четверг, 15 ноября 2007 г.

Ээж минь

Ухасхийн, хар хурдаараа гэрээсээ гарч зугатав. Ээж минь араас элдэнэ. Гүйцэхгүй юм чинь. Сүүлдээ хэрэг тарьчихаад, хоёр гарыг нь таг бариад гүрийхэд ээж минь бууж өгдөгсөн. Дийлэхгүй юм чинь. Өсөж, том болоод хурдан гүйдэг, бас бяр сууж байгаа нь тэр. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэж энэ байхдаа.
Ээж минь сумын эмнэлэгт асрагч хийдэг байв. Эрхэлсэн ажилдаа эзэн байсан даа гэж аргагүй бодогдоно. Айлын авгай төрөхөө дөхөхөөр ээжийн минь ээлжийг хүүхэд гүйлгэн асуулгадагсан. Эмч биш дээ, ээж минь танд ямар хамаатай юм гэж гомдоож байсан удаатай. Миний ээлжин дээр нялхас энддэггүй, хүнд өвчтөн алздаггүй хэмээн хүүдээ сайрхана. Ажилдаа явахдаа ааруул ээзгийхэн боогоод гарна, заримдаа аагтай цай бэлддэгсэн. Хэн нэг нь цайсаа биз. Бурхан шүтээд сүйд болохгүй, нүгэл гэж л их хэлдэгсэн. Би мөн ч олон удаа нүгэл гэж дуу алдуулав даа. Аравдугаар ангид орох жил аав минь хүндээр өвчилж, хавар таван сард бурхан болов. Хичээлээ таслан замын унаанд дайгдан ирэхдээ гэрийнхээ тооныг гэрэлтэй байна уу гэж алсаас харан харан, гэрэлтэй байхуйд санаа амардагсан. Ээж дүү охин хоёр аавыг минь сайхан асарч, хол ойроос хүүхдүүдээ дуудан уулзаж, сэтгэл тайван өөд болсон доо, аав минь. Бага нас минь жаргалтай сайхан өнгөрсөөн. Дээд сургуулиа төгсөөд би Эрдэнэтэд хуваарилагдав. Бас л азтай шүү, хагас жил ажиллаад л бүрэн тавилгатай хоёр өрөө байранд орж билээ. Нэг удаа богинохон өдрийн гэрлийг яг таарсан зайнд тогтооход ээж минь хажуугаас яаж ингэж тааруулаав гэхэд нь тайрчихсан юм аа гээд өнгөрөв. Намайг эцгийгээ дуурайсан гарын дүйтэй гэж их бахархана. Хожим нь манай хүргэн ах гэртээ өдрийн гэрэл суурилуулах гэтэл уртдаад байхад ээж тайрчихаач гэсэн гэдэг. –Ээж минь үүнийг тайрч болдоггүй юм гэхэд, -Арсун тайрчихсан л юм даа гэж байсан гэдэг. Надад их итгэдэг байсан байгаа юм шүү. Ээж минь өндөр настай болсон ч их саваагүй, зарим тоглоомыг задалж үзнэ, шат руу гүйгээд буучихдаг байж билээ. Дээхнэ үед манай ахынд байсан хөхөөтэй цагийг сандал давхарлан авирч гараад хөхөөг донгодохоор гараад ирэнгүүт бариад авч гэнэ. Өнөөх нь гацчихгүй юу. Хүү минь чи цаадуулаа ирэхээс өмнө засчихаарай гэхэд их үнэд орж байж засч билээ. Нэг удаа сонгууль болох өдрийг хоног тоолон хүлээгээд байв. Сонгуулийн өглөө өөрийнхөө надад оёж бэлдсэн хүрэн хамбан дээлээ гаргаж өгөөд сонгуульдаа оролцохоор бэлдэв. Би ч монгол дээл өмсөөгүй удсаныг хэлэхүү, татгалзаж чадалгүй өмслөө дөө. Ямар бажийнк өмсөлтэй биш, шинэ хромон гутал жийв. Аавын минь бүрх малгайг гаргаад ирэв. Захиргааны ажилтан танил залуу намайг анх харж байгаа юм шиг гайхаж билээ. Ээж минь тэр өдөр их сэтгэл хангалуун байсансан. Би Эрдэнэтэд удалгүй хот руу шилжлээ. Нэг удаа ээжийгээ эргээд очиход –хоёулаа соёлын ордонд юм үзье гэнэ. Тухайн үед тоглолт байгаагүй, би ч юм анзаарсангүй, гэтэл дүү маань ээжийн санааг хэлж байна. Учир нь тэр хоёрыг нэг тоглолт үзэхэд орон нутгийн телевиз бичлэг хийгээд жижигхээн биетэй, цав цагаан толгойтой, ээжийг минь сонирхсон юм байлгүй байн байн дэлгэц дүүрэн гаргаад байж. Нэвтрүүлгийг хэд хэд давтаж л дээ. Би учрыг нь ойлгоод шоолж хөхөртөл, -Урамгүй гэдэг нь, хүүг минь нутгийнхан харвал аштай юу гэдэг байгаа. Эх, үрийн санаа мөн байгаа биз. Багадаа хулгайлж авсан зүйлийг минь заавал эзэнд нь өөрийн минь биеэр хүргүүлэн өгдөг байж билээ. Үүнээс хойш нэг ч хулгай хийгээгүй бөгөөд ухаарч ойлгосон эсвэл цагаан зааныг хулгайлж болно хаана нуух вэ гэдэг их асуудал үүссэнээс ч болсон байж магадгүй. Хүнд үед ээжийгээ дуудаж, ярьж тайвшрах юм. Буянтай буурал ээж минь сайхан хүн байсан даа.

12 комментариев:

Nana комментирует...

ergej bodohod eej saikhaan

бж комментирует...

Монголын үзэсгэлэнт Сарангоо
Намайг төрүүлсэн ээжий
Яруу сайхан эгшгээрээ
Бөн бөн бүүвэйлсэн ээжий
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөж өсгөсөн ээжий
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ээжий

Iim duu l shuud sanaand buuj baina. Ehiin hairtai zuirluuleh zuil ene horvood ugui dee

ganga комментирует...

Таны ээжийн дурсгалд

Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч олон
гартай юм шиг
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том
алдара аа!

Ц.Хулан шүлгээс

peakfinder комментирует...

Eej shig saihan hun haanaas ch oldohgui dee.

БЭ комментирует...

Үүлгүй тэнгэрт одод ер унтдаггүй шиг ,
Үй түмэн эхчүүд шөнө бараг унтдаггүй
Алаг үрсийнхээ төлөө тэд ингэж
Атгахан нойроо хугасалж суудаг юм
Сарны мөнгөн туяан дор
Сайхан эхчүүд нойрсоцгоо !
Бүүвэй ,
Бүүвэй !
Хээрийн хайгуулд яваа охиныхоо араас ,
Хилийн цэрэгт байгаа хүүгийнхээ хойноос
Чинхүү сэтгэлээ эхчүүд бэлчээж
Чимххэн нойроо хугасалж суудаг юм
Сарны мөнгөн туяан дор
Сайхан эхчүүд нойрсоцгоо !
Бүүвэй ,
Бүүвэй !
Саваагүй зарим нь болзоонд яваад оройтоход
Санамааргүй нэг нь хүйтэн үгэнд өртөхөд
Сав л хийвэл эхийн зүрх түгшиж
Сайхан нойроо хугасалж суудаг юм
Сарны мөнгөн туяан дор
Сайхан эхчүүд нойрсоцгоо !
Бүүвэй ,
Бүүвэй !
Хүж дэлхий амгалан энх байгаасай гэж ,
Хүн ард элэг бүтэн жаргаасай гэж
Хорвоогийн эхчүүд хүний төлөө ингэж
Хомсхон нойроо хугасалж суудаг юм
Сарны мөнгөн туяан дор
Сайхан эхчүүд нойрсоцгоо !
Бүүвэй ,
Бүүвэй !

ZAYA комментирует...

Ээж болно гэдэг хувь хүний хувьд бол хувьсгал шахуу юм билээ. Ээжийн хайрыг төлөөлж чадах юм үгүй.

Arsun комментирует...

Ямар гоё юм бэ. Бvvр сэтгэл уярчихлаа.

Жаагий комментирует...

Saihan dursamj baina.

Анонимный комментирует...

Зарим бичлэгийг уншиж эхлэхээр хөнгөн хөлтэй морины нуруунд гарсан мэт байх юм. Таны энэ бичлэг үнэхээр сайхан болжээ. Дүү нь удахгүй насан буурал ээжийгээ орхин хилийн дээс алхан гарах гэж байгаа. Ээждээ л их хорогдож байна даа. Өрөвдөөд сэтгэл өмрөөд байх юм. Гэртээ ганцаараа үлдэх юм. Ах эгч нар ч бий л дээ уг нь. Тусдаа байдаг гэхдээ.

Idea комментирует...

Тагнайд сүү амтагдтал сайхан бичжээ. Таананы үнэр ханхийж, ээжийн цай үнэртэх шиг. Энэ бичлэгийг олж уншилгүй юу хийж явсан юм бол гэж өөрийгөө гайхав. Бас ээж рүүгээ ярилгүй нэлээд удсанаа анзаарлаа.

Сорт уулын будан цээжний буйдад намаршаад
Сайн яваагаа хэлэх мэндийн минь үг оройтжээ.
Өнчин хөх нулимс зэрэглээнд үйж гэмтэхүйд
Өнгөт орчлонгийн элгийг дэвттэл уйлахсан… гэж.

Arsun комментирует...

Баярлалаа Жаагий.

Арт: Ээжийгээ vлдээгээд хол явах сайхаан, Эргээд ирэх бvр сайхан.
Дvv минь Ээжээ баярлуулж, сайн сайхан vг их хэлж бай, хvн хожим нь гэмшдэг юм байнлээшvv

Бөн бөн-өөс урмын vг сонсоод их баярлаж байнаа.

byambaa комментирует...

eej humuus aguu shuu. minii eej aguu hun bjee gej ergej huuhduudee dursagdah eej bolohiig charmainaa.

com uldeesen humuusiin shulegees ish tataj bgaad daraa eejdee zahidal bichnee.

saihan dursamjuud bna shuu. dursgui l jaal bjdee.