воскресенье, 25 сентября 2011 г.

Хагийн хар нуурыг зорьсон нь

Аливаа аяллын дараа авсан зураг, төрсөн сэтгэгдэл хоёр л дурсамж болон үлдэх юм даа. Аяллынхаа тухай зургаар сонирхуулъя.

Хагийн хар нуурыг зорьсон бид зургаа нууранд очоод завиар зугаалах, загасчлах, буцахдаа голоор урсах зорилгоор хоёр ч завь авч явсан тул ачлагын морьд хөлслөн өөрсдөө явган алхахаар шийдлээ.

Арваад жилийн өмнө “Амьд үлдэх” тест бөглөж байхдаа усцэвэршүүлэгчийг хамгийн чухалд тооцоогүйгээрээ алдаа гаргаж “үхэж” билээ. Тэр үед бивээр уул уурхай, алт хөтөлбөр, түүний хор нөлөөг мэдэх биш, ус байвал ууна гэж монголоороо сэтгэж байсан хэрэг. Одоо бол түүний хэр хэрэгтэйг мэддэг болсоон. Харин Хаг туулын бэлчирээс Хагийн голоо өгсөн аялахдаа хаа таарсан горхиноосоо ундаалж явлаа. Ухаж төнхөгсдийн урт савар энд л бүү хүрээсэй гэж залбирч явсанаа нуух юун. Урт нэртэй гэх хуульд найдна даа. Болохгүй бол байгаль орчны төлөө тэмцэлд нэгдсэн ч яахав.

Туулыг өгсөх замд шаварт суух үедээ шумуулд бариулчих шахсан. Шумуул шумбаж ирээд хатгаж байх шиг, зүгээр нэг сууж байгаад хазахгүй. Охины авч явсан шумуулын тос аминд орсон доо, харин нууран дээр очиход шумуулгүй сайхан байлаа.

Нуурын хөвөөн дээр хоёр хоног сайхан амарлаа.

Агаар тогтуун, модод сүглийн, усны мандал толийгоод хааяа нэг загас үсрэх чимээ. Диваажин гэлтэй. Хэдхэн хоромч атугай хотын чимээнээс салсан энэ агшин сэтгэлд тодхон үлджээ. Түүнийг үгээр илэрхийлж чадахгүй тул зурагнуудыг ахиухан оруулав.

Хээрийн цай амттай. Бүгд завгүй

Гол гатлав.
Замд.
Тэнд Мобигийнхон буудалласан байв.
Ирсэн орой манантай, сүртэй сайхан байлаа.
Манай босс
Унжаад байхаар унаад ирээсэй...
Дэргэдээсээ жимс, дээрээсээ самар авч идээд сайхаан, сайхан


Загасчид.


Аянчид ихтэй байв. Япончууд голдуу.

Миний охин анх удаа загас барив. Бас түүнийхээ амийг өршөөв.

Энэ юү вэ? Арай нөгөө Лох Нессийн хачин амьтан биш байгаа, хэхэ.
Завиар нуурыг бүтэн тойрлоо. Үл ялиг бороо ороход давхар солонго татав. Солонгын үзүүрүүд уснаас гарч усан дээр дууссан нь нэн сонирхолтой. Харамсалтай нь аппаратгүй явж байв.



Байгалийн каллиграф.
Биднийг буцахын өмнөхөн үлгэрийн гэмээр нам гүм болов.
Тэр их ус ингэж нам гүм болно гэж төсөөлж явсангүй.

Охин минь хоргодоод байна уу даа.



Нуураас эх авсан Хагийн голыг гаталж буй нь.
Хэн бээ? Олон хоног нар салхинд явлаа даа.



Нэрс.
Түр амсхийхдээ ч амаа олохгүй хусна даа.
Цагаан чулуутын гол.
Хаг чулуутын бэлчир.


Хаг Туулын бэлчир. Зүүн гар талаас туул гол нийлж байна.

Mонголд ажилладаг гэх ганцаараа аялах франц эртэй хээрийн хойморт, түүдгийн дэргэд ярилцав. /хэхэ, надаас бусад нь/. Тэрээр Монголд АЦС барихад ус хүрэлцэхгүй, хэдэн Сэлэнгэ байгаад ч багадна гэсэн гэнэлээ. Эзгүй хээр ганцаараа яваа эрийг би лав их гайхав. Буцаж яваа бид хүнснээсээ илүүчилж нөхөр нөөцтэй болсоон.



Хаг Туулын бэлчирээс охин минь мориор явахаар болж бэлтгэлээ хийж байна, хэхэ. Бид зарим ачаагаа авч завиар урссан юм.

Миний суусан жижиг завь. Тохойн цаанаас сэмхэн гарч ирээд авгай хүүхнүүдийг сандаргасан паянтай, хүүхдүүд: -энэ хүн мөн жаргалтай явнаа гэхэд нь жаргалтайгаа харуулах гэж тойрог хийж үзүүлнээ, бас болоогүй. Уул нь харгианд цохиулаад өдөржин усан дотор сууж яваа юм шүү дээ, хөөрхий.

Хамт аялсан танд баярлалаа. Байгальд сайхан байлаа, ялангуяа биднийг буцахын өмнөх тэр нам гүм агшин сэтгэлд хоногшин үлджээ.

понедельник, 29 августа 2011 г.

Эхийн сэтгэл

Амьдралын хамгийн сайхныг нүдээрээ харж, гараараа барьж, тэмтэрч болохгүй юм даа. Түүнийг зөвхөн сэтгэл зүрхээрээ л мэдэрдэг.

Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.

“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.

Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.

Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.

-Чамайг багад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,

- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.

Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.

Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.

Хэдэн хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй. Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав”

“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг гарлаа.

Амьдралд бурхан тэнгэр, гэр бүлээс чухал юм үгүй. Ойр дотныхондоо цаг заваа зориулан харилцаж байгаарай. Боломжтой үеээ хүлээж, хойш бүү тавь.

Энэ бичлэгийг эцэг эх нь өтөлсөн бүх хүнд тараагаарай. Өнөөдөр маргаашаас илүү.

Москвад суугаа Ираны элчин сайд Реза Сажжадийн блогоос орчуулав.

Тиймээ, өнгөрсөн хойно нь амаа барьдаг юм шүү. Арсун.