вторник, 31 мая 2011 г.

Дээлтэй бүстэй монгол хүнийг

Дээлтэй бүстэй монгол хүнийг занчиж буй хятдуудыг та харж байна.
Түвдүүдийг нохой шиг хөөгөөд буудчих юм гэж Номин анд бичиж байж билээ, арай монголчуудыг минь буудаад байгаа юм биш биз?

Харилцаа холбооны сүлжээ, интернет хяналттай, и-цагдаа үүргээ сайн гүйцэтгэж байгаа ч зарим блогчид "Шөнө дунд аюулаас хамгаалахынхан буудлуудаар малчдыг хайж, монгол сурагчдыг сургууль дээр нь түгжиж, эргэн тойронд нь цагдаагийн харуул тавьсан байна" гэж мэдээлж амжжээ.

Түвдэд аялсан монгол блогчийн тэмдэглэлийг танд сонирхуулъя. Хятад дахь монгол түвдүүдийн амьдрал адил учир харьцуулан дүгнэж болох юм. Зохиогчийн зөвшөөрөл аваагүйдээ хүлцэл өчье.

...Ингээд бид пийвээ өргөж, сайхан хүмүүстэй сайн явж ирсэндээ баярлаж байгаагаа илэрхийлж тэдний барьсан ундаатай тулгав. Харин хөтөч маань жуулчидтай явж байгаа гэхээсээ илүү найзуудтайгаа явж байгаа юм шиг санагдсанаа хэлэв. Түүний энэ үг сэтгэлээс нь гарсанд эргэлзэхгүй байна. Зүгээр манжлах шаардлагатай байсан бол энэ үгээ дахин дахин хэлэхгүй байсан биз ээ. Бид бас энэ компаниар үйлчлүүлсэн анхны монголчууд болсны хувьд монгол хүний талаар таатай сэтгэгдэл төрүүлсэндээ баярлаж байлаа. Тэгж байтал хоол ч ирлээ. Гэтэл нөгөө хоёр маань нэрэлхсэн үү яасан, хоолонд бараг л ам хүрсэнгүй, бид л өөрсдөө идээд таарав.

Бид, бид ч гэж дээ, би л голчлон саваагүй зангаараа та нар ийш тийшээ зорчиж явж чаддаг уу, гадаад пасспорт байдаг уу, хэрвээ боломжтой бол манай оронд очоорой, хэзээд та 2 болон танай гэр бүлийхнийг хүлээж авахад бэлэн шүү гэж хэлбэл нөгөө л болгоомжтой зангаараа энд хаа сайгүй хүний үг чагнаад явж байдаг гарууд бий шүү. Зарим нь ч гудамжны гуйлгачны дүртэй, зарим нь энгийн хүн шиг, зарим нь чухам ганган жэнтэлмэн байдаг. Хаа хамаагүй юм битгий яриарай. Би зөвхөн найзуудтайгаа л нээлттэй байдаг сэдвээрээ та нартай ярьж байна. Гадаад байтугай дотоод пасспорт байхгүй, зөвхөн орон нутгийн бүртгэл маягийн баримт байдаг ч түүгээрээ Хятад дотроо ч чөлөөтэй зорчих боломжгүй. Танилуудых нь нэг дотоод пасспорт авахаар өргөдлөө өгөөд 5 жил хүлээж байгаа. Гэхдээ их мөнгөтэй бол хахуульдаж болдог. Энэтхэгт суралцаад ирэхэд нь шууд замд нь барьж аваад төрөлх тосгонд нь хориод хаашаа явсан, хэнтэй уулзсан зэргээ бичгээр тайлагнаж жил гаран болсны дараа гэрт нь өөр ажил хийж мөнгө олох хүн байхгүй учраас хотод ажиллах зөвшөөрөл өгсөн. Гадаадад сурч байсан учраас одоо цагдаагийн хар жагсаалтанд нэр нь байдаг. Интернэтэд орохдоо заавал бүртгэл хийлгэдэг. Заримдаа мэйлээ шалгах гэхээр замаас нь шалгаад хаалт тавьсан байдаг. Гэсэн ч Энэтхэг зэрэг газарт байдаг найзуудаасаа яаж ийгээд мэдээ сонсоод байдаг зэргээр болгоомжтой ярилаа. Харин жолооч маань хэл мэдэхгүй учраас амар амгалан инээмсэглэн сууна. Хэрэв мэддэг сэн бол дааганаас унаад үхдэггүйг сануулж амыг нь татах байсан биз ээ. Хэдийгээр маш олон юм асууж, маш олон юм хэлмээр байсан ч энд үлдэх хүмүүсийг хэрэгт хийхээс айж аль болох дуугүй байхыг хичээж байв. Гэвч дотор маань эгдүүцэл хорслоор буцалж, эрх чөлөө гэгч ямар үнэ цэнэтэйг мэдэрч суулаа.

Хоолны дараа жолоочоо явангуут тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, хөтөчдөө би чамд юм хэлмээр байна, чи дургүйцэхгүй бол өрөөгөөр ороод гараач гэлээ. Тэгээд оронгуутаа нэг амьсгаагаар ярьж алдлаа даа, харин ч нэг. Түрүүнээс хойш бөглөрөхдөө дөхөж шүү. Би чамайг маш сайн ойлгож байна. Манай орон ч гэсэн 800 жилийн өмнө цагтаа цалгиж, дэлхийн талыг эзэлж явсан. Гэвч ноён урваач, нохой шарваачийн гайгаар 200 жил манжийн дарлалд байсан. Гэсэн ч аливаа юм өөрийн настай. Мөнх юм гэж үгүй. Тийм ч учраас барууныхны нүдээр харахад хэзээ мөдгүй мөхөх тодорхой болсон, 800 мянган хүн амых нь талаас илүү нь лам, өвчин эмгэгтэй Монгол улс цаг нь ирэхэд эрх чөлөөгөө олж авсан. Дараа нь 70 жил хэлж ярихаа цагдуулж, хүний хурууны үзүүрээр хөдөлдөг байсан ч бас л цаг нь ирж бид одоо өөрөө өөрсдийхөө хувь заяаны эзэн суугаад байна. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл, тэвчих хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, хамгийн гол нь итгэлээ алдахгүй байхад цаг нь ирнэ. Харин ч танай улс манайхыг бодвол хүн ам ихтэй, дээр нь гадаадад гарсан 3 сая төвдчүүд бол маш том хүч юм. Зүрхэн дэх итгэлийн галаа л унтраалгүй манаж байвал цаг нь ирж, хар аяндаа болох юм болдгоороо болно, чи биш юм гэхэд чиний үр хүүхэд тэр цагийг үзнэ ээ гэв.

Энэ бүхнийг сонсож суусан найз маань ярьж эхэллээ. 2008 оны 3 сарын 10-нд Сера хийдийн арваад лам Далай ламын Төвдөөс оргож гарсны ойг тэмдэглэж, тайван жагсаал хийжээ. Гэтэл цагдаа нар хүч хэрэглэн, тэр хэдийг ачаад явсан, одоо болтол үхсэн амьд нь тодорхой бус. Үүнээс болоод энгийн иргэд хилэн нь буцалж, 4 хоногийн дараа хятадын худалдаачдын бараа таваарыг сүйтгэж, тэднийг гурилын элдүүрээрээ хөөж гаргаад 15 цагийн үед Лхасад нэг ч хятадгүй, нам гүм болжээ. Энэ үед мань эр хүмүүсийн дотор ийм их чадал, уур хилэн, үндсэрхэг үзэл нуугдаж байсан юм уу гэж гайхаж байж. Гэтэл ердөө л 18 цаг гэхэд үй олон зэвсэглэсэн цагдаа, танк хотод орж ирээд бөөгнөрсөн хүмүүс л байвал шууд гал нээж, шүршиж эхэлж. Тэр гал нээгчдийн зарим нь лам хувцас өмсөөд орхимжныхоо дотор буугаа нууж байгаад л шүршиж байсан гэнэ. Тэр үед үйл явдлыг хараад гудамжаар явж байхад нь мань эрийг компанийх нь захирал өрөөндөө түгжиж орхижээ. Харин маргаашнаас нь зурагтаар хятадуудын юмыг сүйтгэж тэднийг хөөж буй төвдүүдийг л гаргаснаас бус, гар хоосон иргэдийн өөдөөс гал хэрэглэсэн цагдаа нарын тухай дурдсангүй өнгөрч. Дараа нь эндхийн шарил чандарлах газрыг буутай цэргээр мануулж байгаад, бүгдэд нь ижил хувцас нөмөргөсөн, толгойгүй 3000 орчим цогцсыг хэдэн өдрийн турш шатаасан байна. Одоо ч үхсэн амьд нь сураггүй хүн зөндөө. Энэ явдлаас хойш хил гааль бүр чангарч, явганаар хил гарах гэж оролдсон дөчөөд хүнийг зүгээр л сургуулийн бай шиг сум тоолон унагаж байсныг оросын жуулчид майхан дотроосоо бичлэг хийж интернэтээр цацсан, ганц хүнийг майхандаа нууж авч үлдсэнийг хэлэв. Энэ бүхнийг ярьж байхдаа хөөрхий найз минь нулимсаа барих гээд дийлсэнгүй. Эр хүний уйлахыг харах амаргүй юм билээ дээ. Би бас л тэссэнгүй, энэ бүхэн түр зуурын явдал, та нар хүлээх хэрэгтэй, тийм цаг заавал ирнэ гэж ятгав. Харин тэрээр энэ бол одоо бараг л боломжгүй зүйл, би хэдийгээр итгэхийг хүссэн ч, бүх юм нүдэн дээр минь өөрчлөгдөж байна. Тийм цаг ирэхгүй л болов уу гэсэн юм. Тэгсэн ч чамтай ингэж сэтгэлээ нээж ярилцах сайхан байна, сайхан найзууд болцгоолоо гэлээ. Би бас л гандан буурахгүй, итгэх хэрэгтэй, цаг нь ирнэ ээ л гээд байлаа. Сүүлдээ үнэхээр тэгж бодсон уу, эсвэл энэ нойтон хамууд тийм гэж хэлэхгүй бол эелдэг бус юм болно гэж бодсоных уу, за тийм ээ, ирнэ байхаа гэлээ.

Хамгийн заваан нь юу вэ гэвэл би ч бас дотроо тийм цаг ирэх нь юу л бол гэж бодож байсан юм। Хятад Төвдийг зүгээр ч нэг тавиад явуулна гэвэл хол хэвтэнэ. Тавьчдаг юм бол Шинжаан-уйгараас авахуулаад бүгд босч, хятад гэх юм юу ч үгүй болоод, цоо шинэ газрын зураг зурах хэрэг гарна. Тийм газрын зургийг хятад улс ойрын нэлээд хэдэн жилдээ хүсэхгүй нь намайг Өнөрөө гэдгээс ч хол илүү баталгаатай зүйл. Гэсэн ч итгэл найдвар л хамгийн сүүлд мөхдөг шүү дээ. Тэгэхгүй бол юуны төлөө, хэний ирээдүйн төлөө амьд явах хэрэг вэ. Нөгөө талдаа хятадуудыг буруутгахад ч хэцүү. Их гүрнийг чангахан атгахгүй бол амар ажил бас биш. Алгуурхан, аажуухан, чулууг урсгалаараа элээх ус мэт энэ хар хятадын зэвүүн бодлогыг яалтай. Хүнийг ч хэлэлтгүй бид өөрсдөө ямаршуухан байгаа билээ. Үндсэндээ манай түүхий эдээр тоглож байна шүү дээ. Гэтэл зам дагуу хараад байхад, Төвдөд ч, Ганьсуд ч, Өвөр монголд ч манайх шиг олон ямаа харагдаагүй дээ. Сүргийн зохистой бүтцийг барих цөөн хэдэн ямаа л харагдсан. Үхэхдээ аваад явах юм шиг энэ янзаараа загнаад байвал бидний ч ирээдүй ямар болохыг таашгүй. Ердөө л бид их азтай хүмүүс. Нэг их сайндаа ч биш, зүгээр л маш их азтайдаа тусгаар тогтнолоо олж авсан хэрэг...

Эх сурвалж: 1. http://ayalaliintemdeglel।blogspot।com/2010/06/2010-4-27।html#more
2. http://www.infpol.ru/news/667/71708.php#change

4 комментария:

ganga комментирует...

Hyatad, Oros hoyor neg baga yastan bosood tusgaar uls bolchihvol nuguu ni dagana gehees uhtel aidag, tiimees boslogo hudulguun dain samuuniig yamar ch hucheer hamaagui dardag shd...

A.Амарсайхан комментирует...

Нээрээ л бид азтай. Гэхдээ Хятад, Орос хоёулаа оршин тогтнож буй цагт бидний тусгаар тогтнол баталгаатай юм уу даа. Хоёр нохой дундаа байгаа ясыг хэн ч авч чаддаггүй гэдэг юм даа

Анонимный комментирует...

Хөөрхий Түвдүүдэд туслая гэсэн ч болохгүй, ёстой гачлантай юм гэдэг л энэ байх. Харсаар байгаад нэг улсыг хятадуудаар устгуулах нь нь ээ. Дүрвэж гарсан Түвдүүдэд НҮБ-ээр газар өгүүлмээр ч юм уу даа. БМ.

Arsun комментирует...

Ганга:
Цаг цагаараа байдаггүй, олон газар эсэргүүцэн тэмцээд эхэлбэл өөр болно.

Амарсайхан:
Азтай азтай. Өвөг дээдэс тэнгэрээс тэтгэсэн хэрэг байх.
Нэгэн цагт элит явсанаа мэддэг улс доод IV хүмүүст дээрэлхүүлэхээр тэсч чадахгүй л дээ.

БМ:
Хил гарах гэсэн төвдүүд цаст уулыг давахаар мацах үед нь сум тоолон унагааж байгаа бичлэгийг үзсэн. Босоо зураас цэг болон хувирч хөдөлгөөнгүй болж, олон хүнийг алах шиг болсон.