воскресенье, 23 декабря 2007 г.

Гайхамшигтай

Елена Петровна Блаватская - үнэхээр гайхамшигтай. Дэлхий даяар нэр алдар нь түгсэн, онцгой хүндлэлт эх оронч орос бүсгүйг эх оронд нь даанч үнэлсэнгүй, гутааж, харааж зүхэн баалж байлаа.
Елена Петровна Блаватская – энэ нэр доромжлон дайрсан, албадан “мартсан” олон жилийн дараа оросын хэвлэлд дахин цуурайтаж байна. Манайд “Тайная доктрина” /Нууц номлол/ хэвлэгдэхээр бэлтгэгдэж байгаа гэнэ. И.Дудинскийн эмхтгэсэн “100 пророчеств Елены Блаватской” номноос Та бүхэнтэй хуваалцъя.

Зохиогч түүнийг Нострадамус, Сен Жермен, Ванга нартай зэрэгцүүлэн үнэлжээ. Үнэхээр гайхамшигтай хүн байж. Махатма Ганди гэж хэнсэн билээ дээ, гэтэл тэрээр түүний үйлсийн өмнө мэхийн “Я бы более чем удовлетворен, если бы смог коснуться края одежды мадам Блаватской” хэмээн дуун алджээ.

Елена Петровна Блаватская юлийн тооллын 1831 оны 7 сарын 31 /энэ нь григорийн 1831.08.12/-нд Днеприйн Екатеринослав хотод төрж, 1891 онд өөд болжээ. Эцэг нь хурандаа Петр Алексеевич фон Ган, Эх нь Елена Андреевна Ган, уг овог нь Фадеева. Ээжийнх нь эмэг эх өөрийн мэдлэг чадвар, шинжлэх ухааны бүтээлээрээ алдартай, вангийн хатан Елена Павлавна Долгорукая юм байна. Бидний сайн мэдэх алдартай зохиолч, генерал Фадеевийн зээ охин тэрээр билиг оюуны чанадад хүрч хүмүүн төрөлхийтөнд гайхамшигт үнэнийг хэлсээр байжээ. Анд нар судлаад үзээрэй, Елена Петровна Блаватскаягийн тухай уншаад, гайхахаас цаашгүй би юу хэлэхсэн билээ. Оросуудыг сайн маажвал монгол байдаг гэж үгтэй, судламаар. Миний бодлоор дорныг гүнзгий судалсан өрнийн хүн бол хадагтай Блаватская. Америкт түүний бүтээлийн асар баялаг хадгалагдан буй гэнэ. Анхны бүтээл нь “Илчлэгдсэн Изида”, дараагийнх нь “Нууц номлол” тус бүр нь 1000 хуудас бүхий 3 боть. I боть сансрын үүслийн тухай, II боть хүн /бичил сансар/-ий тухай, III боть шашины түүхийн тухай өгүүлдэг гэнэ.
Өнчин өссөн Елена Петровна арван зургаан настайдаа ахимаг насны статский советник Блаватскийтэй /5 дугаар зэрэг түшмэл/ хуримлаж, хэдхэн долоо хоногийн дараа харилцан зөвшилцөж салаад эрэгтэй хүний цув нөмрөн нууцаар Оросоос гарчээ. Баруунд ихэвчлэн амьдарсан ч, зөвхөн Түвдэд долоон жил сууж ном үзжээ.
Блаватская шашин ба шинжлэх ухааны харанхуй бүдүүлэг байдал, ягшмал номлол /догматизм/-той арвандолоон жилийн турш эрэлхэгээр тэмцжээ. Тэрээр гүтгэлэг доромжлолын бай болж байв. Биеэр эдлэх зовлон зүдгүүр хангалттай байвч хамгийн хүнд нь хамтын үзэн ядалт /коллективная ненависть/, үл ойшоолт, үл ойлголт, гүтгэлгийг даван туулах сэтгэл оюуны нажид эдэлж байлаа.
Елена Петровна Блаватская цөмийг багтаасан, ер бусын үлэмж их мэдлэгтэн байв. Ийм мэдлэгийг ченнеленгийн замаар л хураах боломжтой байх.
Блаватскаягийн хувьд Бурхан байхгүй, тэр байгалийг шүтэх үзлийг /пантеизм/ баримтлагч. Орчлонд Бурханыг төлөөлөх хэн ч байхгүй, гэхдээ хүн бүр ухамсрын хөгжлийн төвшингөөрөө өөртөө бурханлаг эхлэл байгааг мэдэрдэг.
Бурхан – Нууцлаг, Үнэн. Хүн бол зөвхөн түүний ухаанд юу байна түүнийг ойлгож чадна, ийм учраас янз бүрийн бүс нутгуудад хамгийн сайн сайхан гэснээрээ бурхныг дүрсэлдэг гэж үзнэ. Шүтлэг бишрэлийн, орон зай, цаг хугацаан дахь бүх харьцангуй чанарыг мэддэг тул сүсэг бишрэлийн хувьд ялгаварлан гадуурхаж болохгүй, үнэнийг хэсэг хэсгээр нь гажуудсан байдлаар л гэхээс биш хэн ч бүрэн дүүрэн таньж мэдэхгүй гэж үздэг тул арьсны үзлийг ялангуяа оюуны арьсизмыг /духовный расизм/ эсэргүүцэгч байв.
Түүний сургаалийн үндсэн дээр Сансар гэсэн ойлголт гарч ирдэг. Сансар бүхлээрээ, эсвэл түүний нэг хэсэг шинээр төрж, амьдарч, үржиж, өтөлж, үхдэг яг амьд оршнол шиг. Эсрэг тэсрэгийн зохиролд тулгуурласан сансрын амьсгалын явцад тэрээр тэлж агшин байдаг.
Эртний сурвалжид Сансрын орших шалтгааныг “хамгийн агуу үзмэрч ч, тэнгэрт ойр оршиж байлаа ч мэдэхгүй" гэж дурдсан ажгуу. Энэ бол нууцаас нууц. Эхлэл төгсгөл нь хүний мэдрэхүйд баригдашгүй, гадна оршино.
Елена Петровна Блаватская Дарвины үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, тэр газарт буусан тэнгэрийн биетээс хүн төрөлхтөн үүссэн гэх эртний мэргэдийн номлолыг дагана. Эхлээд хязгаарлагдмал оюунтай аварга биетэн дэлхий дээр физик биеээрээ 18 сая жил хөгжсөн. 9 сая жилийн өмнө орчин үеийн хүнтэй төстэй төрхийг олсон. Нэг сая жилийн өмнөх бүрэн хөгжлийн үед евроази америкийн хооронд орших тив дээр “атлантын” гэгдэх соёл үүссэн. Атлантуудын техникийн хөгжил маш өндөр түвшинд хүрсэн. Энэ тив орчин үеийн атомын энерги шиг энергийг хэмжээ хязгааргүй хэрэглэснээс үүдсэн геологийн катастрофын уршгаар хуваагдсан. Үлдсэн сүүлчийн арлууд хожим Атлантын гэгдсэн далайн ёроолд живжээ. Энэ сүйрлийн тухай библийн Ной-ийн тухай домогт өгүүлдэг.
Байгалийн хуулиудын талаар Блаватская Дхарма, Карма гэсэн үндсэн хоёр хуулийн талаар дурддаг. Дхарма /ном, дүрэм, журам, ертөнцийн жам/-цөм бултаар зохицуулагдах түгээмэл хууль. Дхармаас зөрсөн ямарч үйлдэл зовлонд учирч, устгагдана. Зохирон буй бүхэн зовлонгоос ангижирна. Хүн хүсэл таалал, эрх чөлөөтэй учраас татгалзах боломжтой. Дахин төрөхүйн хүрд түүнд зөв ба бурууг үйлдэх эрх чөлөөг олгоно. Зөв ба буруу хоёр чиглэлийн ямарч үйлдэл Кармыг, өөрөөр хэлбэл учир шалтгаан-үр дагаварыг үүсгэнэ. Блаватская нүгэл зөвхөн наманчлалаар бус бас нигүүлсэнгүйн үйлээр цагаатгагддагт итгэж байв. Түүнийхээр бүх сүнс хувилан төрөх агаад гадаад төрх илрэл нь өөр өөр боловч хүйсгүй, арьстан, үндэстэн гэх юмгүй учир дотоод мөн чанар нь адил юм. Хүн хувилан төрөхдөө зөвхөн түүнд шаардлагатай туршлага хуримтлуулах үүднээс зөвхөн тэр л үндэстэн ястан, тэр л арьстан болж төрнө. Далай ламтан хятад болохгүй, хятадын нөлөөнөөс хол төрөхийг хүсч буй, бид ч хожим хойно хятад болоод төрөхгүйг тэнгэр, бурхан, бидний үйлийн үр мэдэх буй заа.
Цаг хугацаа улиран одоход бүгд өнгөрч байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээрээ үхэж үрэгдэн алга болдоггүй зөвхөн өөр хэлбэрт шилжиж, дахин төрнө. Манай ертөмцөд бүх юм хэмнэлтэй, чанадад ч бас тийм. Үхэх төрөх нь сансрын хүрднээс тонилох хүртлээ үргэлжилнэ. Елена Петровна Блаватская албан ёсны боловсрол үгүй ч Ведийг судалж Пуран, Упанишад, Ганжуур, Данжуурын олон ботийг үзсэн гэдэг нь бүтээлүүдээс харагдана gene. “Нууц номлол”-доо бичихдээ: түүнд эртний мэдлэгүүд ойлгомжтой байдаг тухай дурджээ. Жишээ нь: Гизийн агуу пирамидийн тухай бичихдээ Сфинксийн дор төмөр авдар байгаа тухай дурджээ. “Нууц номлол”-ыг бичиж байх үед шинжлэх ухаанд энэ нь тодорхойгүй байлаа. Дөнгөж 1984 онд археологчид Сфинксийн дор төмөр хорго байгааг олж, ямар учиртайг тайлж чадсангүй.
Хэрвээ ноён Ньютон байгалийг амьд гэж үздэг байсан гэвэл хэн нэг нь цочирдох биз. Блаватская “Ньютоны нандин хүсэл, үзэл санааг гуйвуулчихсан, түүний агуу математик мэдлэгээс ганцхан физик хальсыг тооцоонд авч үзсэн. Хэрвээ, хөөрхий Исаак ингэхийг нь мэдсэн бол сүсэгтэй, шударга үнэнч хүн мөний тул mөнөөх улигт алимаа чимээгүйхэн идчих байсандаа” гэж бичжээ. Тэрээр агуу их физикчдийн онолыг цаг хугацааны хувьд урьдчилан бичсэн нь батлагдсаар байгаагийн нэг жишээ нь хамгийн сүүлд Хавкины хар нүх гэрчилнэ.
Елена Петровна Блаватская “Индостаны ширэнгэ, агуйгаас” /Из пешер и дебрей Индостаны/ номдоо “Энэтхэгийн эртний философийг судлагч эрдэмтэд: эртний эрдэмтэд орчин үеийн мэргэжил нэгтнүүдээс хамаагүй түрүүлсэн гэдэгт итгэлтэй “ гэж бичжээ. Одоогийн эрдэмтэд балар эртний хүмүүс цахилгааны мөн чанарыг мэддэг байсныг үзээд гайхширна. Европын анагаах ухааны эцэг гэгдэх Хиппократын системийг эртний энэтхэгийн Чарак, Шуршут нар боловсруулжээ гэж тэмдэглэсэн. Мөн Энэтхэгийн Вишнугийн сүмд Суръя, Сидхента нарын тооцоог сийлсэн чулуу олон мянган жилийг элээн хадгалагдан буй. Энэ тооцоо нь уурын хөдөлгүүр баруун европын соёл үүсэхээс аль эрт Энэтхэгт ашиглагдаж байсныг гэрчилнэ. Энэтхэгийн эртний мэргэд гэрлийн хурдыг анх тооцоолжээ. Тэд европын шинжлэх ухаан үүсэхээс мянга мянган жилийн өмнө гэрлийн тархалтын хуулийг томъёолжээ. Тэрч бүү хэл Пифагорын гипотенузын квадратын тухай алдарт теорем эртний “Жиотиши” сударт байж л байна. Тригонометрийн эцгийг Энэтхэгээс хай, энд үүнийг гэрчлэх гар бичмэл олдсон гэх зэргээр тэмдэглэсэн байна. Хорин мянган жилийн түүхтэй Ведийн судруудаас орчин үеийн судлаачид атомын энергийн томъёог ч олжээ.
Блаватская “Нууц номлол”-доо “...Атом хуваагдана. Олон хэсгүүдээс, эсвэл субатомуудаас бүрдэнэ” гэжээ. Түүнийг бурхан болсны 6 жилийн хойно электроныг нээж, шинжлэх ухааны хуваагдашгүй хэмээсэн ертөнцийг бүтээх хамгийн жижиг “тоосго” хага үсрэн цав гарчээ. Шинжлэх ухаан цааш аажим боловч тэнтэр тунтар алхсаар эхлээд электрон, дараа нь протон, дараа нь нейтрон, тэгээд кваркууд бусад бүрдлүүдийг нээсээр байна. Түүний хэлсэн долгионлог чанарыг ч мэдээтэхсэн байна.

Энерги масс хоёр тэнцүү чанартай болохыг нь Елена Петровна Блаватская бичиж байсан. Хойно, 1905 онд Эйнштейн өөрийн алдарт E=mc2 томъёогоор баталжээ. Гэрлийн хурдны квадратын тухай дурсаж байж. Фотоны тухай зөгнөн хэлснийг Эйнштейн 1905 онд, квантын тухайд Макс Планк 1900 онд, Х-цацрагийн тухайд хэлснийг нь 1895 онд Вильгельм Конрад Рентген нээлтээрээ баталжээ. Энэ жагсаалт цааш үргэлжилнэ. Резерфордын альфа, бетта цацрагийг ч зөгнөн хэлжээ. Ер нь хорьдугаар зууны томоохон нээлтүүдийг зөгнөн бичсэнийг хожмын эрдэмтэд баталсан байна. Блаватская ДНК-ийн тухай, генийн удмын мэдээлэл дамжуулагч болох тухай мэдэж байсныг бүүр хожим Watson, Крик нар нээлтээрээ баталгаажуулсан.
Дэлхийн цаг уурын гэнэтийн өөрчлөлт, хөлдсөн арслан зааны ходоодон доторх шингээгүй холтсон цэцэг зэрэг баримтууд Елена Петровна Блаватскаяд огтхон ч асуудал үүсгээгүй. Тэр эрт дээр дэлхий тэнхлэгээрээ хазайсныг хэлж өгсөн. Елена Петровна Блаватская гариг өөрийн оюун ухаантай гэдгийг баталсан. Манайхан ч уул ус өөрийн лус савдагтай, зэрлэг бүдүүлгээр халдвал хэрхэн догширдгийг мэддэг.
Лемурчуудээс өмнөх үеийнхэн, атлантууд болон ирээдүйн хүний тухай их тодорхой бичсэн гэнэ. Энэ номонд хувь хүний талаар ёрлон хэлсэн аар саар юмыг аваагүй юм байна. “Хар зуун” болох Кали юга-ийн төгсгөлд түйвээх фашистуудын талаар ч тодорхой хэлж. Шинжлэх ухааныг мухардмал байдлаас гарахад мөн ч их тус болжээ. Элдэв шашины нүцгэн үнэнийг хэлчихээр, түүнийг үзэн ядаж байсан юм боловуу. Зарим шашины тэргүүн түүний амыг барих гэж асар их хэмжээний санхүүжилт амлаж байж. Мөн юуны учир 1872 оны 12 сарын 26-нд оросын жандармд захидал бичсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Захидал бүрэн эхээрээ хэвлэгджээ. Шинжлэх ухааны бүх салбарт нээлт хийгч эрдэмтэд, Нобелийн шагналтнууд ч, түүний зөвхөн ганц номыг ч ишлэн амьдрагсад бүгд энэ эрхэм хүнд талархалтай.

Елена Петровна Блаватская хэмээх агуу их сартваахийн тухай мэдээg Заяа андын хүссэнээр жаал нухав. Алдаа эндлийг минь хэлж залруулна уу.

понедельник, 17 декабря 2007 г.

Чих худалч, нүд бас худалч

Та бүхэндээ ирж буй шинэ жилийн мэнд дэвшүүлье. Нүд худалч тухай http://erdenebolor.blogspot.com/ дээр сонирхолтой нийтлэл бий. Энэ зургийн зохиогч авгай уучилна уу, хаанаас тууснаа санахгүй байна.

Шинэ жилийн мэнд хүргээд нэг онигоо...

Sanakae-ийн блогоос http://sanakae.blogspot.com/ хуулбарлав.

Шинэ жил болох гэж байна алив жаахан хөгжилдөе л дөө.

Тамын эзэн бурханд хандан, - Чи тамд байгаа тоглоомчинг авчихаач тэгэх үү? - Яагаад чи нүгэл хийсэн хүнийг диваажинд жаргаах гээд байгаа юм бэ? - Тэр тоглоомчин миний тамыг тоглоом гэж бодоод миний сэрээг булаан аваад, миний бүх туслахыг цааш нь харуулаад, хайлмал галтай бүх тогоог хөмөрч хаячихаад, одоо болохоор дараагийн үе рүү нь яаж ордог юм бэ? гээд чарлаж гүйгээд байнаа. Тамыг яг орвонгоор нь эргүүлэх гээд байна, энэ нөхрийг л чи диваажиндаа авч нэг тус болооч гэжээ.

Программчин байх яасан хэцvv юм бэ. Амралтын өдрөөрөө айлд зочлохоор хоол цай ч єгєлгvй, шууд гэрийнхээ компьютер рvv чирч vзэж хараад, засч янзлаад єг гэх юм. Ийм юм сонсоод уур аймаар их хvрдэг ч эмэгтэйчvvдийн ч юмуу, эсвэл шулуун гэдэсний эмч байсан бол балрах нь ээ гэж бодохоор аяндаа зvгээр болчихдог юм.

Мэс заслын эмч євчтнийхєє рентген зургийг vзэж байна гэнэ: -За…г, эгэм хугарсан, хоёр хавирга цуурсан, шилбэний яс vйрсэн байна. Гэхдээ зvгээрээ Photoshop дээр дор нь засчихна.

Дээхэн vед хvмvvс тайлбарлахын аргагvй хачин сонин зvйлсийг бурхан, сvнс, ид шидээр тайлбарладаг байсан. Харин одоо ч бол бvгдийг фотошопоор тайлбарлах болж дээ. Нэгэн программист тєгєлдєр хуурч дээр ирж, шинэ хєгжмийг нь vзэж байв. Их удаан тойрч vзэж байснаа хэлэв - 84 хєн товчлууртай юм. тэгээд бас хагас функцынх, бvгдийнх нь бичиг арилчихаж, онцгvй юм. Гэхдээ яахав хєлєєрєє shift дардаг нь дажгvй юм.

«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хvмvvс 100% «тийм» гэсэн хариу єгсєн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу тvвшинд хєгжиж байгааг харуулсан хэрэг юм.
P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.

среда, 12 декабря 2007 г.

Энэ өдөр - өнө өдөр - өнөөдөр, Өртөө - юрта

Гэр, уртын дуу, хөөмий, морин хуур, айраг, борц, ааруул... Хүн төрөлхтний хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр ихээ. Өртөө бол мэдээлэл дамжуулах хурдыг тухайн үед байгаагүйгээр нэмэгдүүлсэн гайхамшигтай. Энэ технологийг нэвтрүүлэх Өгөөдэй хааны зарлигт өртөө гэдэг үг байхгүй замчин, улаачин, суурин зам тавих гэдэг үг хэрэглэжээ. /Энэ тухай Ш.Чоймаа багш бичсэн/. Эндээс харахад компьютер хэмээх үг манайд нэвтэрсэн шиг өртөө гэдэг үг шинээр үүссэн байх. Суурин зам байгуулахад гэрийг олноор ашигласан бөгөөд түүнийг огт үзэж хараагүй, зарим авиа дутуу өрнөдөд юрта гэж нэрлэсэн байхаа, өртөө - юрта. Шинэ үг үүсч, монголчууд өртөө гэж шуудан дамжуулах суурин замаа нэрлэн, гэр юрта yurta болж хувирсан байх. Өдтэй юу бичиг нь Өртөөгөөр дамжина гэдэг нь суурин замын гэрээр дамжсаар явна гэсэн үг болж таарч байна. Д.Гангаагийн нийтлэлийг уншаад үүнийг бичиж билээ.
Өнөөдөр Өгөөдэй хааны маань өөд болсон өдөр юм байна. Өдрийн сонины "өдрийн түүх"-ээс оруулав.
Энэ он сар өдөр нэлээд бодитой байж болзошгүй юм. Яагаад гэвэл тэр үе бол Их Монгол Улсын дотоод үйл хэрэг бараг дэлхий даяар хамааралтай болж байсан цаг. Ялангуяа Ойрхи Дорнод /манайхан гадныхныг дуурайгаад ингээд хэвшчихсэн юм. Арс/, одоогийн Орос, Зүүн Европын тэр цагийн улс орнуудын XIII зууны түүх тэр чигээрээ Монголтой холбон бичихээс аргагүй байв. Тэгэхээр энэ өдөр Монголын их хаан Ч.Өгөөдэй 1241 онд 55 насандаа бурхан болж их уй гашуу болсон байна. Их хаан өвчний учир бие барсантай холбогдуулан алс баруун зүгт байлдан дагуулалт хийж явсан цэргээ гэдрэг татах тушаал очсон. Өгөөдэй хааны том ах Зүчийн хүү Бат энэ үед Орос орныг бүрэн эзлээд Чех, Польш, Унгарын нутагт хэдийнэ цөмөрсөн үе байлаа. Хархорумд хаан нас барснаар ийнхүү Европ тив Монголын морин цэргийн довтолгооноос үүрд аврагдлаа. Өгөөдэй хаан арван хэдхэн настайгаасаа эцэг Чингэс хааныг даган улс төр, цэрэг дайны бүхий л эрдмийг эзэмшсэн төгс төгөлдөр суут их хаан маань юм. Түүний хаанчлалын үед Талын монголчууд амар жимрийг эдэлж, их өртөө байгуулагдан, дэлхийг хэрсэн сүлжээгээр бүх мэдээллийг авч чаддаг байсан тухай тэмдэглэгджээ. Эзэнт гүрний ивээлд багтсан ард түмэн Торгоны их замаар хаа дуртай зүгтээ аюулгүй зорчин худалдаа наймаа өргөжив.
Өгөөдэй хааны дараа Их хурaлдай хуралдаж шударга санал хураалт явагдаж Гүеүгийг Монголын хаанд өргөмжилжээ.
"Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм" гэж аугаа Цэцэрон хэлснийг Баабар өнөөдрийн нийтлэлдээ дурджээ.

пятница, 7 декабря 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 2

Луйза Хей, Орчуулагч Ц.Одонтуяа, түүний номноос та бүхэнд зориулан шивсэн охин Б.Заяа нартаа талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Бид эцэг эхээ сонгодог гэдэгт би итгэдэг

Бид, ер нь хүн бүхэн энэ ертөнцөд мэндлээд тухайн цаг хугацаанд, тухайн орон зайд энэ биеийг олж, яаж амьдрахаа шийдэж, сонгож байдаг. Бид оюун санааны хичээлүүдийг суралцах гэж энэ амьдралыг, энэ хөгжил хувьслын замыг сонгож ирсэн. Бид хүйсээ, арьсны өнгөө, яс үндсээ өөрсдөө сонгож дараа нь энэ амьдарлын туршид хэрэг болох бидний хүмүүжлийн толь болсон эцэг эхийнхээ жишээг эргэн тойрноосоо авдаг. Тэгээд өсөж том болохоороо гэнэт эцэг эхээ буруутгаж, та л биднийг ингэж сургасан, та л ингэ гэж заасан гэж чичилдэг. Яг үнэндээ бол тэд бидний төлөө чадах бүхнээ хийсэн, харин бид л ямар нэг бэрхшээлийг давж гарахыг хүсэхдээ, тиймэрхүү асуудлыг шийдэхэд тэд л хамгийн сайн нь байсан гэж итгэж тэдний хэрэглэдэг байсан аргыг сонгодог.
Бидний итгэлийн систем хар багаас минь л бүрэлдэн тогтож, бид амьдралынхаа турш туулж өнгөрүүлсэн бүхнээ тэр итгэлтэйгээ харьцуулдаг. Тэгээд итгэл, бодит байдал хоёр зөрчилдөхөөр гомдож, бухимддаг.
Та өнгөрснөө эргэж бодоод яг ижилхэн үйл явдал хэдэн удаа давтагдсаныг сана даа. Хэрэв танд ямар нэг зүйлийг тэгэж олон удаа давтаж хийсэн тохиолдол байсан бол та өөрийгөө тийм зүйл хийх ёстой гэж итгэсэнтэй л холбоотой.
Бидэнд хичнээн хүнд бэрхшээл, хэр урт хугацаанд тулгарч, хэр их төвөг учруулсан нь огт хамаагүй. Хүч чадлын амин сүнс зөвхөн одоо цагт л оршиж байдаг.
Өнөөдрийг хүртэл таны туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага бол тэр чигээрээ таны урд өмнө нь бодож байсан бодол итгэлээс бий болсон зүйл. Тэдгээр нь таны өчигдөр, өнгөрсөн долоо хоног, өнгөрсөн жил, эсвэл 10, 20, 30-н жилийн өмнө ярьж хэлж, бодож, итгэж байсан тэр бодлуудаас үүдсэн зүйлс. Гэхдээ энэ бол таны өнгөрсөн амьдрал. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Энэ цаг мөчид буюу одоо юу хамгийн чухал вэ гэвэл та юу бодож, юунд итгэхээ өөрөө сонгох боломж юм. Юу гэж хэлэхээ ч бас.
Таны одоо бодож байгаа бодол, итгэл, үг хэл тань таны ирээдүйг бий болгоно. Таны хүч чадлын амин сүнс одоод л оршиж байгаа бөгөөд энэ хүч чадал таны маргаашийг, ирэх долоо хоног, ирэх сар, ирэх жилийг, ирэх цаг хугацааг бүтээнэ.
Та яг одоо толгойд орж ирж байгаа бодлоо эерэг үү, сөрөг үү гэдгийг анзаарч байж болох юм. Та тэр бодлоо таны ирээдүйг бий болгоосой гэж хүсч байна уу? Зүгээр л ажигла, тэгээд сайн санаж яваарай.

Бидний байнга тасралтгүй хийгээд зүйл бол бидний бодол- Бодлыг өөрчилж болно

Ямар ч бэрхшээл зовлон байсан туулж өнгөрүүлсэн зүйлс маань бидний дотоод бодлын гадаад илрэл юм.

Өөрөө өөрийгөө үзэн ядах нь өөрийнхөө тухай муугаар боддогоос болсон хэрэг. “Би ч тааруухан амьтан” гэсэн бодол танд тийм сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв та тэгэж бодоогүй бол танд тэгэж мэдрэгдэхгүй шүү дээ. Энэ бодлыг өөрчилж болно. Түүний дараа дээрх мэдрэмж арилах болно. Өөрөөр хэлбэл танд тэгэж санагдахаа болино гэсэн үг.
Энэ бол зөвхөн бид тэр олон итгэлийг хаанаас олж авдгийг харуулах гэсэн жишээ юм. Гэхдээ үүнийгээ байнгын зовиур шаналгаа болгож биедээ хадгалахаа больцгооё. Одоо өнгөрсөн бүхэн ямар ч хүч чадалгүй, нөлөөгүй болсон.
Бидэнд ямар ч гашуун туршлага, ямар ч хэцүү зүйл, ямар ч удаан хугацаанд тохиолдсон хамаагүй. Тэр бүгд өнгөрсөн. Харин хүч чадал гэдэг одоо цагт л байдаг зүйл. Үүнийг ойлговол хичнээн гайхалтай гээч! Яг одооноос эхлээд бид бэрхшээлээс чөлөөлөгдөж, ангижирч болно.

Та итгэнэ үү, байна уу, бид үнэхээр бодлоо сонгодог

Магадгүй бид зөнгөөрөө л ямар нэгэн зүйлийг өөрийн эрхгүй дахин дахин боддог учраас энэ сонгох боломжгүй гэж та ойлгож байж болох юм. Яг үнэн хэрэгтээ бол бид бодлоо өөрсдөө сонгодог. Ер бид тодорхой нэг бодол бодохоосоо татгалзаж болно. Та өөрийнхөө тухай эерэг сайн зүйл бодохоосоо хэр их татгалздагаа нэг бодоод үз л дээ. Бас та өөрийнхөө тухай хэр их сөрөг бодол боддог, түүнээс хэр их татгалздагаа сана даа.
Надад хандаж, надтай уулзаж байсан хүн бүхэн их, бага хэмжээгээр өөрийгөө чамлаж, өөрийгөө дорд үзэх өвчинд автсан байдаг. Ингэх тусмаа бидний амьдралд өөдрөг, бүтэмжтэй зүйл бага болж, улам л зовлонтой, төвөгтэй болдог шүү дээ.
Өөрөө өөрийгөө аль болох бага зэмлэж, бага буруушааж чадвал амьдрал тань тэр хэмжээгээр дээшилж, дэвжинэ.

Надтай уулзаж, надад хандаж байсан хүн болгоны дотоод бодол нь “би тийм сайн байж чадахгүй байна” гэсэн нийтлэг бодол байдаг.

Бид дээр нь “Би юу ч амжуулдаггүй”, “Би ямар ч гавьяагүй гэж бодоцгоодог. Яг тань шиг байна уу? Та ингэж бодож, ингэж ярьдаг уу? Гэхдээ та хэний гаргасан жишигт хүрэхгүй, хэний төлөө гавьяа байгуулаагүй гэж бодоод өөрийгөө зэмлэж байгаа юм бэ?
Хэрэв та ингэж хатуу итгэж, боддог бол та яаж өөдрөг, баяр баясгалантай, бусдын хайрыг татаж, эрүүл саруул амжилттай ажиллаж, амьдарч чадах юм бэ? Яаж ийгээд л таны далд ухамсарт суусан ийм бодлууд таныг өөрөө өөртэйгөө зөрчилдөхөд хүргэдэг. Яаж ингээд л та өөрийгөө хаа нэг газар, хэзээ нэг цагт буруу зүйл хийнэ гэж итгэдэг.

Гомдол, бухимдал, буруутгал, шүүмжлэл, айдас болгоомжлол гэдэг өөр юунаас ч илүү хамгийн их төвөг учруулдаг гэдгийг би олж мэдсэн.

Энэ хэдэн зүйл бидний амьдрал, эрүүл мэндийг доройтуулж, биеийг өвчлүүлдэг. Энэ мэдрэмжүүд бол амьдралд болж өнгөрсөн зүйлүүд өөрөө хариуцлага хүлээхгүй, хэн нэгнийг буруутгах сэтгэлээс урган гардаг.

Та хар даа, хэрэв бид өөрсдийн зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг бол хэн нэгэнийг зэмлэх хэрэг гарахгүй шүү дээ. Тэнд юу болж байна, энд би юу бодсонтой л холбоотой. Бид дотоод сэтгэл буюу бодлын толь бол бидний амьдралд болж буй үйл явдал юм.
Би өөдгүй хүмүүсийг өмгөөлж, хамгаалах гээгүй, гэхдээ хэнийг өөртөө татаж, хэнээр хайрлуулах нь бидний итгэлээс хамаардаг гэдэгийг хэлэх гэсэн юм.
Хэрэв та өөрийгөө “Хүн бүхэн надад ингэж хандах юм, тэд дандаа намайг шүүмжилж, надад гомдож, намайг үл тоож, намайг гомдоож, яг л үүдний гишгүүр шиг үздэг” гэж бодох юм бол хүмүүс тэгэх л болно. Яагаад гэвэл тэр бодлууд чинь хүмүүст “харагдаж”, тэдний тантай тийм байдлаар харьцахад нөлөөлдөг юм. Хэрэв та тэгэж бодохоо больчихвол тэд танаас холдож, өөр хэн нэгэн рүү явна.
Шинжлэх ухааны түвшинд нотолсон зарим жишээний үр дүнг дурдвал: Удаан хугацаанд тээсэн гомдол биеийг аажмаар идэж, бидний нэрлэдэг өмнө үү гэх өвчин үүсгэдэг. Бас байнга шүүмжлэх нь үе мөчний өвчинг үүсгэдэг. Өөрөө өөрийгөө буруутгаж, гэмших нь өвчлөх гол шалтгаан болдог. (Надад хандаж, ирсэн үйлчлүүлэгчдээ өвдсөн байхыг хараад тэд удаан хугацаанд өөрсдийгөө буруугаж, дотроо гэмшиж явсныг би шууд л мэддэг).
Айдас гэдэг үс халцрах, яр шарх гарах, ходоодны шархтай болоход шууд нөлөөлдөг.
Уучилж өршөөж, гомдлоо мартах нь өмөн үүг ч зогсоож чаддагийг би бас олж мэдсэн. Энэ нь хэтэрхий хялбархан юм шиг санагдаж болох юм. Гэхдээ л би үүнийг үнэхээр өөрийн биеэр үзэж, мэдэрсэн.

Бид өнгөрсөнд хандах хандлагаа өөрчилж чадна

Өнгөрсөн гэдэг нь нэгэнт болоод дууссан зүйл. Түүнийг одоо бид өөрчилж чадахгүй. Харин бид өнгөрсний тухай бодлоо өөрчилж чадна. Өмнө нь хэн нэгэн бидэнд муу зүйл хийж, биднийг гомдоосны төлөө өнөөдөр бид өөрсдийгөө шийтгэнэ гэдэг хичнээн тэнэг хэрэг билээ.
Би хүмүүст: “Надад гомдлоо яг одоо, илүү хялбар байгаа дээр нь тайл, үхлийн өмнө наад гомдлоо тайл” гэж хэлдэг.
Бид хүн байдалд орсон үедээ бодол санаагаа төвлөрүүлж, сэтгэлээ ариусгана гэвэл үнэхээр чадашгүй, бүтэшгүй ажил.
Харин одооноос эхлэн айдсаа арилгахад цаг зарцуулах ёстой. Хэрэв бид өөрсдийгөө ямар ч тусламж авалгүй өнгөрөөх хохирогч, бүх зүйл найдваргүй гэж итгэх тийм итгэлийг сонгох юм бол хорвоо ертөнц таны энэ итгэлийг л биелүүлэхэд л тус болох болно. Тэгээд бид шууд уруудаж улам л дордоно. Тиймээс тийм тэнэг зүйлд итгэхээсээ зайлсхийж, тийм сөрөг бодол бодохгүй байх нь чухал.
Бурхан тэнгэр бидний эсрэг биш бидний төлөө, бидний итгэл, бодлыг л дэмждэг. Та юу гэж бодно тэр түүнийг дэмжинэ гэсэн үг. Та сайн зүйл бодож, сайхан зүйлд итгэвэл тэр түүнийг биелүүлэхэд танд тусална.

Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлөхийн тулд өршөөхөд бэлэн байх ёстой

Бид өнгөрснөөс чөлөөлөгдөхийн тул өөрсдийгөө болон бусдыг ч өршөөхөд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй бид яаж өршөөхөө мэдэхгүй, бас хүсэхгүй байж болно. Гэвч өршөөхөд бэлэн байх нь эрүүлжих үйл явцын эхлэл юм. Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж, бас өөрийгөө болон бусдыг өршөөх нь хойшлуулшгүй чухал зүйл.
“Би чамайг миний хүссэнээр байгаагүйн чинь төлөө өршөөлөө, би чамайг зүгээр л орхилоо” гэж хэлэхэд л энэ өгүүлбэр бидний чөлөөлнө.

Бүх өвчин өршөөх сэтгэлгүйн улмаас үүддэг

Хэрэв та, хэзээ нэгэн цагт өвдөх л юм бол зүрхээ чагнаж, өршөөл хэрэгтэй хүнийг заавал олоорой. “Гайхамшигт цуврал” хэмээх хичээлд яг ингэж өгүүлсэн байдаг.
Миний зүгээс танд нэмж хэлэхэд: Таны хувьд өршөөхөд хамгийн хэцүү санагдаж байгаа тэр хүн бол таны өөрөөсөө холдуулахыг хамгийн их хүсч байгаа хүн мөн. Хэн нэгнийг өршөөнө гэдэг ердөө л түүнийг орхино, явуулна, өөрөөсөө холдуулна гэсэн үг.
Энэ бол түүний өөдгүй зан чанарыг нь уучилна гэсэн үг биш. Зүгээр л юутай хээтэй нь тэр чигээр нь хая гэсэн үг. Бид яаж өршөөхөө мэдэхгүй байж болно. Бидний хийх ёстой зүйл бол өршөөхөд бэлэн байх л явдал юм. Харин хорвоо ертөнц яах тухайг өөрөө мэдээд учрыг нь олно.
Бид өөрсдийнхөө шаналалыг их сайн ойлгодог. Харин бидний хамгийн түрүүнд өршөөх хэрэгтэй тэр хүн хэн ч байлаа гэсэн бас шаналж л байгаа гэдгийг ойлгох үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ тэд тухайн үедээ түүнээс өөрөөр яах ёстой байснаа мэдэхгүй, ойлгохгүй, өөрөөр яаж ч чадахгүй байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Хүмүүс надад зовлонгоо тоочих үед тэдэнд ямар ч асуудал тулгарсан бай, эрүүл мэнд нь муудах, мөнгөгүй болох, хэн нэгэнтэй харилцаагаа таслах, хэн нэгэнтэй муудалцах, санаж сэдсэн нь бүтэлгүйтэж нурах ер нь аль нь ч бай тэр бэрхшээлийг анхаарахаасаа илүү тэднийг зөвхөн өөрийгөө хайрладаг болгоход анхаарч, ажиллах явдал байдаг.
Хэрэв бид өөрсдийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч, хайрлаж чадвал амьдралд бүх зүйл эерэгээр эргэнэ гэдгийг би олж мэдсэн. Энэ бол яг л эргэн тойронд бяцхан ид шид байгаа мэт хүчтэй нөлөөтэй. Ингэснээр бидний эрүүл мэнд сайжирч, бид мөнгөтэй болж, бидний харилцаа ойлгомжтой, эерэг болж, бид өөрсдийгөө үнэхээр бүрэн дүүрэн илэрхийлж эхэлнэ. Бүх зүйл огт хичээгээгүй байхад л аяндаа бүтэж байгаа мэт санагдах болно гээч. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлана гэдэг танд аюулгүй, тайван амьдрах орон зайг бий болгож, итгэл, зөвшөөрөл гэдэг таны оюун санааг эмх замбараатай болгон, таны амьдралд илүү найрсаг бүлээн дулаан харилцаа бий болж, энэ бүхэн таны зүг сайн сайхныг урин дуудах болно. Ингэснээр бүр таны биеийн жин хүртэл хэвийн хэмжээндээ байна гээч. Таны өмнө шинэ ажил, шинэ амьдрах орчин бий болно. Өөрийгөө хайрладаг хүмүүсийн бие нь хүртэл тэднийг хайрладаг юм. Эзэн нь биеэ хайрлавал бие нь эзнээ хайрлана гэсэн үг.
Өнөөдөр өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах нь бидний амьдралын бүх л хэсэгт гарах эерэг өөрчлөлтийг хэзээ ч дахиж шүүмжлэхгүй байхаас эхэлсэн. Шүүмжлэл гээч биднийг өөрчлөлтөөс ухрааж, нэг л байранд хүлж, цоожилж байдаг зүйл.
Өөрийгөө ойлгож, уян хатан хандах нь тэр хүлээс, цоожноос гарахад тусалдаг.
Та олон жил өөрийгөө шүүмжиллээ. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй байгааг та хар даа. Тэгвэл өөрийгөө зөвшөөрөөд, дэмжээд үз л дээ.
*********************************************************
Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм цогц, төгс төгөлдөр,бүрэн бүтэн.

Өдөр бүр, мөч бүхэнд надаас урсан гарч буй тэр хүчээс хэд дахин илүү хүч байдаг гэдэгт би итгэдэг.

Би өөрийгөө оюун ухааны өмнө нээж байна.

Энэ дэлхий ертөнцөд ганцхан оюун ухаан байдаг гэж би боддог.

Энэ л ухаанаас бүх хариулт, бүх шийдэл, бүх эрүүл саруул, шинэ зүйлс гардаг.

Миний мэдэх хэрэгтэй юм бүхэн хэзээ нэгэн цагт тодорхой болно, надад хэрэгтэй бүх зүйл цагаа болохоор зайгаа олоод, дарааллынхаа дагуу ирнэ гэдгийг мэдэж, оюун ухааны хүч чадалд би итгэдэг.

Миний ертөнцөд бүх юм сайн сайхан.

Заа үүгээр нэгдүгээр бүлэг дуусч байна. Охин маань хоёрдугаар бүлгийг шивээд дууссан. Арван хуруугаар хурдан бичдэг болсон байна лээ шүү. Аавдаа туслахдаа их дуртай байгаа.

Үргэлжлэл бий.

вторник, 4 декабря 2007 г.

Ус чандмань эрдэнэ

Ус үнэхээр гайхамшигтай. Бямбаагийн "Ус чандмань эрдэнэ" нэртэй бичлэгийг уншаад Б.Галааридын усны тухай нийтлэлийг "Зууны мэдээ сонин"-ны 2007.08.08-ны дугаараас ашиглан коммент болгон бичсэнээ энд оруулъя. Масарү Эмото усыг судалдаг юм байна. 1956 онд үй олноор устгах бактерлогийн хүчирхэг зэвсэг бүтээх нууц лабораторид ажиллаж байсан эрдэмтэд хуралдааны явцад хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ. Тэд цэвэр уснаас өөр зүйл уугаагүй гэсэн нь мөрдөх ажиллагааг мухардалд оруулжээ. Жирийн уснаас хордсон гэж тайландаа бичсэн ч би түүнтэй санал нийлдэггүй. Тэдний ярианы хортой мэдээллийг ус хүлээн авч дамжуулсан гэж Масарү Эмото үзжээ.

Ангаахайг /блогчин/ нэгэн шашны том үйл ажиллагаанд ороход ус огт оруулахгүй байв. Тэрээр "учрыг асуутал энд ирсэн хүмүүсээс гарсан муу энерги усанд шингэдэг гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм" гэж тэмдэглэжээ. Эдгээрийг харьцуулан үзвэл үнэхээр бактерлогийн аймшигт зэвсэг хийхээр санаархагчдын бодол санаа усаар дамжсан байна гэж надад ч бас бодогдоно. Үг усанд хэрхэн нөлөөлөх бол. Ус-үг мэдэхгүй, утгыг нь ч ойлгохгүй гэж бодож байна уу?
Масарү Эмото туршилт хийхдээ 3 ижил шилэн саванд будаа хийгээд усаар дүүргэжээ. Өдөр бүр нэг дэх аяганд баярлалаа, би чамд хайртай, нөгөөд нь чи тэнэг, 3 дахид нь юу ч хэлэлгүй орхижээ. Хэсэг хугацааны дараа үзвэл 1-р нь их сайхан өнгөтэй болж, 2-р нь өмхийрч, 3-р нь харлан мууджээ. Энэ тухай "Вода" гэж кинонд бий.

Мусарү Эмото бас нэгэн сонин туршилт хийсэн байна. Эдгээр үгсийг бичсэн саванд ус хийж байгаад талсын зургийг нь авахад дараах дүрс гарчээ.
Хайр
Баярлалаа
Ална даа
Ангаахайн блогоос /холбоос бий/ зураг, тайлбарыг авч ашиглав. Хөгжим сонссон "ус" аялгуунаасаа хамаараад янз бүрийн дүрстэй гарсан байна. Хүний 90 хувийг ус эзэлдэг тул хүнийг бараг ус гэж үзэж болмоор мэт. Хэдийгээр үнэн үгтэй боловч гунигтай аялгуу бүхий дуу дуулах нь дэмий байхаа, Владимир Высоцкий, Виктор Цой нарын гунигт хувь заяа нэгийг өгүүлнэ.

четверг, 29 ноября 2007 г.

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна - 1

Надад Луйза Л.Хэйгийн бараг бүх ажил бий. Олон ч жил дарлаа даа. Түүний номыг уншихад их сонин санагддаг. Дээр "Үг" хэмээх нэг бичлэгтээ жаахан орчуулж оруулсаныг та санаж байгаа байх. Ц.Одонтуяа бүсгүй “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” номыг нь олж уншаад сэтгэл нь хөдлөн “ийм сайхан бал бурамтай умдааг хүмүүстэй хуваалцана” гээд өөрөөс нь зөвшөөрөл авч орчуулан олон түмэндээ хүргэсээр 3 жил өнгөрчээ. Би ч бас Ц.Одонтуяа бүсгүйд талархан, найз нөхөддөө хэрэг болуужин гээд түүний орчуулгаас цувралаар гаргахаар шийдлээ. Энэ номыг дуусахаар, эсвэл дундуур нь бусад бүтээлүүдээс нь орчуулан тавих болно.

Уншигч Та бүхэнд өгөх миний санал
Би өөрийнхөө мэддэг зүйлээ уншигч та нартайгаа хуваалцах, та бүхэнд зааж сургахын тулд энэ номыг бичсэн юм.
Миний бичсэн “Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна” гэдэг энэ жижигхэн ном бидний биеийг өвчлүүлдэг шалтгаан болдог сэтгэлийн буюу сэтгэцийн тухай өгүүлсэн ба хамгийн их уншигчтай ном гэж хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Миний уншигчид намайг өөрийн мэддэг бүхнээсээ илүү ихийг хуваалцаач гэж хүссэн мянга мянган захидал надад илгээдэг. Миний лекцийг сонссон, миний ярилцлагад оролцсон, миний үйлчлүүлэгчид Бүгдээрээ л намайг энэ номыг бичихэд цаг зав гаргаач гэж хүсэж байсан. Тиймээс би энэ номыг, яг л таны миний лекцэд сууж, надтай ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр бичихийг хичээлээ.
Та миний номонд өгүүлсний дагуу, энд байгаа дасгалуудыг дарааллын дагуу үргэлжлүүлэн хийсээр, энэ номыг уншиж дуусгах юм бол, тэр үед таны амьдрал өөрчлөгдөөд эхэлчихсэн байх болно. Эхлээд та энэ номыг нэг удаа, анхааралтай уншиж дуусгаад, дараа нь дахин дахин тогтож уншихдаа дасгалуудаа хийгээрэй. Тэр дасгалуудыг хийх цаг зав заавал гаргаарай. Хэрэв боломжтой бол дасгалаа найзтайгаа, эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт хийхийг хичээгээрэй.
Бүлэг бүхэн өөрийн хэллэг, билэг дэмбэрэлтэй үгсээр эхэлж байгаа. Тэд бүгдээрээ таны амьдралд сайнаар нөлөөлнө. Нэг бүлгийг уншихад хоёроос гурван өдөр зарцуулаарай. Тэгээд бүлгийн эхэнд байгаа өөдрөг хэллэгүүдийг дахин дахин бичиж, дахин дахин хэлээрэй.
Бүлэг бүрийн төгсгөлд эмчилгээний “жор” байгаа. Энэ нь таны ухамсрыг өөрчлөхөд чиглэгдсэн эерэг санаануудын урсгал юм. Энэ эмчилгээнүүдийг өдөрт хэд хэдэн удаа давтан уншаарай.
Номын төгсгөлд би та бүхэндээ өөрийн түүхээс хуваалцах болно. Үүнийг уншсанаар та бид хаанаас ч ирсэн ямар ч байдалд орсон бай, амьдарлаа эерэгээр өөрчилж болдог юм гэдгийг ойлгох болно.
Бас таныг номоо уншиж дасгалаа хийж байхад миний бодол санаа, миний дэмжлэг тантай хамт байх болно гэдгийг санаарай.
Луйза Хэй

Миний философийн зарчмууд

  • Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрсдөө л хүлээх ёстой.
  • Бидний бодол болгон бидний ирээдүйг бий болгодог.
  • Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
  • Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
  • Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
  • Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
  • Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
  • Хэрвээ бид өөрсдөө өөрсдийгөө хайрлаж чадах юм бол бидний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
  • Бид өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
  • Бид өөрсдийгөө хайрлаж сурахад бэлэн байх ёстой.
  • Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
  • Бид өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрсдөө л бий болгодог.
  • Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
  • Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно.
  • Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
  • Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
  • Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
  • Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
  • Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
  • Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
  • Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

Нэгдүгээр бүлэг

Би юунд итгэдэг вэ?

“Мэдлэг, ухаанд хөтлөх хаалга үргэлж нээлттэй байдаг”

Амьдрал гэдэг үнэхээр энгийн. Бид юу өгнө, түүнийгээ л авна. Энэ бол амьдрал.

Өөрсдийнхөө тухай боддог бодол маань бидний хувьд үнэн болдог.
Биний амьдралд тохиолдож буй сайн, муу бүх зүйл бидний л хариуцлага гэдэгт би итгэдэг.

Бидний бодож буй бодол бүхэн бидний ирээдүйг авчирдаг. Бид өөрсийн бодол, мэдрэхүйгээрээ туршлага хуримтлуулдаг. Бодол, яриа маань л бидний туршлагыг бүтээдэг.

Бид нөхцөл байдлыг өөрсдөө бий болгодог. Тэгээд болохгүй бүтэхгүй зүйл гармагц бусдыг зэмлэж буруутгахад хүчээ зарцуулдаг.
Биднээс илүү хүчтэй ямар ч хүн, орон зай, юмс энд байхгүй. Бид л бодож сэтгэж чадна.

Бид оюун санаандаа эв нэгдэл, зохирол зохицол, тэнцвэрийг олж олж чадах юм бол бид амьдралдаа тэр их хүчийг мэдрэх болно. Доорх үгсийн аль нь танд тохирох бол?
- Хүмүүс бүгд өөдгүй эсвэл
- Тэд үргэлж надад тусалдаг
Энэ хоёр итгэл тэс өөр амьдралыг бий болгодог. Өөрөөр хэлбэл бид юу гэж итгэнэ, бидний амьдрал тийм л болно гэсэн үг.

Бид юунд итгэж, юу гэж бодож байна Ертөнц түүний хүлээж авч, түүнийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний далд ухамсар бидний бодож итгэсэн болгоныг тэр чигээр нь хүлээж авдаг гэсэн үг юм. Тэгэхээр өөрийнхөө тухай болон амьдралын тухай юу гэж бодож, итгэнэ та ч тийм, таны амьдрал ч тийм л болж хувирна.

Харин бидний бодолд хязгааргүй сонголт бий. Үүнийг мэдэж байвал бүх хүмүүс өөдгүй амьтад гэхээс илүү, бүх зүйл ач тустай гэсэн бодол танд эерэг үр дүн авчирна гэдэгт итгэх хэрэгтэй.

Хорвоо ертөнцийн хүч биднийг хэзээ ч шүүж, шүүмжилдэггүй. Харин биднийг тэр чигээр нь хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл тэр хүч бидний бодол итгэлийг засаж, залруулахгүйгээр, бид юу гэж бодож, итгэнэ түүнийг шууд, тэр чигээр нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

Хэрэв: -Би ганцаардаж байна, хүмүүс намайг хайрлахгүй, хайхрахгүй байна гэж бодвол миний амьдрал тийм л болж хувирна. Харин би: -Миний эргэн тойронд хаа сайгүй хайр байна, намайг хүмүүс хайрлаж, би тэдний хайрыг татаж байна гэж бодож, итгэж энэ үгийг дахин дахин хэлж чадвал энэ нь үнэн бодит зүйл болж биелэнэ. Өөрөөр хэлбэл ингэснээр таныг хайрлаж байсан хүмүүс танд улам ч их хайртай болж, бас өөр олон сайхан хүмүүс таныг хүрээлж, таныг хайрлах болно. Ингэснээр та тэдгээр хүмүүст улам сайхан хандаж байгаагаа мэдэрнэ.

Бидний ихэнх нь өөрсдийгөө их тэнэг гэж боддог ба яаж амьдрах ёстой талаар хэтэрхий олон, хатуу чанга дүрмүүдийг бий болгодог.

Бид тухайн мөчид, ямар нэг зүйлийг хамгийн зөв гэж бодсоноороо, өөрсдийнхөө боломжоор, чадлынхаа хэрээр хийж байсныгаа эсвэл хийж байгаагаа буруутгах ёсгүй. Хэрэв бид тухайн үед илүү ихийг мэддэг, чаддаг, боломжтой л байсан бол илүү сайнаар л хийх байсан шүү дээ. Тиймээс байгаа байдлаа үгүйсгэж, өөрийгөө чамлаж, буруушаана гэдэг огт хэрэггүй зүйл.

Ер нь та миний бичсэн энэ номыг уншиж байна гэдэг чинь өөрчлөгдөхийг хүсэж, өөрчлөгдөхөд бэлэн байна гэсэн үг. Үүнийгээ өөрөөсөө асуу, өөртөө сануул. “Эр хүн уйлдаггүй”, “Эм хүний үс урт, ухаан богино”. Аая яа яа. Амьдралыг ямар их хязгаарласан, ямар хатуу дүрэм гээч вэ?
Бид багаасаа л эргэн тойрондоо байгаа томчуудын хандлагаас өөрсдийнхөө тухай сэтгэгдлээ олж авч, түүнд нь итгэж үнэмшсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийнхөө талаар юу гэж бодож, юу гэж итгэхээ сонгож ирсэн арга зам юм.
Хэрэв таны эргэн тойронд аз жаргалгүй, айдас хүйдэстэй, уур, уцаартай хүмүүс байсан бол та амьдралыг мөн тийм л бүрхэг харанхуйгаар төсөөлж, өөрийгөө ч тийм гэж итгэхэд хүрнэ. “Би дандаа л буруу зүйл хийдэг”, “Энэ миний буруу”, “Би уурлахаараа ёстой аймаар болдог” гэсэн үглэл ийм итгэлийг бий болгож, таны амьдрал ч бас тийм л болно.
Бид өсөж том болоод ч тэр л өссөн дассан орчин, гэрийнхээ хуучин уур амьсгалыг дахиж бүрдүүлэх хандлагатай байдаг. Энэ нь сайн ч биш, муу ч биш, зөв ч биш, буруу ч биш зөвхөн ”Гэр гэдэг ийм байх ёстой” гэсэн дотоод итгэлийн нөлөө юм.
Бас бид ээж аавтайгаа хэрхэн харьцдаг, ээж аав хоорондоо яаж харьцдаг байсан тэр хэв маягийг өөрсдийнхөө амьдралд дахин бий болгох хандлагатай байдаг.
Таны хайрт чинь, дарга чинь яг аав шиг чинь байдаг уу?
Эцэг эх маань биднийг яаж шаарддаг байсан, тийм шаардлагыг бид өөрсөддөө тавьдаг. Бид яг л тэдэн шиг аргаар өөрсдийгөө шийтгэдэг, зэмлэдэг. Магтаж урамшуулахдаа ч мөн адил. Хэлдэг үгийг нь ч бас. “Чи хэзээ ч зөв юм хийхгүй юм”, ”Энэ бол чиний буруу” гэдэг үгсийг та хэр олон удаа өөртөө хэлдэг вэ? “Чи бол гайхалтай”, “Би чамд хайртай” гэдэг үгсийг бас хэр олон удаа хэлдэг вэ? Гэхдээ би энэ бүгдийг эцэг эхийг тань зэмлэх гэж хэлээгүй.
Бид бүгдээрээ л хохирогчийн хохирогч, тэд мэдэхгүй байсан болохоор л бидэнд зааж өгч чадаагүй биз. Таны аав ээж өөрийгөө яаж хайрлахыг мэдэхгүй бол өөрийгөө яаж хайрлахыг танд зөөж өгөх боломжгүй шүү дээ. Тэд хүүхэд байхаасаа сурсан зүйлээ, өөрсдийн мэддэг чаддагаараа л бүхнийг хийж байсан. Хэрэв та эцэг эхээ илүү сайн ойлгохыг хүсвэл тэдний бага насных нь тухай яриулаарай. Та тэднийг анхааралтай сонсох юм бол айдас, болгоомжлол хаанаас төрдгийг мэдэж болно.

Үргэлжлэл бий.

вторник, 27 ноября 2007 г.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Үг Ц.Дамдинсүрэн
Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Хожимдсон ч гэлээ та бүхэндээ Монгол улсаа тунхагласны баярын мэнд хүргэе.

понедельник, 19 ноября 2007 г.

Миний гэр - mini ger

Эвхдэг гэрээ л үзүүлмээр санагдаад. Дарааллыг нь өөрчилж чадсангүй. Зураг дээр товшвол томорно.
"Аянчин" эвхдэг гэрийн зохиогч гуай.

Суудлын тэрэгний тээшинд.

Анхны зарагдсан гэр маань Францад гарсан гэж байгаа. Зургийг нь олж авахсан. 53 кг жинтэй, сүүлд нь ханыг зузаалж 63 кг болгосон.


Нар шиг харагдаж байна уу.

Ханын нүдээр харахад.

Гэр барьж алжаалаа тайлах сайхаан. Манай эхнэр, том охин хоёр Туулын хөвөөнд гэрээ барьж байна.

Тооно

Та нартаа хайртай шүү.

Энэ гэрийг хоёр хүн за нэг хорин минутад л барина дөө. Нэг ангийн хорхойтон өвлийн дулаалгатай хийж өгөөч гэсээр байгаад хийлгэсэн. Тохилог байна гэсээн. Надад лав таалагдаад байгаа юм. Бусад хүнд таалагдах байхоо.

Аялал жуулчлал, отор нүүдэл, рашаан сувилалд авч явахад авсаархан хөнгөн юм даа.

Агшин

Хүндэт зочдоо уйдаахгүй гээд гэртэй холбоотой хэдэн зураг тавилаа. Дээр үед цуглуулсан тул хаанаас авсанаа санахгүй байнөө. Хулгайллаа гэвэл гэнэ л биз.

Энэ нээрээ жаргалтай өвгөөн. Тэр буугий нь хараач. Сайхан хилэн хар морь. Байгальд хэд хонохсон.

ммммммм
Би эвхдэг гэрээ дагуулаад бас урц хийх санаатай байгаа. Жижигхээн, хөөрхөн. Эвхээд цүнхэлчихдэг. Ариун цэврийн өрөөний зориулалтаар ашиглах. Ус нь нараар халаад, халуун хүйтэн устай байвал зүгээр шүү дээ, бас морь харах гээд хол явах шаардлагагүй. Уул нь ч байгальд сан тавих ч сайхан л даа.


Гэр дүүрээ л явчихлаа гэдэг шиг. Монгол ахуй, сайхан бүсгүй. Гоё зураг байгаа биз.
Хүүе босгон дээр суудаггүй юм. Тэр өрхөө хааш нь харуулчихваа.
Монгол гэр ийн бууриар дэлхийг тамгалахсан гэж мөрөөднө. Манайхан ч овоо борлуулдаг юм шигээ.

пятница, 16 ноября 2007 г.

Ягчис намнах цуст дайн

“Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэдэг үгийг монголчууд өргөн хэрэглэдэг. Монголын хэдэн үеийг шашингүйн үзлээр хүмүүжүүлсэн төрийн бодлогын эерэг, сөрөг талын алийг нь ч энэ үгээр тайлбарлаж болно. Тэгвэл Европ тив шулмасаас хагацсан түүх бүр ч бодитой билээ.
Дундад зууны үед Европд гэм буруутан, нүгэл үйлдэгс­дэд ноогдуулдаг байсан шийтгэл дэндүү хүнд аймшигтай байлаа. Энэ нь хүн хэрвээ буруугүй бол ямар ч хүнд шийт­гэлээс Бурханы аварлаар бүрэн бүтэн гарна гэсэн номлол ноёрхож байсантай холбоотой.
Нэн эртнээс улбаатай халуун төмөр атгуулах шийт­гэлийг тэр үед бараг өдөр тутам хэрэглэж байв. Ингэхдээ шийтгэл хүлээгч улайтгасан төмөр атгаад ес алхах ёстой, үүнийх нь дараа санваартнууд гарыг нь боож тусгай тэмдэг тавих журамтай байв. Гурав хоногийн дараа гарынх нь боолтыг задлахад эв эрүүл байвал гэм буруугүй гэж үзнэ.
Халз тулаанд дуудаж үхэх сэхэхээ үзэх нь мөн л гэм буруугүй хүнийг бурхан ивээнэ гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй, шийтгэлийн өвөрмөц хэлбэр байв.
Шулам гэж үзсэн хүнийхээ зүүн гарын эрхийг баруун хөлийн эрхийтэй, баруун гарын эрхийг зүүн хөлийн эрхий хуруутай холбон нүцгэнээр нь ус руу шиддэг заншил бас тэр үед байв. Ингэж шидэхийн өмнө санваартнууд усыг ариулдаг учир живсэн хүнийг нүгэлгүйд тооцдог, ариун ус нүгэлтнийг хүлээж авахгүй гэж үздэг байжээ.
XIII зууны дундуур тухайн үеийн сүм хийдүүдийн алдартай номлогч нарын нэг Фома Аквинский “Ягчисын тухайд бол ямар ч тийм зүйл байхгүй, ердөө итгэл сүсэггүй байдлаас үүддэг гэж зарим нь боддогийг бид мэднэ. Чөтгөр шулмас хүмүүсийн бодол санаанд л оршдог бөгөөд хүмүүс өөрсдөө бодож олчихоод санаа бодолдоо бий болгосон хий дүрээсээ өөрсдөө айдаг гэж тэд боддог. Гэвч чөтгөр байдаг, тэд далдуур хөнөөж, гэр бүлийн өсөлт үржилтэнд саад болдог гэдгийг католик шашин нотолсон” гэсэн нь шулмасын эсрэг дайныг галыг ноцоосон үйл явдал болжээ. Энэ дайн үндсэндээ 500 жил үргэлжилсэн.
Энд чөтгөр шулам гэдэг нэрийн дор хар дом, ид шидийн аливаа илрэлийг багтаан ойлгодог байсан гэдгийг ч хэлэх нь зүйтэй.
Тэр үед чөтгөр шулмастай элдэв дом, хариулга зэрэг аргаар тэмцэхээс гадна сэжигтэй санагдсан хүнийг инквизицийн (Инквизиц гэж католик шашны залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх газрыг хэлдэг) шүүхэд авчирч тарчлаадаг байв.
Энэхүү цуст тэмцэл заримдаа ягчисыг намнах бус, харин хүн гээч махан биет, цусан зүрхтэн өөрөө адгийн чөтгөр болохыг илчлэн нотолсон үйл явдал мэт бодогддог.
Тэр үед өөрийгөө ягчис гэж хүлээн зөвшөөрсөн бүхнийг түүдэг галд шатаадаг байв. Хэн нэгнийг шүүхэд татахад ямар ч нотолгоо шаардлагагүй, ганцхан матаас л байхад хангалттай. Матуулсан хүн нь гэм буруугүй нь нотлогдсон тохиолдолд матаач хариуцлага хүлээхгүй. Гэхдээ гэм буруугүй сугарч үлдэх тохиолдол бараг байдаггүй байж. Ихэнх “ягчис” хүнд хэцүү тамлалыг даалгүй “хэргээ хүлээнэ”. Хэргээ хүлээхгүй бол шулмын хүч шингэсэн учир ийм тэсвэр, тэвчээртэй байна гэж үзнэ. Тэгэхээр тамлал даалгүй үхэх, эсвэл өөрийгөө шулмас гэж хүлээн зөвшөө­рөөд түүдгийн галд шатаалгах хоёроос өөр гарц байдаггүй байж. Чухам энэхүү гарах гарцгүй байдал мөрдөлтийн жилүүдэд ягчисын тоог эрс нэмэгдүүлж, айдаст автсан ард түмэн өөрийгөө авч үлдэхийн тулд хөршөө барьж өгдөг жишиг бий болгожээ. Цаазын үйл ажиллагаа өргөжих тусам айдас улам улам нэмэгдэж, чөтгөр шулмасын хар хүч улс орныг нэгэнт нөмөрчээ гэсэн итгэл сүм хийдийн удирдла­гуудад хүртэл улам лавширна.
Германд хэдэн зуун жил үргэлжилсэн мөрдлөг зогсоход бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй амьд үлдсэн тохиолдол байдаг нь ягчис намнах аян ямархуу цар хүрээ­тэй байсныг бэлээхэн нотолдог.
Европыг тахал мэт бүрхсэн хийрхэл хагас мянган жил болохдоо хэдэн сая “ягчис” шатаасан гэж судлаачид үздэг. Тэр үеийн харгислал ямар санаанд багтамгүй, сэтгэлд буумгүй байсныг нотлох баримт олон. Тухайлбал, Тулуз хотноо 1577 онд 400 ягчсыг нэг дор шатааж байв.
Сонирхуулж хэлэхэд үүнээс нэг жилийн дараа II Далай лам Хөх нуурт ирж шарын шашныг хамгаалан дэлгэрүүлэх асуудлаар Алтан хантай хэлэлцсэн байдаг. Шарын шашны хүчтэй дайсан нь монголчуудын уламжлалт бөө мөргөл байсан тул Алтан хан бөөг идэвхтэй дарж эхэлжээ. Үүнээс санаа авсан Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж бөө судлаач Ш.Сүхбат эрхэм судалгааны бүтээлдээ дурдсан байдаг. Их гал өрдөөд жинхэнэ бөө нь ниснэ, хуурамч бөө нь үхнэ хэмээн шатаах явдал ч бас гарч байжээ.
Аливаад баримт нотолгоогүйгээр итгэх, төөрөлдөх, хорт бодлоо биелүүлэхийн тулд бодит үнэнийг харахыг хүсэхгүй, бодохыг хичээхгүй байх явдал ямар аймшигтай байдаг, түүнд хил хязгаар, үндэсний зан заншил, сэтгэл­гээний онцлог гэж байдаггүйг энэ баримт харуулж байна.
Энэ зуур шинжлэх ухаан урагшлан хөгжиж, төөрөгдөл эндүүрлээс алхам алхмаар ангижирч, Галилей, Кеплер нарын эрдэмтэд агуу нээлтүүдээ хийв. Байгалийн хуулийг ямх ямхаар танин мэдэцгээв. Урьд нь гагцхүү чөтгөр шулмас л хийж чадна гэж үздэг байсан олон зүйлийн нууцыг хүн төрөлхтөн тайлав. Ягчис намнах цуст дайн дээд зэргийн тэнэглэл болохыг ойлгож эсэргүүцэгчид ч олшров.
Генрих Корнилий Агриппа, түүний шавь Иоанн Вейер, мөн Бальтазар Беккер зэрэг эрдэмтэд ягчис хэмээх төөрөгдлийн мөн чанар, ягчистай харгис тэмцлийн урхгийн талаар даацтай бүтээлүүд туурвиж, олны хүртээл болгосон нь үр дүнгээ өгч эхэллээ. Ягчсын дайн Германд 1711, Австрид 1740, Данид 1700 онд зогсов. Европын бусад орнуудад ч тэгсхийгээд намжсан байна.
Ийнхүү Европын эмэгтэйчүүд Пруссийн II Фридрих хэлсэнчлэн айх аюулгүй өтөлж, үхэж чадахуйц болжээ.

Б.Галаарид 2005 он.

четверг, 15 ноября 2007 г.

Ээж минь

Ухасхийн, хар хурдаараа гэрээсээ гарч зугатав. Ээж минь араас элдэнэ. Гүйцэхгүй юм чинь. Сүүлдээ хэрэг тарьчихаад, хоёр гарыг нь таг бариад гүрийхэд ээж минь бууж өгдөгсөн. Дийлэхгүй юм чинь. Өсөж, том болоод хурдан гүйдэг, бас бяр сууж байгаа нь тэр. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэж энэ байхдаа.
Ээж минь сумын эмнэлэгт асрагч хийдэг байв. Эрхэлсэн ажилдаа эзэн байсан даа гэж аргагүй бодогдоно. Айлын авгай төрөхөө дөхөхөөр ээжийн минь ээлжийг хүүхэд гүйлгэн асуулгадагсан. Эмч биш дээ, ээж минь танд ямар хамаатай юм гэж гомдоож байсан удаатай. Миний ээлжин дээр нялхас энддэггүй, хүнд өвчтөн алздаггүй хэмээн хүүдээ сайрхана. Ажилдаа явахдаа ааруул ээзгийхэн боогоод гарна, заримдаа аагтай цай бэлддэгсэн. Хэн нэг нь цайсаа биз. Бурхан шүтээд сүйд болохгүй, нүгэл гэж л их хэлдэгсэн. Би мөн ч олон удаа нүгэл гэж дуу алдуулав даа. Аравдугаар ангид орох жил аав минь хүндээр өвчилж, хавар таван сард бурхан болов. Хичээлээ таслан замын унаанд дайгдан ирэхдээ гэрийнхээ тооныг гэрэлтэй байна уу гэж алсаас харан харан, гэрэлтэй байхуйд санаа амардагсан. Ээж дүү охин хоёр аавыг минь сайхан асарч, хол ойроос хүүхдүүдээ дуудан уулзаж, сэтгэл тайван өөд болсон доо, аав минь. Бага нас минь жаргалтай сайхан өнгөрсөөн. Дээд сургуулиа төгсөөд би Эрдэнэтэд хуваарилагдав. Бас л азтай шүү, хагас жил ажиллаад л бүрэн тавилгатай хоёр өрөө байранд орж билээ. Нэг удаа богинохон өдрийн гэрлийг яг таарсан зайнд тогтооход ээж минь хажуугаас яаж ингэж тааруулаав гэхэд нь тайрчихсан юм аа гээд өнгөрөв. Намайг эцгийгээ дуурайсан гарын дүйтэй гэж их бахархана. Хожим нь манай хүргэн ах гэртээ өдрийн гэрэл суурилуулах гэтэл уртдаад байхад ээж тайрчихаач гэсэн гэдэг. –Ээж минь үүнийг тайрч болдоггүй юм гэхэд, -Арсун тайрчихсан л юм даа гэж байсан гэдэг. Надад их итгэдэг байсан байгаа юм шүү. Ээж минь өндөр настай болсон ч их саваагүй, зарим тоглоомыг задалж үзнэ, шат руу гүйгээд буучихдаг байж билээ. Дээхнэ үед манай ахынд байсан хөхөөтэй цагийг сандал давхарлан авирч гараад хөхөөг донгодохоор гараад ирэнгүүт бариад авч гэнэ. Өнөөх нь гацчихгүй юу. Хүү минь чи цаадуулаа ирэхээс өмнө засчихаарай гэхэд их үнэд орж байж засч билээ. Нэг удаа сонгууль болох өдрийг хоног тоолон хүлээгээд байв. Сонгуулийн өглөө өөрийнхөө надад оёж бэлдсэн хүрэн хамбан дээлээ гаргаж өгөөд сонгуульдаа оролцохоор бэлдэв. Би ч монгол дээл өмсөөгүй удсаныг хэлэхүү, татгалзаж чадалгүй өмслөө дөө. Ямар бажийнк өмсөлтэй биш, шинэ хромон гутал жийв. Аавын минь бүрх малгайг гаргаад ирэв. Захиргааны ажилтан танил залуу намайг анх харж байгаа юм шиг гайхаж билээ. Ээж минь тэр өдөр их сэтгэл хангалуун байсансан. Би Эрдэнэтэд удалгүй хот руу шилжлээ. Нэг удаа ээжийгээ эргээд очиход –хоёулаа соёлын ордонд юм үзье гэнэ. Тухайн үед тоглолт байгаагүй, би ч юм анзаарсангүй, гэтэл дүү маань ээжийн санааг хэлж байна. Учир нь тэр хоёрыг нэг тоглолт үзэхэд орон нутгийн телевиз бичлэг хийгээд жижигхээн биетэй, цав цагаан толгойтой, ээжийг минь сонирхсон юм байлгүй байн байн дэлгэц дүүрэн гаргаад байж. Нэвтрүүлгийг хэд хэд давтаж л дээ. Би учрыг нь ойлгоод шоолж хөхөртөл, -Урамгүй гэдэг нь, хүүг минь нутгийнхан харвал аштай юу гэдэг байгаа. Эх, үрийн санаа мөн байгаа биз. Багадаа хулгайлж авсан зүйлийг минь заавал эзэнд нь өөрийн минь биеэр хүргүүлэн өгдөг байж билээ. Үүнээс хойш нэг ч хулгай хийгээгүй бөгөөд ухаарч ойлгосон эсвэл цагаан зааныг хулгайлж болно хаана нуух вэ гэдэг их асуудал үүссэнээс ч болсон байж магадгүй. Хүнд үед ээжийгээ дуудаж, ярьж тайвшрах юм. Буянтай буурал ээж минь сайхан хүн байсан даа.

пятница, 9 ноября 2007 г.

Зарлигаар дархалсан Сутайг Зэрлэгээр дэлбэлэхээр зэхэж байна гэв үү

Ерөнхийлөгчийн сонорт хүргэхээр зориглон бичлээ. Хэрхэхийг та мэдтүгэй гэсэн захидал "Зууны мэдээ"-д нийтлэгджээ.

четверг, 8 ноября 2007 г.

Карма 3

Онассисын гэр бүл. Тэрбумтан Аристотель Онассисын үйлийн үр хувь заяа их сонин. Аристотель Онассис грек үндэстэн, Туркийн Смирна хотод 1900.01.20-нд төрсөн. Эцэг нь тамхины наймаагаар хөлжсөн нэгэн.
Тамхины наймаа бол ер нь их муу үйлийн үрийг цуглуулдаг.
1. Тамхи тариалснаар ургамлын ертөнцөд зохирол алдагдана.
2. Тамхийг түгээснээр хүмүүсийн эрүүл мэндийг хордуулна.
3. Тамхины утаа агаар мандлыг бохирдуулна.
Иймэрхүү үйлийн үрийн өр төлөөс үүнд оролцсон бүх хүнд, ялангуяа тамхи үйлдвэрлэгч, гол борлуулагч нарт илүү хэмжээгээр тусдаг.
Аристотелийн эцэг түүнийг коллежид сургахаас гадна контортоо түншүүдтэй ажиллаж сурахад өдөр бүр 2 цаг зарцуулахыг шаарддаг байв. Аристотель энэ “хичээл”-ээс их юм олж авчээ. Хүссэндээ хүрэхийн тулд хүмүүстэй харилцах, хүмүүний сэтгэл зүйг хэрхэхийг сайн гэгч сурчээ. Аристотелийг 22 нас хүрэхийн алдад Туркт өөр шүтлэгтнүүдийг хавчин гадуурхах явдал газар авчээ. Үүнээс гадна Онассисийн гэр бүлд эцэг, өвөг эцгийн талаас их тааруухан үйлийн үрийн өр төлөөс иржээ. Онассисийн эцгийг нь шоронд хорьж, гурван авгыг дүүжилж, авга эгчийг нь охинтой нь сүмд амьдаар нь шатаажээ.
Ийм өр төлөөсийг тооцож үзвэл тэдний дээд удамд ёс суртахуун, шүтлэг бишрэлтэй холбоотой тийм үйл үйлдэгдсэн гэж үзэж болох юм. Гэр бүл Түркээс яаралтай дүрвэж, Грект ирлээ. Эцгийг нь албаны шугамаар суллуулахаар хамаатнууд нь зөвлөлдсөн боловч Аристотель эцгээ суллахаар бие даан хөдлөхөөр шийджээ. Тэр үлдсэн мөнгөө аван Түрк явлаа. Удалгүй эцэг нь суллагдаж, хамтдаа Грект ирэв. Эцэг эхээ халамжилсан энэ үйлдлээрээ Аристотель Онассис нуруун дээрх үйлийн үрийн өр төлөөсөө нилээн нимгэлжээ. Гэвч түүний үйлдлүүд гэр бүлийнхэнд таалагдсангүй, түүнийг мөнгөнд хэтэрхий үрэлгэн байна гэж буруутгав. Үүнд дургүйцэж, эцгийнхээ компанид ажиллахаас татгалзав. Халаасандаа 250 доллартай залуу тансаг амьдралыг мөрөөдөн АНУ руу явжээ. Түрк гаралтай түүнийг тэнд хүлээж авсангүй тул Аргентинд суурьшив. Энд ёстой үйлийн үрээ эдлэн цайруулж эхэллээ. Амь зуулгын мөнгөгүй тэрээр хоолны газар таваг угаах, гудамж цэвэрлэх, шөнийн харуул гэх мэт юу тааралдсанаа хийж байлаа. Үйлийн үрийн өр төлөөсийг үг дуугүй эдлэх, гутаагдан доромжлуулах, эвлэрэнгүй байх зэрэг нь өр төлөөсийг цайруулахад ихээхэн нөлөөлдөг. Хэрвээ хүмүүс хахир хатуу, зовлон зүдгүүрийг даахгүй, хүлээж авахгүй бол үхэл хагацал, бэртэл гэмтэл гэх мэт таашгүй байдал үүсч болзошгүй. Ингэж Аристотель Онассис өөрөө ч мэдэлгүйгээр гэр бүлийг зовоосон эцэг өвгөдийн маш таагүй үйлийн үрийг цайруулжээ. Үйлийн үрийг цайруулснаар хувь заяа түүнд хандах хандлагаа өөрчилжээ. Онассис цахилгаан утасны станцын залгагч болж байнгын ажил эрхлэв. Амьдрал ахуй арай дээшилж, илүү чөлөөт цаг гарч түүнээ сурч боловсроход зориулав. Мөнгөө хуримтлуулсаар гайгүй костюм авч, Буэнос-Айресийн баячуулд зориулсан нэр хүндтэй клубт гишүүний татвар төлөв. Энд баян тарган, хүндтэй ноёнтон болон хувирахад эцгийнхээ конторт олж авсан сэтгэл зүйн мэдлэг дадлага ихээхэн хэрэг болов. Харилцаа Аргентинд тамхины өргөн зах зээл байгааг тогтооход тусаллаа. Тэрээр Грек дэх хамаатнуудтайгаа яаралтай холбогдон ятгаж, тийш нь хямд тамхины экспорт хийв. Үр дүнд нь түүнд анхны зуун мянгатууд бий болж, дойлуураа живсэн хөлөг худалдан авахад зарцуулав. Олж авсан боловсрол бас ирээдүйг харсаныхаа хүчинд нефть зөөвөрлөж эхлэв. Ажил үйлс нь дэлгэрч нилээн баяжаад, Нью-Йоркод ирлээ. Дэлхийн II дайн эхлэв. Энэ үед нефтийн тээвэрт хоёр грек өрсөлдөж байв. Өрсөлдөгчийнхөө 16 настай охинтой гэрлэснээр өрсөлдөгчөө буулган авлаа. Энэ үе бол Онассисын амжилтын оргил үе байлаа. Монтевидео дахь хамгийн том эдлэн газар, Афинд хамгийн том зуслан, Парижийн хамгийн тансаг байр, Францын өмнөдөд хамгийн гайхамшигтай цайз гэхчлэн түүний өмчлөл тоолж баршгүй. Эгийн тэнгист арал худалдан авч нисэх буудал, зугаалахад зориулсан авто зам барьлаа.
Үүнтэй зэрэгцээд мораль нь навс унаж байв. Тэр жирэмсэн эхнэрээ зулбуулахын тулд зодож нүдэн, нүдэнд үзэгдээгүй нүгэл үйлдэв. Эцгээ шоронгоос чөлөөлөхөөр бүхнээ дайчилсан хүн чинь үр удмаа, түүгээр дамжин төрөл олох гэсэн бусдын амийг таслахаар гэнэт өөрчлөгдөв. Ямар сэдлээр үүнийг хийв, ахуйдаа л автаагүй байх. Энэ үйлдэл нь түүний амьдралыг баллаж, үйлийн үрийн гинжийг толгойдоо углажээ. Охин ямар ч гэлээ амьд төрөв, гэвч гэр бүлийнхээ гишүүдийг устгах адын хөтөлбөр орон зайн далдын далд давхарт хадгалагдан үлдлээ. Хүний хувь заяатай холбоотой тэр давхаргад шүү дээ. Америкийн ерөнхийлөгч агсны бэлэвсэн эхнэр Жаклин Кеннедитэй сууснаар тэр бараг өмнөх гэр бүлээ үгүйсгэх эхлэв.
Ингэж өмнөх амьдрал, гэр бүлээ устгах кармын хөтөлбөр ажиллаж эхэлжээ. Эхлээд 25-тай цэл залуу хүү нь онгоцны ослоор амь үрэгдэв. Салсан эхнэр нь түүний заналт дайсантай суугаад удалгүй нас барав. Тэр өөрөө 75 хүрээд өтөлсний улмаас өөд болсон. Түүнийг өнгөрсөний дараа охин нь 38-тайдаа нас барав. Ганцхан ач охин нь амьд үлджээ. /Сүүлд хэвлэлээр гарахыг үзвэл 9 настай охиндоо олигтой өв хөрөнгө үлдээхгүйгээр гэрээсэлснийг ач охины өмгөөлөгч нар хөөцөлдөж, насанд хүрэхээр тодорхой хувийг авахаар болгосон байх. Тэрээр насанд хүрч хөрөнгө өвлөж байгаа тухай хэвлэлд гарч байсан/.
Хүүгээ өнгөрсөний дараа буяны сан байгуулж хөрөнгийнхөө хагасыг хандивлаагүй бол Аристотель Онассисын хувь заяа илүү эмгэнэлтэйгээр төгсөж мэдэх байв.

Монголчууд сайхан сэтгэлтэй улсаа, хаа ч явсан хазгайг тэгшилж, унасныг босгох, учран золгохдоо ч ерөөлтэй, сархад хүртэхдээ ч ерөөлтэй, салаад одохдоо ч ерөөлтэй, ашдын билэг нь амандаа байдаг улсаа. Гэр орон, тавилга сэлтээ ч ерөөнө. Эрхэм анд, дүү нартаа сэтгэл зөв, заяа зөв явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

понедельник, 5 ноября 2007 г.

Карма 2

Өмнөх бичлэгт энэ 2 түүхийг оруулъя гэж амласны дагуу орчуулах гээд үзэхэд их хүнд байлаа.
Үйлийн үрийн өр төлөөс хэрхэн үйлчилдгийг Г.Малаховын "Судьба и карма" номноос харъя. Ер нь монголчуудад тодорхой жишээ харагддаг боловч түүнээс аль болох зайлсхийв.

Бизнесийг 3 ангилж болох юм. Үүнд:
- Цагаан
- Саарал
- Хар гэж.

Цагаан мөртэй, буянтай бизнес бол багшлах, эмчлэх, үйлчлэх, хооллох, буяны байгууллагад ажиллах гэх мэт олон юм аа.

Заа саарал бол ойлгомжтой.

Хар. Энэ ч хэцүү эдээ. Хүний наймаа, архи тамхи үйлдвэрлэх, зарж борлуулах, бусдыг мансууруулах, замыг нь алдуулах, заа тэгээд тэнгэр, байгалийн хууль зөрчсөн бүхэн орох байхдаа.

1. Кеннедийн гэр бүл. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт буудуулсан гэдгийг бид мэднэ. Америкийг төдийгүй бүх дэлхийг цочоосон энэ эмгэнэлт түүхийг үйлийн үрийн талаас нь тайлбарласан хувилбарыг авч үзье. Кеннедийн гэр бүл бол америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг. Энэ баялагийн эх сурвалж нь юу байв. Эцэг Кеннеди их хямралын жилүүдэд /өнгөрсөн зууны 20-30 он/ асар их хөрөнгийг шударга бусаар цуглуулан баяжсан нэгэн байв. Ямарч үнээр хамаагүй баяжих-ганцхан зорилгын төлөө хамгийн үл бүтэх аргуудыг хэрэглэж байлаа. Иймэрхүү үйлдлүүд нь үйлийн үрийн хариу болж удаан үйлчилгээтэй хор мэт үр ач нарт нь үйлчилсэн юм. Үйлийн үрийн төлөөсийн товчхон жагсаалт. Эцэг Кеннедийн гэр бүлд гурван хүү нэг охин төржээ. Эрлэгийн элч илдээ далайхаас өмнө тэд өсөж өндийн эрийн цээнд хүрцгээжээ. АНУ-ын цэргийн нисэх хүчний нисэгч ах Роберт Кеннеди онгоцны ослоор амь үрэгджээ. Удалгүй эгч нь мөн онгоцны ослоор нас барав. Жон Кеннеди гоо үзэсгэлэнт Жаклинтай суусан ч ямар нэг юм таалагдаагүй бололтой, аз жаргалтай байсангүй. Үүнээс болж гэр бүлээс гадуур олон тооны сексийн харилцаа үүсч байв.
Үйлийн үрийн хамгийн аймшигтай төлөөс нь Кеннидигийн өөрийнх нь хүүхдүүдэд тусжээ. Тэд бүгд нярай багадаа өнгөрсөн байна. Анхны хүү нь төрөөд удалгүй өнгөрсөн. Дараагийнх нь охин, амьгүй төрсөн. Бага хүү нь эцгийгээ алагдсаны дараа өнгөрсөн байна. Эцэг Кеннедигийн гэр бүлээс ганц бага Роберт амьд үлдсэн боловч азгүй тохиолдлууд дагасаар байв. /Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж яваад 1968 оны 5 сарын 07-нд буудуулан үхлийн шарх авч, 6 сарын 6-нд нас баржээ. /Интернэтээс авав/
Тэдний эцгийн байгалийн хуулийг сөрсөн үйлдлүүдийг үр ач нар нь ингэж үүрсэн байна. Бурхан минь, мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй юм байна. Эсрэгээрээ, бохир, ялангуяа цус шингэсэн мөнгө гай зовлон авчирдаг ажээ.
Үр хүүхдүүд нь ямархуу яваагаар нь тэдгээрийн эцэг эхийн үйлдсэн нүглийг тодорхойлж болно.
Дээрх тохиолдолд охин, гурван хүү, ач нарынх нь үхэл эцэг Кеннеди гэгч ямархан нүгэлтэн байсныг, орчлон ертөнцийн хуулийг хэрхэн зөрчиж байсныг харуулна. Юуны үр суулгана түүнээ хураана гэж энэ байх, Кеннидийнхний харамсалтай хувь заяаны "гарц" ийм байх нь кармын хуулийн дагуу гарцаагүй ажээ. /Стр.354/
Үүнийг орчуулах явцад бичмээргүй байвч яахав мэдээд хаячихад гэмгүй мэт санагдлаа. Бараг хадаж орчуулав.

суббота, 3 ноября 2007 г.

Карма

Карма үйл, үйлийн үр гэсэн утгатай санскрит үг. Ведийн судраас уламжлагдан иржээ. Карма буюу үйлийн үр гэдэг бол хүний сэтгэл, хэл, биеэр гадаад ертөнцтэй харилцаж буйн төлөөс юм уу. Гадаад орчин хүний үйлдэл бүрийн сайн муугаас нь хамааран эерэг, сөргөөр хариу барина.
Хувь заяа бол хүний үйлдлүүд, түүнд үзүүлж буй гадаад орчны нөлөөнүүд, тэдгээрийн нийлбэр болно.

Кармыг бүрэлдүүлэх, хүний хувь заяаг хэлбэршүүлэх үндэс нь юу вэ? Энэ асуултанд мэргэд аль дивангарт хариу өгчээ. Энэ бол ХҮСЭЛ. Зөвхөн ямар нэгэн юмыг шунан тачаах, эзэн байх, эдлэх, засаглах, юм хийх зэрэг нь л сэтгэх аппаратыг ажиллуулж гадаад орчинд дарамт үзүүлдэг, хариуд нь хар цагаан кармаг хүлээн авдаг. Эдгээрийн нийлбэр хувь заяаг товчоор:
ХЗ=К123+…+Кn

Үйлийн үр хувь заяаны үйлчлэх механизм нь организмын эсийн үйлчлэлд үзүүлэх хариутай төстэй. Зөв үйл сайшаагдана, буруу үйл шийтгэгдэнэ, устгах хүртэл арга хэмжээ авна. Орчлон ертөнцийг амьд бие гэвээс бид эс буюу. Хавдар үүсвээс огтлоод хаячихдагтай адил бусуу.
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дууны үг санаанд бууж байна. Энэтхэгийн нэрт философич С.Радхакришаны номлосноор “Үйлийн үрийн хууль бол мэдээлэл, эрчим хүч хадгалагдах хууль мөн” гэнэ. Эдгээр мэдээллийг энд тэндээс цуглуулагч арсун бол энэ бол хатуу ширүүн хууль мөн гэдгийг өөрийн бие дээрээ амсаад үзсэн нэгэн бөлгөө. Та нар минь түүнийг харсандаа, зодож зодчихоод дараа нь гүзээ болтлоо нүдүүлэхийг.

Төрийн хуулиас мултарлаа ч
Тэнгэрийн хууль өршөөхгүй.

Кармын төрлүүд

- Орчлон ертөнцийн
- Галактикийн
- Гариг ертөнцийн
- Гаригийн
- Улсын (үндэсний)
- Хотын
- Отог омгийн
- Эцэг өвгөдийн
- Хувь хүний
Таны муухай үйл /таны байхдаа яахав дээ/ танд, таны гэр бүлд, алаг үрсэд чинь хойт төрөлд чинь нөлөөлөх нээ. Дээрхийг төрөл бүрээр нь сайхан тайлбарлажээ.
Сонирхуулахад нэгэн сударт тэмдэглэснээр орчлон ертөнц “Аугаа эрин”-д 311.040.000.000.000 жил байгаад шилжилт хийх ба түүний нэг өдөр нь манай 4.320.000.000 жилтэй тэмцэнэ гэнэ. Бас 64000 хэмжээс буй гэнэ. Энэ ч бидэнд ямар хамаа байхав. Гэвч бидний оршнол (бие)-ын мэдээлэл, эрчим хүчний үндэс нь (душа) орчлон ертөнцийн хамтаар түүнд болж буй бүхнийг санаж байдаг ажгуу. Ингээд бодвол миний нууж үйлдсэн нүгэл бүхэн хариугаа хүлээгээд сууж байгаа ажээ. Зарим нь их хурдан тэр дороо ирнэ. Зарим нь жаахан азнана.

Монголчууд Багдадыг долоо хоногийн дотор (Тигр мөрний усыг хашиж байгаад үерт авхуулан) эзэлж аван алт эрдэнэсээ харамласан нөхдийн нүдэнд нь алт цутгаж цааш харуулаад, Арабын ертөнцийн алт эрдэнэсийг тэмээн жингээр арвантаа эх нутагтаа илгээжээ. Тэгээд яав. Бүгдийг нь Бээжинд аваачив. Дараа нь яав. Чан Кай Шии цааш нь нэг арал руу ачиж аваад зугтчихсан. Одоо Тайван алт эрдэнэсийн нөөцөөр дэлхийн хамгийн баян оронд тооцогдоно. Сонин юм шүү. Тэгж зайлуулаагүй бол нутаг ч үгүй, алт ч үгүй өөрсдөө уусчихсан байхыг хэн мэдэхэв дээ. Цөөхүүлээ нээг их алттай бол цөөврүүд зүгээр суулгахгүй шүү дээ. Бидэнд ахдаад байгааг мэдээд зайлуулаа биз. Нээрээ ингээд цөс хөөрөөд тэнгэрийн тамга бодогдоод болдоггүй юм.

Улаанбаатар минь ингэж нэг утаандаа умбах үйлтэй л байсан юм биз. Халтаийгаад. Хэрээ хүртэл зайлаад явчих байх оо.
Үйлийн үрийн зангилааг тайлбал утаа ч юухан байхав дээ.

Эхийн умайд сперм хүрэлцэн очиж үр хөврөл тогтох агшинд бардад төөрсөн ухамсар /сүнс/ шингэн бие бүрэлдэнэ. Хүүхэд төрөөд өөрийн урд насны болон эцэг эхийн үйлийн үрийг үүрнэ. Орчиноо (бараг бурхан гээд ойлгочих) хилэгнүүлэхгүй шиг амьдармаар. Хилэгнэсэн бурхан тэр даруйд хариуг барина.
Эцэг өвгөдийн үйлийн үр удамд нь хэрхэн нөлөөлснийг түүхээс тодорхой харж болно. Олон сонин жишээнүүдийг орчуулахаа азнав. Манай нэгэн нэртэй эмч хордлогоор нас барсан. Эцэг нь Био-д ажилладаг, үлийн цагаан оготныг устгах хор туршдаг эрдмийн талын хүн байсан юм уу даа. "Ингээд үхэж байгаа юмдаа" гээд туршилтын үр дүнг бахадсан өнгөөр хэлдэг нь буруу байсан биз гэж юмны учир мэдэх Сүхийн Дамбий гуай ярьж байх юм.
Урд насны үйлийн үр яаж үйлчилж байгааг цаг хугацааны регресс хийх замаар тодорхойлдог гэнэ. Бас л их жишээ байх бөгөөд шинжлэх ухаанаар нотлогдоогүй тул орхив. Тэнгэрийн дуу аянга цахилгаанаас айдаг зэрэг нь урд ба хойт настай холбоотой юм байх.
Би "Советский спорт" сониноос "Здоровый образ жизни" буланг хайчилбарлан цуглуулдаг нь хожим үзэхэд Профирий Ивановичийн сургаалууд явж байжээ. Энэ хүн бол коммунизмын үед сургаалаа халхавчлан түгээж байсан хүн.
Гүтгэлэгт өгсөн кармын шийтгэл /үйлийн үрийн цохилт/-ийг харъя.
Гэрч В.Л.Сухаревская ийн гэрчилжээ.
"Багш /Профирий Иванов/ ихэвчлэн тэвчдэг байлаа. Крокодил дараах гүтгэлгийг зургийн хамт гаргав. Багш онгоцонд угаал үйлдэн хэвтэнэ. Эмгэн Мария Матвеевна тэр уснаас нь хагас литрийг нь 5 рублээр зарна. Хүмүүсийн уртын урт цуваа. 30 хүн цуглаад багшийн хамт редакц дээр очлоо. Багш крокодилийн редактор Рябовоос "Та нар эхлээд шалгах ёстой байсан. Энэ бол гүтгэлэг, үнэнийг бичих ёстой. Залруулга хийж өгөөч" гэж хүсэхэд Рябов баахан юм тоочоод татгалзжээ. Хичнээн гуйсан ч зөвшөөрсөнгүй. Тэгэхэд багш Римма Григорьевна Подоксист хандан "Би юу чаддагийг түүнд яриач Римма" гэхэд "Би түүнд бурханаас илүү мөргөдөгөө, 16 жил хэвтэрт байгаад түүний ачаар эдгэрлээ, бүх бичиг баримт энэ байна, хэрвээ эдгэрэхэд тусалсан бол ширээнд ч мөргөхсөн, та туслаач мөргөж залбиран гуйяа" гэхэд Рябов мөн л татгалзав. Багш "Чиний гүтгэлэг чамайг шарилын нүх рүү чирнэ" гэсэн. Хэлснээр нь болсон. Хоёр 7 хоногийн дараа Рябов үхсэн"
Ер нь Мял богд, Серафим Саровский, Профирий Иванович зэрэг гэгээрэлд хүрэхээр тэмүүлэгсдийг хатуужил даяаныг үйлдэн байхуйд зодож занчин, тонон дээрэмдсэн, доромжилсон улс удлаа гэхэд жилийн дотор үхэцгээж байжээ. Хэрцгийгээр зодуулсан хохирогчид нь тэднийг өршөөхийг гуйсаар байхад шүү. Юм их учиртай.
Профирий Корнеевич Иванов бол гэгээрсэн хүн байсан бөгөөд өвөл зунгүй хөл нүцгэн явдаг, германууд хорих лагерт өвлийн хүйтэнд худгийн усаар шүршин осгохгүй болохоор нь мотоциклийн шаахайнд нүцгэнээр нь суулган давхиад өөрсдөө хөлдөх шахсан гэдэг. Газарт гишгэхгүй явж чаддаг энэ хүн 1980-аад онд бурхан болсон байх. Хожим сургаалыг нь мөрдлөг болгон 2000 оноос шүлсээ гудманд хаяхаа больсондоо. Сургаал нь их ойлгомжтой. "Эх байгалиа битгий нулим. Нус цэрээ хоол шиг ид, залгичих" гэнэ. Худлаа гэвэл шалгаад үзээрэй гэнэ. Цаад утга нь үнэхээр нарийн. Та ч гэсэн шалгаад үзээрэй. Нааштай хандлага ажиглагдана.
Мял богдыг зодож занчсан улсын 1-ээс бусад нь үхсэн тухай миний "Өдрөөр би олоогүйм, шөнөөр чи юу олхов дээ" хуулан бичлэгт бий.
Үйлийн үрийн үйлчлэл хэрхэн туссаныг ерөнхийлөгч агсан Кеннеди, тэрбумтан агсан Онассисын жишээн дээр дараа тайлбарлая. /орчуулга/ Зодвол зодуулна гэдэг шиг манай ерөнхий сайдуудын саяхны жишээг хар даа. Сонирхолтой юм шүү.
Арван хар нүглийг тэвчих Буддын сургаал, бүх шашины сургаад байгаа битгий ал, битгий хулгайл, бүү зод гэх мэт нь таныг зөв амьдрахыг ерөөгөөд байгаа хэрэг.
Мунхаг бивээр аливаа нэг шашин ба шүтлэгийг илүүд үзэлгүй яваа нь угийн атеист, эсвэл их эзэн хаанаа гайхсаных, бүх шашин ба шүтлэгүүд нь үнэн хэмээх оргилд хүрэхээр уулын тал талаас нь өөр өөрийн замаар зүдрэн мацахтай зүйрлэснийх билээ.
Г.Малаховын "Хувь заяа ба үйлийн үр" номыг ашиглав. Өөрийн үгээ ялгах гээд учрыг олохоо больсон тул дараа дахин янзлахаас.

четверг, 1 ноября 2007 г.

Ичмээр юм

Өчигдөр багын анд минь эхнэртэйгээ айлчлан ирэв. Бага насандаа очсон мэт баясав. Бас баахан ичив. Байлдааны хуваарь хийж байгаа юм шиг зодооныг зохион байгуулдаг байж. Яасан ч муухай дур хүсэлтэй байсан юм. Өөрөөсөө төө өндөр цэргээс ирсэн ирсэн залууг, арав төгсөхдөө багшийгаа хүртэл. Нүгэлтэй нүгэлтэй. Гавъяат багш Гомбо захирал, Гунгаа багш нар өчүүхэн намайг цээжээрээ хааж байгаад хойш нь сургуульд явуулж билээ. Ангийн багш минь элгэндээ тэврээд уйлж байсансан. Буруу хаалга татлаа даа гэж бодсон байх. Ээж шиг минь хөөцөлддөг, бөөцийлдөг байж. Яасан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэргэд яасан ч муухай санаатай нэгэн байв даа би. Ичдэгийн учир энэ буюу. Сургуульд явсан хүн маань өмнийн говьд эр цэргийн албанд сайхан хүмүүжсэн дээ. Тэр үед цэргийн алба 3 жил байлаа. Заставын хашаанд хаашаа л харна “Дайсан номер нэг-Хятад” гээд бичээстэй /улсын нууц задлаагүй бииз нөхөөр/. Ах урагшаа байнга дурандаастай. Хэнэггүй ээ, эх орныхоо гүн рүү ширтээстэй. Шуудан ирэх мөн сайхан шүү. Цагаан зураас, үзүүрт нь нэг хар юм, сум шиг л явна. Тэгсэн мөртөө л удаад байна. Хайрын захиа гэж амттай даа. Их ч хүлээдэгсэн. Хал болоод асман цэргүүд сэм гуйж хайрын захиагаа бичүүлнэ. Бас улс төрийн орлогчдоо тоо заанаа. Конкурст бэлдэж байгаа нь тэр. Аа тийм, тэр хатуу чанд сахилга баттай цагт Хятадын хилийг агаараар зөрчиж байсан толгойй. Хилийн баганаа тэвэрч байгаад тойрч үсрээд байрандаа бууна. Ингэж байгаад буудуулсан тохиолдол бий гэж халууд айлгана. Цэргийн онигоо ихээ их. Ичээд ярьдаггүй юм. Энд чинь их халуун газар байна, жорлонгийн нөгөө юу нь өвлийнх шиг гозойгоол ирэхийн, хүрзээр хуга цохидог гээд хилээс ээждээ бичсэнд хүнээр дуудуулж сураг сонссон ээж минь “ээ хүү минь хотод очоод хаалгадуулчихаж, за яахав яахав мэнд л байвал” гэж байсан гэдэг. Нар тоссон тослог хар хад байх. Энд түүхий элэг нааж болгоод иддэг байж билээ. Цэргүүдийн дуртай гэж жигтэйхэн. Халхын Хаянгаа багшид хэсэг зодуулаад дараа Колесниковт тэнэтлээ хэсэг авхуулаад хүний эрх чөлөө гарын үзүүрээр хязгаарлагддагийг ойлгосондоо. Тэр нэг баавгай шиг эр байлдааны самбо гэдэг хичээл заагаад юм л бол показываю, алив тэр арсун гараад ир гэнэдээ. Тэгээл одоо үзүүлэн болоод л арсайж барсайтлаа зодуулна. Буу зэвсгийг сайн эзэмшиж сурсан даа харин, их ч мачийсан. Нэг километр холын хүний босоо байг нам унагаана шүү дээ. Бэрхээ бэрх. Эх оронд минь хэрэгтэй л байсан юм байлгүй. Сүүлдээ ч дайсан байхгүй болчоод жаахан. Жаахан гэнэ шүү, ийм л муухай амьтан даа. Ичээд байдаг юм. Заримдаа Чой.Лувсанжав багшид шавь орохгүй яаваа гэж хааяа харамсана. Тэгсэн бол буу шийдэм гээд байлгүй хэдэн үг хэлхээд сурах л байсан биз. Заа яахав, төрсөн өдрийн төөрөг нь тийм юм байлгүй, жаахан ичдэг л болохоос сэтгэл хангалуун байна өө. Сайхан хадуурлаа даа. Миний найзыг Пянхаа гэнэ. Жинхэн нэр нь үү, хэн билээ дээ. Дээр үед залуудаа би эхнэртээ за надад уртаашаа гурван найз бий, намайг хараад уйлна даа гэдэг байж билээ. Гэтэл мань Пянхаа орж ирэвүү гүй юү уйлаал тэврээд авдийн. Жаахан гөлөмцүү. Өчигдөр хэллээ л дээ, чи хүний үгний хүчийг сулруулаад, тэр үед эв эрүүл байсан бол гоё байхгүй юү гэж. Миний найз ч алтан гартай эрдээ. Заа за миний дэмий донгосч цаг алах ч яахав, цаана чинь Сүглэгмаа докторын Сүүн зам гээд С.Батмөнх найрагчийг дурссан нь өдрийн сонины 31-ний дугаар дээр байна лээ шүү.

среда, 31 октября 2007 г.

Монгол гутал

Байгаль төрх эс эвдрүүзэй
хөлийг хөнгөн хаямуй.
Хубилай

Ээж нь хүүгээ шургачих вий гэж
Ээтэн болгосон юмуу монгол гутлыг
Эх дэлхийгээ өшигчихгүй гэж
Ээтгэр болговуу монгол гутлаа
Монгол гутлаа би
Баартаг тоохуугаар солихгүй
Монгол гутлаа би
Таавчиг шаахайгаар арилжихгүй
Дунд сургуулийн ангийн охинд маань "Монгол гутал" гэдэг шүлэг хадгалагдаж байгааг хорь шахам жилийн өмнө олж үзэхэд сонин байв шүү. Одоо бүрэн санахгүй байна. Монгол гутлаа харамлаад бараг бахиал ч өмсөхгүй гэж байснаа бажийнктай гүйж явсым. Сүүлдээ шаахай ч өмсөж үзсэн. Цааш нь монгол гутлын мөр хаана хаана гарсныг дүрслэн бичсэн нь ордны өмнө зурах гэж байгаад больчихдог байлдан дагуулалтын зураг шиг болох шахсан гэж байгаа. Цагаан хэрэмийг цөм өшиглөөд цаадах улсыг хуу хамаад цаашаа гишгэх газар байна уу ч гэх шиг. Морин төвөргөөн монголчуудын уухай , монгол гутал...бүх дэлхийд мөрөө гаргасан, тэр Америк чинь байхгүй байсийн гээл. Гутлаа л магтаад байгаа юм шүү дээ.
Энэ бол
Чингис Чингис чиний нэр
Чихэнд биш зүрхэнд дуулдана хэмээн санагалзан дуулсан найз хөвгүүний минь нөлөө байхаа. Ганаагийн шахалтаар нэг онигоо ярив, бас дээрхийг оруулав. Ганаа, Peaky нар үнэлэхээр нь урамшаад.

вторник, 30 октября 2007 г.

Нутгаа санана

Аагим зуны халуун наранд шарагдаж, уулын салхинд илбүүлсээр байгаад чулуу шигээ хөх болсон нутгийн ихэмсэг өвгөдөө санан багадаа дуулж сонсож байсан хууч яриаг мэдэхээсээ дэлгэе. Яаж ийм хурдан сэтгэвээ гэмээр хөгжилтэй, наргиантай яриа их бии. Олны дунд яригдсаар хүүхдээс үүхэд хүртэл мэдэх тул нэрийг шууд дурдав.
Таавчиг Ядамсүрэн гуай бидний мэдэх Жийжээрхүү л хүндээ. Жижигхэн биетэй, нүдээрээ инээсэн нүдэнд дулаахан, шооч нэгэн. Түүний анд Погнооныг эрүү хэмээн сэм хочилно. Ер нь манай нутагт хойно урдаа хоч, авгайлгагүй хүн ч ховор доо.
Нэгэн удаа намын хурал дээр Погнооны шүд өвдөн эрүүгээ тулан суухыг ажигласан Ядамсүрэн гуай дүрсгүйтэхээр тээр хойноос займчсаар ард нь ирж суужээ.
- Яасан хө?
- Шүд өвдөөд. Ингэж хэлэхийг нь хүлээсэн тэрээр яаран
- Аль талын шүд үү? гэхэд
- Таавчиг талын гээд хөлөө дэвсжээ.
Эрүү Погнооноор эрүүний гэж хэлүүлэх гэсэн таавчиг Ядамсүрэн гуай таавчгаараа дуудуулж нэг чадуулжээ.
Хэсэг хүмүүс Хөвчийн нурууны цаана орших Зээтүү хугалаач хэмээх толгойн хажуугаар өнгөрч явж. Тэдний дунд дээрх хоёр анд явж л дээ. Эрүү зээтүү гэсэн үгийг санасан Ядамсүрэн гуай чангаар энэ толгойг чинь юу гэж нэрлэдэг билээ гэж бусдаас асуухад Погноон гуай "Аа тийм, таавчиг задлаач гэдэг юм" гэжээ. Ядамсүрэн гуай ийнхүү хоёронтоо дийлдсэн байна.
Сунсаа Мягмаржав хэмээх жаахан гишгээ доголондуу хүн байжээ. Нэгэн халуун өдөр Ядамсүрэн гуай тэр хоёр Нарийны ам өгсөөд алхаж явж. Ядамсүрэн гуайг:
- Яасан халуун өдөр вэ гэхэд
- Та хөнгөн гутлаа өмсөхгүй яагаав хэмээн чадах санаатай хэлэхэд тэр дор нь,
- Тэрийг чинь өмсчихөөр сунсаад байдгиймаа гэжээ.
Алтайн хөх байц лугаа адил хэмээн хүндлэх Жасрай гуайн эцэг Пунцагийг мундаг хүн гэлцэнэ. Тэрээр төр барих нэг хүүтэй, төмрийн хуурай шиг бас нэг хүүтэй гэдэг байжээ. Жасрай гуайн ах Махбариад гэж насаар сумандаа алба хашсан нэр хүндтэй нэгэн. Цэцэн цэлмэг үгтэй, дийлддэггүй хүн байж. Гэтэл алаг нүдэн Чойжилжав хэмээгдэх том алаг нүдтэй сайхан өтгөн хөмсөгтэй хэлэмгий доломгой нэгэнд яалтчгүй чадуулжээ. Махбариад гуайг дэлгүүрээс гарч ирэхэд Чойжилжав:
- Дэлгүүрээр сонин юу байна?
- Хүний хар нүднээс бусад нь байна гэхэд -Хэрүүлч хар завьж алга уу? гээд орчихжээ. Махбариад гуай амаа бариад хоцорсон гэнэ лээ. Давчуудаагүй бол юу ч гэж мэдэх хүн л дээ.
Омборын Баарай гуай хэсэг улстай Чойжхүүгийнд ирэхэд гэрийн эзэн эзгүй байж эхнэртэй нь мэндэлжээ.
- За намираа бор сайн уу гэхэд
- Нахиу хөх сайн уу, дээшээ суу цай уу гэсэн гэдэг.
Дэчинравдан ах мотоциклтой Ядамсүрэн гуайг сундлан, асаахаар дөрөө жиихдээ: - хойд хөлөө авдаа гэхэд - Хош би ямар мал юм уу? гээд хөлөө татаж байсан гэдэг. Үгийн өө, цаад санааг анддаггүй бэлэн цэцэн үгтэй ийм хүмүүс олон байсан даа.
Хэсэг найзууд гуанз иджээ. Яарсан нэг нь -хазаартай морь шиг яасан удаан юм гэхэд -ямар чоно нохой биш дээ гэснээр чадуулсан нөхөр чимээгүйхэн хүлээн суув гэнээ /Д.Нацагдорж/
Дэмий дүнсийхгүй, инээд наргиан ихтэй сайхан даа. Манай нутгийнхан гэж ийм л улсууд даа. Нутгаасаа хар нялхаараа л гарлаа даа. /хэлгий дорой бичсэнд өршөөнө үү/