четверг, 29 ноября 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 1

Надад Луйза Л.Хэйгийн бараг бүх ажил бий. Олон ч жил дарлаа даа. Түүний номыг уншихад их сонин санагддаг. Дээр "Үг" хэмээх нэг бичлэгтээ жаахан орчуулж оруулсаныг та санаж байгаа байх. Ц.Одонтуяа бүсгүй “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” номыг нь олж уншаад сэтгэл нь хөдлөн “ийм сайхан бал бурамтай умдааг хүмүүстэй хуваалцана” гээд өөрөөс нь зөвшөөрөл авч орчуулан олон түмэндээ хүргэсээр 3 жил өнгөрчээ. Би ч бас Ц.Одонтуяа бүсгүйд талархан, найз нөхөддөө хэрэг болуужин гээд түүний орчуулгаас цувралаар гаргахаар шийдлээ. Энэ номыг дуусахаар, эсвэл дундуур нь бусад бүтээлүүдээс нь орчуулан тавих болно.

Уншигч Та бүхэнд өгөх миний санал
Би өөрийнхөө мэддэг зүйлээ уншигч та нартайгаа хуваалцах, та бүхэнд зааж сургахын тулд энэ номыг бичсэн юм.
Миний бичсэн “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” гэдэг энэ жижигхэн ном бидний биеийг өвчлүүлдэг шалтгаан болдог сэтгэлийн буюу сэтгэцийн тухай өгүүлсэн ба хамгийн их уншигчтай ном гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Миний уншигчид намайг өөрийн мэддэг бүхнээсээ илүү ихийг хуваалцаач гэж хүссэн мянга мянган захидал надад илгээдэг. Миний лекцийг сонссон, миний ярилцлагад оролцсон, миний үйлчлүүлэгчид Бүгдээрээ л намайг энэ номыг бичихэд цаг зав гаргаач гэж хүсэж байсан. Тиймээс би энэ номыг, яг л таны миний лекцэд сууж, надтай ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр бичихийг хичээлээ.
Та миний номонд өгүүлсний дагуу, энд байгаа дасгалуудыг дарааллын дагуу үргэлжлүүлэн хийсээр, энэ номыг уншиж дуусгах юм бол, тэр үед таны амьдрал өөрчлөгдөөд эхэлчихсэн байх болно. Эхлээд та энэ номыг нэг удаа, анхааралтай уншиж дуусгаад, дараа нь дахин дахин тогтож уншихдаа дасгалуудаа хийгээрэй. Тэр дасгалуудыг хийх цаг зав заавал гаргаарай. Хэрэв боломжтой бол дасгалаа найзтайгаа, эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт хийхийг хичээгээрэй.
Бүлэг бүхэн өөрийн хэллэг, билэг дэмбэрэлтэй үгсээр эхэлж байгаа. Тэд бүгдээрээ таны амьдралд сайнаар нөлөөлнө. Нэг бүлгийг уншихад хоёроос гурван өдөр зарцуулаарай. Тэгээд бүлгийн эхэнд байгаа өөдрөг хэллэгүүдийг дахин дахин бичиж, дахин дахин хэлээрэй.
Бүлэг бүрийн төгсгөлд эмчилгээний “жор” байгаа. Энэ нь таны ухамсрыг өөрчлөхөд чиглэгдсэн эерэг санаануудын урсгал юм. Энэ эмчилгээнүүдийг өдөрт хэд хэдэн удаа давтан уншаарай.
Номын төгсгөлд би та бүхэндээ өөрийн түүхээс хуваалцах болно. Үүнийг уншсанаар та бид хаанаас ч ирсэн ямар ч байдалд орсон бай, амьдарлаа эерэгээр өөрчилж болдог юм гэдгийг ойлгох болно.
Бас таныг номоо уншиж дасгалаа хийж байхад миний бодол санаа, миний дэмжлэг тантай хамт байх болно гэдгийг санаарай.
Луйза Хэй

Миний философийн зарчмууд

  • Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрсдөө л хүлээх ёстой.
  • Бидний бодол болгон бидний ирээдүйг бий болгодог.
  • Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
  • Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
  • Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
  • Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
  • Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
  • Хэрвээ бид өөрсдөө өөрсдийгөө хайрлаж чадах юм бол бидний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
  • Бид өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
  • Бид өөрсдийгөө хайрлаж сурахад бэлэн байх ёстой.
  • Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
  • Бид өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрсдөө л бий болгодог.
  • Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
  • Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно.
  • Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
  • Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
  • Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
  • Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
  • Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
  • Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
  • Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

Нэгдүгээр бүлэг

Би юунд итгэдэг вэ?

“Мэдлэг, ухаанд хөтлөх хаалга үргэлж нээлттэй байдаг”

Амьдрал гэдэг үнэхээр энгийн. Бид юу өгнө, түүнийгээ л авна. Энэ бол амьдрал.

Өөрсдийнхөө тухай боддог бодол маань бидний хувьд үнэн болдог.
Биний амьдралд тохиолдож буй сайн, муу бүх зүйл бидний л хариуцлага гэдэгт би итгэдэг.

Бидний бодож буй бодол бүхэн бидний ирээдүйг авчирдаг. Бид өөрсийн бодол, мэдрэхүйгээрээ туршлага хуримтлуулдаг. Бодол, яриа маань л бидний туршлагыг бүтээдэг.

Бид нөхцөл байдлыг өөрсдөө бий болгодог. Тэгээд болохгүй бүтэхгүй зүйл гармагц бусдыг зэмлэж буруутгахад хүчээ зарцуулдаг.
Биднээс илүү хүчтэй ямар ч хүн, орон зай, юмс энд байхгүй. Бид л бодож сэтгэж чадна.

Бид оюун санаандаа эв нэгдэл, зохирол зохицол, тэнцвэрийг олж олж чадах юм бол бид амьдралдаа тэр их хүчийг мэдрэх болно. Доорх үгсийн аль нь танд тохирох бол?
- Хүмүүс бүгд өөдгүй эсвэл
- Тэд үргэлж надад тусалдаг
Энэ хоёр итгэл тэс өөр амьдралыг бий болгодог. Өөрөөр хэлбэл бид юу гэж итгэнэ, бидний амьдрал тийм л болно гэсэн үг.

Бид юунд итгэж, юу гэж бодож байна Ертөнц түүний хүлээж авч, түүнийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний далд ухамсар бидний бодож итгэсэн болгоныг тэр чигээр нь хүлээж авдаг гэсэн үг юм. Тэгэхээр өөрийнхөө тухай болон амьдралын тухай юу гэж бодож, итгэнэ та ч тийм, таны амьдрал ч тийм л болж хувирна.

Харин бидний бодолд хязгааргүй сонголт бий. Үүнийг мэдэж байвал бүх хүмүүс өөдгүй амьтад гэхээс илүү, бүх зүйл ач тустай гэсэн бодол танд эерэг үр дүн авчирна гэдэгт итгэх хэрэгтэй.

Хорвоо ертөнцийн хүч биднийг хэзээ ч шүүж, шүүмжилдэггүй. Харин биднийг тэр чигээр нь хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл тэр хүч бидний бодол итгэлийг засаж, залруулахгүйгээр, бид юу гэж бодож, итгэнэ түүнийг шууд, тэр чигээр нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

Хэрэв: -Би ганцаардаж байна, хүмүүс намайг хайрлахгүй, хайхрахгүй байна гэж бодвол миний амьдрал тийм л болж хувирна. Харин би: -Миний эргэн тойронд хаа сайгүй хайр байна, намайг хүмүүс хайрлаж, би тэдний хайрыг татаж байна гэж бодож, итгэж энэ үгийг дахин дахин хэлж чадвал энэ нь үнэн бодит зүйл болж биелэнэ. Өөрөөр хэлбэл ингэснээр таныг хайрлаж байсан хүмүүс танд улам ч их хайртай болж, бас өөр олон сайхан хүмүүс таныг хүрээлж, таныг хайрлах болно. Ингэснээр та тэдгээр хүмүүст улам сайхан хандаж байгаагаа мэдэрнэ.

Бидний ихэнх нь өөрсдийгөө их тэнэг гэж боддог ба яаж амьдрах ёстой талаар хэтэрхий олон, хатуу чанга дүрмүүдийг бий болгодог.

Бид тухайн мөчид, ямар нэг зүйлийг хамгийн зөв гэж бодсоноороо, өөрсдийнхөө боломжоор, чадлынхаа хэрээр хийж байсныгаа эсвэл хийж байгаагаа буруутгах ёсгүй. Хэрэв бид тухайн үед илүү ихийг мэддэг, чаддаг, боломжтой л байсан бол илүү сайнаар л хийх байсан шүү дээ. Тиймээс байгаа байдлаа үгүйсгэж, өөрийгөө чамлаж, буруушаана гэдэг огт хэрэггүй зүйл.

Ер нь та миний бичсэн энэ номыг уншиж байна гэдэг чинь өөрчлөгдөхийг хүсэж, өөрчлөгдөхөд бэлэн байна гэсэн үг. Үүнийгээ өөрөөсөө асуу, өөртөө сануул. “Эр хүн уйлдаггүй”, “Эм хүний үс урт, ухаан богино”. Аая яа яа. Амьдралыг ямар их хязгаарласан, ямар хатуу дүрэм гээч вэ?
Бид багаасаа л эргэн тойрондоо байгаа томчуудын хандлагаас өөрсдийнхөө тухай сэтгэгдлээ олж авч, түүнд нь итгэж үнэмшсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийнхөө талаар юу гэж бодож, юу гэж итгэхээ сонгож ирсэн арга зам юм.
Хэрэв таны эргэн тойронд аз жаргалгүй, айдас хүйдэстэй, уур, уцаартай хүмүүс байсан бол та амьдралыг мөн тийм л бүрхэг харанхуйгаар төсөөлж, өөрийгөө ч тийм гэж итгэхэд хүрнэ. “Би дандаа л буруу зүйл хийдэг”, “Энэ миний буруу”, “Би уурлахаараа ёстой аймаар болдог” гэсэн үглэл ийм итгэлийг бий болгож, таны амьдрал ч бас тийм л болно.
Бид өсөж том болоод ч тэр л өссөн дассан орчин, гэрийнхээ хуучин уур амьсгалыг дахиж бүрдүүлэх хандлагатай байдаг. Энэ нь сайн ч биш, муу ч биш, зөв ч биш, буруу ч биш зөвхөн ”Гэр гэдэг ийм байх ёстой” гэсэн дотоод итгэлийн нөлөө юм.
Бас бид ээж аавтайгаа хэрхэн харьцдаг, ээж аав хоорондоо яаж харьцдаг байсан тэр хэв маягийг өөрсдийнхөө амьдралд дахин бий болгох хандлагатай байдаг.
Таны хайрт чинь, дарга чинь яг аав шиг чинь байдаг уу?
Эцэг эх маань биднийг яаж шаарддаг байсан, тийм шаардлагыг бид өөрсөддөө тавьдаг. Бид яг л тэдэн шиг аргаар өөрсдийгөө шийтгэдэг, зэмлэдэг. Магтаж урамшуулахдаа ч мөн адил. Хэлдэг үгийг нь ч бас. “Чи хэзээ ч зөв юм хийхгүй юм”, ”Энэ бол чиний буруу” гэдэг үгсийг та хэр олон удаа өөртөө хэлдэг вэ? “Чи бол гайхалтай”, “Би чамд хайртай” гэдэг үгсийг бас хэр олон удаа хэлдэг вэ? Гэхдээ би энэ бүгдийг эцэг эхийг тань зэмлэх гэж хэлээгүй.
Бид бүгдээрээ л хохирогчийн хохирогч, тэд мэдэхгүй байсан болохоор л бидэнд зааж өгч чадаагүй биз. Таны аав ээж өөрийгөө яаж хайрлахыг мэдэхгүй бол өөрийгөө яаж хайрлахыг танд зөөж өгөх боломжгүй шүү дээ. Тэд хүүхэд байхаасаа сурсан зүйлээ, өөрсдийн мэддэг чаддагаараа л бүхнийг хийж байсан. Хэрэв та эцэг эхээ илүү сайн ойлгохыг хүсвэл тэдний бага насных нь тухай яриулаарай. Та тэднийг анхааралтай сонсох юм бол айдас, болгоомжлол хаанаас төрдгийг мэдэж болно.

Үргэлжлэл бий.

14 комментариев:

Ганаа_бж комментирует...

За ёстой хүсэн хүлээсэн сайхан сэдвээр бичээд эхэллээ дээ. Энэ номыг чинь ер уншиж байгаагүй юм байна. Нээрээ л тийм дээ гэж бодогдохоор их сайхан бичсэн ном юмаа. Ийм хэрэгтэй зүйлийг бидэндээ цаг зав гарган хүргэж байгаа Арсундаа баярлалаа. Үг өгүүлбэр, мөр бүхэн нь юм бодогдуулсан, хэн бүхэнд хэрэг болохоор их чухал ном юм гэж би хувьдаа дүгнэж байна. Нэн ялангуяа одооных шиг бүх юмыг уруу доройгоор хардаг болсон цагт олон хүний санаа бодлыг өөрчилж чадах болов уу гэж бодож байна.

Миний эргэн тойронд хаа сайгүй хайр байна, намайг хүмүүс хайрлаж, би тэдний хайрыг татаж байна гэж бодож, итгэж, энэ үгийг дахин дахин хэлж чадвал энэ нь үнэн бодит зүйл болж биелнэ гэж хэлсэн нь хамгаас илүү таалагдаж, дэвтэртээ буулгаж авлаа. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээх болно шүү. Бичээд байгаарай.

gegeen комментирует...

sonirholtoi yum baina.

ZAYA комментирует...

Анх "Үг" бичлэгийг оруулснаас хойш танай бичлэг улам сонирхолтой болоод байна. Бичээд байгаарай. "Сайн санааны үзүүрт шар тос" гэдэг дэмий ч үг биш ажээ. Үнэхээр сайнаар санах тусам сэтгэл уужирч, тайван уур амьсгал бүрдэнэ шүү дээ нээрээ.

Арсун комментирует...

Ганаа: Иймэрхvv юм бичээд эхлэхээр хүн тоож уншихгvй болчихвий гэж заримдаа бодох. За яадаг юм, ганцхан уншигчтай байсанч бичнээ Ганаа. /Чи шvv/ хэхэ. Луйза Хэй яагаад надад тэгж их таалагдаад тvvнийг цуглуулснаа мэдэхгvй. Номыг нь олж аваагvй хүн эндээс хараасай гэж бодно.

Гэгээн: Манайхаар зочилсонд баярлалаа. Цаг алахгvйг хичээнээ.

Заяа: Би Мял богд, Елена Петровна, Луйза Хэй, Ошо, Пучко, Малахов, Профирий Иванов нараас нэлээн бичнэ гэсэн бодолтой байгаа. Нэг л ойлгомжгvй, ямар нэг юм хайгаад байгаа ч юм шиг, заримдаа өөрийгөө гайхдагаа. Завсар чөлөөгөөр нь Бийрбалдаад л явж байя даа хөө. Нэг ч гэсэн хүн уншвал баярлалгvй яахав. Ингэхэд би Ц.Одонтуяагаас зөвшөөрөл аваагvй юм байна шvv.

Ганаа_бж комментирует...

Зөндөө олон хүн уншиж байгаа. Зарим нь коммент үлдээх завгүй ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар л чамд мэдэгдэхгүй л байгаа болохоос.
Ямар ч байсан шантрахгүй бичээд байгаарай. Энэ бол их зөв, сайхан сэдэв шүү.

Жаагий комментирует...

Ерөөсөө амьдралд байнга л болж байдаг хүмүүс бидний сайн мэдэх хэрнээ үл анзаардаг цаашид анхаарууштай зүйлүүд байна. Энгийн юм шиг хэрнээ их хэрэгтэй санаанууд байна. Цааш нь бичээрэй :-).

ZAYA комментирует...

Үнэхээр сайхан санаа байна шүү.Елена Петровнаг бол бага сага сонсож байсан. Ямар сайн юм бэ? Бичээд байгаарай. Луйза Хэй ч гэсэн энгийн хэллэгээр сайхан бичдэг юм байна. Арсун маань харин сайхан орчуулах юмаа. Орчуулгын ажилд чинь амжилт хүсье.

Б.Эрдэнэболор комментирует...

Нэг саналаа хэлье. Би Арсун гэдэг хүний бодол санааг сонжиж, хэлэх үгийг нь сонсох /унших/ санаатай таны блогоор зочилдог. Сүүлийн үед харамсалтай нь хуулбар материал олшроод, таны өөрийн бичлэг ховордох болжээ. Гэхдээ энэ нь зарим хүмүүст, жишээ нь дээр сэтгэгдэл бичсэн хүмүүст таалагддаг бололтой юм. Цаашид эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураалгүйгээр хуулбар, өөрийнхөө оригиналь бичлэг аль алийг нь оруулж байх болно гэж найдаж байна.

Арсун комментирует...

Ганаа: Аргадуулав.

Жаагий: Энэ хvнийг ихэд хvндэлцгээдэг, зарим оронд гэгээнтэн гэх шахдаг гэсэн. Залхуу хүрэхгvй бол шивнээ гсн.

Заяа: Энэ чинь би орчуулаагvймаа, Ц.Одонтуяад таларх. Гэхдээ зарим ажлаас нь орчуулнаа. Баярлалаа.

Б.Эрдэнэболор: Залуухан докторт дахин баяр хvргэе. Шvvмжлэлийг хvлээн авлаа. Гэхдээ мэддэг орос хэл дуусчихгээд тэвдээд байгааг харж байна уу.
Нэг онигоо ярих уу. Бидний 5 хүн Мюнхенд сургалтад сууж байв. Бидэнд зориулан орос хэлээр сургалт явагдсан юм. Өдөр, хооллоод сууцгааж байтал гаднаас хэн нэг нь ирэх дуулдав. Аа доктор тэр ирлээ гэтэл бие нь эвгvйрхээд эмч дуудсан байсан манай нэг казак "оо vзvvлнээ" гээд шууд босч давхиад бөөн инээдэм болж билээ. Эмч гээд бодчихгvй юу. Бид нар нэг хэсэг инээлдээд, германуудад орчуулаад өгтөл тэд нар нэг хэсэг инээлдээд.

Ганаа_бж комментирует...

Хүүе би бас дутах гээд байна. Хэдэн үг нэмэрлэхээс.
Миний хувьд блогтоо өөрийнхөө бодлыг бичих ч үе байна. Таалагдсан, ямар нэг юм бодогдуулсан, сэтгэл хөндсөн, түгшээсэн сэдвээр энд тэнд уншсан материалуудаа блогчид болон уншигчидтайгаа хэлэлцэх санаатай хуулбарлаад тавьж орхидог ч тал байгаа. Миний бодлоор нэг их буруу юм байхгүй юм шигээ. Хүмүүс уншсан мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцахдаа зохиогчийнх нь нэрийг дурдаад материалыг нь засваргүй, эх чигээр нь оруулбал дээр юм уу гэж боддогоо л энд дурдах гээд. Яахав зарим нэг газар тайлбар дүгнэлт хиймээр байвал өөр шрифтээр ч юм уу ялгаж өгөөд л...
Хүн өөрөө бүх зүйлийг олж уншаад мэдээд явах боломжгүй учраас, жишээлбэл, энэ Луйза Хэй гэдэг хүний номыг би эндээс л олж мэдэж байгаа юм. Бүрэн эхээр нь унших боломж надад байхгүй учраас энэ товчилж оруулсан бичлэгээс л бага сага ойлголт авч байна гэх мэт... за тэгээд хадуураад хамаагүй их юм биччихвүү дээ.
Тэгэхээр Арсун минь санаа зоволтгүй юу хүссэнээ бич, хуулбар ч хамаагүй оруул, хүн хүргэж байна гэдэг л чухал шүү дээ.
Чөлөөтэй ш дээ.

Арсун комментирует...

Ганаа: Баярлалаа. Би ер нь их битvv, хvнтэй санаа бодлоо хуваалцаад байхгvй их зожиг болчихсон нөхөр, харин энэ блог гээчийн буянаар санаа бодлоо хvмvvстэй хуваалцаад байх боллоо.
Алс нь хvvхдvvд минь сайн муу ч эдгээр бичлэгийг vзээд юу уншиж сонирхож байсныг, хэнтэй нөхөрлөж байсныг илvv ойлгох байхаа. Блог байгаагvй бол зvгээр л амьдраад өнгөрөх нь байна шvv дээ.
Би өөрийнхөө муу, муухай бодлыг засч, арилгаж, арай хүн шиг байхыг хvсдэг. Бичлэг маань ч иймэрхvv чиглэлтэй байх байхаа. Гэхдээ дөнгөж учрыг олж ядан байгаа хvнээс заримдаа шахаад ч шvvс гарахгvй байх вий гэж санаа зовнино. /Ингээд л буруу бодоод программчлаад байдийн, заснаа/. Бусад хvмvvсийн бичлэгийг хараад их урам зориг орох юм байна шvv, шинэ санаа төрнө, хэлээгvй санаагаа сэтгэл хөдлөөд гаргаад хаячихна. Бодол санаагаа бусадтай хуваалцанаа. Энэ чинь Маслоугийн хэлснээр хүний дээд хэрэгцээ юм шиг байгаан.

byambaa комментирует...

sonirholtoi nom bololtoi yum. olj unshihiig bodnoo.

bas ingej hudulmur gargaj oruulj bgaaad chin talarhaj bnaa.

ulam l sonirholtoi bolood bh shinjtei shu.. hoishid ch idevhitei unshig ch bj, com uldeehee martahgui ee.

Арсун комментирует...

Орчуулагч Ц.Одонтуяа авхай "бал бурамтай умдааныг бусадтай хуваалцан хvртэнэ" гээд байхаар нь би бас та нартаа хvргэх гээл. Сайн ном дахин хэвлэгддэг. Гарч байгаа байхаа.

Анонимный комментирует...

If you don't see any bugs or if you can't determine the reason why the plant is looking sick, take a
sample in to the local county extension office. As much as you may
want to grow radishes and lentils in your kitchen you don't want to blemish your frugal reputation. This will give them time to acclimate to their new environment, avoiding stress and shock often associated with transplanting, ensuring a healthy start.

Feel free to visit my weblog :: thrum