Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам гүм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон сүйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо мөндрөөрөө унадаг
Зуурам хөлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэрүү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал хөлдүү царманд
Хосын хүчинд амилдаг байна!
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа
Төөлвөл бие чацуу тоолвол нас чацуу
Хосоор ургадаг Вансэрбэрүү үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ гэж Дуламсүрэн гуай ямар сайхан дуулна вэ.
( http://www.youtube.com/watch?v=BcbxmjiLOFY энд бий)
Тэнгэрийн цэцэг гэгдэх вансэмбэрүүг үзэхээр Дөрөлжийн нуурын баруун салаанаас бид нар эртлэн гарлаа. Өлзийтийн дэвсэгээр өгсөж, Захирагчийн овоо, Барзан хайрханыг өвөрлөж, Алагхайрхан уулыг Цагаан асгаар давж Их Хүнхэр лүү орж Хөх хадны хөлөөр хайх төлөвлөгөөтэй. Хайгаад олдохгүй байж магад гэж санаа зовж байсаан. Аз болоход элбэг ургасан, хагдраагүй байсан шүү. Дэлхийд ихэд ховордож, түүнийг түүх, үрээр зарж борлуулахыг цаазлан хорьжээ.
Манай Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Цацавын Орсоо дөрвөн жилийн өмнө уушиг нь өвдөж, олон сар эмчлүүлээд, сүүлдээ эмчилгээгүй гэгдэн өдрөө хүлээж байж. Вансэмбэрүү цэцгийн усыг уулга гэсэн нэгэн сайн санаатны зөвлөсний дагуу хүүхдүүд нь аавдаа энэ гайхамшигтай цэцгийн усыг уулгасаар эдгээжээ. Өглөөгүүр эртлэн очиж дэлбээгээ нээх үед нь үзвэл устай байдаг гэнэ. Орсоо гуай одоо 54 настай, энэ жил морь уячихсан хийморьтой явна гэнэлээ. Уясан морь нь дээгүүр давхисан сурагтай. Орсоо гуай амийг нь аварсан энэ цэцгийг дээдлэн биширдэг бизээ.
Вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг гэдэг нь зүгээр нэг уянгын халил биш байхаа. Учир нь түүнийг таслаж бэртээвэл заавал бороо орох юмуу салхи гарч байгаа нь анзаарагддаг бас түүсэн хүнд сайн болдоггүй гэдэг. Тэнгэрийн таалалд нийцдэггүй байх л даа. Иймд дээр нь майхан барьж тэнгэрт үзүүлэлгүй ном сонин унших байгаад ёс төртэй авдаг гэнэлээ.
Барихад байтугай харахад хайран энэ цэцэг хичнээн сайхан үнэртэйг та мэдэх үү. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна. Бидэнд газарчилж явсан Халзаа буюу Цогзолбоо энэ үнэрийг хоёр хүүдээ аваачиж үнэрлүүлэх юмсан гэх нь үүнийг батална. Мань эр ч ирэх жил дахиж ирсээн.
Барим бүдүүн иштэй энэ цэцгийг таслахад пөд хийн их чимээ гардаг нь таслагч хүнийг айлгаж эвгүйцүүлдэг гэнэ. Тиймээс зарим нь нохойгоо хажууд нь суулгаж байгаад холбож уячихаад холоос дуудчихдаг гэнэлээ. Энэ нь нэг талаар их айж байгаа, нөгөө талаар хуурч байгаа хэрэг.
Сумын их эмч Б гэдэг залуу тэр жил Улиастайн голд үерт өртөөд харамсалтайгаар амь насаа алдсан. Хамт явсан жолооч Т.Буяндалай ах машинаасаа шидэгдэн амьд гарчээ. Ослын газар 30 минутын дараа ирэхэд үер намдсан байсан гэдэг. Хүмүүсийн ярилцах нь эмч залуу 3 хоногийн өмнө Вансэмбэрүү түүсэн, түүнээс боллоо гэлцэнэ.
"Аянгат цагийн дууль" киног манай нутагт авсан бөгөөд энэ ажлаар явагсдаас хоёр хүн нутгийн залуугаар газарчлуулан вансэмбэрүү цэцгийг үзэхээр морь хөлөглөн хөдөлжээ. Зорьсон газраа хүрч, эрсэн цэцгээ олжээ. Гэтэл нэг нь эмчилгээ сувилгаа бодсон уу цэцгийг таслаад авчихаж. Нөгөө залуу нь бас авах санаатай байгааг газарчин анзаарч хал балгүй авах нэгэн сонин арга зааж өгчээ. Хожим, киноны зураг авалт дуусч буцах замдаа Шаргын говьд машинтай осолдоход вансэмбэрүүг эхлээд тасалж авсан залуу хүнд гэмтсэн гэдэг. Байгаль дэлхийтэй зөөлөн хандаагүйн гайг би ч биеээрээ амссандаа, ан авд дуртайгаасаа болоод.
Надад тэр хал балгүй авдаг арга сэтгэлгээний хувьд их сонирхолтой санагдсан тул энд бичих тухайгаа хэлтэл дээрх тохиолдлыг ярьж өгсөн найз маань хориод юу гэж хэлсэн гээч: "Хүү чинь хүүгээ дагуулаад очиход энэ цэцэг байхгүй болчихсон бол яана". Үнэхээр хайрлаж, гайхаад бас хатааж сүйтгэх тухай бичих нь утгагүй юм.
Холдлоо гэхэд үүд хойморын зайтай хосоор ургадаг вансэмбэрүү гэж хорвоогийн нэгэн гайхамшиг байна. Үүнийг л үзэхийн тулд өглөөнөөс үдэш болтол багцаагаар жараад километр газар аялсандаа.
Та төвөгшөөхгүй бол зарим зургийг сонирхоорой.
1. Миний "Аянчин" хэмээн нэрлэсэн эвхдэг гэр. Бүс хайрхан уулын бэл Цагаан чулуутад. /Боломж л олдвол гэрээ ярина шүү дээ. Реклам байлаа/
Хан тэнгэрийг баясгасан
4. Дурангаар татаж авахад нэг иймэрхүү /энэ зургийг заавал томруулж хараарай/. Бараг наян градусын налуу байхаа. Орой ирмэгээр нь явахад хутганы ирэн дээгүүр явж байгаа юм шиг санагддаг гэнэлээ. Би уул нь аль асга бартаатай газраар явж, хүүдээ монгол морины шандасыг гайхуулъя гэж бодсон авч газарчид осолтой гээд болиулсандаа.
6. Энэ бол бидний очих Хөх хад. Фото зураг дээр уулсын өндөр сүрлэг нь нэг л сайн тодорч харагдахгүй байна. Их өндрөөс авсан болохоор тээр дор жижигхээн харагдана.
13. Ангийн анд Б.Нямжав маань бидэнд газарчилж вансэмбэрүүг хайж олсон юм. Нямжав багадаа ганцаараа ууланд явж байгаад хүний нүд шиг ч юм шиг асар том цэцэг хараад айж цочсон тухайгаа бидэнд дурслаа. Биднийг харьж ирэхэд алт ухдаг гэх нэгэн залуу вансэмбэрүү хаагуур байгааг сонирхож асуухад мань уулгамч юм шиг Хөх хад гэтэл Нямжав маань над руу нэг сүрхий харж билээ. Бүтэлгүй заримаас нь нуудаг юм байна. Хөх хаданд очлоо ч олохгүй л дээ.
Тэнгэр хангай харж үзээд салхигүй сайхан байсан шүү. Ийм өдөр их ховор. Тээр дор Бугын хөтөл дээр байхад л салхи авч шидчих гээд байна шүү дээ. Энд бид сүү цагаан идээ өргөж тал тал тийш уулсыг дурандан хоёр цаг хэртэй суусан юм. Далайн түвшнээс дээш 3739 м. Эндээс ойр хавийн уулс Нямжавын хэлсэнээр шалан дээр шляп хаясан мэт харагдана. Алсад Хөвчийн нуруу, Дуут хайрхан, Байтаг богд, Хавтагийн нуруу, Тахийн шар нуруу, Сутай, Улаан хайрхан, Аж богд, Таян, Хуц хайрхан түүний цаана Ээж хайрхан уул, Гичгэний нуруу харагдана. Хүний нутагт орсон Мичингийн нуруу, Тэнгэр уул хөхөрнө. Нээрээ сайхан юм аа, нэр нь хүртэл шүлэг. Хонин усны говь, Гүн тамга, Алаг нуурын говь, Айлын цагаан цэнхэртэнэ.
19. Сутай хайрхан харагдаж байна. Багцаагаар 180 км зайтай. Наана харагдаж байгаа нь Бүс хайрхан.
20. Миний хүү ч сунаж унаталаа мориор явсандаа. Анх удаа аавыгаа дагаад морь унаж яваа юм.
21. Энэ бол таны сайбер танил Арсун. Өдөржийн газар өндөр ууланд аялаад дэлхийн талыг дайтаж эзэлсэн Монгол хүний тэвчээр ухаан, монгол морины шандсыг гайхсаар арайхийн ирж байгаа нь.