суббота, 18 августа 2012 г.

Болд болиосой!

Болд болимоор юм гэж бодогдох боллоо. Миний хүндэлдэг дуучин залуу сүүлийн үед зурагтаар байнга л нэгэн архины үйлдвэрийн сурталчилгаанд оролцоод гараад байх юм. Дуулж харагдахгүй юм. Юу дутлаа гэж?

Хэрээг будавч хэвээрээ байхын адил архийг магтавч ад зэтгэрийн шинж нь арилахгүй байлтай. Архины компани байгальд ээлтэй үйлдвэрлэгч боллоо гэнээ. Хүн-байгалийг салгаж ойлгоод байна уу? Хүнд хортой, байгальд ээлтэй тул яваандаа хүн цөөтэй бол байгальд ээлтэй гэсэн үг юм болов уу? Эсвэл эког ашиглачихав уу?

Ямар ч тохиолдолд Болдыг би болиосой л гэж бодож байна. Манлайлагч залуу хүний хувьд арай гэгээтэй юм хийгээсэй, хүүхэд залуусаа зөв юманд хөтлөөсэй, Ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дэмжээсэй гэж бодож байна. 

Пивоны сурталчилгаанд өөрийг нь ашиглачихсаныг мэдээд Амай хичнээн дургүйцэв. Амайгаас санаа аваасай, зөв бодолтой, зөв үйлтэй байгаасай гэж хүсэж байна. 

Архины үйлдвэрийг магтаад, залууст архийг сурталчлаад байгаа хүмүүс надад нөгөө махкомбинатын тэргүүлэгч ямааг санагдуулаад байдаг юм. Тэргүүлэгч ямаа махкомбинатын  хаалгаар сүргийг манлайлан ордог боловч түүнийг дахин ашиглахын тулд амьд үлдээгээд байгааг мэддэггүй. Зөвхөн мөнгө бодвол үүний үлгэр болно.

среда, 18 июля 2012 г.

Багын мөрөөдөл биелэв

Би хар багаасаа нисдэг тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөддөг байв. Сая баярын амралтын өдрүүдэд багын мөрөөдөл минь биелэвээ. Энэ жил ч сайхан наадлаа даа. Эрүү өвдөг нийлсэн үедээ -Яагаав нөгөө миний нисдэг наадмаар гээд л дурсана шүү дээ. 

Тээр жил, би сургуульд ороогүй байсан юм даг. Нэг сайхан нарлаг өдөр, тэнгэрээс хачин чимээ гараад, хойт уул дүнгэнэдэгээс ч хүчтэй, гайхмаар ч юм шиг аймаар ч юм шиг болж байтал хүүүхдүүд -нисдэг тэрэг! гээд шуугилдаад явчихав. Бөөн баяр хөөр болсон хүүхдүүд гүйлдэнэ. Хайсаар, Шар хадны хоолой чигт тэнгэрээс дүүжигнэсэн засаа шиг юм ирж явааг олж харлаа. Ойртсоор сумын төв дээгүүр эргэхэд нь баярлан, бахархаж, бахардаж унаталаа дагаж гүйсэнсэн. Хэхэ, нисдэг тэрэг дагаж гүйгээд байхдаа ч яахав дээ. Мөн ч их сонин сайхан үйл явдал болж билээ. Газар тэнгэр нийлүүлэх мэт болсоор урагшаа задгай газар буув. Уул нь Бодь дарга сумын захиргааны хойно цагаан чулуугаар дөрвөлжин тэг татуулаад улаан туг бариад зогсож байсан юмсанж. Тэр үеээс хойш л энэ тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөдөөд байсан хэрэг.

Хожим нисэх загвар сонирхож, "Дөл" тоглолтод оролцож билээ. Планер хийж нисгээд найзуудтайгаа туршдаг байж. Агаарын зохих урсгалд орсон планерийг унатал нь бидний нөхөд дагаад гүйлддэг байв.  "Энэ хэдэн хүүхдүүд нэг том цагаан шувуутай хөөцөлдөөд, алах нь" гэсэн яриа гарсан юм даг. Манай сумын арын уул хар өнгөтэй, түүний фонон дээр миний хийсэн онгоц том цагаан шувуу шиг харагдсан байх.

Хүн өтөллөө ч багын сонирхол салдаггүй бололтой, нисэх загварын чөлөөт нислэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг Цонжин болдогт очиж үзэхээр болов. Тэр үеэр шүхэрчдийн үзүүлбэр ч таарч, Налайхын нисэхийн ... -дугаар ангид ажилладаг үеэл маань биднийг нисдэг тэргэнд суулгаж сонирхуулав. Мөн азтай хэрэгээ. Зураг ч дарав.    

 Байлдааны зориулалттай нисдэг тэрэг
 Энэ пулемёт нь, 120 мм-ийнх. 2 талдаа 120 ш пуужингаар цэнэглэгддэг 
гэнэ лээ. Мундаг эд байгаа биз.
 Миний хүү
 Ми-4
 Хуучин Як
 Ми-2. Энэ нөхөр л манай нутагт очсон байхаа даа
 Миний ниссэн Ми-8
 Биднийг дотор нь сууж, юм хумыг нь оролдохыг зөвшөөрсөн юм
 Хүүхэд насны хүслээ биелүүлэв
 Тансаг эд юм аа

 Нислэгийг удирдах төв
 ТЗК хэмээх дуран. Залуудаа, хаа сайгүй "Дайсан номер нэг-Хятад" гэсэн бичигтэй хилийн заставт алба хаасан хүн шүү дээ би. Энэ дурангаар дайсны хөдөлгөөнийг хянадаг байж билээ.   
 Эрэлхэг зоригт шүхэрчид

 Нислэгт бэлдэж байна

 Эрхэм хурандаад ... нислэгт бэлэн!
 Хүү охин хоёр маань хамт ниссэн. Хоёулаа харааны шилтэй шүү 

Шүхэрчид ба зорчигчид

Бүргэдийн нисэх өндрөөс 

Ар Жанчивлан харагдаж байна
 Шүхэрчид мөн бөх зүрхтэй улсаа

Миний охин


 Экипажийнхантай дурсгалын зургаа татуулцгаав. Нэг ангийн бүргэдүүд.


 Тэмцээний нээлт дээр
 Агаараас ингэж зураг авдаг болж





четверг, 26 апреля 2012 г.

Хүүхэддээ чангаар дуудаж өгөөрэй

Хүүхэддээ чангаар дуудаж өгөөрэй
Монголчууд эртнээс багачууд хүүхдүүддээ үлгэр домог хуучлан өгч, түүгээр дамжуулан хүн байхын утга учрыг сургаж, эх нутаг, байгаль, эцэг өвгөдөө шүтэн дээдлэхийн учрыг ухуулан ойлгуулж ирсэн үлгэрч ард түмэн билээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго дээрх жишгийг орчин цагийн монгол гэр бүлүүд ч бас өвлөн үргэлжлүүлж байхыг билэгдэн "Ихэл хатны найман цагаан домог" туульсыг бичиглэн туурвиж, худалдаанд гаргалаа. Үр хүүхэд чинь амьд бүхнийг хайрлан энэрэхүйн эрдэмд багаасаа суралцаасай хэмээвээс эрхэм та дээрх домгуудыг үдэш бүр хүүхдүүддээ уншиж өгөөрэй. Орой бүр хүүхэд чинь сонирхолтой үлгэрээ үргэлжлүүлэн сонсохын тулд орондоо яаран орох биз ээ.
  • Ээжийнхээ өвчнийг эдгээхээр асга хадат уулсыг даван ижийгээ үүрэн явсаар диваажин лугаа гайхамшигт цэцэрлэгт хүргээд мөнхийн рашаан хүртээж буй сайн хүүгийн тухай өгүүлэх "Ижий цагаан домог"...
  • Хугацаа халаагүй албанд мордож, харийн газарт боолчлогдон зовж буй хань нөхрөө үнэнчээр хүлээн, уулыг уяртал, талыг тайтгартал, тэнгэрийг санааширтал ерөөл тальбин сүүгээ өргөсөөр буй сайхан ханийн тухай өгүүлэх "Ханийн цагаан домог"...
  • Ноёнтой тэрсэж, номхонтой нөхөрлөдөг сэтгэл сайт анд нөхрөө хаацайлан хамгаалсаар амь юугаан өгч буй ачлал журамт анд нөхрийн тухай "Андын цагаан домог"...
  •  Олон хүний үрсийг зааглан ялгалгүй дэргэдээ авч, ажилд сурган, амьдралд бэлдэж, үлгэр домгийн сайхнаар үр ачаа өсгөн жаргаж буй ухаант хоёр буурлын тухай "Буурлын цагаан домог"...
  • Эх нутаг, үр хүүхэд, хань бүл, эцэг эхийнхээ төлөө амь хайргүй тулалдсаар сөхрөн унах эрэлхэг баатрууд ээж нарынхаа бүүвэйн дуугаар эргэн хөл дээрээ босоод, энэ бүхэнд дэм болох уул усны эзэн савдагуудтай хамтран харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж буй "Бүүвэй цагаан домог"...
  • Амьд бүхний ээж, амьдрал бүрийн эхлэл босон ивгээлт наран нэгэн цагт хүмүүсийн дунд хэрхэн төрж, хэрхэн өсөж, хайр элбэрэлээрээ хүн төрөлхтнийг ивэн хайрлаж байсан тухай өгүүлдэг "Нарны цагаан домог"...
  • Бидний эцэг өвгүүд, элэн хуланцууд ууландаа сууж, усандаа шингэж хожмын хожим, үеийн үед үр хүүхэд биднийгээ ивээж энэрсээр явдаг онцгой үйлийн тухай өгүүлдэг "Уул усны цагаан домог"...
  • Эх нутгаасаа алсад зарагдан яваад, жилийн газраас төрсөн нутгийхаа зүг амь тэмцэн зүтгэсээр эргэн ирдэг шандаст хүлгийн тухай өгүүлдэг "Хүлгийн цагаан домог".... гэх мэт өгөөжтэй, ухааралтай, сургамжтай түүхүүдийг домогчлон өгүүлэх энэхүү найман цагаан домог нь бидний уул усыг баясгаж, өвөг дээдсийн хэлж амжаагүй үгсийг сануулж, үр хүүхдийн маань сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нэмэх биз ээ.

Жич: Энэхүү номын хавтасны зургийг манай зураач Агай урлаж, чимэг зургуудыг миний бие чадан ядан дөхүүлсэн бөгөөд цагаан бүхний тухай өгүүлэх "Ихэл хатны найман цагаан домог"-ийг олон нийтэд хүргэх ажлыг "Цалиг" хэвлэлийн газрын хамт олон маань гардан хийснийг талархан дурдмаар байна.
Алтайн уулсыг сэтгэлдээ зураглан байж бүтээсэн эдгээр домгууд танд болон танай гэр бүлийн сэтгэл зүрхэнд үнэтэй хувь нэмэр оруулах биз ээ хэмээн найдаж байна.

Эх сурвалж:  http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=106239#

четверг, 22 марта 2012 г.

"Аянчин"-аяны эвхдэг гэрийн анхны хэрэглэгчиддээ баярын мэнд хүргье

Монгол гэрийг цүнхэнд багтдаг болгочихоод нөгөө мөнгө энэ тэрийн нөөцөөс болоод хүлээлттэй байтал Гүррагчаа гуай захиалга өгч, ажлаа эхэлж билээ. Удалгүй яг тийм гэр гэсээр захиалгууд ирж, сансрын нисэгч М.Ганзориг ч мөн захиалж билээ. Сансрын баатрууддаа баярын мэнд хүргэнгээ, өчүүхэн бизнесийг минь дэмжсэнд талархаж явдгаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг ерөөе.

вторник, 6 марта 2012 г.

Элэг цэвэрлэх үе

Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хэлэлцэн элгээ цэвэрлэдэг болсоор тав дахь хавраа угтаж байна. Хоолоо сойгоод, сүүлдээ хоолгүй бүтэн гурван хоног явах нь хэцүү санагддаг ч, элэг бүтэн амьдралд нэмэр болуужин хэмээн таслахгүйг хичээдэг. Бас хар толгойгоо бодсон ч хэрэг байх. Элэг цэвэрлэх тухай мэдээлэл энд бий.

Миний үеийнхний элэг эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байна гээд уншихаар, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Мацаг барьж, бургуй тавьж, одоо ч цэвэрхэн байгаа гэж бодож байсан ходоод гэдэснээс ямар аймшгийн юм гардгийг харсан болохоор цэвэрлэмээр санагддаг. Бодвол элэгний суваг судалд хуримтлагдсан шаар шавхдас юм байлгүй дээ.

Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.

  • 3 сарын 12-ны өдөр. Даваа. Цэвэрлэгээ эхэлнэ. Цагаан хоол.
  • 3 сарын 13-ны өдөр. Мягмар - Цагаан хоол
  • 3 сарын 14-ны өдөр. Лхагва - Цагаан хоол
  • 3 сарын 15-ны өдөр. Пүрэв - Мацаг. Зөвхөн ус ууна.
  • 3 сарын 16-ны өдөр. Баасан - Мацаг. Зөвхөн ус ууна.
  • 3 сарын 17-ны өдөр. Бямба - Мацаг. Зөвхөн ус ууна. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Бэлтгэсэн 1 стакан оливийн тос, 1 стакан нимбэгний шүүсээ 21-22 цагийн хооронд ээлжлэн балгасаар ууж дуусгаад, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
  • 3 сарын 18ы өдөр. Ням. Амарна. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Өдөр зүсэм хар талх, луувантай иднэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.

вторник, 21 февраля 2012 г.

ИХЭЛ ХАТНЫ НАЙМАН ЦАГААН ДОМОГ


Яруу найрагч Б.Эрдэнэсолонго “Ихэл хатны найман цагаан домог” гэдэг томоохон хэмжээний туульсын зохиол бичсэнийг “Цалиг” студи дүрсжүүлж, “Цалиг” хэвлэлийн газар ном болгон хэвлэхээр боллоо. Продюсер Ш.Должинсүрэн, Д.Батцэнгэл, гар сэтгэл нийлэн ажилласан уран бүтээлчдэд талархал илэрхийлье.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эх сурвалж: http://galaarid.mn/

среда, 8 февраля 2012 г.

Хууль ярьсан

Хууль барьсан
Хулгайч дээрэмчдийн vvрэнд
Нар тусах
Найдвар тун бага байна

Б.Эрдэнэсолонго
/Єєртєє бичсэн захидал-track 27/

среда, 1 февраля 2012 г.

“Sony center” дэх монгол гэр

Берлиний төвд орших Пост­дамын талбай нь өнгөрсөн зууны эхэн үеэс тус хотын бизнесийн төв байсан. Тэр үед өдөрт 20 мянган машин тавих зогсоолтой байсан гэдэг. Тиймээс 1924 онд Постда­мын талбай дээр анхны гэрлэн дохиог байрлуулжээ. Ийнхүү Европт анх гэрлэн дохиог ашиглаж эхэлсэн түүхтэй. Дэлхийн хоёрду­гаар дайны дараа баруун, зүүн хоёр Германы хил болж Пост­дамын талбай хоёр хэсэгт хуваагд­сан байсан. Герман эргэн нэгдсэ­нээс хойш тус талбай дахин Бер­ли­ний соёл амралт, худалдаа арилжааны төв болсон. Энд Бер­линий олон улсын кино наадам зэрэг дэлхийд нэртэй томоохон арга хэмжээнүүд болдог уламж­лалтай. Постдамын талбайн нэг бахархал нь "Sony Center" буюу Sony төв. 1996 онд япончуудтай хамтран тус төвийн тулгын чулууг тавьснаар "Sony Center" барьж эхлэн 2000 онд ашиглалтад оруул­сан. Орчин үеийн архитектурын гайхамшгийг илтгэсэн тус төв нь 103 метрийн өндөртэй долоон шилэн байшингаар хүрээлэгдсэн. Эдгээр байшин шилэн дээв­рээр холбож өгсөн нь монгол гэрийн тооныг санагдуулна. Жил бүрийн нэгдү­гээр сард "Sony Center" -т гурван монгол гэр барь­даг уламж­лалтай. Ингэснээр тус төвөөс зохион бай­гуулдаг томоо­хон арга хэмжээ эхэлдэг. Дөрвөн өдөр үргэлжилдэг зохиолч уншигч­дын уулзалт нь гурван монгол гэрт болдог. "Монгол гэр дэх түүх" нэртэй уг арга хэм­жээнд энэ жил уран бүтээлээрээ дэлхийд нэр гараад буй 35 зохиолч уригдан оролцсон. Чухам яагаад уг арга хэмжээг монгол гэрт зохион байгуу­лах болсон талаар тодруу­лахаар "Sony Center"-ийн дарга, хатагтай Керри Райхетэй уулзсан юм.

-Хатагтай Райхе танай төвөөс жил бүр зохион байгуулдаг зо­хиолч уншигчдын уулзалтыг яагаад монгол гэрт хийхээр болсон юм бэ?

-"Sony Center" бол Берлиний томоохон соёл, амралтын төв. Энд кино театр, дэлгүүр, тансаг зоогийн газрууд зэрэг хүмүүс чөлөөт цагаа сайхан өнгөрүүлж, амрах бүх бо­ломжийг бүрдүүлж өгсөн. Тиймээс бид энд ирж буй хүмүүсийг тав тухтай байлгах үүднээс уг арга хэмжээг зохион байгуулах болсон. Ингэхдээ эртний уламж­лалтай, байгаль орчинд ээлтэй, том биш зүйл байх ёстой хэмээн үзсэн. Нэлээд судалгаа хийсний эцэст монгол гэр хамгийн их тохирсон. Монгол гэр дотор бай­хад тооноор нь манай төвийн шилэн дээвэр харагддаг. Түүнээс гадна энэ хоёр нь эртний бөгөөд орчин үеийн архитектурын маш сайн хослол болж өгсөн гэж бид үздэг. Тиймээс бид зохиолч, уншигч­дынхаа уул­залтыг монгол гэрт хийхээр болсон юм.

-Хэзээнээс монгол гэрт энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бэ?

-Энэ жил 11 дэх удаагаа хийлээ. Бид 12 жилийн өмнө Монголоос гурван гэр худалдан авч Берлинд авчирсан. Германд тээвэрлэн авч­рахад амаргүй байсан. Яагаад гэхээр Оросын хил дээр нэлээд удсан. Авчирсан хойно нь монгол гэрийг яаж барих талаар гарын авлига байгаагүй тул бид яахаа мэдэхгүй болсон. Бидэнд ХБНГУ дахь танай ЭСЯ тусалж "Sony Center"-т монгол гэрээ барьсан түүхтэй.

-Танай арга хэмжээнд дэл­хийд нэртэй Германы болон гадаадын зохиолчид оролцдог. Тэд монгол гэрийг хэрхэн хүлээж авч байна?

-"Sony Center" бол маш нэртэй. Тиймээс бидний урьсан зохиолчид ийм нэртэй газар монгол гэрт уулзалтаа хийж байгаадаа их талархдаг. Орчин үеийн байшин барилгын дунд монгол гэр байгааг хараад их гайхдаг. Түүнээс гадна уран бүтээлч нь уншигчтайгаа маш ойрхон байдаг нь тэднийг бие биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож өгдөг.

-Түүнээс гадна хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион байгуулдаг. Энэ талаар?

-Би уг арга хэмжээг анх зохион байгуулж эхлэхдээ хүүхдүүдэд зориулсан уулзалтыг зохион бай­гуулж ирсэн. Өнөө үед хүүхдүүд ном уншихаа больсон тухай их ярьдаг. Тиймээс ч үүнд бид нэлээд ач холбогдол өгсөн.

-Танай арга хэмжээнд орол­цо­хоор ирсэн хүмүүс монгол гэрийн талаар нэлээд асууж сонирхдог болохыг би анзаар­сан. Танайх ажилтнууддаа мон­гол гэрийн талаар урьдчилан мэдээлэл өгч бэлддэг үү?

-Тэгэлгүй яахав. Манай ажилт­нууд зохиолч болон ирж хүмүүст монгол гэрийн талаар тайлбар өгдөг. Тэд олон жил ажиллаж байгаа болохоор энэ талаар сайн мэдлэгтэй.

Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА

Эх сурвалж: http://www.dailynews.mn/