понедельник, 24 января 2011 г.

Талархаж байнаа

Би буян үйлдэж бурхан бүтээж, өглөг өгч өгөөмөр загнаагүй ч бусдыг буруу замаар будаа бүү тээгээсэй гэж хүсдэг эгэл нэгэн.

Аавын захиасыг умартаж архи дарсыг хэтрүүлэн амь тавихдаа хэдэнтээ тулсан ч тэнгэр бурханы өршөөлөөр мэнд өнгөрч байлаа.

Архи гээч тааруулж тохируулж чаддаггүй над шиг хүнд бол хүнд идээ юм байна. Амсахгүй байхыг байхыг шаардах андын минь сэтгэл юутай сайхан, архи сурталчлахыг хорьсон засгийн хууль юутай сайн.

Архины үйлдвэрлэлээ ашигтай байлгах, архичдын тоо толгойг өсгөхийн тулд эзэн хааны нэрээс авахуулаад үнэтэй цэнтэй бүхнийг ашиглаж бай
на. Алтан намар, ургацын баярын шагнал "Алтан түрүү"-г сэргээж байгаа нь цаанаа өөр зорилготой. "Алтангадасын түүх" гээд уншиж байтал архины реклам болоод явчих жишээтэй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр нэрээ нууна, мэдээ маягаар сэмхэн шургуулна. Хэдэн цаас авдаг юм байхдаа зайлуул. Үүнийг хараа, ерөөл өргөе энэ тэр гэсэн далд сурталчилгаа тасрахгүй, арга ажиллагаа нь ад зэтгэрийн гэмээр нарийсч байна.

Архинаас болж осгох, осолд өртөх зэргээр олон мянган хүн амь нас, ахуй амьдралаа алдаж байгааг хэн бүхэн мэднэ. Архины үйлдвэрлэл хэмээх бараан мөртэй энэ бизнесийг хувь хүн бус төр өөртөө авч буруу үйлийн үрийг буух эзэн, буцах хаяггүй болгомоор юм.


Урлаг соёл, улс төр нийгмийн зүтгэлтнүүд, элит хэмээгдэх ноёд, хатагтай нар арх
ины шинэ брендийн нээлтэд оролцон амаа олохгүй магтах өнөө үед бадарчин хүү Амай шар айрагны сурталчилгаанд ашиглуулчихсандаа эмзэглэж байгаа нь нэгийг бодогдуулж, хүндлэх сэтгэл төрөв. Бас талх чихэр компани "Ерөөл" хэвийн боовны хэвшсэн нэрийг өөрчилж буй нь архи сурталчлах муу үйлд гар бие оролцохоос татгалзаж буй хэрэг. Татгалзсан бүхэнд талархаж байнаа.

Би ч бас эр зориг гарган "архи дэмий юм" гэж захиад бичлэгээ дуусгая.
Шог зургийг С.Цогтбаяр.


пятница, 7 января 2011 г.

Еэвэн

Еэвэн гэдэг нь "yue bing" буюу монголчилбол "саран боов" гэсэн үг ажээ. Хятадууд ургацаа хурааж дуусаад намрын дунд сард буюу сарны тооллоор найм дахь сарын шинийн арвантавны тэргэл саранд дүгрэг хэлбэртэй боовоор тахил өргөдөг их эртний уламжлалтай.

Энэ жилийн еэвэн сарын баярыг 9 сарын 22-нд хятад даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Энэ үеэр “сарны туулай”-г билэгдсэн туулайн тоглоом их борложээ. Энэ нь хайртай туулайгаа аваад саранд одсон хатны домогтой холбоотой.

Энэ баяр түүхийн явцад монголчуудтай хэрхэн холбогдож, хятад хүн еэвэн хагалахдаа монголчуудаас эрх чөлөөгөө олж авсанаа тэмдэглэдэг шинэ өнгө аясаар баяжсан тухай цухас сонирхоё.

Бvх Хятадыг нэгтгэн захирсан Юань гүрний үед хятадуудыг дорд үзэн тухайн нийгмийн хамгийн доод давхрагад тооцдог байлаа. XIV зууны дундуур хятадууд бослого хөдөлгөөн их гаргах болж, монголчууд ч хайр найргүй дардаг байж.

Тэд олуулаа цуглаж болохгүй, зэвсэг агсах эрхгүй, ганц хутгыг арван айл дундаа хоолны зориулалтаар хэрэглэдэг байв. Арай л махыг хутгаар бус шүдээрээ ид гэж цааз тогтоогоогүй юм байх. Жад, нум сум болгож магадгүй тул хулс ашиглахыг ч хориглож байв. Чухам энэ үед сүмд зэвсэггүй тулалдах урлагийг хөгжүүлж эхэлсэн биз.

Улаан алчууртны бослогын удирдагчид монголчууд еэвэн иддэггүй болохыг ажиглаж мэдээд, еэвэн дотор монголчуудыг хөнөө гэсэн утгатай бичиг нуугаад тараажээ. Түүнийгээ хаан эзэн түм түм наслаг хэмээн ерөөл өргөж байна гэж эрх баригчдад ойлгуулж, зөвшөөрөл авсан бололтой байдаг. Болзсон цаг ирж босогчид 1368 оны 9 дүгээр сарын 14-нд нэгэн зэрэг хөдөлж монголчуудын ноёрхлыг унагаасан байна.

Эх нутгаа тэмцсэн Тогоонтөмөр хаан харууслын шүлэгтээ:

Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав

Хамаг дайсны дотроо хатгалдаж гарав.... гэж бичсэнийг үзвэл их гүрний түүхийн сан хөмрөг, дэлхий даяараас татварлан хуримтлуулсан алт эрдэнэстэй мантай юм болжээ.

Хэрвээ Их Монгол улсаа Юань гүрэн болгоогүйсэн бол, Их Монгол улс цөмтэй Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгийн улс, Хубилайн улс зэрэг холбооны улсууд зэрэгцэн оршиж байсансан бол дэлхийн түүх өөрөөр эргэх байсан даа. Алтан ургийн хаад эцэг дээдсийн захиасыг дагаж эв нэгдлийг сахисан бол таван мөсний үлгэрээр дийлдэшгүй оршиж, Мин улсыг дор нь унагах байсаан.

Жич: Стеганографын сурах бичигт монголчуудын эсрэг ашигласан еэвэнгийн түүх онцгой жишээ болон дурдагддаг. Хүрсэн үр дүн, хамарсан хүрээгээр нь авч үзвэл еэвэнгийн хажууд Трояны морь бол бяцхан жишээ. Дашрамд сонирхуулахад ийм нэртэй компъютерийн вирус байдгийг бид мэднэ. Хятадууд дуусч өгдөггүй 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийнхээ хэсгийг манай мэдээлэл технологийн салбарт өөрсдийн мэдлээр зарцуулах тулгалт хийгээд байгаа нь бас нэг орчин цагийн "еэвэн" биш байгаа. Дахиад еэвэндүүлчихгүй юмсан.

Удахгүй цагаан сар болно. Зурагтаар еэвэн үнэгүй дагалдана гэх зар элбэгшив. Идэх дуртай ч идээнийхээ дээр еэвэн залдаггүй муйхар зангаа хамгаалж бичлээ.