суббота, 31 мая 2008 г.

Гунигтай

Эх оронд минь гашуудал зарлаад төрийн далбаа гудайсан гунигтай өдөр өнгөрлөө.

21:00 цагт хоёр ажилтан ордны дээр төрийн далбааг мандуулж байгаа харагдав.

пятница, 30 мая 2008 г.

Илжиг хүртэл тамхи иддэггүй
Бийрбал амны тамхи зажилдаг байж. Харин Акбар хаан зажилдаггүй юмсанж. Нэг удаа хаан Бийрбалыг ичээх гэж зугаалах нэрээр тамхины талбай руу авч явжээ. Тэнд очтол нэг илжиг тамхины талбайд зогсож байв. Илжиг тамхины ургамал идэхгүй байсанд,
- Бийрбал аа, тамхи хичнээн муухай зүйл болохыг хар! Илжиг ч хүртэл идэхгүй байна шүү дээ гэж хаан хэлжээ. Бийрбал:
- Тиймээ, хаантаан, үнэн шүү. Гагцхүү илжиг л тамхи иддэггүй юм гэж хариулжээ.

Хаан энэ ухаалаг хариуг сонсоод жуумалзжээ.

Үйлчилсэн хүндээ л үнэнчээр зүтгэнэ
Нэг өдөр хаан чэсийг* учиргүй магтжээ.
- Замбуутивийн эзэнтээн! Тийм л амтлаг биш байсан бол хүмүүс тэгтлээ дуртай идэхгүй байхсан гэж Бийрбал амыг нь даган хэлжээ. Хэдэн өдрийн дараа хаан чэсийг муу муухайгаар хэлжээ.
Бийрбал дахиад л амыг нь дагуулж,
- Замбуутивийн эзэнтээн! Үнэндээ бол ногоо шиг хэрэггүй юм алга. Гэдэс дотор цүрдийлгээд хамаг өвчин эмгэгийн үүсвэр болдог гэжээ. Хаан энэ үгэнд гайхаж,
- Бийрбалаа! Чи ер нь шударга хүн биш байна шүү. Нэг болохоор чэсийг магтаад, нэг болохооор муулах юм гэжээ.
- Замбуутивийн эзэнтээн! Би таны л төлөө зүтгэж байгаа болохоос чэсийн төлөө биш шүү дээ гэж Бийрбал хэлжээ.
Энэ тэр юм хэлсэн ч үгүй эзэн хаан дотроо инээд алдaw.

*чэс - нэг зүйл хүнсний ногоо (орч)

среда, 21 мая 2008 г.

Яанаа! Яахуу?

Тусгаар тогтнол, Төрийн төлөө оготоно боож үхмээр болж байна шүү. Өчигдөр нэг найзынхаа урилгаар зоогийн газар очсон эхнэр бид хоёр урьсан найзуудын хамтаар бөөн хятадуудын дунд цөөнх болов. Тэр дуу шуугий нь ээ.

Хүдэрт амрахаар явахдаа нутгийнхаа хойт хязгаар байгалийн үзэсгэлэнт газар төөрөөд, 3 явган хүн тааралдахаар нь зам асуух гэтэл хэл нэвтрэлцээгүй. Хужаа нар олширчээ.

Ашигт малтмалын судалгааны материал шуналтай түшмэдийн гараар дамжин Монголын газар шороо лиценз нэрээр хужаа нарын гарт нэгэнт оржээ. Түүнийг төр буцааж авах талаар юм хийхгүй байна.

Хүрз жоотуу барин алт эрдэнэсийг минь ухаж, булаг шандыг минь бузарлаж, эмс охидыг уруу татаж, зарж худалдан, ой модыг огтлон дураараа дургиж байна даа. Энэ хужаа нар.

Уулын буга минь урамдахаа болив. Хөөрхий хэрэм ч харагдахаа байлаа. Эвгүй л оргиод байна даа.

Тал хээрээр минь тарвагачлаад явж буй хужаа таарвал гайхахааргүй болтлоо бид дасах нь ээ.

Өдрөөс өдөрт олон болоод байгаа энэ хужаа нарыг яанаа. Яахав?


четверг, 8 мая 2008 г.

Хэзээ ингэдэг байлаа даа

Манай улс хөгжих нээ. "Иргэн таны хүсэлтийг энэ агшинд шийдвэрлэе" гээд засаг дарга, түүний ажлын алба танд хандаж байсныг та санаж байна уу?
Сонгуультай л холбоогүй байгаасай. Хэрвээ тийм бол сар болгон сонгууль болж байгаасай.

четверг, 1 мая 2008 г.

Зүүд-2

Түрүүч нь энд бий.
Танд зүүдний тайлал хийхэд тус болох хэд хэдэн аргыг үзүүлье:


  • Зүүдэндээ гарчиг өг.
Гарчиг утга учиргүй байх тусмаа сайн, гол нь зөнгөөрөө л нэрлэ. Энэ гарчиг зүүд тайлах түлхүүр болно.
Энэ арга яаж ажилладгийг жишээн дээр харъя. Олон жилийн өмнө би нэгэн найдвартай гэгдэх байгууллагад хөрөнгө оруулж мөнгөө шилжүүлэхээр бэлдэж байв. Хэлэлцээ хийж гэрээ байгуулахын өмнөхөн тэдний нэг ажилтан нохой зээх хөтлөөд явж байна гэж зүүдлэв. Би түүнээс "Та яагаад нохой зээх зугаалуулаад явж байгаа юм бэ?" гэхэд тэр ажилтан үүнийгээ хэвийн л ажил гэж тооцож байгаа бололтой, мөрөө хавчаад өнгөрөв. Сэрээд би зүүднийхээ учрыг олохоор оролдов. Зүүдээ "юм үнэртэж байна" гэж нэрлэв. Эцэст нь би мөнгөө тийш нь хийхээ болилоо. Нэг талаас би хамаг сайхан боломжоо алдсан мэт байсан ч хоёр жилийн дараа тэднийх, тэдэнтэй холбогдсон бүх хүн дампуурсан. Зүүдээ сонсоод мөнгөтэйгээ үлдсэндээ би.



  • Дахин "зүүдлэгтүн"

Сэрэнгүүтээ зүүдэндээ "дахин орж" түүний персонажуудтай ярилцаарай.

Танд хэн ч саад болохгүй газар олоод 5-10 минутын хугацаанд нүдээ аниад зүүдээ эргэн санагтун. Зүүднийхээ үйл явдал, дүрүүдийг сэргээж сэтгэлдээ дахин "зүүдлэгтүн". Үйл явдлууд өрнөж, та тэдгээрийг мэдэрч эхлэмэгц та үйл явдлыг хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь, танай гэр лүү дайран хүүхдүүдийг хулгайлах гэсэн дээрэмчний тухай зүүдийг эргээд сэргээхдээ түүнтэй тэмцэлдэхгүйгээр ярилцахыг оролдох хэрэгтэй. Түүнээс, тэр хэн болох, юу хүсэж байгаа, яагаад заавал үүнийг хийх гээд байгааг асуугаарай. Одоо бол та зүүдээ хянаж байгаа тул үүнийг хийж чадна. Та мөн хүүхдүүдтэйгээ ярилцаж болно, тэдний хариулт таны гайхлыг төрүүлэхээр сонирхолтой байх болно. Хэрэв та бүх юмны учрыг олохыг хүсэж байвал энэ арга маш чухал.

  • Таны зүүд - жүжиг

Зүүдээ жүжиг гэж үзээд дараах хэсэгт хуваан дүгнэж үзэх:

1. Удиртгал. Зүүдний уран сайхны хувиргалт, зүүдэнд хөндсөн асуудлын утга учир.

2. Сюжет. Зүүдний үйл явц, үйлдэл.

3. Төгсгөл. Зүүд хэрхэн төгсөж байгаа? тавьсан асуудал шийдэгдсэн эсэх? тийм төгсгөлийн цаана юу нуугдаж байна?

Ийм схемээр зүүдээ судалж үзээд түүний үндсэн бэлэгдэл юу болохыг тодорхойлоорой. Эдгээр нь юу гэсэн үг болох, өнгөрсөн үеэс аль хэсэгтэй холбоотой, надад юуг хэлэхээр оролдож байна гэдгийг бодож үзээрэй. Зүүднийхээ момент бүр дэх сэтгэл хөдлөлийн байдлыг харьцуулж үзэх хэрэгтэй. Тайвшрал, айдас, итгэлтэй байдал, ер бусын хүч чадал мэдэрч байна уу? Үүнд тайллын түлхүүр оршиж байж болно.

Магадгүй та аллагын гэрч болчихоод айдас түгшүүрийн оронд баяр баясгаланг мэдэрч байгаагаар зүүдэлсэн байг. Сэрээд өөрийн мэдрэмжээ гайхаж болох юм. Зүүдний тайллын түлхүүр нь аллагын үеийн таны мэдрэмж. Таны амьдралын ямар нэг хэсэг нь өөрчлөгдөх (арчигдах) ёстой юу? тийм өөрчлөлт гарвал та баярлах уу? Таны амьдралд гарах ямар өөрчлөлтийг энэ зүүд зааж байна? гэх мэт янз бүрийн хувилбарыг бодож дүгнэж үзнэ.

Ямар нэг зүүдээ тайлбарлаж чадаагүй байлаа ч (эхний үед 4 зүүднээс нэгийг нь л тайлбарлаж чадах байх) зүүдээ манаж буй нь далд ухамсартайгаа ажиллах дадлаа дээшлүүлж байна гэсэн үг.

Оролдлого хоосон өнгөрнө гэж үгүй. Зүүдийг тайлах гэж оролдоход зөн билэг логикоос дутахгүй чухал гэдгийг анхаараарай.

Зүүд бүхэн, хэрвээ түүнийг анзаарч, зөв тайлбал удаан хугацаанд сайнаар нөлөөлнө. Хүмүүс зүүдээ сонсоно гэдэг түүгээр дамжуулж дотоод ертөнцтэйгээ холбоотой байна гэсэн үг. Хэрвээ бид зүүдэндээ зөв тайлал хийвэл бидний дотор ямар нэг юм "торхийх" шиг болно. "Тийм байна ш дээ" гэхүйд, эрч хүч цутган орж ирнэ. Зүүдээ зөвөөр ойлгох нь маш сайн нөлөөтэй, учир нь дотоод ухамсраасаа заавар аваад хүмүүс амар амгалан болж, сэтгэлийн ханамж эдэлдэг.

Зүүдний тайлал - энэ бол далд ухамсартайгаа хийх амьд ярилцлага. Зүүдээ тайлбарлаж дадсанаар хүмүүс өөрийнхөө дотор орших хязгааргүй, асар хүчирхэг ямар нэг юмтай холбоотой болсноо ойлгож эхэлдэг.