Показаны сообщения с ярлыком Тусгаар тогтнол. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Тусгаар тогтнол. Показать все сообщения

понедельник, 8 декабря 2014 г.

И.Сталин: Миний саналыг хүлээж авахгүй бол бүр ч том Монголыг байгуулахад хүргэнэ шүү

Өчигдөр 11 цаг 28 минут
Хята­дын засгийн газрын төлөөлөгчдийн нэг болох Чан Кайшигийн төрсөн хүү Зян-Зинго нь Сталинтай уулзаж Монгол улсын тсгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал ярилцаж байжээ.
Тэрээр “Хя­тад улс алдагдсан Гадаад Мон­голын газар нут­гаа эргүүлэн авахын төлөө долоон жилийн турш дайн хийж бай­гааг та ойлгох ёстой. Японыг өнөөдөр хөөж гар­гаагүй байна. Зүүн хойд нутаг, Тайванийг эргүүлэн авч ча­даагүй байна” гэхэд Сталин: Таны үгэнд үнэний хувь их байна. Би үүнийг ойл­гоно. Гэхдээ өнөө­дөр би та нараас тусламж гуйгаагүй. Та нар харин на­даас тусламж гуйж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ танай улс хүчтэй бай­сан юм бол та нар өөрсдөө Японыг бут цо­хиж чадах бай­сан. Тэгсэн нөхцөлд мэдээж би ямар нэг шаардлага тавих эрхгүй.
Үнэн­дээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга. Танд үнэнийг хэ­лэхэд би Монголыг бүхэлд нь цэрэг-стратегийн зорилгын үүднээс л авахыг хүсч байна" гээд уулзал­тын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Мон­голын газар нутгийг оруулан хамарч, хэм­жээгээрээ бүүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн бай­на. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваны архивт хадгалагддаг байна/
1945 оны наймдугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван-Шице тусгай нот бичиг гар­га­жээ. Үүнд ”Японыг бут цохис­ны да­раа Монголын ард тү­мэн бүх нийтийн санал асуул­гаар БНМАУ-ыг тус­гаар­лах нь зүйтэй гэж нотол­бол Хятадын Засгийн газар Гадаад Мон­голын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хүлээн зөв­шөөрнө гэж Хятадын Засгийн газар мэдэгдэж бай­на” гэсэн агуулагатай байв. 1945 оны 10 дугаар сарын 20 нд төрийнхөө тусгаар тогт­нолын төлөө Монголын ард түмэн 100 хувийн санал өг­сөнөөр 1946 оны 2 дугаар сарын 13-нд Хятадын хууль тогтоох танхим Монголын тус­гаар тогтнолыг хүлээн зөвшөө­рсөн билээ.
Иосиф Виссарионович Сталин:
Хэрвээ Хятад улс Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм бол,ЗХУ Алс Дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй ээ,Тэгэхээр Хятад улс Япон улсад удтал эзлэгдсэн хэвээрээ байх болно.Үүнийг та нарт тодорхой хэлж байна.Ер нь Гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд Хятад дотор ч нэгдэхийг хүсэхгүй ЗХУ-тай нийлэхийг хүсэхгүй байгаа,тэхээр тусгаар тогтнуулаж л таарна даа.
- Крымийн хуралд БНМАУ-ын тусгаар тогтнохыг зөвшөөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн гарын үсэгтэй шийдвэрийг мэдэгдэхдээ Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Сүн Цзы Вэйнд дээрхи үгийг хэлсэн байдаг.

http://www.bataar.mn/10030371

понедельник, 19 декабря 2011 г.

АНУ-ын Конгрессоос Хятадын компаниудын үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

-ХАРИН ТЭР КОМПАНИ НЬ МАНАЙД ТЕНДЕРТ ЯЛСАН БАЙНА-

АНУ-ын эрх баригчид Хятадын "Хуавей техно­логи" (Huawei Techno­logies Со), "3и Ти И" (ZТЕ Согр) зэрэг компаниудын үйл ажиллагаа нь Хята­дын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэр дээр техник, электрон тагнуу­лын үйл ажиллагаа явуу­лах боломж, нөхцөлийг бүр­дүүлж улмаар үндэс­ний аюулгүй байдалд аюул занал учруулж бай­на хэмээн үзжээ. Энэ та­лаар Цагаан ордны гар­гасан дүгнэлт саяхан "Wall street" сэтгүүлд нийт­лэгд­сэн байна.

Тэд холбооны сүл­жээг эвдэх, ажиллагаагүй бол­гох, хэрэглэгчдийн утасны яриаг чагнах, электрон шууданг хянах, шуудан­гаар дамжиж буй мэдээ, мэдээллийг олзлох зориу­лалт бүхий техник хэрэгс­лийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхэд Хята­дын Зас­гийн газрын нууц орол­цоо, дэмжлэг байгаа хэмээн хардаж байгаа аж.

Тиймээс Конгрессын төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооноос дээрх компаниудад шал­галт хийжээ. Тус хорооны дарга Майк Рожерс "Бид "Хуавей", "Зи Ти И" зэрэг Хятадын томоохон ком­паниудад тусгай албатай хамтран шалгалт хийж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Уг шалгалтаар Хята­дын компаниуд АНУ-ын харилцаа, холбооны сал­барт ямар техник, то­ног, төхөөрөмж нийлүүл­дэг, тагнуулын мэдээ, мэдээ­лэл цуглуулах зо­риулалт бүхий техник хэ­рэгслийг ашиглан өөрийн орны эрх баригч­дыг мэдээ, мэдээл­лээр хангаж буй эсэхийг олж тогтоох юм байна.

Үүний хариуд Хята­дын "Хуавей" компанийн га­даад харилцааны ал­баны дарга Виллиам Пламмер "Тус компанийн техник, тоног төхөөрөм­жийг ха­рил­цаа холбооны сал­барт тэргүүлэгч 50 гаруй компаниас 45 нь үйл ажил­лагаандаа хэ­вийн ашиг­лаж байна. АНУ-ын эрх баригчдын гаргасан шийд­­вэр ямар ч үндэс­лэлгүй, биднийг зо­риуд шахан гаргах гэж төлөв­лөсөн үйлдэл" хэ­мээн мэ­дэгджээ. Мөн "Зи Ти И" компанийн төлөө­лөгч "Хя­тадын компаниу­дын та­лаар гаргасан дүг­нэлтийг үндэсний аюул­гүй бай­далтай холбоотой тайл­барлаж байгаад ха­рам­саж байна" гээд АНУ-ын зах зээл дээр бизне­сийн шударга, нээлттэй өрсөл­дөөн явуулахыг уриалсан байна.

АНУ дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн тө­лөө­лөгч Ван Баодон "Хуавей" болон Хятадын бусад ком­паниудыг хол­бооны хуу­лийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Аме­рикийн бу­сад биз­несийн бай­гуул­лагуу­дын найд­вартай түнш гэдэгт итгэж байна" гэсэн мэдэгдлийг ч хийжээ.

Мэдээлэл холбооны төхөө­рөмж үйлдвэрлэгч дээрх ком­па­ниуд Хятадын төрийн бай­гуул­ла­гууд болон тусгай албадтайгаа хамт­ран ажилладаг гэсэн хард­ла­гыг хэд хэдэн улс орны тагнуулын байгууллага Засгийн газартаа илтгэж байсан баримт бий. Анг­лийн "Бритиш Телеком" компанид төс­лөөр нийлүүлсэн тоног төхөө­рөм­жид мэдээлэл хулгайлах чип суурилуулсан байх магадлалтай хэмээн Английн Тагнуулын бай­гуул­лага мэдэгдэж байв. Энэтхэг улс мөн шалтгаанаар Хятадын дээрх компаниудын төхөөрөмж импортлохыг хориглож байсан, Гамбид үүрэн холбооны сүлжээ байгуулах төсөлд ялсан боловч мэдээллийн аюулгүй байдлын улмаас Засгийн газар нь гэрээг цуцалсан зэрэг жишээг дурдаж болно.

Эдгээр компаниуд аливаа тө­сөл, тендерт орохдоо авлига, хахууль өгч ялж байсан тохиолдол ч мөн нэлээд гарч байжээ. Филип­пинд Үндэсний их багтаамжийн сүлжээ байгуулах "Зи Ти И" ком­па­нийн төсөлтэй холбоотой их хэм­жээ­ний авлигын хэрэг илэрч гэрээ байгуулагдсанаас хойш долоон сарын дараа цуцлагдаж байв. Этиоп улсын харилцаа, холбооны салбарт зээл олгосон бөгөөд үүний хариуд тус улсад дангаараа төхөө­рөмж нийлүүлэх эрхтэй болжээ. Либери улсад тендерт хэдий ялагд­сан ч, хахууль өгснөөр төхөө­рөмж нийлүүлэхээр болсон. Гэвч энэ асуудлаар шүүхэд дуудагдаж байгаа зэрэг чих халууцам нам­тар­тай юм байна.

Дээрх мэдээллийг бид уншаад өнгөрөхөөс илүүтэй анхаарлаа хандуулах ёстой юм. Учир нь Мон­гол Улсын харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг ком­па­ниуд 2004 оноос хойш Хятадын "Хуавэй", "Зи Ти И" компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд нийт төхөөрөмжийн 80-90 хувьд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг.

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлийн хү­рээнд "Мэдээлэл, холбооны нэгд­сэн сүлжээний өргөтгөл, ши­нэч­лэл" төслийн тендерт Хятадын дөрвөн компани оролцож "Зи Ти И" компани шалгарчээ. Аз болоход уг төслийн зориулалтыг өөрчилж зөвхөн шилэн кабель нийлүүлэх шийдвэр гарсан сурагтай.

АНУ болон бусад улс орнууд Хятадын эдгээр компанийн тоног тө­хөөрөмжийг ашиглахаас тат­галз­вал бид яах вэ. Нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байх уу.

Д.АРИУН

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=23335&vmet_main=8453

пятница, 4 ноября 2011 г.

Хадан дээрх эртний монгол бичээсийг ханзаар дарж сохолжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн тухай мэдээ энд гарчээ.
Ухаж зөөсөөр байгаадаа ханахгүй байгаа энэ хужаа нарыг яанаа. Энэ улсад эзэн байна уу ер нь.


Эх сурвалж: http ://www।mongolnews।mn/i/24602

пятница, 7 января 2011 г.

Еэвэн

Еэвэн гэдэг нь "yue bing" буюу монголчилбол "саран боов" гэсэн үг ажээ. Хятадууд ургацаа хурааж дуусаад намрын дунд сард буюу сарны тооллоор найм дахь сарын шинийн арвантавны тэргэл саранд дүгрэг хэлбэртэй боовоор тахил өргөдөг их эртний уламжлалтай.

Энэ жилийн еэвэн сарын баярыг 9 сарын 22-нд хятад даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Энэ үеэр “сарны туулай”-г билэгдсэн туулайн тоглоом их борложээ. Энэ нь хайртай туулайгаа аваад саранд одсон хатны домогтой холбоотой.

Энэ баяр түүхийн явцад монголчуудтай хэрхэн холбогдож, хятад хүн еэвэн хагалахдаа монголчуудаас эрх чөлөөгөө олж авсанаа тэмдэглэдэг шинэ өнгө аясаар баяжсан тухай цухас сонирхоё.

Бvх Хятадыг нэгтгэн захирсан Юань гүрний үед хятадуудыг дорд үзэн тухайн нийгмийн хамгийн доод давхрагад тооцдог байлаа. XIV зууны дундуур хятадууд бослого хөдөлгөөн их гаргах болж, монголчууд ч хайр найргүй дардаг байж.

Тэд олуулаа цуглаж болохгүй, зэвсэг агсах эрхгүй, ганц хутгыг арван айл дундаа хоолны зориулалтаар хэрэглэдэг байв. Арай л махыг хутгаар бус шүдээрээ ид гэж цааз тогтоогоогүй юм байх. Жад, нум сум болгож магадгүй тул хулс ашиглахыг ч хориглож байв. Чухам энэ үед сүмд зэвсэггүй тулалдах урлагийг хөгжүүлж эхэлсэн биз.

Улаан алчууртны бослогын удирдагчид монголчууд еэвэн иддэггүй болохыг ажиглаж мэдээд, еэвэн дотор монголчуудыг хөнөө гэсэн утгатай бичиг нуугаад тараажээ. Түүнийгээ хаан эзэн түм түм наслаг хэмээн ерөөл өргөж байна гэж эрх баригчдад ойлгуулж, зөвшөөрөл авсан бололтой байдаг. Болзсон цаг ирж босогчид 1368 оны 9 дүгээр сарын 14-нд нэгэн зэрэг хөдөлж монголчуудын ноёрхлыг унагаасан байна.

Эх нутгаа тэмцсэн Тогоонтөмөр хаан харууслын шүлэгтээ:

Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав

Хамаг дайсны дотроо хатгалдаж гарав.... гэж бичсэнийг үзвэл их гүрний түүхийн сан хөмрөг, дэлхий даяараас татварлан хуримтлуулсан алт эрдэнэстэй мантай юм болжээ.

Хэрвээ Их Монгол улсаа Юань гүрэн болгоогүйсэн бол, Их Монгол улс цөмтэй Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгийн улс, Хубилайн улс зэрэг холбооны улсууд зэрэгцэн оршиж байсансан бол дэлхийн түүх өөрөөр эргэх байсан даа. Алтан ургийн хаад эцэг дээдсийн захиасыг дагаж эв нэгдлийг сахисан бол таван мөсний үлгэрээр дийлдэшгүй оршиж, Мин улсыг дор нь унагах байсаан.

Жич: Стеганографын сурах бичигт монголчуудын эсрэг ашигласан еэвэнгийн түүх онцгой жишээ болон дурдагддаг. Хүрсэн үр дүн, хамарсан хүрээгээр нь авч үзвэл еэвэнгийн хажууд Трояны морь бол бяцхан жишээ. Дашрамд сонирхуулахад ийм нэртэй компъютерийн вирус байдгийг бид мэднэ. Хятадууд дуусч өгдөггүй 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийнхээ хэсгийг манай мэдээлэл технологийн салбарт өөрсдийн мэдлээр зарцуулах тулгалт хийгээд байгаа нь бас нэг орчин цагийн "еэвэн" биш байгаа. Дахиад еэвэндүүлчихгүй юмсан.

Удахгүй цагаан сар болно. Зурагтаар еэвэн үнэгүй дагалдана гэх зар элбэгшив. Идэх дуртай ч идээнийхээ дээр еэвэн залдаггүй муйхар зангаа хамгаалж бичлээ.

понедельник, 20 декабря 2010 г.

Нууцыг задруулсан захиа

Б.Ринчен

Нууцыг задруулсан захиа

Монгол улсын арван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун "хэлэх үг элчийн аманд бий" гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.

Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академич Владимирцов хэлдэг байлаа.

Хожим Ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ "захих үг элчийн аманд бий" гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө.

Арван долдугаар зууны үеийн манай ард түмний түүх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн, судлан гүйцээгээгүйн учир "балар үе" гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгүүлбээс ийн буюу:

Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зүүн гар хэмээх монголын хүчин мохож Орхон голын үерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн, говьд манжийн цэрэгт гүйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сүрт автагдан, арга буюу дагасан билээ.

Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гүйцээж эдгээгүй, сэтгэлд түмэн гашуудал зангирсан нь алдраагүй, манж ханы цэрэгт өнгөндөө дагавч, өшөө хорсол хөдий цээжээр дүүрэн байжээ.

Гөлөгдэй баатрын өргөөнөөс өртөө хиртэй газар, манж цэрэг хуарагнаж сүрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжаны луут туг жанжны өргөөний өмнө хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргүүл харуул хамаагүй хүнийг хуарандаа ойртуулдаггүй байлаа.

Сүрийг бадруулагч жанжин Фү гэдэг, бие өндөр туранхай чийрэг өвгөн өглөө бүр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бүрээ үлээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль хийхийг хоньчин хүүхэд холоос сонирхон хардаг байлаа.

Гөлөгдэй баатар, Фү жанжиныд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, өвгөн баатрыг ирэх бүр өргөөнөөсөө гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гөлөгдэй заримдаа өнжин шатар нүүдэг боллоо.

Отог цэргээ удирдсан өвгөн Гөлөгдэй баатар, манжийн сүрийг бадруулагч
Фү жанжинтай гэнэт дотно найртай болж, байн байн манж жанжны өргөөнд айлчлан очдог болсонд, хөгшин залуугүй гайхавч, өвгөн баатар маань арай ч дайсанд зусардамгүй шударга журамт хүн, лав нэг учир бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.

Тэгтэл өвгөн баатар, сүр бадруулагч Фү жанжинг төрсөн өдрийнхөө найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад бэлдүүлжээ.

Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж өвгөд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван, зуун цэргийн даргаас лавлацгаавал "Өвгөн баатрын захиа элчийн үг" гэж зууны дарга битүүлэг инээмсэглэн илүү дутуу үг хэлэхгүй ажээ.
Болзсон өдөр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.

Манж цэрэг туг далбаа барьцгаан, өвч зэвсэглэж, сүрийг бадруулагч Фү жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хүрээлүүлж, Гөлөгдэй баатрын хүрээнд хүрэлцэн ирээд, өвгөн баатар, идэр залуугийн жавхлан бүрдсэн ганц хүүгээ дагуулан, хатантайгаа гарч, хүндэт зочинг холоос угтав.

Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар өвгөн баатрыг ёслон, арван ханатай, улаан халзан хөлтрөгтэй өргөөнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бүрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн баатрын хүрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов.

Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фү жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгоож, удалгүй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо.
Гөлөгдэй баатрын өргөөнөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраастай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг Фү жанжны хамт ирэхийг хүлээжээ.

Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчүүд хундага барихад өргөх хуримын ая гүйцээгээд, зочныг хүндэтгэн сархад сөгнөж байсан, өвгөн баатрыг ганц хүү, нүдэндээ галтай нүүртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дүүргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, Фү жанжин нүд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хүлж орхив.


-Көк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хүлээд, том гэрт чив чимээгүй болж, гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний уухилах нь сонсдох ажээ.

Фү жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. Фү жанжин инээмсэглэн, хүлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдэй, Шуну, өвгөн баатрын хатан охидын зүг хандаж,
-Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгүй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгүй байлаа. Гагцхүү Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ.


Хараат тугаа сачану би

Хар бухын арьсаар бүрсэн

Бүрхсэн бүхүй дуут хэнгэргээ

Бүгдийн дунд дэлдүүлнэ би

Харь манж цэргийг тэр дохиогоор

Хавчин хядаж хуримлана бид

Урт хараат тугаа сачуна би

Үхрийн хараат тугаа сачуна би

Үй олны дунд дэлдүүлнэ би

Өстэй манж цэргийг тэр дохиогоор

Өрлөн хядаж хуримлая бид

гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хүргэж билээ. Төрсөн өдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирүүлж, сархадаар согтоон хүйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад, хүйтнээр инээмсэглэн цагаас өмнө сэжиг үл авахуулахын учир энэ бичгииг үлдээн, үсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид өгч явуулсан билээ гэхэд Гөлөгдэй баатрын хүрэн царай барайж, Шунын зүг харав. Шуну түмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхүү шүүрс алдав.

Манж жанжныг дохимогц, баатар нь Гөлөгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад,

-Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бүгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн түрүүнд гэр хотлоороо алуулна гээд, Гөлөгдэй баатрын хатан, охид хүүхдийн амны таглааг суга татаад, хатны хүлээстэй гар чинэрснийг ажиглан хүлээсий нь тайлжээ.

Өвгөн баатар, хүүгийн өөдөөс хараад гунихарсан сул дуугаар:
-Хүү минь, яав даа чи, дайн хөл ихтийн цаг, элчдээ итгэхгүй бичиг захидалд юунд итгэв дээ чи.

Шуну эцгийн өөдөөс харж чадалгүй толгойгоо дотогш даран:

-Миний түмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгүй гэж шивнэн хэллээ.

Гөлөгдэй баатрын өргөөнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг Өвгөн баатрын ойр шадар хүний гэрт орж, нумны хөвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хүнийг ална, гэрээс гарсан хүн амь алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бүслэн тэнд байсан хүнийг сууцгаа, босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хүрээлжээ.

Yл мэдэх манж түшмэлийн үг, чимээгүй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравны, зуутын сэлэм хурааж авахад өндөр биетэй, өргөн цээжтэй, урт соёо сахалт нэг өвгөн мянгатан,
-Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есөн үеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг үзлээ гээд жийжүү мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн аравны даргад өглөө.
-Закаанд илүү үг үгүй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа суга татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шүүрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж, агшин зуур хэдэн хүнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шүүрч сумаа булцуунд нь хүртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.

Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга,
-Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ.


Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугаар
-Чонос Гөлөгдэй баатар, сүр бадруулагч жанжин Фү, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сүлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хүлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зүг довтлон одов.

-Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.

Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан, олон хүний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хүн цг цг гэж гашуудан шагширч, зарим хүн гашуунаа шүүрс алдав.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж,
-Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийгн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.

Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зүүн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сөгдөх билээ. Эр хүн гэрт төрөөд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр үхэхэд гомдолгүй хэрэг. Харийн халдан түрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас үл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас өчүүхэн ч үл зовно. Гуйх үг амнаас гарах нь түмэн бэрх боловч үхлийн өмнө үг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хүү Шуну баатрын амь хэлтрүүлмуу гээд өвгөн Гөлөгдэй баатар Фү жанжны өөдөөс хариу юу хэлэхийг ширтэн хүлээв.

-Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгүй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь төрүүлэхээс биш санаагий нь төрүүлэх ёсгүй. Зоосны нүхээр сүвлэж хэрчин тамлах битгий хэл, хүний ухаан хүрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илүү ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дүү нарын амийг хэлтрүүл гэж Шуну, манж жанжны зүг мэхийн хэлэв.

-Төрсөн ганц хүүгийнхээ мууг үзсэнээс түрүүлж би үхье, үр хүүхдийнхээ мууг бүү үзье. Эх хүн гэж байхгүй бол энэ ертөнцөд хүү хаанаас төрөх вэ. Гэнэн болгоомгүй өсгөсөн нь эх миний л мянган буруу. Yр хүүхдийн минь оронд зоосны нүхээр намайг л сүвэлж цаазал, үр хүүхдий минь өршөө. хөөрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа үзэж амжаагүй яваа юм шүү гэж Гөлөгдэй хатан уярангүй дуугаар хэлэв.


-Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэн хэсэг дуу чимээгүй байснаа,
-Эр хүн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. Улс төрийн хүнд ял хэлтрүүлж үл болно. Гагцхүү Гөлөгдэй баатрын өвгөд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хүссэн ёсоор Шунын амийг хэлтрүүлье. Шуну, чи эцэг эх, дүү нарын толгойг өөрийн гараар авбал тэнгэрийн хишиг хүртэж эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэх ялыг өөрчлөхөөр барахгүй чамайг амьд үлдээж, Чонос Гөлөгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд үлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав.

-Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хүүдээ энхрийлэн зоригжуулж хэлэв.

-Би та нарын түрүүнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
-Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хүн, энэ ертөнцөд байдаггүй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг үрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар үл хүрэхийг цэрэг олны өмнө амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж,
-Эртний бичгийн ёс алдсанаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгүй нь гэж Шуну хэлэхэд,
-Yрийн сэтгэлээр төрүүлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол үхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зориг хатамжил. Энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахадсаар үхнэ гэж эх нь хэлэв.

Аав ээжийн алтан сургаалыг өгүүлшгүй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зүрх алдан байж хэлээд манж жанжны зүг эргэж "би бэлэн" гэж сэтгэл хатуужиж хэлсэнд:

- Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтүгэй. Цаазын газар хүргэхэд жүй нь та нарын гарыг хүлвээс зохих бүлгээ. Зоригт баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гээд гарахад нь үүдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг үлдэн, сүрийг бадруулагч жанжин фү, найрын талбайд шадар цэргээр хүрээлүүлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.

Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад фү жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хүртээн, хүү Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сүрт тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хүүгийнхаа амь хэлтрүүлэхийг хүсэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүлэ эеэ тогтоож, Шуну хүү, эцэг эх дүү нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав.
- Тэгтэл, өргөөний зүгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар, хатан хоёр бага охины хамт хүрч ирсэн, асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бүрээ татаж, нам гүм болсон олон хүний нүд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хүний зүг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав. Олон мянган хүний хөндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчүүд ханцуйгаараа нүүрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ.


Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл үл түвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь үзээд,
-Харьтанд муугаа бүү үзүүл. Хатуужин, түргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.

Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгүй биеийг нэг хараад , хатан хүзүү сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.

Шунын дүү, үг дуугүй нарийхан хүүхэд хүзүүгээ сунгаж, хонгор үстэй толгой нь бага дүүгийн хормойн өмнө нүдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нүд цавчилгүй харан, хүзүүгээ сунгаад, хүүхэд хонгор хоолойгоор,
-Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энүүгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй хэмээн гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргүй байгаа олонд тов тод сонсдон, зүрхийг шөвгөөр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бүрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бүтэн айл байсан бага үдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвгөд эмгэд, хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий.

Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бүлгээр явахад нь хядан устгаж, сүрийг бадруулагч Фү жанжин ч гадагш гарах бүр, хамгаалах баатар цэрэггүй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан, толгойгий нь хүргэж ирсэн хүнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангүй, өдөр бүрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс Бээжингээс хүлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн үг сонссоноо энд чадан ядан эвлүүлэн бичлээ.

Эх сурвалж: http://crypto.mn/

пятница, 13 февраля 2009 г.

Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун.

Жалханз хутагт С.Дамдинбазар жанч халсны дараа орон гарсан Ерөнхий сайдын суудалд суух боломжтой хэдхэн хүний нэг нь С.Данзан байсан нь нууц биш юмаа. Нийгмийн хөгжлийн төлөвийн асуудлаар С.Данзан “иргэн баян – улс баян” зарчмыг баримталж, Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан бөгөөд Хятад-Зөвлөлтийн 1924 оны хэлэлцээрийг эрс эсэргүүцэн төр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв.
Тэрбээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинотой илтэд сөргөлдөж, засгийн эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл МАН-ын III хуралд дээр туйлдаа хүрсэн билээ. Э.Ринчино нар коммунист залуучуудын эвлэлийг өдөөн турхирах арга хэрэглэн, хурлын бүрэн эрхийг булаан авч 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан, Баваасан нарыг баривчлан, мөрдөн байцаалт явуулалгүйгээр буудан хороожээ. 68 жилийн дараа С. Данзангийн нэр төрийг Монгол Улсын Дээд Шүүх цагаатгажээ.* Солийн Данзангийн эсрэг бэлтгэсэн хуйвалдааныг сэрэмжлэн зайлуулах гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хүчин зүтгэл талаар болж түүнийг хэрхэн гүтгэж хэлмэгдүүлсэн тухай, 1924 онд хуралдсан МАН-ын III их хурлын явцыг та сайн мэдэх байх.

Тус их хурал дээр "... Монголын бүдүүлэг ардууд оросуудын буруу ч байсан таг чимээгүй байя гэж байсан удаа бий... Би Зөвлөлт улстай найрамдалтай байхыг хэзээ ч татгалзахгүй, харин бялдуучилсан байдал гаргаж хэрэггүй".... гэж өөрийн байр суурийг илэрхийлж байв.

"....комиссын тогтоолыг шөнө нь гүйцэтгээд маргааш нь 31-ний өдөр их хурлын хуралдаанд оруулж батлуулах гэхэд ийм хэрэг болно гэдгийг төсөөлөөгүй байсан ихэнх төлөөлөгчид хирдхийн цочиж, хэрэг явдал ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй явсанаа илэрхийлжээ.
Хөдөөний нэгэн төлөөлөгч "Болчимгүйтэж хоюулангий нь алчихсан хойно биднээр батлуулах хэрэг байна уу? хэмээж, эвлэлийн гишүүн Бадрах "Залуучуудын эвлэлийн гишүүн бид ийм том хэрэг болох юм гэж бодсонгүй. Зөвхөн өөрсдийн толгойлох хүмүүсийг албан тушаалаас нь огцруулахыг хүссэн юм" гэж дургүйцэж, хурлын төлөөлөгчид бүрэн эрхтэй комиссын шийдвэрийг бид батлахгүй гэжээ. Хурлын төлөөлөгчид тогтоолыг батлахаас татгалзмагц Зөвлөлтийн элчин сайд А.Н.Васильев уг тогтоолыг батлуулахаар төлөөлөгчдийг ятган ухуулж "Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засаж залруулан дэг журмыг сахиуллаа... Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Ийм явдал ганц Монголд болсон юм биш Орос оронд ч гарч байсан. Та нар их зөв юм хийлээ. Бид цөмөөр цус асгаруулахыг боддоггүй улс гэвч олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол ЗСБНХУ хоёрын холбоо хэлхээг биелүүлэхээр дөхөм болж ач тусаа үзүүлэх болно. Та нарын гаргасан шийдвэр бол аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн" гэж хэлсэн нь Элбэгдорж Ренчино Зөвлөлтийн дээд удирдлагын заавраар Данзанг хороох ажлыг зохион байгуулж, энэ ажиллагаанд элчин төлөөлөгч нь хүртэл биечлэн оролцжээ гэдгийг баталж байна"**

Зам тээврийн хятад пүүсэнд хувь нийлүүлэгчээр элссэн гэдэг нь түүний хийсэн ажлын зорилгыг буруугаар тайлбарласан хэрэг бөгөөд одоо болтол залруулга хийгдэхгүй байгаа юм.

Эх сурвалж:
* -Баабарпедиагаас
** - ...