четверг, 23 октября 2008 г.

Бумеранг

Хөгшчүүл тэрний тэр мөн тусч хүүхэд юмаа гэлцэх нь манийгаа анзаараад жаахан өөрчлөх санаатай байсан нь тэр байх. Энэ ямар эргээд туслах биш гэсэн шүү бодовч жаахан хүүхэд болохоор бусдын адил магтуулахын тулд тусладаг л байлаа.

Сүүлд мэдэхнээ хүмүүс бусдад туслахдаа магтуулахын тулд биш, ямар нэг хариу горьдолгүйгээр тусладаг юм байна. Сайн үйл бүхэн шагналтай байдгийг монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, сайн санааны үзүүрт тос гэнэ. Бусдад туслах нь өөртөө тусалж буй хэрэг гэж мэргэд сургажээ. Хариу нэхээгүй тус алсдаа заавал эргэж ирдэг, бумеранг шиг л юм даа.

Би нэлээн дээхнэ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ярилцлагыг уншиж билээ. Түүнийг танд санаж байгаагаараа сонирхуулъя. Тэрээр Оросод сурч байхдаа хоёр хөлгүй нэг "афган"-д задгай мөнгөө, мөнгөтэй үедээ хэдэн рубль өгдөг байж л дээ. Жанцанноров гуайг хүнсний зах руу ирэхэд өнөөх нь нээх баярлаад л тэргэнцэрээ дугуйлдсаар ирдэг, хөгжмийн зохиолч маань ч сэтгэл хангалуун халаасаа гөвдөг байж. Олоон жилийн дараа Жанцанноров гуай мотоциклтой явж байгаад Сонсголонгийн гүүрний тойрдог дээр унаад ухаан алдчихаж. Тэгтэл нөгөө тэргэнцэртэй орос залуугийн төрх харагдаж "Назаад" гэж хашгирангуут хоёр гараараа газар тулаад биеээ таттал хөлийнх нь цаагуур ачаатай Камаз өнгөрсөн гэдэг.

Жанцанноров гуай шиг хүмүүс худлаа хэлдэггүй бөгөөд урлагийн нөлөөгөөр өндөр хөгжсөн оюунтай хүмүүст ийм явдал элбэг тохиолдох байх. "Бурхад хаана байна гэж надаас асуу, тэд театрт бий гэж би хариулна" гэж В.Высоцкий зүгээр ч нэг хэлээгүй байх.

Хүний үйлдэж буй сайн муу үйл үйлийн үр /карма/ болж эргэж тусна. Христийн сургасныг харахад юуны үр тарина түүнийгээ хураана гэжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Бидний өөрөөсөө ч нуугаад үйлдсэн хэргийг "хэн нэгэн бичээч" данслаад сууж байхыг үгүй гэх газаргүй. Төрийн хуулиас зайлавч тэнгэрийн хуулиас бултах аргагүй мэт бодогдоно.