пятница, 17 июня 2011 г.

Явган аялалд бэлдэв

Өнгөрсөн жил явганаар аялсан ажлынхнаасаа сонссон адал явдал, байгалийн сайхныг бишрэн энэ жилийн наадмаар охин хүү хоёроо дагуулан тэдэнтэй Хагийн хар нуур луу аялахаар шийдлээ. Тэнд зөвхөн нисдэг тэрэгтэй хүмүүс л очдог юм байх. Мөн байгаль, цаг уурын бэрхшээлийг даван туулсан явган аялагчид очдог гэнэ. Өөрөө бэрхшээвч хүүхдүүдийнхээ тэсвэр тэвчээрийг сорих, мөн хүмүүжилд нь нэмэртэй боловуу гэж хамт явахаар ятгасан хэрэг.

... Мод чихаран, мөчир хугарч, газар доргих чимээ гарахаар нь гараад хартал сүглийсэн хар юмнууд нуур луу шууд яваад орчихсон..., шөнө загас барьж байхад үл мэдэгдэх чимээ гарахад хорин хэдтэй залуу нөгөөгийнхөө араар орж нуугдсан..., баавгай тааралдсан бол би тэгэх байлаа... гэсэн яриа, аялалын үед зохиогдсон /төрсөн гэх юмуу/ онигоо ч мөн сонирхолтой санагдана. За тэгээд хөлөө холгосон, могойд хатгуулсан, өлссөн, төөрсөн гээд эрсдэлтэй юм их тохиолддог бололтой. Нөгөө, гурван анчин шиг бас дэгсдүүлсэн ч юм байгаа байх. Үнэхээр тэр нуур луу ордог нүсэр хар юм нь хандгай нуурын гүнд орж замаг идэхээр явж байгаа нь тэр гэнэ. Энэ нууранд ямар нэгэн гол горхи цутгадаггүй бөгөөд түүнийг гүний ундрагатай гэж үздэг юм байна. Байгалийн сайханд аялах, амрахаар аминдаа бараг жил хүлээв. Бэлтгэлээ багаар хангаж, тийшээ аялагчдын тэмдэглэлийг ч сонирхож үзэв.

Аялалд бэлтгэх зүйл: Аялалд зориулсан дулаан хувцас, борооны цув, уутан хөнжил, гудас, гар чийдэн, загасны хэрэгсэл, аялалын багаж, ариун цэврийн хэрэгсэл, цай, давс борц, аяганы хийц. Аа бас үүргэвч, тогоо.

Зургийн эндээс авав. http://buyandelger.blog.banjig.net/post.php?post_id=2542

вторник, 31 мая 2011 г.

Дээлтэй бүстэй монгол хүнийг

Дээлтэй бүстэй монгол хүнийг занчиж буй хятдуудыг та харж байна.
Түвдүүдийг нохой шиг хөөгөөд буудчих юм гэж Номин анд бичиж байж билээ, арай монголчуудыг минь буудаад байгаа юм биш биз?

Харилцаа холбооны сүлжээ, интернет хяналттай, и-цагдаа үүргээ сайн гүйцэтгэж байгаа ч зарим блогчид "Шөнө дунд аюулаас хамгаалахынхан буудлуудаар малчдыг хайж, монгол сурагчдыг сургууль дээр нь түгжиж, эргэн тойронд нь цагдаагийн харуул тавьсан байна" гэж мэдээлж амжжээ.

Түвдэд аялсан монгол блогчийн тэмдэглэлийг танд сонирхуулъя. Хятад дахь монгол түвдүүдийн амьдрал адил учир харьцуулан дүгнэж болох юм. Зохиогчийн зөвшөөрөл аваагүйдээ хүлцэл өчье.

...Ингээд бид пийвээ өргөж, сайхан хүмүүстэй сайн явж ирсэндээ баярлаж байгаагаа илэрхийлж тэдний барьсан ундаатай тулгав. Харин хөтөч маань жуулчидтай явж байгаа гэхээсээ илүү найзуудтайгаа явж байгаа юм шиг санагдсанаа хэлэв. Түүний энэ үг сэтгэлээс нь гарсанд эргэлзэхгүй байна. Зүгээр манжлах шаардлагатай байсан бол энэ үгээ дахин дахин хэлэхгүй байсан биз ээ. Бид бас энэ компаниар үйлчлүүлсэн анхны монголчууд болсны хувьд монгол хүний талаар таатай сэтгэгдэл төрүүлсэндээ баярлаж байлаа. Тэгж байтал хоол ч ирлээ. Гэтэл нөгөө хоёр маань нэрэлхсэн үү яасан, хоолонд бараг л ам хүрсэнгүй, бид л өөрсдөө идээд таарав.

Бид, бид ч гэж дээ, би л голчлон саваагүй зангаараа та нар ийш тийшээ зорчиж явж чаддаг уу, гадаад пасспорт байдаг уу, хэрвээ боломжтой бол манай оронд очоорой, хэзээд та 2 болон танай гэр бүлийхнийг хүлээж авахад бэлэн шүү гэж хэлбэл нөгөө л болгоомжтой зангаараа энд хаа сайгүй хүний үг чагнаад явж байдаг гарууд бий шүү. Зарим нь ч гудамжны гуйлгачны дүртэй, зарим нь энгийн хүн шиг, зарим нь чухам ганган жэнтэлмэн байдаг. Хаа хамаагүй юм битгий яриарай. Би зөвхөн найзуудтайгаа л нээлттэй байдаг сэдвээрээ та нартай ярьж байна. Гадаад байтугай дотоод пасспорт байхгүй, зөвхөн орон нутгийн бүртгэл маягийн баримт байдаг ч түүгээрээ Хятад дотроо ч чөлөөтэй зорчих боломжгүй. Танилуудых нь нэг дотоод пасспорт авахаар өргөдлөө өгөөд 5 жил хүлээж байгаа. Гэхдээ их мөнгөтэй бол хахуульдаж болдог. Энэтхэгт суралцаад ирэхэд нь шууд замд нь барьж аваад төрөлх тосгонд нь хориод хаашаа явсан, хэнтэй уулзсан зэргээ бичгээр тайлагнаж жил гаран болсны дараа гэрт нь өөр ажил хийж мөнгө олох хүн байхгүй учраас хотод ажиллах зөвшөөрөл өгсөн. Гадаадад сурч байсан учраас одоо цагдаагийн хар жагсаалтанд нэр нь байдаг. Интернэтэд орохдоо заавал бүртгэл хийлгэдэг. Заримдаа мэйлээ шалгах гэхээр замаас нь шалгаад хаалт тавьсан байдаг. Гэсэн ч Энэтхэг зэрэг газарт байдаг найзуудаасаа яаж ийгээд мэдээ сонсоод байдаг зэргээр болгоомжтой ярилаа. Харин жолооч маань хэл мэдэхгүй учраас амар амгалан инээмсэглэн сууна. Хэрэв мэддэг сэн бол дааганаас унаад үхдэггүйг сануулж амыг нь татах байсан биз ээ. Хэдийгээр маш олон юм асууж, маш олон юм хэлмээр байсан ч энд үлдэх хүмүүсийг хэрэгт хийхээс айж аль болох дуугүй байхыг хичээж байв. Гэвч дотор маань эгдүүцэл хорслоор буцалж, эрх чөлөө гэгч ямар үнэ цэнэтэйг мэдэрч суулаа.

Хоолны дараа жолоочоо явангуут тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, хөтөчдөө би чамд юм хэлмээр байна, чи дургүйцэхгүй бол өрөөгөөр ороод гараач гэлээ. Тэгээд оронгуутаа нэг амьсгаагаар ярьж алдлаа даа, харин ч нэг. Түрүүнээс хойш бөглөрөхдөө дөхөж шүү. Би чамайг маш сайн ойлгож байна. Манай орон ч гэсэн 800 жилийн өмнө цагтаа цалгиж, дэлхийн талыг эзэлж явсан. Гэвч ноён урваач, нохой шарваачийн гайгаар 200 жил манжийн дарлалд байсан. Гэсэн ч аливаа юм өөрийн настай. Мөнх юм гэж үгүй. Тийм ч учраас барууныхны нүдээр харахад хэзээ мөдгүй мөхөх тодорхой болсон, 800 мянган хүн амых нь талаас илүү нь лам, өвчин эмгэгтэй Монгол улс цаг нь ирэхэд эрх чөлөөгөө олж авсан. Дараа нь 70 жил хэлж ярихаа цагдуулж, хүний хурууны үзүүрээр хөдөлдөг байсан ч бас л цаг нь ирж бид одоо өөрөө өөрсдийхөө хувь заяаны эзэн суугаад байна. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл, тэвчих хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, хамгийн гол нь итгэлээ алдахгүй байхад цаг нь ирнэ. Харин ч танай улс манайхыг бодвол хүн ам ихтэй, дээр нь гадаадад гарсан 3 сая төвдчүүд бол маш том хүч юм. Зүрхэн дэх итгэлийн галаа л унтраалгүй манаж байвал цаг нь ирж, хар аяндаа болох юм болдгоороо болно, чи биш юм гэхэд чиний үр хүүхэд тэр цагийг үзнэ ээ гэв.

Энэ бүхнийг сонсож суусан найз маань ярьж эхэллээ. 2008 оны 3 сарын 10-нд Сера хийдийн арваад лам Далай ламын Төвдөөс оргож гарсны ойг тэмдэглэж, тайван жагсаал хийжээ. Гэтэл цагдаа нар хүч хэрэглэн, тэр хэдийг ачаад явсан, одоо болтол үхсэн амьд нь тодорхой бус. Үүнээс болоод энгийн иргэд хилэн нь буцалж, 4 хоногийн дараа хятадын худалдаачдын бараа таваарыг сүйтгэж, тэднийг гурилын элдүүрээрээ хөөж гаргаад 15 цагийн үед Лхасад нэг ч хятадгүй, нам гүм болжээ. Энэ үед мань эр хүмүүсийн дотор ийм их чадал, уур хилэн, үндсэрхэг үзэл нуугдаж байсан юм уу гэж гайхаж байж. Гэтэл ердөө л 18 цаг гэхэд үй олон зэвсэглэсэн цагдаа, танк хотод орж ирээд бөөгнөрсөн хүмүүс л байвал шууд гал нээж, шүршиж эхэлж. Тэр гал нээгчдийн зарим нь лам хувцас өмсөөд орхимжныхоо дотор буугаа нууж байгаад л шүршиж байсан гэнэ. Тэр үед үйл явдлыг хараад гудамжаар явж байхад нь мань эрийг компанийх нь захирал өрөөндөө түгжиж орхижээ. Харин маргаашнаас нь зурагтаар хятадуудын юмыг сүйтгэж тэднийг хөөж буй төвдүүдийг л гаргаснаас бус, гар хоосон иргэдийн өөдөөс гал хэрэглэсэн цагдаа нарын тухай дурдсангүй өнгөрч. Дараа нь эндхийн шарил чандарлах газрыг буутай цэргээр мануулж байгаад, бүгдэд нь ижил хувцас нөмөргөсөн, толгойгүй 3000 орчим цогцсыг хэдэн өдрийн турш шатаасан байна. Одоо ч үхсэн амьд нь сураггүй хүн зөндөө. Энэ явдлаас хойш хил гааль бүр чангарч, явганаар хил гарах гэж оролдсон дөчөөд хүнийг зүгээр л сургуулийн бай шиг сум тоолон унагаж байсныг оросын жуулчид майхан дотроосоо бичлэг хийж интернэтээр цацсан, ганц хүнийг майхандаа нууж авч үлдсэнийг хэлэв. Энэ бүхнийг ярьж байхдаа хөөрхий найз минь нулимсаа барих гээд дийлсэнгүй. Эр хүний уйлахыг харах амаргүй юм билээ дээ. Би бас л тэссэнгүй, энэ бүхэн түр зуурын явдал, та нар хүлээх хэрэгтэй, тийм цаг заавал ирнэ гэж ятгав. Харин тэрээр энэ бол одоо бараг л боломжгүй зүйл, би хэдийгээр итгэхийг хүссэн ч, бүх юм нүдэн дээр минь өөрчлөгдөж байна. Тийм цаг ирэхгүй л болов уу гэсэн юм. Тэгсэн ч чамтай ингэж сэтгэлээ нээж ярилцах сайхан байна, сайхан найзууд болцгоолоо гэлээ. Би бас л гандан буурахгүй, итгэх хэрэгтэй, цаг нь ирнэ ээ л гээд байлаа. Сүүлдээ үнэхээр тэгж бодсон уу, эсвэл энэ нойтон хамууд тийм гэж хэлэхгүй бол эелдэг бус юм болно гэж бодсоных уу, за тийм ээ, ирнэ байхаа гэлээ.

Хамгийн заваан нь юу вэ гэвэл би ч бас дотроо тийм цаг ирэх нь юу л бол гэж бодож байсан юм। Хятад Төвдийг зүгээр ч нэг тавиад явуулна гэвэл хол хэвтэнэ. Тавьчдаг юм бол Шинжаан-уйгараас авахуулаад бүгд босч, хятад гэх юм юу ч үгүй болоод, цоо шинэ газрын зураг зурах хэрэг гарна. Тийм газрын зургийг хятад улс ойрын нэлээд хэдэн жилдээ хүсэхгүй нь намайг Өнөрөө гэдгээс ч хол илүү баталгаатай зүйл. Гэсэн ч итгэл найдвар л хамгийн сүүлд мөхдөг шүү дээ. Тэгэхгүй бол юуны төлөө, хэний ирээдүйн төлөө амьд явах хэрэг вэ. Нөгөө талдаа хятадуудыг буруутгахад ч хэцүү. Их гүрнийг чангахан атгахгүй бол амар ажил бас биш. Алгуурхан, аажуухан, чулууг урсгалаараа элээх ус мэт энэ хар хятадын зэвүүн бодлогыг яалтай. Хүнийг ч хэлэлтгүй бид өөрсдөө ямаршуухан байгаа билээ. Үндсэндээ манай түүхий эдээр тоглож байна шүү дээ. Гэтэл зам дагуу хараад байхад, Төвдөд ч, Ганьсуд ч, Өвөр монголд ч манайх шиг олон ямаа харагдаагүй дээ. Сүргийн зохистой бүтцийг барих цөөн хэдэн ямаа л харагдсан. Үхэхдээ аваад явах юм шиг энэ янзаараа загнаад байвал бидний ч ирээдүй ямар болохыг таашгүй. Ердөө л бид их азтай хүмүүс. Нэг их сайндаа ч биш, зүгээр л маш их азтайдаа тусгаар тогтнолоо олж авсан хэрэг...

Эх сурвалж: 1. http://ayalaliintemdeglel।blogspot।com/2010/06/2010-4-27।html#more
2. http://www.infpol.ru/news/667/71708.php#change

четверг, 19 мая 2011 г.

Айл бүр гэртэй

Ерөнхийлөгч газар хөдлөлтийн аюулд хүн бүр бэлтгэлтэй байхыг анхааруулав

3 сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Шадар сайд М.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Т.Мөнхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нар газар хөдлөлт, цунамийн осолд нэрвэгдсэн япончуудад тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Газар хөдөлбөл маш хурдан яаж зайлах, үр хүүхэддээ хэрхэн туслахаа, дээр нь хоргодох байраа мэддэг байх хэрэгтэй. Ер нь хамгийн зохимжтой хоргодох байр гэр юм шиг санагдана. Болбол айл бүр нэг хоргодох гэртэй байвал сайнсан” гэж хэллээ.

Тиймээ, хамгийн зохимжтой хоргодох байр бол монгол гэр мөн, байшин барилга шиг нураад дарчихгүй, майхан палатк шиг бүгчимдээд байхгүй, дулаахан тохилог. Нүүдэлчин монголчууд гэрт төрж, гэрт өсөөд дэлхийн дайдыг төвхнүүлэхдээ гэрээ орхиогүй юм. Өнөө суурьшмал болсон ч монгол хүн бүр гэрээ эрхэмлэсэн хэвээр. Монгол гэрийг эвхэж цүнхэнд багтаах арга олсон хүний хувьд, энэ гэрээ хэрэглээнд нэвтрүүлэх гэж зүтгэж буй хүний хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үг “шар тос шиг” л санагдсаныг нуух юун.

Гамшигт нэрвэгдэгсэд, дүрвэгсдийн лагерьт майхан палатк ашиглаж байгаа нь тохигүй, зутруу харагддаг. Үүний оронд монгол гэр ашиглавал ч тавлаг сайхан байна даа.

Аялагчдад зориулан машин бүрийг гэртэй болгохсон гэсэн мөрөөдөл маань алс нь айл бүрийг гэртэй болгох бизнесийн зорилт болон өргөжих ч юм билүү.

Эх сурвалж:

1. http://www.president.mn/mongolian/node/1651

2. www.secret.mn

понедельник, 2 мая 2011 г.

Осама Бин Ладен амь үрэгдэв

Osama Bin Laden ням наригийн шөнө амь үрэгджээ. Bin Laden гэр бүлийн гишүүдийн хамт Пакистаны нийслэл Исламабад хотод АНУ-ын цэргийнхний явуулсан ажиллагааны үеэр алуулсан гэж АНУ-ын төрийн байгууллагын ахлах ажилтан CNN –д мэдэгдлээ. АНУ-ын албаныханд Bin Laden-ий цогцос байгаа гэнэ. Тун удахгүй АНУ-ын ерөнхийлөгч Обама ард түмэндээ хандаж үг хэлнэ.

Эх сурвалж: BBC


пятница, 4 марта 2011 г.

Элэг цэвэрлэх үе

Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хэлэлцэн элэгээ цэвэрлэдэг болсоор гурав дөрвөн жил болжээ. 3 сарын 19-нд шинийн 15 таарч байгаа тул сонгов. Элэг цэвэрлэх тухай мэдээлэл энд бий.

Миний үеийнхний элэг
эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байж байна гээд бодохоор, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
  • 3 сарын 09-ний өдөр. Лхагва. Цагаан хоол идэж цэвэрлэгээ эхэлнэ.
  • 3 сарын 10-ны өдөр. Пүрэв. Цагаан хоол.
  • 3 сарын 11-ны өдөр. Баасан. -"-
  • 3 сарын 12-ны өдөр. Бямба. -"-
  • 3 сарын 13-ны өдөр. Ням. -"-
  • 3 сарын 14-ны өдөр. Даваа. -"-
  • 3 сарын 15-ны өдөр. Мягмар. -"-
  • 3 сарын 16-ны өдөр. Лхагва. -"-
  • 3 сарын 17-ны өдөр. Пүрэв. Мацаг. Буцалсан бүлээн ус ууна.
  • 3 сарын 18-ны өдөр. Баасан. Мацаг. -"-
  • 3 сарын 19-ний өдөр. Бямба. Мацаг. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. 21-22 цагт бэлтгэсэн оливийн тос, нимбэгний шүүсээ ээлжлэн балгаж, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
  • 3 сарын 20-ны өдөр. Ням. Амарна. Гарч буй чулууг шүүнэ. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.
Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол arsund@yahoo.com хаягаар хандана уу.

понедельник, 24 января 2011 г.

Талархаж байнаа

Би буян үйлдэж бурхан бүтээж, өглөг өгч өгөөмөр загнаагүй ч бусдыг буруу замаар будаа бүү тээгээсэй гэж хүсдэг эгэл нэгэн.

Аавын захиасыг умартаж архи дарсыг хэтрүүлэн амь тавихдаа хэдэнтээ тулсан ч тэнгэр бурханы өршөөлөөр мэнд өнгөрч байлаа.

Архи гээч тааруулж тохируулж чаддаггүй над шиг хүнд бол хүнд идээ юм байна. Амсахгүй байхыг байхыг шаардах андын минь сэтгэл юутай сайхан, архи сурталчлахыг хорьсон засгийн хууль юутай сайн.

Архины үйлдвэрлэлээ ашигтай байлгах, архичдын тоо толгойг өсгөхийн тулд эзэн хааны нэрээс авахуулаад үнэтэй цэнтэй бүхнийг ашиглаж бай
на. Алтан намар, ургацын баярын шагнал "Алтан түрүү"-г сэргээж байгаа нь цаанаа өөр зорилготой. "Алтангадасын түүх" гээд уншиж байтал архины реклам болоод явчих жишээтэй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр нэрээ нууна, мэдээ маягаар сэмхэн шургуулна. Хэдэн цаас авдаг юм байхдаа зайлуул. Үүнийг хараа, ерөөл өргөе энэ тэр гэсэн далд сурталчилгаа тасрахгүй, арга ажиллагаа нь ад зэтгэрийн гэмээр нарийсч байна.

Архинаас болж осгох, осолд өртөх зэргээр олон мянган хүн амь нас, ахуй амьдралаа алдаж байгааг хэн бүхэн мэднэ. Архины үйлдвэрлэл хэмээх бараан мөртэй энэ бизнесийг хувь хүн бус төр өөртөө авч буруу үйлийн үрийг буух эзэн, буцах хаяггүй болгомоор юм.


Урлаг соёл, улс төр нийгмийн зүтгэлтнүүд, элит хэмээгдэх ноёд, хатагтай нар арх
ины шинэ брендийн нээлтэд оролцон амаа олохгүй магтах өнөө үед бадарчин хүү Амай шар айрагны сурталчилгаанд ашиглуулчихсандаа эмзэглэж байгаа нь нэгийг бодогдуулж, хүндлэх сэтгэл төрөв. Бас талх чихэр компани "Ерөөл" хэвийн боовны хэвшсэн нэрийг өөрчилж буй нь архи сурталчлах муу үйлд гар бие оролцохоос татгалзаж буй хэрэг. Татгалзсан бүхэнд талархаж байнаа.

Би ч бас эр зориг гарган "архи дэмий юм" гэж захиад бичлэгээ дуусгая.
Шог зургийг С.Цогтбаяр.


пятница, 7 января 2011 г.

Еэвэн

Еэвэн гэдэг нь "yue bing" буюу монголчилбол "саран боов" гэсэн үг ажээ. Хятадууд ургацаа хурааж дуусаад намрын дунд сард буюу сарны тооллоор найм дахь сарын шинийн арвантавны тэргэл саранд дүгрэг хэлбэртэй боовоор тахил өргөдөг их эртний уламжлалтай.

Энэ жилийн еэвэн сарын баярыг 9 сарын 22-нд хятад даяар ёслол төгөлдөр тэмдэглэв. Энэ үеэр “сарны туулай”-г билэгдсэн туулайн тоглоом их борложээ. Энэ нь хайртай туулайгаа аваад саранд одсон хатны домогтой холбоотой.

Энэ баяр түүхийн явцад монголчуудтай хэрхэн холбогдож, хятад хүн еэвэн хагалахдаа монголчуудаас эрх чөлөөгөө олж авсанаа тэмдэглэдэг шинэ өнгө аясаар баяжсан тухай цухас сонирхоё.

Бvх Хятадыг нэгтгэн захирсан Юань гүрний үед хятадуудыг дорд үзэн тухайн нийгмийн хамгийн доод давхрагад тооцдог байлаа. XIV зууны дундуур хятадууд бослого хөдөлгөөн их гаргах болж, монголчууд ч хайр найргүй дардаг байж.

Тэд олуулаа цуглаж болохгүй, зэвсэг агсах эрхгүй, ганц хутгыг арван айл дундаа хоолны зориулалтаар хэрэглэдэг байв. Арай л махыг хутгаар бус шүдээрээ ид гэж цааз тогтоогоогүй юм байх. Жад, нум сум болгож магадгүй тул хулс ашиглахыг ч хориглож байв. Чухам энэ үед сүмд зэвсэггүй тулалдах урлагийг хөгжүүлж эхэлсэн биз.

Улаан алчууртны бослогын удирдагчид монголчууд еэвэн иддэггүй болохыг ажиглаж мэдээд, еэвэн дотор монголчуудыг хөнөө гэсэн утгатай бичиг нуугаад тараажээ. Түүнийгээ хаан эзэн түм түм наслаг хэмээн ерөөл өргөж байна гэж эрх баригчдад ойлгуулж, зөвшөөрөл авсан бололтой байдаг. Болзсон цаг ирж босогчид 1368 оны 9 дүгээр сарын 14-нд нэгэн зэрэг хөдөлж монголчуудын ноёрхлыг унагаасан байна.

Эх нутгаа тэмцсэн Тогоонтөмөр хаан харууслын шүлэгтээ:

Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав

Хамаг дайсны дотроо хатгалдаж гарав.... гэж бичсэнийг үзвэл их гүрний түүхийн сан хөмрөг, дэлхий даяараас татварлан хуримтлуулсан алт эрдэнэстэй мантай юм болжээ.

Хэрвээ Их Монгол улсаа Юань гүрэн болгоогүйсэн бол, Их Монгол улс цөмтэй Зүчийн улс, Цагаадайн улс, Хүлэгийн улс, Хубилайн улс зэрэг холбооны улсууд зэрэгцэн оршиж байсансан бол дэлхийн түүх өөрөөр эргэх байсан даа. Алтан ургийн хаад эцэг дээдсийн захиасыг дагаж эв нэгдлийг сахисан бол таван мөсний үлгэрээр дийлдэшгүй оршиж, Мин улсыг дор нь унагах байсаан.

Жич: Стеганографын сурах бичигт монголчуудын эсрэг ашигласан еэвэнгийн түүх онцгой жишээ болон дурдагддаг. Хүрсэн үр дүн, хамарсан хүрээгээр нь авч үзвэл еэвэнгийн хажууд Трояны морь бол бяцхан жишээ. Дашрамд сонирхуулахад ийм нэртэй компъютерийн вирус байдгийг бид мэднэ. Хятадууд дуусч өгдөггүй 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийнхээ хэсгийг манай мэдээлэл технологийн салбарт өөрсдийн мэдлээр зарцуулах тулгалт хийгээд байгаа нь бас нэг орчин цагийн "еэвэн" биш байгаа. Дахиад еэвэндүүлчихгүй юмсан.

Удахгүй цагаан сар болно. Зурагтаар еэвэн үнэгүй дагалдана гэх зар элбэгшив. Идэх дуртай ч идээнийхээ дээр еэвэн залдаггүй муйхар зангаа хамгаалж бичлээ.