Показаны сообщения с ярлыком Луйза Хэй. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Луйза Хэй. Показать все сообщения

четверг, 3 января 2008 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна-3

Хoёрдугаар бүлэг

Асуудал бэрхшээл гэж юу вэ?

"Дотогш харахад аюулгүй"

Миний бие болохгүй байна.

"...Бие өвдөөд хамраас цус гарч, шархирч хорсож, хавдаж, лугшиж, сийгж, хатгаж, халуурч, хөгширч байна. Хараа, сонсгол муудаж, хөл гар өвдөж..." За тэгээд өөр таны нэмж хэлэх юу байна даа? Энэ бүгдийг би олон удаа сонсож байсан.


Миний харилцаа, харьцаа нэг л биш байна.

"...Дотор давчдаж, хүмүүс намайг чичилж, шивэр авир хийгээд, эсвэл загнаж, зандраад өөлж гоочлоод, шүүмжилж, шүүсэлж мууг минь үзээд, хэн ч намайг хайрлахгүй, надад итгэхгүй, намайг тоохгүй байна". Өөр юу ч гэж боддог байж болно. Би бүгдийг нь бас сонссон.

Миний амьдрал нэг л болохгүй байна.

"...Би санасан зүйлээ хэрэгжүүлж огт чадахгүй юм, би хэн нэгэнд дахин ингэж найр тавьж чаданхгүй, надад цаг хугацаа даан ч хатуурхаж шавдуулдаг. Миний хүсэл зорилго дандаа замхардаг. Би бусдад ашиглуулаад, өөрөө хохирч үлддэг. Миний юу хүсч байгааг хэн ч хайхардаггүй. Намайг тэд үүдний гишгүүр шиг үзэж, үл тоодог. Би ямар ч авъяасгүй, азгүй, би юу г ч зөв хийж чаддаггүй, бүх зүйл утггүй, бүтэлгүй ..." за тэгээд юу гэдэг билээ. Би бас энэ бүгдийг сонсож байсан.

Би үйлчлүүлэгчдийнхээ хэнээс нь ч бай " - Таны амьдрал ямар байна" гэсэн асуултад дээрх хариултын аль нэгийг эсвэл нэг хэсгийг заавал сонсдог. Тэд үнэхээр өөрсдийнхөө асуудлаа мэдэж байна гэж боддог. Гэхдээ би энэ бол тэдний дотоод сэтгэл бодлынх нь гадаад илрэл, тусгал л гэж боддог. Тэр дотоод бодлын бүр уг үндэс суурь нь гадаад илрэлийн эхлэл байдаг.

Би үйлчлүүлэгчдээсээ дараах түгээмэл асуултыг асуудаг:

- Таны амьдралд яг юу тохиолдоод байна вэ?
- Таны бие ямар байна?
- Та юу хийж амьдарч байна?
- Та ажилдаа дуртай юу?
- Таны санхүү ямар байна вэ?
- Таны хайр сэтгэлийн амьдрал ямар байна вэ?
- Хамгийн сүүлд харилцаагаа яаж төгсгөсөн бэ?
- Үүнээс өмнөх харилцаа чинь бас хэрхэн төгссөн бэ?
- Бага насныхаа тухай товчхон яриач?
- Би тэднийг ярьж байх зуур биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлыг нь хардаг. Гэхдээ хэлж байгаа үгнүүдийг нь анхааралтай сонсдог.
Бодол санаа, үг яриа бидний ирээдүйг бий болгодог. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би тэднийг сонсож байхдаа л тэдэнд яагаад тийм асуудлууд тулгарсаныг шууд ойлгодог. Бидний хэлж байгаа үгс бидний дотоод бодлын илэрхийлэл байдаг. Заримдаа хэлж байгаа үгс нь тэдний тодорхойлсон туршлага, туулж өнгөрүүлсэн амьдралтай нь тохирдоггүй. Тэгэхээр нь амьдралд нь юу болоод байгаа яах гэж над руу ирснийгээ тэд нэг л сайн ойлгоогүй байгааг би мэддэг. Аль нь ч бай энэ бол хаанаас эхлэх вэ гэдэг асуултыг сөхөж байгаа хэрэг юм.

Би ингэсэн нь дээр.../Дасгал/

Дараа нь би тэдэнд хуудас цаас үзэг өгч "Би ингэсэн нь дээр" гэсэн санаануудаа бичих даалгавар өгдөг. Та ч бас доорх зайнд бичнэ үү. /Өөрийнхөөрөө хийвэл зохино, хийсэн нь дээр гэж бодож буй зүйлүүдээ жагсааж бичээрэй. Тав зургаан өгүүлбэр байхад л болно/

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

...........................................................................................

Энэ даалгаврыг авсан зарим нь бичих зүйл олж яддаг, зарим нь эцэс төгсгөлгүй их бичих зүйл олдог. Тэднийг бичсэн өгүүлбэрүүдээ нэг нэгээр уншихыг хүсээд, уншиж эхэлмэгц нь би: "Та яагаад ингэх хэрэгтэй гэж бодож байна вэ?" гэж асуудаг, үүний хариулт нь маш сонирхолтой бөгөөд тодорхойлох үүрэгтэй байдаг. Тэд хариулахдаа:

- Ээж намайг ингэсэн нь дээр гэсэн юм.

- Яагаад гэвэл би үүнийг хийхгүй байхаас айж байна

- Би төгс төгөлдөр болох ёстой

- Хүн бүхэн л ингэх хэрэгтэй шүү дээ

- Яагаад гэвэл хэтэрхий залхуу, эсвэл намхан бүдүүн, туранхай, царай муутай гэцгээдэг. Эдгээр хариултууд нь тэднийг өөрсдийнхөө итгэлд хүлэгдэж, өөрсдийнхөө хязгаарыг тогтоосныг илрүүлж байгаа хэрэг. Би тэдний хариултад ямар ч тайлбар хийдэггүй. Харин тэдний хариултыг уншиж сонсож дууссаны дараа л "ингэсэн нь дээр" гэдэг үгний тухай тайлбарладаг. Та хар даа "ингэсэн нь дээр" гэдэг бол бидний үгсийн санд байдаг хамгийн аюултай үгсийн нэг. Бид үргэлж л энэ үгийг хэрэглэдэг ч яг үнэндээ бол буруу зүйл л хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид буруу зүйл ярьсан, ярьдаг, ярих болно гэсэн үг. Одоо цаашид ийм буруу зүйл бидний амьдралд хэрэггүй гэж би бодож байна.

Бидэнд сонгох эрх чөлөө улам их хэрэгтэй. Би энэ "ингэсэн нь дээр" гэдэг үгийг үгсийн сангаасаа бүрмөсөн авч хаяад, өөр тохиромжтой үг олохыг хүсч байна. Түүний оронд "чадна" гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Энэ үг бидэнд сонголт бий болгож, бид дахиж буруу зүйл хийхээ болино гэсэн үг.

Дараа нь би тэднийг нөгөө өгүүлбэрүүдээ эхлэхдээ "Хэрэв би үүнийг хийхээр үнэхээр хүсч байгаа юм бол чадна" гэж өөрчилж хэлэхийг хүсдэг. нэ нь асуудлыг огт өөр өнцгөөс харахад тусладаг. Тэднийг өгүүлбэрээ ингэж өөрчилсний дараа би: - Та нар тэгвэл яагаад үүнийгээ хийгээгүй байгаа юм бэ? гэж асуудаг. Харин тэд:

  • - Би хүсэхгүй байна
  • - Би айж байна
  • -Яаж хийхээ мэдэхгүй байна
  • - Би тийм мундаг биш гэх мэтчилэн хариулдаг.

Тэд хийе гэж хүсээгүй зүйлээ хийж чадаагүйнхээ төлөө удаан удаан хугацаанд өөрийгөө буруутгаж зэмлэдгийг эндээс би олж мэдсэн. Тэд тухайн нэгнэг зүйлийг хийх хүсэл сэдэл төрөөгүй байх үедээ түүнийг хийж чадаагүйнхээ төлөө өөрсдийгөө шүүмжилж, чамласан байна гэсэн үг. Өөрөө хүсээгүй байхдаа өөр хэн нэгэн "ингэсэн нь дээр" гэж хэлсний дагуу тийнхүү өөрсдийгөө хүчилж, шаналж байгаа нь тэр. Хэрэв өөрсдөө үнэхээр хүсээгүй бол түүнийгээ "ингэсэн нь дээр" гэдэг жагсаалтаас гаргаж хаях хэрэгтэй. Энэ нь хичнээн амар болохыг мэдэх үү? Өөрсдөө хүсээгүй боловч эцэг эхийнхээ хэлснээр мэргэжлээ сонгосон түүнийхээ төлөө олон жил өөрсдийгөө хүчилж, албадан яваа олон хүний жишээ байдгийг санадаа. Ээж аав нь шүдний эмч, багш бол гэсний дагуу л тэдний үгээр ажиллаж амьдрах гэж өөрсдийгөө хүчилж албадаж байнга гэсэн үг. Бид хэн нэгний хэлснээр л хэн нэгэнтэй адилхан эсвэл арай илүү баян, илүү ухаантай, илүү бүтээлч болох ёстой гэж өөрсдийгөө хэр их чамлаж боддог билээ. "Таны ингэх нь дээр ингэхгүй бол болохгүй" гэж агсаасан тэдгээр зүйлүүд бол шанал хэрэггүй харин тайвширч болохуйц зүйлс юм. Ийм жагсаалт гаргаад байгаа энэ цаг мөчид л бид өөр, шинэ амьдрал руу харж эхэлж байгаа юм шүү дээ. "Ингэсэн нь дээр" гэж бодож байсан зүйлс таны хэзээ ч хүсэж байгаагүй зүйл бөгөөд энэ нь ердөө таныг бусдын үгээр явж байсныг чинь ойлгуулах болно.

Маш олон удаа өөрсдийгөө муу хүмүүс гэдгээс, түүнийгээ мэдрэхээс бид айдаг. Одоо асуудал өөрчлөгдөж эхэлсэн. Одоо би үйлчлүүлэгчдээ хэн нэгний жишигт тохирохгүй учраас миний буруу гэдэг ойлголтоосоо татгалзаж, тайвшруулах шатандаа явж байна. Дараагийн шатанд нь би энэ номын нэгдүгээр бүлэгт дурдсанчлан өөрийнхөө амьдралын философийг тэдэнд тайлбарлаж өгдөг. Амьдрал үнэхээр энгийн гэдэгт би итгэдэг. Бид юу өгнө түүнийгээ л авдаг. Хорвоо ертөнц таны таны бодол итгэлийг биелүүлэхэд тусладаг.

Бид бага байхдаа өөрсдийнхөө эргэн тойронд байх томчууд, эцэг эхчүүдээс буюу тэдний бидэнд хэрхэн ханддаг хандлагаас өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгож тэндээс л суралцдаг байсан. Бид юу гэж итгэдэг байсан, тэр бүгд биднийг өсөж том болоход бидний туршлага мэтээр давтагддаг. Гэхдээ бид зөвхөн бодол санааны тухай л чухалчлана. Харин хүч гэдэг бол үргэлж одоо цагт л хамаатай зүйл.

Өөрчлөлтүүд одоо энэ цаг мөчөөс эхэлж болно.

Өөрийгөө хайрлахуй

"Ямар асуудал байна вэ гэдэгт бүү анхаар, харин бидний гол анхаарах ажиллах ёстой зүйл бол өөрийгөө хайрлах явдал юм" гэж би уулзсан үйлчлүүлэгч бүхэндээ тайлбарладаг.

Өөрийгөө хайрлах нь бидний амьдралд илбэ мэт нөлөөлнө. Хайр гэдэг илбийн эмчилгээ.

Би таныг нэрэлхүү, биеэ тоосон байхыг зөвлөж буй хэрэг биш шүү.

Нэрэлхэх, биеэ тоох гэдэг хайр биш, айдас

Харин бидний оюун ухаан, бие сэтгэлд нөлөөлдөг гайхамшигт ид шид буюу өөрийгөө хүндэлж, өөртөө талархах тухай би ярьж байна. Миний хувьд хайр гэдэг зүрхэнд бялхаж, зүрхнээс урсан ундарч байдаг баяр талархлын их хүч. Хайр ямар ч чиглэлтэй байж болно. Би хайрыг:

  • - Амьдралын үйл явц
  • - Амьд байхын баяр баясгалан
  • - Миний харж буй гоо сайхан
  • - Бусад хүмүүс
  • - Мэдлэг
  • - Оюун ухааны үйл явц
  • - Бидний бие хөдөлгөөн
  • - Амьд шувууд, загас
  • - Ургамал, цэцэг, навч
  • - Ертөнц амьдрал, түүний оршил, жам ёс .../гээд өөр олон зүйлийг жагсааж чадна/ гэж ойлгодог.

Одоо бүгдээрээ өөрсдийнхөө хайхрамжгүй , хайргүй ханддаг тэр зүйлүүдийг саная л даа.
- Бид өөрсдийгөө эцэс төгсгөлгүй шүүмжилж зэмлэдэг
- Бид архи тамхи буруу хоол хүнсээр биеэ хордуулдаг
- Бид өөрсдийгөө хэний ч хайрыг татахааргүй амьтад гэж итгэдэг
- Өөрсдийнхөө төлөө, өөртөө тохирсон үнэтэй үйлчилгээ, бараа худалдаж авахаас гар татдаг

- бид бие сэтгэлдээ өвчин үүсгэдэг
- Өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ хойш тавьдаг
- Бид замбараагүй эх захгүй орчинд амьдардаг
- Бид өөрөө өөртөө өр тавьж ачаалал бий болгодог
- Бид өөрсдийгөө доош уруу татсан хүмүүстэй нөхөрлөж, тэдний нөлөөнд автдаг...
Өөр та юу нэмж болох вэ?

Бид сайн сайхан зүйлээ өөрсдөөсөө холдуулж хойш тавьж байна гэдэг бол өөрсдийгөө хайрлахгүй л байгаагийн шинж.

Би нэг үйлчлүүлэгчийг санаж байна л даа. Тэр нүдний шил зүүдэг байсан юм. Харин нэг өдөр тэр бага насныхаа айдсаас чөлөөлөгдөж чадсан. Тэгээд контакт линз зүүх нь түүнд маш төвөгтэй байсныг олж мэдсэн, тэгээд ч түүний нүдний хараа үнэхээр зүгээр болсон. Гэвч тэр өдөржингөө "Би өөртөө итгэхгүй байна, итгэхгүй байна" гэж гайхсаар маргааш нь сэрээд дахиад л линзээ зүүж эхэлсэн. Тэр өөрийнхөө харааг зүв зүгээр болсонд итгэж чадаагүй. Тэгээд түүний хараа дахиж муудсан.

Бидний далд ухамсарт ямар ч хошигнол гэж байдаггүй.

Өөрийгөө дутуу үнэлнэ гэдэг өөрийгөө хайрлахгүй байхын бас нэг хэлбэр

Бас нэг жишээ өгүүлье: Томми маш сайн зураач байлаа. Түүний үйлчлүүлэгчид овоо бэл бэнчинтэй, бололцоотой хүмүүс байсан бөгөөд байсхийгээд л гэртээ ханын чимэг зураг зуруулахыг түүнээс хүснэ. Гэвч тэр өөрийнхөө авъяас, хөдөлмөрөө байгаагаас нь доогуур, дутуу үнэлдэг байв. Өөрөөр хэлбэл түүний ажилдаа зарцуулдаг хугацаа, хүч хөдөлмөр түүний авч буй хөлстэй нь харъцуулшгүй их байв.
Уг нь хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгч үйлчлэхэд заавал тохирсон үнэ өртөгтэй байж л таарна.
"Хайрын бэл бэнчин ихтэй" хүн аливаад заавал их үнэ төлдөг. Энэ нь тухайн зүйлд илүү их үнэ цэнэ өгч чадаж буй хэрэг юм.
Өөр нэг жишээ: Хуучин нөхөр маань нэг хэсэг их уймарч, ядарч, үглэж янших болсон юм. Би л түүнийг ийм болгочихлоо гэж би их гайхаж байлаа. Тэр намайг нэг хоёр удаа л дагуулж гардаг байв. Бидний гэрлэлт бүтэлгүйтэж би маш их алдаа гаргажээ гэж бодож байв. Бидний хэн нэгэн нь дуугарч эхэлж үг өдөхөөс айна. Бидний бие галбир гэж Gentlemen, Miss-ийн зургаар дүүрэн "Vogue" сэтгүүлийн залуучууд хүүхнүүдтэй харьцуулашгүй. Бид үүндээ их л ичдэгсэн. Бид ямар ч наймаа хийдэггүй, юунд ч оролцдоггүй. Ер нь тааруухан амьтад гэдэгтээ ч итгэсэн байсан. Бие биедээ ойртож, ойр дотно байхаас зайлсхийж, бидний хувьд сексийн харьцаа гэгч нэр төдий л байв. Ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй, яагаад гэвэл тэр шийдвэр буруу л байх биз гэж боддог байсан. Би ингэж л итгэсэн, миний амьдрал ч яг л тийм болж хувирсан.

Үргэлжлэл бий.

пятница, 7 декабря 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 2

Луйза Хей, Орчуулагч Ц.Одонтуяа, түүний номноос та бүхэнд зориулан шивсэн охин Б.Заяа нартаа талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Бид эцэг эхээ сонгодог гэдэгт би итгэдэг

Бид, ер нь хүн бүхэн энэ ертөнцөд мэндлээд тухайн цаг хугацаанд, тухайн орон зайд энэ биеийг олж, яаж амьдрахаа шийдэж, сонгож байдаг. Бид оюун санааны хичээлүүдийг суралцах гэж энэ амьдралыг, энэ хөгжил хувьслын замыг сонгож ирсэн. Бид хүйсээ, арьсны өнгөө, яс үндсээ өөрсдөө сонгож дараа нь энэ амьдарлын туршид хэрэг болох бидний хүмүүжлийн толь болсон эцэг эхийнхээ жишээг эргэн тойрноосоо авдаг. Тэгээд өсөж том болохоороо гэнэт эцэг эхээ буруутгаж, та л биднийг ингэж сургасан, та л ингэ гэж заасан гэж чичилдэг. Яг үнэндээ бол тэд бидний төлөө чадах бүхнээ хийсэн, харин бид л ямар нэг бэрхшээлийг давж гарахыг хүсэхдээ, тиймэрхүү асуудлыг шийдэхэд тэд л хамгийн сайн нь байсан гэж итгэж тэдний хэрэглэдэг байсан аргыг сонгодог.
Бидний итгэлийн систем хар багаас минь л бүрэлдэн тогтож, бид амьдралынхаа турш туулж өнгөрүүлсэн бүхнээ тэр итгэлтэйгээ харьцуулдаг. Тэгээд итгэл, бодит байдал хоёр зөрчилдөхөөр гомдож, бухимддаг.
Та өнгөрснөө эргэж бодоод яг ижилхэн үйл явдал хэдэн удаа давтагдсаныг сана даа. Хэрэв танд ямар нэг зүйлийг тэгэж олон удаа давтаж хийсэн тохиолдол байсан бол та өөрийгөө тийм зүйл хийх ёстой гэж итгэсэнтэй л холбоотой.
Бидэнд хичнээн хүнд бэрхшээл, хэр урт хугацаанд тулгарч, хэр их төвөг учруулсан нь огт хамаагүй. Хүч чадлын амин сүнс зөвхөн одоо цагт л оршиж байдаг.
Өнөөдрийг хүртэл таны туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага бол тэр чигээрээ таны урд өмнө нь бодож байсан бодол итгэлээс бий болсон зүйл. Тэдгээр нь таны өчигдөр, өнгөрсөн долоо хоног, өнгөрсөн жил, эсвэл 10, 20, 30-н жилийн өмнө ярьж хэлж, бодож, итгэж байсан тэр бодлуудаас үүдсэн зүйлс. Гэхдээ энэ бол таны өнгөрсөн амьдрал. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Энэ цаг мөчид буюу одоо юу хамгийн чухал вэ гэвэл та юу бодож, юунд итгэхээ өөрөө сонгох боломж юм. Юу гэж хэлэхээ ч бас.
Таны одоо бодож байгаа бодол, итгэл, үг хэл тань таны ирээдүйг бий болгоно. Таны хүч чадлын амин сүнс одоод л оршиж байгаа бөгөөд энэ хүч чадал таны маргаашийг, ирэх долоо хоног, ирэх сар, ирэх жилийг, ирэх цаг хугацааг бүтээнэ.
Та яг одоо толгойд орж ирж байгаа бодлоо эерэг үү, сөрөг үү гэдгийг анзаарч байж болох юм. Та тэр бодлоо таны ирээдүйг бий болгоосой гэж хүсч байна уу? Зүгээр л ажигла, тэгээд сайн санаж яваарай.

Бидний байнга тасралтгүй хийгээд зүйл бол бидний бодол- Бодлыг өөрчилж болно

Ямар ч бэрхшээл зовлон байсан туулж өнгөрүүлсэн зүйлс маань бидний дотоод бодлын гадаад илрэл юм.

Өөрөө өөрийгөө үзэн ядах нь өөрийнхөө тухай муугаар боддогоос болсон хэрэг. “Би ч тааруухан амьтан” гэсэн бодол танд тийм сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв та тэгэж бодоогүй бол танд тэгэж мэдрэгдэхгүй шүү дээ. Энэ бодлыг өөрчилж болно. Түүний дараа дээрх мэдрэмж арилах болно. Өөрөөр хэлбэл танд тэгэж санагдахаа болино гэсэн үг.
Энэ бол зөвхөн бид тэр олон итгэлийг хаанаас олж авдгийг харуулах гэсэн жишээ юм. Гэхдээ үүнийгээ байнгын зовиур шаналгаа болгож биедээ хадгалахаа больцгооё. Одоо өнгөрсөн бүхэн ямар ч хүч чадалгүй, нөлөөгүй болсон.
Бидэнд ямар ч гашуун туршлага, ямар ч хэцүү зүйл, ямар ч удаан хугацаанд тохиолдсон хамаагүй. Тэр бүгд өнгөрсөн. Харин хүч чадал гэдэг одоо цагт л байдаг зүйл. Үүнийг ойлговол хичнээн гайхалтай гээч! Яг одооноос эхлээд бид бэрхшээлээс чөлөөлөгдөж, ангижирч болно.

Та итгэнэ үү, байна уу, бид үнэхээр бодлоо сонгодог

Магадгүй бид зөнгөөрөө л ямар нэгэн зүйлийг өөрийн эрхгүй дахин дахин боддог учраас энэ сонгох боломжгүй гэж та ойлгож байж болох юм. Яг үнэн хэрэгтээ бол бид бодлоо өөрсдөө сонгодог. Ер бид тодорхой нэг бодол бодохоосоо татгалзаж болно. Та өөрийнхөө тухай эерэг сайн зүйл бодохоосоо хэр их татгалздагаа нэг бодоод үз л дээ. Бас та өөрийнхөө тухай хэр их сөрөг бодол боддог, түүнээс хэр их татгалздагаа сана даа.
Надад хандаж, надтай уулзаж байсан хүн бүхэн их, бага хэмжээгээр өөрийгөө чамлаж, өөрийгөө дорд үзэх өвчинд автсан байдаг. Ингэх тусмаа бидний амьдралд өөдрөг, бүтэмжтэй зүйл бага болж, улам л зовлонтой, төвөгтэй болдог шүү дээ.
Өөрөө өөрийгөө аль болох бага зэмлэж, бага буруушааж чадвал амьдрал тань тэр хэмжээгээр дээшилж, дэвжинэ.

Надтай уулзаж, надад хандаж байсан хүн болгоны дотоод бодол нь “би тийм сайн байж чадахгүй байна” гэсэн нийтлэг бодол байдаг.

Бид дээр нь “Би юу ч амжуулдаггүй”, “Би ямар ч гавьяагүй гэж бодоцгоодог. Яг тань шиг байна уу? Та ингэж бодож, ингэж ярьдаг уу? Гэхдээ та хэний гаргасан жишигт хүрэхгүй, хэний төлөө гавьяа байгуулаагүй гэж бодоод өөрийгөө зэмлэж байгаа юм бэ?
Хэрэв та ингэж хатуу итгэж, боддог бол та яаж өөдрөг, баяр баясгалантай, бусдын хайрыг татаж, эрүүл саруул амжилттай ажиллаж, амьдарч чадах юм бэ? Яаж ийгээд л таны далд ухамсарт суусан ийм бодлууд таныг өөрөө өөртэйгөө зөрчилдөхөд хүргэдэг. Яаж ингээд л та өөрийгөө хаа нэг газар, хэзээ нэг цагт буруу зүйл хийнэ гэж итгэдэг.

Гомдол, бухимдал, буруутгал, шүүмжлэл, айдас болгоомжлол гэдэг өөр юунаас ч илүү хамгийн их төвөг учруулдаг гэдгийг би олж мэдсэн.

Энэ хэдэн зүйл бидний амьдрал, эрүүл мэндийг доройтуулж, биеийг өвчлүүлдэг. Энэ мэдрэмжүүд бол амьдралд болж өнгөрсөн зүйлүүд өөрөө хариуцлага хүлээхгүй, хэн нэгнийг буруутгах сэтгэлээс урган гардаг.

Та хар даа, хэрэв бид өөрсдийн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг бол хэн нэгэнийг зэмлэх хэрэг гарахгүй шүү дээ. Тэнд юу болж байна, энд би юу бодсонтой л холбоотой. Бид дотоод сэтгэл буюу бодлын толь бол бидний амьдралд болж буй үйл явдал юм.
Би өөдгүй хүмүүсийг өмгөөлж, хамгаалах гээгүй, гэхдээ хэнийг өөртөө татаж, хэнээр хайрлуулах нь бидний итгэлээс хамаардаг гэдэгийг хэлэх гэсэн юм.
Хэрэв та өөрийгөө “Хүн бүхэн надад ингэж хандах юм, тэд дандаа намайг шүүмжилж, надад гомдож, намайг үл тоож, намайг гомдоож, яг л үүдний гишгүүр шиг үздэг” гэж бодох юм бол хүмүүс тэгэх л болно. Яагаад гэвэл тэр бодлууд чинь хүмүүст “харагдаж”, тэдний тантай тийм байдлаар харьцахад нөлөөлдөг юм. Хэрэв та тэгэж бодохоо больчихвол тэд танаас холдож, өөр хэн нэгэн рүү явна.
Шинжлэх ухааны түвшинд нотолсон зарим жишээний үр дүнг дурдвал: Удаан хугацаанд тээсэн гомдол биеийг аажмаар идэж, бидний нэрлэдэг өмнө үү гэх өвчин үүсгэдэг. Бас байнга шүүмжлэх нь үе мөчний өвчинг үүсгэдэг. Өөрөө өөрийгөө буруутгаж, гэмших нь өвчлөх гол шалтгаан болдог. (Надад хандаж, ирсэн үйлчлүүлэгчдээ өвдсөн байхыг хараад тэд удаан хугацаанд өөрсдийгөө буруугаж, дотроо гэмшиж явсныг би шууд л мэддэг).
Айдас гэдэг үс халцрах, яр шарх гарах, ходоодны шархтай болоход шууд нөлөөлдөг.
Уучилж өршөөж, гомдлоо мартах нь өмөн үүг ч зогсоож чаддагийг би бас олж мэдсэн. Энэ нь хэтэрхий хялбархан юм шиг санагдаж болох юм. Гэхдээ л би үүнийг үнэхээр өөрийн биеэр үзэж, мэдэрсэн.

Бид өнгөрсөнд хандах хандлагаа өөрчилж чадна

Өнгөрсөн гэдэг нь нэгэнт болоод дууссан зүйл. Түүнийг одоо бид өөрчилж чадахгүй. Харин бид өнгөрсний тухай бодлоо өөрчилж чадна. Өмнө нь хэн нэгэн бидэнд муу зүйл хийж, биднийг гомдоосны төлөө өнөөдөр бид өөрсдийгөө шийтгэнэ гэдэг хичнээн тэнэг хэрэг билээ.
Би хүмүүст: “Надад гомдлоо яг одоо, илүү хялбар байгаа дээр нь тайл, үхлийн өмнө наад гомдлоо тайл” гэж хэлдэг.
Бид хүн байдалд орсон үедээ бодол санаагаа төвлөрүүлж, сэтгэлээ ариусгана гэвэл үнэхээр чадашгүй, бүтэшгүй ажил.
Харин одооноос эхлэн айдсаа арилгахад цаг зарцуулах ёстой. Хэрэв бид өөрсдийгөө ямар ч тусламж авалгүй өнгөрөөх хохирогч, бүх зүйл найдваргүй гэж итгэх тийм итгэлийг сонгох юм бол хорвоо ертөнц таны энэ итгэлийг л биелүүлэхэд л тус болох болно. Тэгээд бид шууд уруудаж улам л дордоно. Тиймээс тийм тэнэг зүйлд итгэхээсээ зайлсхийж, тийм сөрөг бодол бодохгүй байх нь чухал.
Бурхан тэнгэр бидний эсрэг биш бидний төлөө, бидний итгэл, бодлыг л дэмждэг. Та юу гэж бодно тэр түүнийг дэмжинэ гэсэн үг. Та сайн зүйл бодож, сайхан зүйлд итгэвэл тэр түүнийг биелүүлэхэд танд тусална.

Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлөхийн тулд өршөөхөд бэлэн байх ёстой

Бид өнгөрснөөс чөлөөлөгдөхийн тул өөрсдийгөө болон бусдыг ч өршөөхөд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй бид яаж өршөөхөө мэдэхгүй, бас хүсэхгүй байж болно. Гэвч өршөөхөд бэлэн байх нь эрүүлжих үйл явцын эхлэл юм. Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж, бас өөрийгөө болон бусдыг өршөөх нь хойшлуулшгүй чухал зүйл.
“Би чамайг миний хүссэнээр байгаагүйн чинь төлөө өршөөлөө, би чамайг зүгээр л орхилоо” гэж хэлэхэд л энэ өгүүлбэр бидний чөлөөлнө.

Бүх өвчин өршөөх сэтгэлгүйн улмаас үүддэг

Хэрэв та, хэзээ нэгэн цагт өвдөх л юм бол зүрхээ чагнаж, өршөөл хэрэгтэй хүнийг заавал олоорой. “Гайхамшигт цуврал” хэмээх хичээлд яг ингэж өгүүлсэн байдаг.
Миний зүгээс танд нэмж хэлэхэд: Таны хувьд өршөөхөд хамгийн хэцүү санагдаж байгаа тэр хүн бол таны өөрөөсөө холдуулахыг хамгийн их хүсч байгаа хүн мөн. Хэн нэгнийг өршөөнө гэдэг ердөө л түүнийг орхино, явуулна, өөрөөсөө холдуулна гэсэн үг.
Энэ бол түүний өөдгүй зан чанарыг нь уучилна гэсэн үг биш. Зүгээр л юутай хээтэй нь тэр чигээр нь хая гэсэн үг. Бид яаж өршөөхөө мэдэхгүй байж болно. Бидний хийх ёстой зүйл бол өршөөхөд бэлэн байх л явдал юм. Харин хорвоо ертөнц яах тухайг өөрөө мэдээд учрыг нь олно.
Бид өөрсдийнхөө шаналалыг их сайн ойлгодог. Харин бидний хамгийн түрүүнд өршөөх хэрэгтэй тэр хүн хэн ч байлаа гэсэн бас шаналж л байгаа гэдгийг ойлгох үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ тэд тухайн үедээ түүнээс өөрөөр яах ёстой байснаа мэдэхгүй, ойлгохгүй, өөрөөр яаж ч чадахгүй байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Хүмүүс надад зовлонгоо тоочих үед тэдэнд ямар ч асуудал тулгарсан бай, эрүүл мэнд нь муудах, мөнгөгүй болох, хэн нэгэнтэй харилцаагаа таслах, хэн нэгэнтэй муудалцах, санаж сэдсэн нь бүтэлгүйтэж нурах ер нь аль нь ч бай тэр бэрхшээлийг анхаарахаасаа илүү тэднийг зөвхөн өөрийгөө хайрладаг болгоход анхаарч, ажиллах явдал байдаг.
Хэрэв бид өөрсдийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч, хайрлаж чадвал амьдралд бүх зүйл эерэгээр эргэнэ гэдгийг би олж мэдсэн. Энэ бол яг л эргэн тойронд бяцхан ид шид байгаа мэт хүчтэй нөлөөтэй. Ингэснээр бидний эрүүл мэнд сайжирч, бид мөнгөтэй болж, бидний харилцаа ойлгомжтой, эерэг болж, бид өөрсдийгөө үнэхээр бүрэн дүүрэн илэрхийлж эхэлнэ. Бүх зүйл огт хичээгээгүй байхад л аяндаа бүтэж байгаа мэт санагдах болно гээч. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлана гэдэг танд аюулгүй, тайван амьдрах орон зайг бий болгож, итгэл, зөвшөөрөл гэдэг таны оюун санааг эмх замбараатай болгон, таны амьдралд илүү найрсаг бүлээн дулаан харилцаа бий болж, энэ бүхэн таны зүг сайн сайхныг урин дуудах болно. Ингэснээр бүр таны биеийн жин хүртэл хэвийн хэмжээндээ байна гээч. Таны өмнө шинэ ажил, шинэ амьдрах орчин бий болно. Өөрийгөө хайрладаг хүмүүсийн бие нь хүртэл тэднийг хайрладаг юм. Эзэн нь биеэ хайрлавал бие нь эзнээ хайрлана гэсэн үг.
Өнөөдөр өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах нь бидний амьдралын бүх л хэсэгт гарах эерэг өөрчлөлтийг хэзээ ч дахиж шүүмжлэхгүй байхаас эхэлсэн. Шүүмжлэл гээч биднийг өөрчлөлтөөс ухрааж, нэг л байранд хүлж, цоожилж байдаг зүйл.
Өөрийгөө ойлгож, уян хатан хандах нь тэр хүлээс, цоожноос гарахад тусалдаг.
Та олон жил өөрийгөө шүүмжиллээ. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй байгааг та хар даа. Тэгвэл өөрийгөө зөвшөөрөөд, дэмжээд үз л дээ.
*********************************************************
Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм цогц, төгс төгөлдөр,бүрэн бүтэн.

Өдөр бүр, мөч бүхэнд надаас урсан гарч буй тэр хүчээс хэд дахин илүү хүч байдаг гэдэгт би итгэдэг.

Би өөрийгөө оюун ухааны өмнө нээж байна.

Энэ дэлхий ертөнцөд ганцхан оюун ухаан байдаг гэж би боддог.

Энэ л ухаанаас бүх хариулт, бүх шийдэл, бүх эрүүл саруул, шинэ зүйлс гардаг.

Миний мэдэх хэрэгтэй юм бүхэн хэзээ нэгэн цагт тодорхой болно, надад хэрэгтэй бүх зүйл цагаа болохоор зайгаа олоод, дарааллынхаа дагуу ирнэ гэдгийг мэдэж, оюун ухааны хүч чадалд би итгэдэг.

Миний ертөнцөд бүх юм сайн сайхан.

Заа үүгээр нэгдүгээр бүлэг дуусч байна. Охин маань хоёрдугаар бүлгийг шивээд дууссан. Арван хуруугаар хурдан бичдэг болсон байна лээ шүү. Аавдаа туслахдаа их дуртай байгаа.

Үргэлжлэл бий.

четверг, 29 ноября 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 1

Надад Луйза Л.Хэйгийн бараг бүх ажил бий. Олон ч жил дарлаа даа. Түүний номыг уншихад их сонин санагддаг. Дээр "Үг" хэмээх нэг бичлэгтээ жаахан орчуулж оруулсаныг та санаж байгаа байх. Ц.Одонтуяа бүсгүй “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” номыг нь олж уншаад сэтгэл нь хөдлөн “ийм сайхан бал бурамтай умдааг хүмүүстэй хуваалцана” гээд өөрөөс нь зөвшөөрөл авч орчуулан олон түмэндээ хүргэсээр 3 жил өнгөрчээ. Би ч бас Ц.Одонтуяа бүсгүйд талархан, найз нөхөддөө хэрэг болуужин гээд түүний орчуулгаас цувралаар гаргахаар шийдлээ. Энэ номыг дуусахаар, эсвэл дундуур нь бусад бүтээлүүдээс нь орчуулан тавих болно.

Уншигч Та бүхэнд өгөх миний санал
Би өөрийнхөө мэддэг зүйлээ уншигч та нартайгаа хуваалцах, та бүхэнд зааж сургахын тулд энэ номыг бичсэн юм.
Миний бичсэн “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” гэдэг энэ жижигхэн ном бидний биеийг өвчлүүлдэг шалтгаан болдог сэтгэлийн буюу сэтгэцийн тухай өгүүлсэн ба хамгийн их уншигчтай ном гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Миний уншигчид намайг өөрийн мэддэг бүхнээсээ илүү ихийг хуваалцаач гэж хүссэн мянга мянган захидал надад илгээдэг. Миний лекцийг сонссон, миний ярилцлагад оролцсон, миний үйлчлүүлэгчид Бүгдээрээ л намайг энэ номыг бичихэд цаг зав гаргаач гэж хүсэж байсан. Тиймээс би энэ номыг, яг л таны миний лекцэд сууж, надтай ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр бичихийг хичээлээ.
Та миний номонд өгүүлсний дагуу, энд байгаа дасгалуудыг дарааллын дагуу үргэлжлүүлэн хийсээр, энэ номыг уншиж дуусгах юм бол, тэр үед таны амьдрал өөрчлөгдөөд эхэлчихсэн байх болно. Эхлээд та энэ номыг нэг удаа, анхааралтай уншиж дуусгаад, дараа нь дахин дахин тогтож уншихдаа дасгалуудаа хийгээрэй. Тэр дасгалуудыг хийх цаг зав заавал гаргаарай. Хэрэв боломжтой бол дасгалаа найзтайгаа, эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт хийхийг хичээгээрэй.
Бүлэг бүхэн өөрийн хэллэг, билэг дэмбэрэлтэй үгсээр эхэлж байгаа. Тэд бүгдээрээ таны амьдралд сайнаар нөлөөлнө. Нэг бүлгийг уншихад хоёроос гурван өдөр зарцуулаарай. Тэгээд бүлгийн эхэнд байгаа өөдрөг хэллэгүүдийг дахин дахин бичиж, дахин дахин хэлээрэй.
Бүлэг бүрийн төгсгөлд эмчилгээний “жор” байгаа. Энэ нь таны ухамсрыг өөрчлөхөд чиглэгдсэн эерэг санаануудын урсгал юм. Энэ эмчилгээнүүдийг өдөрт хэд хэдэн удаа давтан уншаарай.
Номын төгсгөлд би та бүхэндээ өөрийн түүхээс хуваалцах болно. Үүнийг уншсанаар та бид хаанаас ч ирсэн ямар ч байдалд орсон бай, амьдарлаа эерэгээр өөрчилж болдог юм гэдгийг ойлгох болно.
Бас таныг номоо уншиж дасгалаа хийж байхад миний бодол санаа, миний дэмжлэг тантай хамт байх болно гэдгийг санаарай.
Луйза Хэй

Миний философийн зарчмууд

  • Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрсдөө л хүлээх ёстой.
  • Бидний бодол болгон бидний ирээдүйг бий болгодог.
  • Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
  • Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
  • Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
  • Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
  • Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
  • Хэрвээ бид өөрсдөө өөрсдийгөө хайрлаж чадах юм бол бидний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
  • Бид өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
  • Бид өөрсдийгөө хайрлаж сурахад бэлэн байх ёстой.
  • Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
  • Бид өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрсдөө л бий болгодог.
  • Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
  • Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно.
  • Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
  • Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
  • Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
  • Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
  • Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
  • Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
  • Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

Нэгдүгээр бүлэг

Би юунд итгэдэг вэ?

“Мэдлэг, ухаанд хөтлөх хаалга үргэлж нээлттэй байдаг”

Амьдрал гэдэг үнэхээр энгийн. Бид юу өгнө, түүнийгээ л авна. Энэ бол амьдрал.

Өөрсдийнхөө тухай боддог бодол маань бидний хувьд үнэн болдог.
Биний амьдралд тохиолдож буй сайн, муу бүх зүйл бидний л хариуцлага гэдэгт би итгэдэг.

Бидний бодож буй бодол бүхэн бидний ирээдүйг авчирдаг. Бид өөрсийн бодол, мэдрэхүйгээрээ туршлага хуримтлуулдаг. Бодол, яриа маань л бидний туршлагыг бүтээдэг.

Бид нөхцөл байдлыг өөрсдөө бий болгодог. Тэгээд болохгүй бүтэхгүй зүйл гармагц бусдыг зэмлэж буруутгахад хүчээ зарцуулдаг.
Биднээс илүү хүчтэй ямар ч хүн, орон зай, юмс энд байхгүй. Бид л бодож сэтгэж чадна.

Бид оюун санаандаа эв нэгдэл, зохирол зохицол, тэнцвэрийг олж олж чадах юм бол бид амьдралдаа тэр их хүчийг мэдрэх болно. Доорх үгсийн аль нь танд тохирох бол?
- Хүмүүс бүгд өөдгүй эсвэл
- Тэд үргэлж надад тусалдаг
Энэ хоёр итгэл тэс өөр амьдралыг бий болгодог. Өөрөөр хэлбэл бид юу гэж итгэнэ, бидний амьдрал тийм л болно гэсэн үг.

Бид юунд итгэж, юу гэж бодож байна Ертөнц түүний хүлээж авч, түүнийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний далд ухамсар бидний бодож итгэсэн болгоныг тэр чигээр нь хүлээж авдаг гэсэн үг юм. Тэгэхээр өөрийнхөө тухай болон амьдралын тухай юу гэж бодож, итгэнэ та ч тийм, таны амьдрал ч тийм л болж хувирна.

Харин бидний бодолд хязгааргүй сонголт бий. Үүнийг мэдэж байвал бүх хүмүүс өөдгүй амьтад гэхээс илүү, бүх зүйл ач тустай гэсэн бодол танд эерэг үр дүн авчирна гэдэгт итгэх хэрэгтэй.

Хорвоо ертөнцийн хүч биднийг хэзээ ч шүүж, шүүмжилдэггүй. Харин биднийг тэр чигээр нь хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл тэр хүч бидний бодол итгэлийг засаж, залруулахгүйгээр, бид юу гэж бодож, итгэнэ түүнийг шууд, тэр чигээр нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

Хэрэв: -Би ганцаардаж байна, хүмүүс намайг хайрлахгүй, хайхрахгүй байна гэж бодвол миний амьдрал тийм л болж хувирна. Харин би: -Миний эргэн тойронд хаа сайгүй хайр байна, намайг хүмүүс хайрлаж, би тэдний хайрыг татаж байна гэж бодож, итгэж энэ үгийг дахин дахин хэлж чадвал энэ нь үнэн бодит зүйл болж биелэнэ. Өөрөөр хэлбэл ингэснээр таныг хайрлаж байсан хүмүүс танд улам ч их хайртай болж, бас өөр олон сайхан хүмүүс таныг хүрээлж, таныг хайрлах болно. Ингэснээр та тэдгээр хүмүүст улам сайхан хандаж байгаагаа мэдэрнэ.

Бидний ихэнх нь өөрсдийгөө их тэнэг гэж боддог ба яаж амьдрах ёстой талаар хэтэрхий олон, хатуу чанга дүрмүүдийг бий болгодог.

Бид тухайн мөчид, ямар нэг зүйлийг хамгийн зөв гэж бодсоноороо, өөрсдийнхөө боломжоор, чадлынхаа хэрээр хийж байсныгаа эсвэл хийж байгаагаа буруутгах ёсгүй. Хэрэв бид тухайн үед илүү ихийг мэддэг, чаддаг, боломжтой л байсан бол илүү сайнаар л хийх байсан шүү дээ. Тиймээс байгаа байдлаа үгүйсгэж, өөрийгөө чамлаж, буруушаана гэдэг огт хэрэггүй зүйл.

Ер нь та миний бичсэн энэ номыг уншиж байна гэдэг чинь өөрчлөгдөхийг хүсэж, өөрчлөгдөхөд бэлэн байна гэсэн үг. Үүнийгээ өөрөөсөө асуу, өөртөө сануул. “Эр хүн уйлдаггүй”, “Эм хүний үс урт, ухаан богино”. Аая яа яа. Амьдралыг ямар их хязгаарласан, ямар хатуу дүрэм гээч вэ?
Бид багаасаа л эргэн тойрондоо байгаа томчуудын хандлагаас өөрсдийнхөө тухай сэтгэгдлээ олж авч, түүнд нь итгэж үнэмшсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийнхөө талаар юу гэж бодож, юу гэж итгэхээ сонгож ирсэн арга зам юм.
Хэрэв таны эргэн тойронд аз жаргалгүй, айдас хүйдэстэй, уур, уцаартай хүмүүс байсан бол та амьдралыг мөн тийм л бүрхэг харанхуйгаар төсөөлж, өөрийгөө ч тийм гэж итгэхэд хүрнэ. “Би дандаа л буруу зүйл хийдэг”, “Энэ миний буруу”, “Би уурлахаараа ёстой аймаар болдог” гэсэн үглэл ийм итгэлийг бий болгож, таны амьдрал ч бас тийм л болно.
Бид өсөж том болоод ч тэр л өссөн дассан орчин, гэрийнхээ хуучин уур амьсгалыг дахиж бүрдүүлэх хандлагатай байдаг. Энэ нь сайн ч биш, муу ч биш, зөв ч биш, буруу ч биш зөвхөн ”Гэр гэдэг ийм байх ёстой” гэсэн дотоод итгэлийн нөлөө юм.
Бас бид ээж аавтайгаа хэрхэн харьцдаг, ээж аав хоорондоо яаж харьцдаг байсан тэр хэв маягийг өөрсдийнхөө амьдралд дахин бий болгох хандлагатай байдаг.
Таны хайрт чинь, дарга чинь яг аав шиг чинь байдаг уу?
Эцэг эх маань биднийг яаж шаарддаг байсан, тийм шаардлагыг бид өөрсөддөө тавьдаг. Бид яг л тэдэн шиг аргаар өөрсдийгөө шийтгэдэг, зэмлэдэг. Магтаж урамшуулахдаа ч мөн адил. Хэлдэг үгийг нь ч бас. “Чи хэзээ ч зөв юм хийхгүй юм”, ”Энэ бол чиний буруу” гэдэг үгсийг та хэр олон удаа өөртөө хэлдэг вэ? “Чи бол гайхалтай”, “Би чамд хайртай” гэдэг үгсийг бас хэр олон удаа хэлдэг вэ? Гэхдээ би энэ бүгдийг эцэг эхийг тань зэмлэх гэж хэлээгүй.
Бид бүгдээрээ л хохирогчийн хохирогч, тэд мэдэхгүй байсан болохоор л бидэнд зааж өгч чадаагүй биз. Таны аав ээж өөрийгөө яаж хайрлахыг мэдэхгүй бол өөрийгөө яаж хайрлахыг танд зөөж өгөх боломжгүй шүү дээ. Тэд хүүхэд байхаасаа сурсан зүйлээ, өөрсдийн мэддэг чаддагаараа л бүхнийг хийж байсан. Хэрэв та эцэг эхээ илүү сайн ойлгохыг хүсвэл тэдний бага насных нь тухай яриулаарай. Та тэднийг анхааралтай сонсох юм бол айдас, болгоомжлол хаанаас төрдгийг мэдэж болно.

Үргэлжлэл бий.

воскресенье, 28 октября 2007 г.

Үг

...Юу ярьж байгаагаа сонсоно уу. Өөрийнхөө амнаас ихэвчлэн ямархуу үг гарч байгааг анхаар. Хэрвээ өөрийнхөө үг ярианд татгалзсан, үгүйсгэсэн, хязгаарласан утгатай үг цухалзаад байвал өөр үгээр орлуулаарай.
Хэн нэг нь гунигт түүх яривал би түүнийг өөр хэнд ч ярьдаггүй, ядаж нэг хүн ч бүү гуниглаг. Хөгжилтэй инээдэмтэй яриаг сонсонгуутаа л түгээж гарна шүү дээ. Дайралдсан бүхэндээ ярина.
Бусад хүмүүстэй уулзахаараа хэрхэн ярьж буйг нь анзаараарай. Тэдний ярианы өнгө аяс-амьдралын хэв маяг нь ямар нэг холбоотой юм шиг байна уу.
Ихэнх хүн "тааруухан" үгийг зурагдсан пянз шиг л ашиглана. Тааруухан үг таны амьдралд тааруухнаар л нөлөөлнө. Харилцан ярилцах явцад эдгээр үг миний чихэнд хонх жингэнэх шиг л сонсогдоно доо. Өөрчилмөөр санагддаг. Эдгээр хүмүүс амьдрал нь яагаад хадны завсар хавчуулагдсан мэт, ахуйн асуудлыг шийдэхэд хүнд байгаа тухай ярина. Байнга өөрийгөө болон өрөөлийг буруутгана, яагаад тэдний амьдрал баяр баясгалангүй, азгүй байгааг гайхацгаана. Гол нь хэрэглэж буй үгэндээ учир нь байгаа юм. /Бодол-яриа-бодит байдал/
Үгийн сангаасаа, бодлоосоо "ёстой" гэдэг үгийг авч хаялтай. Ингэнгүүт бидний сайн дураараа үүрсэн үүрэг, ачаа багасна. Би ажилдаа явах ёстой, би үүнийг хийх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой, тэгэхгүй бол болохгүй, хайрлах ёстой, ... ёстой, ...ёстой. Ёстой нээрээ бөөн дарамт.
Одоо "ёстой"-г өөр үгээр орлуулаад үзье. Би ажилдаа явмаар байна /хүсэл төрнө/. Хайрыг эрхэмлэнэ. Үүнийг хийхсэн. Ингэвэл таны амьдрал өөрчлөгдөн хөнгөрөөд л явчихна. Дандаа ил харагддаггүй болохоос бидний юу хийж буй нь бидний сонголтын л үр дүн юм шүү дээ.
Бидний ихэнх нь "гэвч" гэх дуртай. Бид сайныг ярьж баталгаажуулаад "гэвч" гэнгүүтээ нөгөө тийш нь тавиад туучихаж байгаа хэрэг. Бид өөрөө өөртөө, дотоод ухамсартаа хоорондоо зөрчилдсөн мэдээлэл илгээгээд байна. /Дотоод ухамсар учраа олохоо болино/. Гэвч, гэхдээ, харин гэх мэт эргэлзсэн үг хэрэглэхдээ бодолцоно уу.
Бас нэг анхаарах үг бол "мартав". "Үүнийг түүнийг мартах вий" гээд санаа тавь л даа. Үр дүн нь яахав. Мартана даа. Иймд мартах гэсэн үгийг санах гэсэн үгээр солихыг санал болгож байна.
Хэн нэг нь танаас мөнгө зээлэхийг хүсвэл "байхгүй" гэж хэлж болдоггүй юм шүү. Энэ нь байхгүйг билэгдэнэ. Шууд утгаараа далд ухамсарт "байхгүй"-н захиалга өгчихөж байгаа хэрэг. Хэсэг хугацааны дараа та мөнгөөр гачигдана. Тэгэхээр танд "байхгүй"-г солих ямар нэг мэргэн арга бодож олох хэрэг гарах нээ. Арга олдохгүй бол мөнгөө хайж олоод үг дуугүй өгсөн нь дээр. Хожмын муу нөлөө бага.
Энэ Луйза Хей-н ажлаас та нартаа хүргэмээр санагдаад орчууллаа. Налуу үсгээр явсан нь миний санаа. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Би жаахан шинжлэх ухаанч байхыг хичээдэг ухаантай. Гэвч үзэгдлийн 5%-ийг шинжлэх ухаан маань тайлбарлаж чадаад 95%-ийг нь тайлбарлаж чаддаггүй гэнэдээ. Оросын ТВ-ээр ярьж байна лээ. Энэ бүсгүй одоо бараг ер нь 90 нас зооглосон байхаа. Сайхан сэтгэл, эрч хүч дүүрэн хүндээ. Удахгүй хүмүүс өвчин хэлэхээсээ ичих цаг ирэх юм шигээ. Зүрх өвдвөл..., ангинатай бол..., өвдөг өвддөг бол зөрүүд хүн ч гэх шиг, бүр жагсаагаад хаячихсан байх юм.