пятница, 17 апреля 2009 г.

Grapefruit, мөнүү?


Энэ жимс манайд байдаг юм байна. Харин монголоор юу гэж нэрлэдэг юм бол? Ханборгоцой гэдэг шиг сайхан нэр бодоод олчих чөмөгтэй аавын хүү ээжийн охин байна уу?

среда, 15 апреля 2009 г.

Бодлого

Өндгийг 15 минут чанаж болгох ёстой. Гэтэл 11 минутын бас 7 минутын 2 элсэн цаг байдаг. Яах вэ?

среда, 8 апреля 2009 г.

Элгээ хайрлая

"Гэрэлт цалиг" сониноос

Д.Батсуурь:

Элэг эрүүл бол бусад бүх эрхтэн эрүүл байна гэж үздэг юм билээ

Ярилцсан А.Амарсайхан

Элэг цэвэрлэх арга манайд нэлээд түгээмэл дэлгэрчээ. Энэ эмчилгээг хийх сонирхолтой хүмүүс ч их болж. Бид элгээ цэвэрлэж үзсэн хүнтэй биечлэн ярилцвал уншигчдад сонин байх гэсний үндсэн дээр http://arslans.blogspot.com/ -ыг хөтлөгч Д.Батсуурьтай уулзсан юм.

-Анх энэ арга хэрхэн яаж Монголд дэлгэрсэн байдаг вэ?

-1998 оны үеэс хүмүүс элгээ угааж эхэлсэн. Д.Цагаадай багш анх энэхүү элэг угаах техник нь аюулгүй, эрүүл мэндэд тустай болохыг хүмүүст ухуулж таниулж дэлгэрүүлсэн гэдэг. Ингээд л хүмүүс элгээ угааж, эрүүл мэндэд ашиг тусаа үнэхээр өгдөг болохыг нь мэдээд, хоорондоо мэдээллээ солилцож, цаашаа улам олон хүмүүст дэлгэрсэн байдаг.

-Таны блогоос дээр дурьдсан хүний нэрийг олж мэдсэн. Энэ хүний тухай ярьж өгөөч?

-Орос улсад сургууль төгссөн, сүүлд нь Энэтхэгт уламжлалт анагаах ухааны чиглэлээр доктор хамгаалсан хүн. Каратэгийн мастер. Бие хамгаалах урлагаар хичээллээд, нилээд гүнзгий судлаад ирэхээр ерөнхийдөө гүн ухаан тал руу их орчихдог. Бясалгал, хий тамирын чиглэлд өөрийгөө их хөгжүүлсэн, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж олон хүнийг эдгээсэн хүн бий.

-Таны хувьд яагаад элгээ цэвэрлэх санаа төрсөн бэ?

-Манай эгч гурван жилийн өмнө анх элгээ цэвэрлэсэн. Тэгээд л ямар муухай зүйл элэгнээс гардаг, энэ эрхтэн ямар их бохирдсон байдгийг мэдээд элгээ угаая гэж бодсон. Эгчийг анх элгээ угаахад хумсны толионы хэмжээтэй билирубиний чулуу гэж нэрлэгддэг зүйл гарч ирсэн. Арай чулуужаагүй өтгөрчихсөн зүйл гэсэн үг. Манайд энэ арга их дэлгэрч байна л даа. Саяхан Сэлэнгэд тавин хүн нэгэн зэрэг Д.Цагаадай багшийн аргачлалын дагуу бясалгалтай хамсруулан элгээ цэвэрлэсэн байна билээ.

-Таны бичсэн хуваарь дээр цагаан хоол иднэ гэсэн байсан. Яг ямар хоол иддэг вэ? Тусгай жор горим бий юу?

-Яг цагаан хоолтны баримталдаг нарийн дэглэм биш. Ногоо төмс, салат л идэж байсан даа. Өндөг, шувууны мах, загас идэж болно. Улаан мах идэхгүйгээр гэж яриад байгаа юм л даа.

-Элгээ цэвэрлэх явцад сөрөг нөлөөлөл, анхаарах зүйл юу байх вэ?

-Мацаг барих шатанд сөрөг зүйл анзаарагддаг юм билээ. Түүнийг л даваад туулчих хэрэгтэй. Даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, бие суларч мэдрэгдэх байдал ажиглагдсан. Надаас мэдээлэл аваад, элгээ цэвэрлэсэн блог хөтлөгч Заяагийн хувьд мацаг барьсан гурав дахь өдрөө нилээд их сульдсан гэсэн. Утасдаад яах вэ гэж асуусан. Ард Аюушийн хэлдэг шиг “зодуур дуусч байна гэж бод” гэлээ. Тэгээд тэр цагаа хүргээд цэвэрлэгээгээ хийсэн л дээ. Бидэнтэй хамт 70 хүрсэн эмэгтэй энэ бүхнийг зүгээр даваад гарсан. Тэгэхээр айх зүйл биш юм билээ.

-Тэгэхээр та бас олон хүнтэй хамтарч элгээ цэвэрлэсэн гэсэн үг үү?

-Гадаадад байдаг найзууд маань хамт элгээ цэвэрлэсэн. Байнга хоорондоо холбоотой байж, мэдээлэл солилцож байсан. Элгээ хайрлая эх дэлхийгээ хайрлая гэдэг уриан дор нэгдсэн. Нэг найз маань бүсгүйчүүд гоо сайхнаа тордохын тулд арьсаа арчлах зэргээр зөвхөн гаднаасаа анхаараад байна. Бас дотроосоо анхаарч болох юм байна гэдгийг хэлээрэй гэж дамжуулсан. Учир юу гэвэл элэг цэвэрлэсний дараа царай зүс шингэрээд, мэдэгдэхүйц цагаан болсон. Бас нүдний цагаан их тод болчихлоо. Энэ нь бүх хүнд мэдрэгдсэн юм шүү.

-Гурав хоног юм идэхгүй гэхээр миний санаанд багтахгүй юм.

-Бургуй тавиад бүх ходоодоо цэвэрлэчихээр өлсөх мэдрэмж арилчихдаг юм билээ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш их энерги зарцуулагддаг гэдэг. Хөдөлгөөн шаардлагагүй болчихоор энергийн илүүдэл гарч өлсөх мэдрэмж багасдаг юм болов уу. Эхний өдөр хүнд. Хоёр дахь өдрөөсөө бие хөнгөрөөд ирдэг. Гурав дахь өдөр зүв зүгээр байсан.

-Хэдэн насны хүн элгээ цэвэрлэ гэж бичсэн байдаг вэ?

-30-40 настай хүн элгээ цэвэрлэ гэдэг юм билээ. Энэ насанд элэгний 50 хувь янз бүрийн тунадас шлактай болчихсон байна гэсэн үг. Нэг удаа 25 настай залуу бүсгүйгээс 150 чулуу гарч байсан гэж бичсэн байсан.

-Цэвэрлэгээгээр яг юу гарч ирдэг вэ?

-Гарч байгаа юм үнэхээр заваан. Санаанд оромгүй тас хар зунгаг гарсан. Шүүж үзэхэд чулуу гарч ирсэн.

-Элэг цэвэрлэхийг хүн болгон хийгээд байх зүйл мөн үү?

-Ер нь бидний амьсгалж буй агаар ч, хоол хүнс ч бохир байгаа. Усаар дамжаад янз бүрийн биетүүд орж ирж байгаа. Тэр бүхэн элгээр шүүгдэж байгаа. Усны савны ёроол байнга тундастай байдаг шиг элэг бол байнга бохирдож байдаг. Тийм учраас цэвэрлэх нь хэрэгтэй гэдэг юм билээ. Ер нь ямарваа дотоод эрхтэн өвчлөхдөө заавал элэгтэй холбоотойгоор өвддөг гэдэг. Элэг эрүүл бол бусад бүх эрхтэн эрүүл байна гэж үздэг юм билээ.


Элэг "химийн үйлдвэр" юм биш үү

Энэ үйлдвэрт заримдаа их цэвэрлэгээ хийх шаардлага гардаг.


Элэг цэвэрлэхэд хамтран оролцсон анд нартаа талархлаа илэрхийлье.