Юуны өмнө хүний амьдралын улс төр, эдийн засгийн асуудлуудыг авч үзье. Ямар хүмүүс хүн төрөлхтөнд хөгжин дэвших боломж олгов оо? Суут ухаантнууд. Иймээс...суут ухаантнуудаа дээдлэн хүндэтгэж, тэдэнд дэлхий ертөнцөд засаглалаа тогтоох боломж олгох ёстой.
Эрх мэдэл хамгийн анх булчингийн хүчээр давуутай зэрлэгүүдийн гарт байлаа. Дараа нь олон тооны "зэрлэгүүд"-ийг хөлслөн ажиллууллахад мөнгө хөрөнгөө зардаг баячуудад эрх мэдэл шилжив. Дараа нь өөрсдийн итгэл үнэмшлээр ардчилсан орнуудын ард түмнийг урхидагч улс төрчид гарсан гэж үзээд зэрлэгүүдийн оновчтой зохион байгуулалтаар амжилт олж байсан цэргийнхнийг энд дурдахаа болъё.
Харин хэзээ ч эрх мэдэлтэй болж байгаагүй хүмүүс гэвэл хүний нийгэмд хөгжил дэвшлийг авчрагсад билээ. Тэрэг, дарь, дотоод шаталтын хөдөлгүүр, атом гээд аль алийг нээсэн, бүтээсэн атлаа суут ухаантнууд ямагт эрх мэдэлтэй ухаан дорой хүмүүст өөрсдийн нээлтээс ашиг олох боломж олгож байлаа. Ийм хүмүүс энгийн нэг нээлтийг цуст зорилгод ашиглах нь олонтаа байдаг билээ.
Үүнийг өөрчлөн засахын тулд...бүх сонгуулийн болон санал хураалтын тогтолцоогоо бүрэн халах хэрэгтэй бөгөөд учир нь тэдгээрийн өнөөгийн хэлбэр нь хүний нийгмийн хөгжилд огт тохирохгүй.
Хүн бүр нийгэм гэдэг асар том биеийн нэг чухал эд эс билээ. Таны гар ямар нэгэн зүйл авах эсэхийг хөлийн чинь нэг эс шийдэхгүй. Харин тэр зүйл сайн эсэхийг шалган шийдэж авагч нь тархи, харин гарсан үр шимийг хүртэгч нь тэрхүү хөлийн эд эс билээ. Санал өгөх асуудал хөлөнд хамаагүй. Түүний үүрэг бол зөвхөн биеийг, түүний дотор тархийг хөдөлгөх явдал болохоос биш гараар авах гэж буй зүйлийн сайн мууг шүүн тунгаах чадваргүй юм.
Мэдлэг, оюун ухаан хоёр зохистой харьцаатай үед санал эерэг үр нөлөөтэй байдаг. Тухайлбал, Коперник тухайн үедээ хангалттай өндөр түвшний ойлгоцтой ганц хүн байсан учраас мэдлэг чадваргүй олонхи нь түүнд ял тулгасан байдаг. Хэдийгээр сүм хийд буюу олонхи нь нь дэлхий бол сансар огторгуйн төв гэж үзэж байсан ч энэ нь буруу болж хувирсан. Үнэндээ дэлхий нарыг тойрч эргэдэг учраас цөөнх нь буюу Коперник зөвдсөн юм.
Анхны машин зохион бүтээх үед хүн бүрээс машин хэрэгтэй эсэх талаар санал хураасан бол машины талаар огт мэдэхгүй, түүнд санаа үл зовогч олонх хүмүүс эсрэг санал өгч, зөвхөн морь тэрэг хоёроор л гэлдэрцгээх байсан биз. Иймээс энэ бүхнийг яаж өөрчлөх вэ?
Өнөө үед...хүн бүрийн оюун ухаан, авъяас чадварыг үнэлэх сорилго зохиох чадвартай сэтгэл зүйчид олон болжээ. Энэ сорилгыг нялх балчир хүүхдээс эхлээд системтэйгээр хэрэглэж, улмаар хүн бүрийн сурч мэдэх чиглэлийг тодорхойлох зорилгод ашиглах ёстой.
Тэгээд хариуцлага хүлээх насанд хүрмэгц нь оюуны коэфициентийг нь хэмжиж, биеийн байцаалт юм уу, сонгуулийн үнэмлэхэд нь тэмдэглэдэг байж болно. Оюуны чадавхи нь дунджаас дор хаяж 50 хувь дээгүүр байгаа хүмүүс л төр, олон нийтийн ажилд томилогдон ажиллах эрхтэй байх ёстой. Харин сонгуульд санал өгөхөд дунджаас наад зах нь 10 хувь дээгүүр оюуны коэффициенттэй хүмүүс оролцох шаардлагатай болно. Хэрэв одоо энэ тогтолцоо байсан бол өнөөгийн олон улс төрчид албан тушаалдаа тэнцэхгүй байхнээ.
Энэ бол бүрэн ардчилсан тогтолцоо юм. Тухайлбал, дунджаас доогуур оюуны чадавхитай боловч ой ухаан сайтай, улмаар хэд хэдэн эрдмийн цол хүртчихсэн олон инженерүүд байдаг шүү дээ.
Нөгөө талаас, ерөөсөө ямар нэг тусгайлсан боловсрол байхгүй боловч дунджаас 50 хувь дээгүүр оюуны чадавхитай жирийн ажилчин, малчин, тариачид олон байдаг. Гэтэл өнөөдөр огт хүлээн зөвшөөрч боломгүй зүйл бол зүгээр л бүдүүлгээр хэлэхэд "тэнэг мангуу" гээд дуудчихмаар хүний санал ба санал өгөх гэж байгаа зүйлийнхээ талаар сайтар бодож тунгаасан суут ухаантны дуу хоолой хоёр ижил түвшинд тавигдаж байгаа явдал юм. Жишээ нь, зарим нэг жижиг хотын сонгуульд хамгийн их сонирхолтой бодлого, үзэл баримтлалтай нь бус хүмүүст хамгийн их архи пиво өгч дайлсан нь ялж байна.
Ийм учраас, бүр эхнээсээ л бодож сэтгэж, асуудлыг шийдэх шийдлийг олж чадах тархи толгойтой хүмүүс буюу дээд зэргийн оюун ухаантай элит бүлэгт л сонгох эрхийг олгох ёстой юм. Энэ нь заавал хамгийн их ном үзэж, судласан хүмүүс гэсэн үг биш. Бид суут ухаантнуудыг эрх мэдэлд гаргах тухай ярьж байна, та нар үүнийг "генокраси" буюу оюунчлал гэж нэрлэж болно.
Орчуулагч Г.Батбаярын Монгол хэлнээ хөрвүүлсэн нэгэн сонирхолтой номноос уншсанаа "товчлон" нийтэллээ. /Үнэндээ бол нэг хоёр үг хассан/. Хэд хэдэн цуврал бичээд номын тухай дэлгэе.