Өнгөрсөн цаг руу аялж, урьд төрлөө мэдэх нь тийм ч хэцүү биш
2010 оны 04-р сарын 20, Нийтэлсэн Dagiimaa
Хүнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зүйл аргыг регресс гэдэг. Нийт хүмүүсийн арав орчим хувь нь ховсонд ордоггүй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хүмүүсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Үүнийг бичигч би нэг удаа түүний сеансны үеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хүнийг эхлээд гүн ховсонд оруулна. Тэгээд юу үзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ үед юу хийж байсан, хэн болохыг нь хэлүүлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгүйгээр үзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, үзэгдэж мэдрэгдэж буй эд зүйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Түүний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бүсгүй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зүг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зүг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны үг үсгийг уншиж чадахгүй, бүгд харийн үл таних үсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лүүгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хүндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагүй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах үйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй үед айж эмээх зүйл огт биш бөгөөд гагцхүү туршлага муутай, эхлэн суралцагч хүмүүс бие даан хийж болдоггүй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгүй, алдаагүй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гүйцэтгэж болдог үйл юм. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжүүлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн үүнийг хийж байна гэж олж сонсоогүй. Тэрээр чамгүй олон хүн дээр туршилт хийн нэлээд өндөр түвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдүгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах үед юу ярьсныг сонирхуулъя. Түүнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн үеийн тодорхой огноо зааж асуулгүйгээр тухайн тохиолдолд юу үзсэнийг нь асуухад юу ярьсныг бүрэн сийрүүлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хүн давхиж байна. Хувцас нь их хүнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хүн байна. Морины сүүл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туг байхаа гэж регрессийн дараа хэлэв/. Миний хувцас малгай их хүнд байна. Урд байгаа цуварсан ууланд хүрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хүн. Гансэлэм нэртэй. Бүгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгүй байна. Миний морь хүрэн зүстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зүүн гарт хар морьтой хүн байна. Баруун гар талын хүн үзмэндүү өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нүдтэй, хөмсөг сайтай сүрлэг хүн байна. Инээхэд нь шүд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны үнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хүрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бүгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хүмүүс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгүй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар үзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бүх хүмүүс бууж хүрээ үүсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хүмүүсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хүн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчүүд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгүй, ангийн арьсаар хийсэн хүрэм шиг хувцастай, зарим хүн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хүрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгүй байна. Би сүүлийнхээ улсыг харахгүй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруүн орж байна. Нэлээд хол гал түлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бүр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хүн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Үйлчилж байгаа хүн их том хүн юм. Гутал нь харагдаж байна. Бүс мүс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шүр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бүүрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хүн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бүрийн юм л байна. Эмээлийн бүүрэг нь их өргөн, цагаан. Дүрлэгэр дүрлэгэр нүдтэй, бордуу эршүүд хүмүүс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од түгсэн байна. Хоёр талын уул их сүрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хүн байна. Миний зүүн гар талд эрэг дээр хоёр хүн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хүн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бүрээ барьсан хүн гарч ирлээ. Бүрээ дуугарч байна. Бүгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бүгд бэлдэж байна. Буу шийдэмгүй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хүн. Нар гараагүй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгүй байна. Хоёр салаа явна. Бүгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би түрүүнд нь явна. Ард цагаан морьтой хүн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хүнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггүй. Яагаад гэвэл орогч гүн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелүулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын үр дүнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон үед түшээ хийж байгаа хүн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгүй байгаа зүй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг түшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хүссэн мэдээллээ олж авахгүй байх, далд битүү утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг үед амьдарч байсан хүний сүнстэй харьцаж буй бол регресс нь хүнийг өнгөрсөн үе рүү нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хүнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргүйгээр өгч буй хариулт байдаг учраас нүдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зүйлийн хэлбэр дүрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сүнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа түүх, угсаатны зүй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгүй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илүү нарийвчлан асуусангүй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, түрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагүй нарийхан, өсгий нь хойшоогоо илүү гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол түүхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дүрстэйг асуусангүй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангүй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггүй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгүй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг үе рүү оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцүү. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Үүний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Түүний түлхүүр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх үе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мөн 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгүүлсэн цаг хугацааг олох нь магадтай ч үүний тулд ихээхэн цаг зарахад хүрнэ. Ер нь Д.Батсуурь гоц үзэгдэл сонирхон судлаач учраас хүнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос түүх, угсаатны зүйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгүй гэдгийг энэ дашрамд өгүүлье. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдүй цаг руу хүнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд үр дүнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хүргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хүссэн хүн бүрийн ажил биш бөгөөд сайн багшгүйгээр оролдвол учрах үр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу үйлчилдгийг анхааралдаа авагтун.
3 комментария:
Dr. Brian Weiss-ийн " Many lives, many masters " гэдэг ном дээр ховсдож урьд насны амьдралынх нь тухай яриулдаг талаар тодорхой гардаг, үнэхээр сонирхолтой. Ингэж ховсдуулж үзмээр санагддаг ч даанч бас бага зэрэг айдас байгаад байдаг юм.
Сонирхолтой юм...
Буцаахдаа сайн буцаахгүй бол маанаг болчих вий дээ гэсэн эргэлзээ төрлөө.
Отправить комментарий