Мял богдын намтараас /Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/
... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов...
Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа.
Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан...
Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/
... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд “Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө. Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно. /126/