөд тэнгэрийн тамга бодогдоод болдоггүй юм.

Улаанбаатар минь ингэж нэг утаандаа умбах үйлтэй л байсан юм биз. Халтаийгаад. Хэрээ хүртэл зайлаад явчих байх оо.
Үйлийн үрийн зангилааг тайлбал утаа ч юухан байхав дээ.

Эхийн умайд сперм хүрэлцэн очиж үр хөврөл тогтох агшинд бардад төөрсөн ухамсар /сүнс/ шингэн бие бүрэлдэнэ. Хүүхэд төрөөд өөрийн урд насны болон эцэг эхийн үйлийн үрийг үүрнэ. Орчиноо (бараг бурхан гээд ойлгочих) хилэгнүүлэхгүй шиг амьдармаар. Хилэгнэсэн бурхан тэр даруйд хариуг барина.
Эцэг өвгөдийн үйлийн үр удамд нь хэрхэн нөлөөлснийг түүхээс тодорхой харж болно. Олон сонин жишээнүүдийг орчуулахаа азнав. Манай нэгэн нэртэй эмч хордлогоор нас барсан. Эцэг нь Био-д ажилладаг, үлийн цагаан оготныг устгах хор туршдаг эрдмийн талын хүн байсан юм уу даа. "Ингээд үхэж байгаа юмдаа" гээд туршилтын үр дүнг бахадсан өнгөөр хэлдэг нь буруу байсан биз гэж юмны учир мэдэх Сүхийн Дамбий гуай ярьж байх юм.
Урд насны үйлийн үр яаж үйлчилж байгааг цаг хугацааны регресс хийх замаар тодорхойлдог гэнэ. Бас л их жишээ байх бөгөөд шинжлэх ухаанаар нотлогдоогүй тул орхив. Тэнгэрийн дуу аянга цахилгаанаас айдаг зэрэг нь урд ба хойт настай холбоотой юм байх.
Би "Советский спорт" сониноос "Здоровый образ жизни" буланг хайчилбарлан цуглуулдаг нь хожим үзэхэд Профирий Ивановичийн сургаалууд явж байжээ. Энэ хүн бол коммунизмын үед сургаалаа халхавчлан түгээж байсан хүн.
Гүтгэлэгт өгсөн кармын шийтгэл /үйлийн үрийн цохилт/-ийг харъя.
Гэрч В.Л.Сухаревская ийн гэрчилжээ.
"Багш /Профирий Иванов/ ихэвчлэн тэвчдэг байлаа. Крокодил дараах гүтгэлгийг зургийн хамт гаргав. Багш онгоцонд угаал үйлдэн хэвтэнэ. Эмгэн Мария Матвеевна тэр уснаас нь хагас литрийг нь 5 рублээр зарна. Хүмүүсийн уртын урт цуваа. 30 хүн цуглаад багшийн хамт редакц дээр очлоо. Багш крокодилийн редактор Рябовоос "Та нар эхлээд шалгах ёстой байсан. Энэ бол гүтгэлэг, үнэнийг бичих ёстой. Залруулга хийж өгөөч" гэж хүсэхэд Рябов баахан юм тоочоод татгалзжээ. Хичнээн гуйсан ч зөвшөөрсөнгүй. Тэгэхэд багш Римма Григорьевна Подоксист хандан "Би юу чаддагийг түүнд яриач Римма" гэхэд "Би түүнд бурханаас илүү мөргөдөгөө, 16 жил хэвтэрт байгаад түүний ачаар эдгэрлээ, бүх бичиг баримт энэ байна, хэрвээ эдгэрэхэд тусалсан бол ширээнд ч мөргөхсөн, та туслаач мөргөж залбиран гуйяа" гэхэд Рябов мөн л татгалзав. Багш "Чиний гүтгэлэг чамайг шарилын нүх рүү чирнэ" гэсэн. Хэлснээр нь болсон. Хоёр 7 хоногийн дараа Рябов үхсэн"
Ер нь Мял богд, Серафим Саровский, Профирий Иванович зэрэг гэгээрэлд хүрэхээр тэмүүлэгсдийг хатуужил даяаныг үйлдэн байхуйд зодож занчин, тонон дээрэмдсэн, доромжилсон улс удлаа гэхэд жилийн дотор үхэцгээж байжээ. Хэрцгийгээр зодуулсан хохирогчид нь тэднийг өршөөхийг гуйсаар байхад шүү. Юм их учиртай.
Профирий Корнеевич Иванов бол гэгээрсэн хүн байсан бөгөөд өвөл зунгүй хөл нүцгэн явдаг, германууд хорих лагерт өвлийн хүйтэнд худгийн усаар шүршин осгохгүй болохоор нь мотоциклийн шаахайнд нүцгэнээр нь суулган давхиад өөрсдөө хөлдөх шахсан гэдэг. Газарт гишгэхгүй явж чаддаг энэ хүн 1980-аад онд бурхан болсон байх. Хожим сургаалыг нь мөрдлөг болгон 2000 оноос шүлсээ гудманд хаяхаа больсондоо. Сургаал нь их ойлгомжтой. "Эх байгалиа битгий нулим. Нус цэрээ хоол шиг ид, залгичих" гэнэ. Худлаа гэвэл шалгаад үзээрэй гэнэ. Цаад утга нь үнэхээр нарийн. Та ч гэсэн шалгаад үзээрэй. Нааштай хандлага ажиглагдана.
Мял богдыг зодож занчсан улсын 1-ээс бусад нь үхсэн тухай миний "Өдрөөр би олоогүйм, шөнөөр чи юу олхов дээ" хуулан бичлэгт бий.
Үйлийн үрийн үйлчлэл хэрхэн туссаныг ерөнхийлөгч агсан Кеннеди, тэрбумтан агсан Онассисын жишээн дээр дараа тайлбарлая. /орчуулга/ Зодвол зодуулна гэдэг шиг манай ерөнхий сайдуудын саяхны жишээг хар даа. Сонирхолтой юм шүү.
Арван хар нүглийг тэвчих Буддын сургаал, бүх шашины сургаад байгаа битгий ал, битгий хулгайл, бүү зод гэх мэт нь таныг зөв амьдрахыг ерөөгөөд байгаа хэрэг.
Мунхаг бивээр аливаа нэг шашин ба шүтлэгийг илүүд үзэлгүй яваа нь угийн атеист, эсвэл их эзэн хаанаа гайхсаных, бүх шашин ба шүтлэгүүд нь үнэн хэмээх оргилд хүрэхээр уулын тал талаас нь өөр өөрийн замаар зүдрэн мацахтай зүйрлэснийх билээ.
Г.Малаховын "Хувь заяа ба үйлийн үр" номыг ашиглав. Өөрийн үгээ ялгах гээд учрыг олохоо больсон тул дараа дахин янзлахаас.

четверг, 1 ноября 2007 г.

Ичмээр юм

Өчигдөр багын анд минь эхнэртэйгээ айлчлан ирэв. Бага насандаа очсон мэт баясав. Бас баахан ичив. Байлдааны хуваарь хийж байгаа юм шиг зодооныг зохион байгуулдаг байж. Яасан ч муухай дур хүсэлтэй байсан юм. Өөрөөсөө төө өндөр цэргээс ирсэн ирсэн залууг, арав төгсөхдөө багшийгаа хүртэл. Нүгэлтэй нүгэлтэй. Гавъяат багш Гомбо захирал, Гунгаа багш нар өчүүхэн намайг цээжээрээ хааж байгаад хойш нь сургуульд явуулж билээ. Ангийн багш минь элгэндээ тэврээд уйлж байсансан. Буруу хаалга татлаа даа гэж бодсон байх. Ээж шиг минь хөөцөлддөг, бөөцийлдөг байж. Яасан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэргэд яасан ч муухай санаатай нэгэн байв даа би. Ичдэгийн учир энэ буюу. Сургуульд явсан хүн маань өмнийн говьд эр цэргийн албанд сайхан хүмүүжсэн дээ. Тэр үед цэргийн алба 3 жил байлаа. Заставын хашаанд хаашаа л харна “Дайсан номер нэг-Хятад” гээд бичээстэй /улсын нууц задлаагүй бииз нөхөөр/. Ах урагшаа байнга дурандаастай. Хэнэггүй ээ, эх орныхоо гүн рүү ширтээстэй. Шуудан ирэх мөн сайхан шүү. Цагаан зураас, үзүүрт нь нэг хар юм, сум шиг л явна. Тэгсэн мөртөө л удаад байна. Хайрын захиа гэж амттай даа. Их ч хүлээдэгсэн. Хал болоод асман цэргүүд сэм гуйж хайрын захиагаа бичүүлнэ. Бас улс төрийн орлогчдоо тоо заанаа. Конкурст бэлдэж байгаа нь тэр. Аа тийм, тэр хатуу чанд сахилга баттай цагт Хятадын хилийг агаараар зөрчиж байсан толгойй. Хилийн баганаа тэвэрч байгаад тойрч үсрээд байрандаа бууна. Ингэж байгаад буудуулсан тохиолдол бий гэж халууд айлгана. Цэргийн онигоо ихээ их. Ичээд ярьдаггүй юм. Энд чинь их халуун газар байна, жорлонгийн нөгөө юу нь өвлийнх шиг гозойгоол ирэхийн, хүрзээр хуга цохидог гээд хилээс ээждээ бичсэнд хүнээр дуудуулж сураг сонссон ээж минь “ээ хүү минь хотод очоод хаалгадуулчихаж, за яахав яахав мэнд л байвал” гэж байсан гэдэг. Нар тоссон тослог хар хад байх. Энд түүхий элэг нааж болгоод иддэг байж билээ. Цэргүүдийн дуртай гэж жигтэйхэн. Халхын Хаянгаа багшид хэсэг зодуулаад дараа Колесниковт тэнэтлээ хэсэг авхуулаад хүний эрх чөлөө гарын үзүүрээр хязгаарлагддагийг ойлгосондоо. Тэр нэг баавгай шиг эр байлдааны самбо гэдэг хичээл заагаад юм л бол показываю, алив тэр арсун гараад ир гэнэдээ. Тэгээл одоо үзүүлэн болоод л арсайж барсайтлаа зодуулна. Буу зэвсгийг сайн эзэмшиж сурсан даа харин, их ч мачийсан. Нэг километр холын хүний босоо байг нам унагаана шүү дээ. Бэрхээ бэрх. Эх оронд минь хэрэгтэй л байсан юм байлгүй. Сүүлдээ ч дайсан байхгүй болчоод жаахан. Жаахан гэнэ шүү, ийм л муухай амьтан даа. Ичээд байдаг юм. Заримдаа Чой.Лувсанжав багшид шавь орохгүй яаваа гэж хааяа харамсана. Тэгсэн бол буу шийдэм гээд байлгүй хэдэн үг хэлхээд сурах л байсан биз. Заа яахав, төрсөн өдрийн төөрөг нь тийм юм байлгүй, жаахан ичдэг л болохоос сэтгэл хангалуун байна өө. Сайхан хадуурлаа даа. Миний найзыг Пянхаа гэнэ. Жинхэн нэр нь үү, хэн билээ дээ. Дээр үед залуудаа би эхнэртээ за надад уртаашаа гурван найз бий, намайг хараад уйлна даа гэдэг байж билээ. Гэтэл мань Пянхаа орж ирэвүү гүй юү уйлаал тэврээд авдийн. Жаахан гөлөмцүү. Өчигдөр хэллээ л дээ, чи хүний үгний хүчийг сулруулаад, тэр үед эв эрүүл байсан бол гоё байхгүй юү гэж. Миний найз ч алтан гартай эрдээ. Заа за миний дэмий донгосч цаг алах ч яахав, цаана чинь Сүглэгмаа докторын Сүүн зам гээд С.Батмөнх найрагчийг дурссан нь өдрийн сонины 31-ний дугаар дээр байна лээ шүү.