четверг, 23 августа 2007 г.

Хэрүүлийн муу нөлөө

Нярай болон бага насны хүүхдүүдийн гэдэс, хэвлий орчимд хүчтэй өвддөг өвчний шалтгааныг америкийн эрдэмтэд судалжээ. Олон мянган хүнд шинжилгээ хийж жирэмслэлтийн болон өмнөх үед уурлаж ундууцан хэрэлддэг байсан эцэг эхийн хүүхдүүд ийм өвчнөөр өвддөгийг олж тогтоосон байна.
Д.Төмөртогоо гуай "Орой үдшийн цагаар эцэг эх нь хэрэлдвэл бага хүүхдийн хоолой өвддөг" гэж бичжээ. /ном?/

среда, 22 августа 2007 г.

Стресс

Стресс хэмээх ойлголтын тухайд Ганс Селье эхлээд "стресс бол үхэл" гэж байсан бол олон жилийн судалгааны дүнд бүр эсрэг, "стресс бол амьдрал" гэсэн дүгнэлтэд хүрчээ. /Даигностика Кармы. С.Н.Лазарев 2005/ Тус номноос стресстэй холбоотой туршилт, тохиолдлуудыг товчлон авлаа.

Дундад зуунд эрдэмтэн Ибн-Син /Авиценн/ -ий хийсэн туршилт: Тэр эрүүл хонийг чононоос 5 метр зайд уяж орхижээ. 3 хоногийн дараа хонь үхэв.

Өөр нэг жишээ: Хордсон хонь үхсэн хурга гаргажээ. Хонийг юу ч аварч чадахааргүй байв. Түүнд өөр хонины нялх хургыг амлуулахад хөхүүлсээр, эрүүлжиж, хөл дээрээ босжээ.

3 дахь жишээ: Сүрэг сармагчинг цочмог хүчтэй дохиогоор үе үе айлгана. Тэд ум хумгүй зайлан одно. Нэг сармагчинг зугатах аргагүй болгон хүлж орхиж. Туршилтын явцад түүнд инфаркт үүссэн байжээ.

Стресс бол хамгаалалтын нөөц хүчийг сэргээж, бие организмын даван туулах бэлтгэлийг хангадаг. Хэрвээ стресс удаан үргэлжлэх юм бол мэдрэлийн эрчим тамирдаж өвчин үүсгэж , үхэлд хүргэнэ.

Стрессийн байдлаас цагаа олж гарах чадвар нь эрүүл мэндээ хамгаалах, цаашдын эрч хүчээ хангана гэсэн үг юм.

Хүмүүсийг байнгын стрессийн байдалд байлгадаг хорих лагериудад хамгийн түрүүнд эрүүгийн гэмт хэрэгтнүүд, түүнчлэн хорсож хилэгнэсэн, цөхөрсөн хүмүүс үхэж, бусдыг хайрладаг, цагаан сэтгэлтэй, өндөр боловсролтой, шүтлэгтэй хүмүүс удаан тэсэж байжээ.

понедельник, 13 августа 2007 г.

Камертоны эффект

Хүмүүс бие биедээ тэмүүлнэ. Уулзах, ярилцах, чаатлахыг хүснэ.
Дотныхоо найзтай уулзан хуучлах хичнээн сайхан байдаг билээ. Ёстой нэг шавайгаа ханатал ярина гээч болнодоо.
Хов жив, хүний мууд дуртай улс яаж ийгээд бие биенээ олж танилцан хүнээс зайдуу ам уралдуулан ярилцахыг харсан бизээ. Энд чинь л жинкэн энергийн солилцоо явж байгаа юмшд./ товчлов / Үүнийг би камертоны эффект гэж нэрлээд байгаа. Сайн сэтгэлтнүүд ч үгийн солилцоогүйгээр биесээ олж, нөхөрлөнө. Өвөг дээдэс маань агуу улс, "ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэж гоё хэлсэн байгаа биз. Библьд ижил нь ижлийгээ дуудна гэсэн маягаар бичсэн байдаг.
Олон өнгийн камертон тавиад нэг камертоныг цохиход түүнтэй ижил өнгөтэй нь дугарч бусад нь дуугарахгүй. Хүмүүс ч бас адил юм шигээ.

четверг, 9 августа 2007 г.

Үлэмжийн чанар

Д.Равжаа
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ.
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ.
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая.

среда, 8 августа 2007 г.

Алдаанууд

Компъютерийн дамжаанд суралцуулна. Дадлагыг эксель машин дээр хийнэ. Утасны дугаар........... ТВ зар. 1999.01
***
Фальный секс ... гэжээ. Сониноос.
/о, р 2-ыг нийлүүлээд бичцийн болуу/
Хөтлөгч: Цыган багш ажилд авна гэчихээд инээдээ барьж ядан зарлалаа дуусгав. /Зар өгөгч цагийн багш гэснийг цагын гээд буруу шивциин болуу/
Таахаас аргагүй болхымдаа
***
2000 оны 1 сарын 5-ны намуухан өглөө "Одоо Улаанбаатарт 21 цаг 30 минут болж байна" гэж зарлав. Залруулга хийсэнгүй.

Хүүхдийн яриа

- Ааваа, хоюулаа зурагтаа хагалаад үзэх үү?
- Яахнуу
- Дотроос нь хүн гарч ирж магадгүй. /Тулгаа 3 настай/
Би ч багадаа ийм бодолтой "Эх орон-52"-ын араас шагайж билээ.
***
Онигоо ярьж дуусахад:
Ааваа, тэр донгосыг чинь иддэггүй тиймээ. /Заяа 3 настай/
***
1998.06.01
Тулгаа Заяа хоёр эмээгээ булаацалдав.
Т - Энэ чинь миний эмээ
З - Чиний эмээ чинь тэгвэл надтай унтдаг
Т - ..... /дуу гарсангүй/
***
Мони-г багад нь хумсыг нь авч дуусахад:
- Одоо битгий ирлээрэй гэжээ
***
Обоо хөргөгчнийхөө өмнө зогсоод:
- Хөргөгчөө хаалгаа нээгээрэй гэв.
***
1997 он
Тулгаа гэрийн гадаа ирсэн үхэр тугалыг хөөхөөр гарав. Юу гэж хэлж хөөхийг харж байтал очиж хэсэг тулгамдсанаа
- Яв! гэж муухай хашгирав. "Хож" гэж хөөж байхыг зааж өгөв. Хэд хоногийн дараа дахиад үхэр туухдаа
- Жов! гэлээ.
***
Ч.Магнай хурганы хачгийг үзээд
- Энэ хонь усанд ордоггүй юм байна гэсэн дүгнэлт хийв.
***
1999.01
Сонирхолтой хүүхдийн нэвтрүүлэг явж байхад ээж нь "Хоолоо идээрэй" гэж дуудав. Бүгд гарцгаахад Заяа гарах гэснээ зурагт руугаа гүйлээ. Яах нь вэ асаалттай л байг гэтэл
- Энэчин дуусчийшдээ гэв.
***
1999.06
Тулгаа /7н/ ээжтэйгээ ярина.
- Хүүхэд чинь ээжээсээ гардаг тиймээ
- Тийм
- Тэгвэл аав ямар хэрэгтэйиин.
***
Эхнэр маань бэр эгчдээ памперс захижээ.
Орой нь нилээд олон хүний дэргэд чангаар "Чимгээ, чиний захисан тампакс чинь алга байна" гэв. /том хүний яриа орчиж/
***
2001.6.11
Дэлгэрмаа /бараг хүүхэд юмдаа/ Богд уулыг тойрон 3 хоног аялсан тухайгаа ярина. Дахин аялалд явахдаа цэргийн палатка авч явах санаатай Сүрэн ахаа "Цэргийн плавка" олдох болвуу гэв.
***
2001.12.6
Г-ын 2 охин:
- Ээжээ, хүүхэд хаанаас гардаг юм бэ?
- Хүйснээс гэтэл бага охин /4н/ нь
- Эргээд орвол багтах болвуу? гэжээ
***
Тулгаа ахмад хүнийг хүндэтгээд "Хохь тань шүү" гэв.
***
Зулаа /3 хүрэх гэж байгаа/
- Явахаар би ядраад, тэврэхээр та ядраад бид 2 инээдтэй юмаа гээд тэврүүлээд явж байхдаа гараа үрчиж байгаад чихийг нь дулаацуулж өгнө.
***
Зулаа /3н/: - энэ ууттай машиныг хараа
***
Зулаа айлд очиход: - Машинтайгаа байшиндаа орчихдог, сонин юмаа, лифтээр гарахад: -амар юмаа гэж соёлыг гайхав.

вторник, 7 августа 2007 г.

Сэтгэл судлаач эмэгтэй том нь 3, бага нь ой хүрээгүй хоёр хүүхэдтэй. Тэр, нэг өглөө унтаж буй дүүгийнхээ дэргэд ах нь очихыг ажиглаж байж. -Тэнд сайхан байна уу? Би заримыг нь мартаад байна гэсэн яриа болжээ. Энэ тухай ээж нь номондоо дурьдсаныг олж үзэв. Тэнд гэж хаанахыг хэлсэн, мартаад байна гэж ямар учиртайг хэн мэдхэв. Дүү нь бидний мэдэхгүй чанадын хэлээр ярьсан ч юм билүү.

Новосибирскийн нэгэн районд нууцаар психотронийн зэвсэг туршжээ. Оршин суугчдад тодорхой цагт босож, төдөн удаа гар дээрээ суниахаар даалгавар өгөгдсөн байв. Үр дүнгийн судалгааны тайланд хүмүүс даалгаврыг үг дуугүй биелүүлж байхад бага насны хүүхэдтэй айлууд дээрх командын үйлчлэлд орохгүй байгааг тэмдэглэжээ.

Хүүхэд бидний авран хамгаалагчид биш байгаа?! Ил харагдах, гарт базагдах дайснаас тэднийг бид хамгаалж чадах. Дээрхийн адил далдаас дайсагнасан нөлөөнд нөгөө эрэлхэг зоригтой ээж аавууд маань амьтан болж, энхрий бяцхан үрс минь биднийг хамгаалан тулалддаг юм биш байгаа. Хүүхэд хүчирхэг энергийн орчин үүсгэж хорон санаа, хортой үелзлэлээс хамгаалсан юм биш үү. Грабовой 3 настайдаа дэлхийг аварсан гээд байх, гайхаад л байна.

Эрхэм зочин та хүүхдийн зулайнаас үнэртэх анхилам үнэрийг мэднэ. Үүнийг сүүний үнэр шингэсэн сэвлэг даахь гэдэг. Энэ бол сүүний үнэр биш гэдгийг нотлохыг оролдъё.
Гуравдахь хүүхдээ төрүүлэхдээ эхнэр маань кесерево сечение хийлгэсэн. Охиныг маань амлуулаагүй байхад би үнсэж, үнэрлэж үзсэн. Ямар гайхалтай үнэртэй байсан гээч, үнэн тансаг. Энэ бол ахуйн үнэр биш байсан. Амьдралд ийм үнэр байдаггүй.
Хүүхдийг усанд оруулж сайтар шампундлаа ч гэсэн энэ үнэр арилдаггүй, бүр мөлчийтөл угаагаад байхад шүү. Бид идсэн хоолныхоо үнэрийг хөнгөхөн зайлаад, эсвэл арчаад л арилгачихдаг шүү дээ.
Бас Доржжав багш маань хичээл дээрээ нэгэнтээ далийгаад -хөдөөний, огт усанд ордоггүй мөртөө сайхан үнэртэй хөгшид хааяа бий гэсэн удаатай. Тэгэхээр хүүхдийн зулайнаас үнэртэх энэ гайхалтай үнэр бол сүүний үнэр биш. Таныг санал нэг байгаа гэж итгэж байна.

Хийн дасгал, бясалгал хийдэг улс гайгүй үнэртэй байж болох юм. Анхилам үнэрт хийн дасгал гээд Оюунбилэг гуайн ном байдаг шиг санаж байна. Би 21 хоног бясалгал хийгээд үзсэн чинь хүмүүсийн үнэрт их мэдрэг болсон гэж байгаа.

Манайхан хүүхдээ тэрний энэний сүнс эргэж төрлөө гэдэг. Бүр тэмдэг нь энэ байна гэнэ. Тэгэхээр хүүхдүүд Тэндээс ирдэг байх нь. Ирэхдээ бүр гэгээрсэн байдаг бөгөөд бидний бохир орчинд аажмаар дасаж /бид сургаж/, үнэр танар нь арилсаар, "заримыг нь" мартсаар, насанд хүрэхдээ бидний адил нүдэн балай чихэн дүлий болдог байх. Бурхад ирээд хүн болж төлөвшдөг байх. Хааяа ганц нэг нь гэгээрдэг байх.
Монголчууд заримдаа -хүүхдээс асуу гэнэ, Хүүхдээ өхөөрдөхдөө баастай бурхан гэнэ.

Үнэхээр хүүхдүүд гэдэг томчууд биднээс агуу улсаа.

понедельник, 6 августа 2007 г.


Бурхан минь

среда, 1 августа 2007 г.


Бурхан минь
/Та зургийг цагийн зүүний дагуу эргүүлээд хараарай. Байгалийн гайхамшигтай бүтээл/