воскресенье, 31 марта 2013 г.

Андаа гэж андуу боджээ


Ганга: Чи энд ирээд явчихсан юм уу? Хэл дуулгасангүй, гомдолтой байна шүү 
Арсун: Гомдож байгаад баярлаж байнаа
Ганга: Андаа гэж андуу боджээ
Арсун: Ирэхээрээ яриарай хө
Ганга: Тэгж түвэг удахгүй ээ....

вторник, 19 марта 2013 г.

суббота, 18 августа 2012 г.

Болд болиосой!

Болд болимоор юм гэж бодогдох боллоо. Миний хүндэлдэг дуучин залуу сүүлийн үед зурагтаар байнга л нэгэн архины үйлдвэрийн сурталчилгаанд оролцоод гараад байх юм. Дуулж харагдахгүй юм. Юу дутлаа гэж?

Хэрээг будавч хэвээрээ байхын адил архийг магтавч ад зэтгэрийн шинж нь арилахгүй байлтай. Архины компани байгальд ээлтэй үйлдвэрлэгч боллоо гэнээ. Хүн-байгалийг салгаж ойлгоод байна уу? Хүнд хортой, байгальд ээлтэй тул яваандаа хүн цөөтэй бол байгальд ээлтэй гэсэн үг юм болов уу? Эсвэл эког ашиглачихав уу?

Ямар ч тохиолдолд Болдыг би болиосой л гэж бодож байна. Манлайлагч залуу хүний хувьд арай гэгээтэй юм хийгээсэй, хүүхэд залуусаа зөв юманд хөтлөөсэй, Ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дэмжээсэй гэж бодож байна. 

Пивоны сурталчилгаанд өөрийг нь ашиглачихсаныг мэдээд Амай хичнээн дургүйцэв. Амайгаас санаа аваасай, зөв бодолтой, зөв үйлтэй байгаасай гэж хүсэж байна. 

Архины үйлдвэрийг магтаад, залууст архийг сурталчлаад байгаа хүмүүс надад нөгөө махкомбинатын тэргүүлэгч ямааг санагдуулаад байдаг юм. Тэргүүлэгч ямаа махкомбинатын  хаалгаар сүргийг манлайлан ордог боловч түүнийг дахин ашиглахын тулд амьд үлдээгээд байгааг мэддэггүй. Зөвхөн мөнгө бодвол үүний үлгэр болно.

среда, 18 июля 2012 г.

Багын мөрөөдөл биелэв

Би хар багаасаа нисдэг тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөддөг байв. Сая баярын амралтын өдрүүдэд багын мөрөөдөл минь биелэвээ. Энэ жил ч сайхан наадлаа даа. Эрүү өвдөг нийлсэн үедээ -Яагаав нөгөө миний нисдэг наадмаар гээд л дурсана шүү дээ. 

Тээр жил, би сургуульд ороогүй байсан юм даг. Нэг сайхан нарлаг өдөр, тэнгэрээс хачин чимээ гараад, хойт уул дүнгэнэдэгээс ч хүчтэй, гайхмаар ч юм шиг аймаар ч юм шиг болж байтал хүүүхдүүд -нисдэг тэрэг! гээд шуугилдаад явчихав. Бөөн баяр хөөр болсон хүүхдүүд гүйлдэнэ. Хайсаар, Шар хадны хоолой чигт тэнгэрээс дүүжигнэсэн засаа шиг юм ирж явааг олж харлаа. Ойртсоор сумын төв дээгүүр эргэхэд нь баярлан, бахархаж, бахардаж унаталаа дагаж гүйсэнсэн. Хэхэ, нисдэг тэрэг дагаж гүйгээд байхдаа ч яахав дээ. Мөн ч их сонин сайхан үйл явдал болж билээ. Газар тэнгэр нийлүүлэх мэт болсоор урагшаа задгай газар буув. Уул нь Бодь дарга сумын захиргааны хойно цагаан чулуугаар дөрвөлжин тэг татуулаад улаан туг бариад зогсож байсан юмсанж. Тэр үеээс хойш л энэ тэргэнд сууж үзэх юмсан гэж мөрөөдөөд байсан хэрэг.

Хожим нисэх загвар сонирхож, "Дөл" тоглолтод оролцож билээ. Планер хийж нисгээд найзуудтайгаа туршдаг байж. Агаарын зохих урсгалд орсон планерийг унатал нь бидний нөхөд дагаад гүйлддэг байв.  "Энэ хэдэн хүүхдүүд нэг том цагаан шувуутай хөөцөлдөөд, алах нь" гэсэн яриа гарсан юм даг. Манай сумын арын уул хар өнгөтэй, түүний фонон дээр миний хийсэн онгоц том цагаан шувуу шиг харагдсан байх.

Хүн өтөллөө ч багын сонирхол салдаггүй бололтой, нисэх загварын чөлөөт нислэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг Цонжин болдогт очиж үзэхээр болов. Тэр үеэр шүхэрчдийн үзүүлбэр ч таарч, Налайхын нисэхийн ... -дугаар ангид ажилладаг үеэл маань биднийг нисдэг тэргэнд суулгаж сонирхуулав. Мөн азтай хэрэгээ. Зураг ч дарав.    

 Байлдааны зориулалттай нисдэг тэрэг
 Энэ пулемёт нь, 120 мм-ийнх. 2 талдаа 120 ш пуужингаар цэнэглэгддэг 
гэнэ лээ. Мундаг эд байгаа биз.
 Миний хүү
 Ми-4
 Хуучин Як
 Ми-2. Энэ нөхөр л манай нутагт очсон байхаа даа
 Миний ниссэн Ми-8
 Биднийг дотор нь сууж, юм хумыг нь оролдохыг зөвшөөрсөн юм
 Хүүхэд насны хүслээ биелүүлэв
 Тансаг эд юм аа

 Нислэгийг удирдах төв
 ТЗК хэмээх дуран. Залуудаа, хаа сайгүй "Дайсан номер нэг-Хятад" гэсэн бичигтэй хилийн заставт алба хаасан хүн шүү дээ би. Энэ дурангаар дайсны хөдөлгөөнийг хянадаг байж билээ.   
 Эрэлхэг зоригт шүхэрчид

 Нислэгт бэлдэж байна

 Эрхэм хурандаад ... нислэгт бэлэн!
 Хүү охин хоёр маань хамт ниссэн. Хоёулаа харааны шилтэй шүү 

Шүхэрчид ба зорчигчид

Бүргэдийн нисэх өндрөөс 

Ар Жанчивлан харагдаж байна
 Шүхэрчид мөн бөх зүрхтэй улсаа

Миний охин


 Экипажийнхантай дурсгалын зургаа татуулцгаав. Нэг ангийн бүргэдүүд.


 Тэмцээний нээлт дээр
 Агаараас ингэж зураг авдаг болж





четверг, 26 апреля 2012 г.

Хүүхэддээ чангаар дуудаж өгөөрэй

Хүүхэддээ чангаар дуудаж өгөөрэй
Монголчууд эртнээс багачууд хүүхдүүддээ үлгэр домог хуучлан өгч, түүгээр дамжуулан хүн байхын утга учрыг сургаж, эх нутаг, байгаль, эцэг өвгөдөө шүтэн дээдлэхийн учрыг ухуулан ойлгуулж ирсэн үлгэрч ард түмэн билээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго дээрх жишгийг орчин цагийн монгол гэр бүлүүд ч бас өвлөн үргэлжлүүлж байхыг билэгдэн "Ихэл хатны найман цагаан домог" туульсыг бичиглэн туурвиж, худалдаанд гаргалаа. Үр хүүхэд чинь амьд бүхнийг хайрлан энэрэхүйн эрдэмд багаасаа суралцаасай хэмээвээс эрхэм та дээрх домгуудыг үдэш бүр хүүхдүүддээ уншиж өгөөрэй. Орой бүр хүүхэд чинь сонирхолтой үлгэрээ үргэлжлүүлэн сонсохын тулд орондоо яаран орох биз ээ.
  • Ээжийнхээ өвчнийг эдгээхээр асга хадат уулсыг даван ижийгээ үүрэн явсаар диваажин лугаа гайхамшигт цэцэрлэгт хүргээд мөнхийн рашаан хүртээж буй сайн хүүгийн тухай өгүүлэх "Ижий цагаан домог"...
  • Хугацаа халаагүй албанд мордож, харийн газарт боолчлогдон зовж буй хань нөхрөө үнэнчээр хүлээн, уулыг уяртал, талыг тайтгартал, тэнгэрийг санааширтал ерөөл тальбин сүүгээ өргөсөөр буй сайхан ханийн тухай өгүүлэх "Ханийн цагаан домог"...
  • Ноёнтой тэрсэж, номхонтой нөхөрлөдөг сэтгэл сайт анд нөхрөө хаацайлан хамгаалсаар амь юугаан өгч буй ачлал журамт анд нөхрийн тухай "Андын цагаан домог"...
  •  Олон хүний үрсийг зааглан ялгалгүй дэргэдээ авч, ажилд сурган, амьдралд бэлдэж, үлгэр домгийн сайхнаар үр ачаа өсгөн жаргаж буй ухаант хоёр буурлын тухай "Буурлын цагаан домог"...
  • Эх нутаг, үр хүүхэд, хань бүл, эцэг эхийнхээ төлөө амь хайргүй тулалдсаар сөхрөн унах эрэлхэг баатрууд ээж нарынхаа бүүвэйн дуугаар эргэн хөл дээрээ босоод, энэ бүхэнд дэм болох уул усны эзэн савдагуудтай хамтран харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж буй "Бүүвэй цагаан домог"...
  • Амьд бүхний ээж, амьдрал бүрийн эхлэл босон ивгээлт наран нэгэн цагт хүмүүсийн дунд хэрхэн төрж, хэрхэн өсөж, хайр элбэрэлээрээ хүн төрөлхтнийг ивэн хайрлаж байсан тухай өгүүлдэг "Нарны цагаан домог"...
  • Бидний эцэг өвгүүд, элэн хуланцууд ууландаа сууж, усандаа шингэж хожмын хожим, үеийн үед үр хүүхэд биднийгээ ивээж энэрсээр явдаг онцгой үйлийн тухай өгүүлдэг "Уул усны цагаан домог"...
  • Эх нутгаасаа алсад зарагдан яваад, жилийн газраас төрсөн нутгийхаа зүг амь тэмцэн зүтгэсээр эргэн ирдэг шандаст хүлгийн тухай өгүүлдэг "Хүлгийн цагаан домог".... гэх мэт өгөөжтэй, ухааралтай, сургамжтай түүхүүдийг домогчлон өгүүлэх энэхүү найман цагаан домог нь бидний уул усыг баясгаж, өвөг дээдсийн хэлж амжаагүй үгсийг сануулж, үр хүүхдийн маань сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нэмэх биз ээ.

Жич: Энэхүү номын хавтасны зургийг манай зураач Агай урлаж, чимэг зургуудыг миний бие чадан ядан дөхүүлсэн бөгөөд цагаан бүхний тухай өгүүлэх "Ихэл хатны найман цагаан домог"-ийг олон нийтэд хүргэх ажлыг "Цалиг" хэвлэлийн газрын хамт олон маань гардан хийснийг талархан дурдмаар байна.
Алтайн уулсыг сэтгэлдээ зураглан байж бүтээсэн эдгээр домгууд танд болон танай гэр бүлийн сэтгэл зүрхэнд үнэтэй хувь нэмэр оруулах биз ээ хэмээн найдаж байна.

Эх сурвалж:  http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=106239#