понедельник, 15 октября 2007 г.

Дурлачихаагүй байгаа

Өчигдөр хуриман дээр сууж байхад компьютер нүдэнд харагдаад байсан. Өвчлөөгүй байгаа.

пятница, 12 октября 2007 г.

Цэцэн туслагч

Бийрбалын тухай бичсэн чинь нутгийнхаа Цэцэн туслагчийн тухай бичмээр санагдчихлаа. Ихэс дээдэс, ард олноосоо Цэцэн хэмээх алдар хүртсэн Баянцогт гуай язгууртан гаралтай, Засагтхаан аймгийн Дайч вангийн хошууны хүн. Манай сум бүрэлдхүүнд нь багтаж байсан Дайчин вангийн хошуу нь 1714 онд байгуулагдсан цагаас Эзэн Чингис хааны угсааны Гэрсэнз жалайр хунтайжийн отгочин Самубуймо, түүний залгамж Чандмань Мажин сайн ноён, түүний залгамж /тз гэедээ/ Тангуд мэргэн дайчин, түүний залгамж Бундар дайчин баатар, түүний залгамж Матан зоригт, түүний залгамж Засагт гүн Дончид, түүний залгамж ахмад хөвүүн Ванчинжав, түүний дараа хоёрдугаар хөвүүн Гэлэг 1785 онд эцгийн орыг залгаад 1804 онд тэнгэрт хальжээ. Уул нь ууган хөвүүн Цамцагдорж ор залгах өлгий байсан боловч 1781 онд түүнийг ачлал багатай гээд эцэг нь батлан бичиж үлдээснийг харгалзан тэрбээр ор залгаагүй байна. /Азгүй баагий. Хөнгөмсөгдөөд, бээжиндээд, хүргэн орчих гээд байсийн шиг байгаан/ Гэлэг ноён төрсөн хөвүүнгүй байсан тул үрчилж авсан хөвгүүнээр /мэдээж алтан ургийн, тийм хуультайн, Өвөг дээдэс, бөлүүд үеэл хаяалууд нь Энэтхэг, хятад хан хун сүн түн тан орос ёвроов араавыг захирч явсан улс надаар юу гэж заалгав гэж/ өөрийн ширээг залгамжлуулахаар... др дррр гэж явсаар байгаад манай өвөө /гэжийвал алваа, гэхдээ Ундрах тайж гээд дуулдаад байдийншүү/ др дрр ... Содномцэрэнгийн зургаадахь хөвүүн Дашравдан эцгийнхээ тэнгэрт хальсан жил орыг залгаж Засаг ноёны суудалд дэвшиж 1903 он хүртэл 50 жил төрийн албыг хашвай. /Ашвай гэж дуулсануу, хадуурчих гээд, тэсэхгүйнээ/ Түүнийг залгамж ууган хөвүүн Жалчингомбодорж 1924 он хүртэл 22 жил хошуу ноён сууж бидний өвөг дээдсийг захирч байжээ. Түүхийг түүчээлэн манай хошууныхныг ардын хувьсгаалтай золгуулсан энэ ноён Монгол Улсын /олноо өргөгдсөний/ анхдугаар он буюу 1911 оны өвөл Очирдар Богд гэгээнтнийг Улсын хаанд өргөмжилж эрдэнийн сууринаа залахад магнай тэнийж, дайчин бэйл цол шагнуулж явжээ. 1913 онд Засагт хан аймгийн чуулган дарга болсон авч мөн онд дайчилсан цэргийг хугацаанд нь гаргаж чадаагүй учир чуулган даргын пүнлүүг 2 жилээр хасуулж явжээ. /дутчихаад, жаахан хоцроосон л доо, аав бид 2 төрөөгүй байсийн/. Тэрбээр 1914 онд баруун хязгаарт дайчилсан цэргийн зардал хэрэглэлд мал, мөнгө, туслан барьсан ба мөн биеээр хүчин зүтгэсний шанд Богд эзэний зарлигаар үе улирах бэйсийн хэргэм, 1918 онд Улсын санд мөнгө хандивлан өргөсний учир гурван нүдтэй тогосын отго, улбар гар жолоо, үе улирах Жүн вангийн зэрэг шагнуулжээ. 1924 онд Хошууны засаг ноёны тушаалаас огцорсоныхоо дараа одоогийн Тонхил суманд энгүүн сууж мал маллаж байв. 1938 онд засаг ноён асан Жалчингомбодорж гуайг хүү Ядамбат, Пэрэнлэй нарын хамт баривчлан цаазалжээ. /...ах дүү хоёрыг аавтай нь... амьтан алахдаа ч үр төлийг нь үлдээдэг шүү дээ, хаан харц нь ч яахав гэхэд... ..., яасан ч хачин цаг үе байсийн, ганц хүүг нь ч болов үлдээхгүй, хорь гучн жил хорьчихгүй ядаж/.
Эзэн Чингисийн алтан ургийн залгамж угсааны ноён Жалчингомбодоржийн цадиг ийн төгссөн байна. /... санаа алдав/.
Туслагч Баянцогт гуай чухам төрөл тайж, харъяа тайж алин болохыг мэдэхгүй. Хошууны засаг ноёны дор тамгын газар ажиллаж, алив хэргийг шийтгэдэг байж. Тамганд туслагч түшмэд, захирагч, мээрэн, залан зэрэг түшмэдийн аппарат ажиллана. Нэмээд тахар, хиа, ахлах дэс тал бичээч нар байх бөгөөд туслагч бол тайж гаралтай, нөгөө гурав нь ард гаралтай байх ёстой байжээ. Тэр багаасаа хэлэмгий доломгой, ухаан сийрэг хүүхэд байсан учир 16-хан насандаа хошуу ноёны туслагчийн зэрэгт хүрсэн байна. Дөнгөж туслагч болчихоод хэргэм зэргээ авахаар нэгэн түшмэлийн хамт явах замд хоносон айл нь түшмэлд тарган хонины хаа чанаж, хүүд хурганы мах өгчээ. Цэцэн туслагч хутгаа гаргаж гутлыхаа дотор түрүүнд хэд нийлээд махнаас огтлохыг харсан гэрийн эзэн:
- Хүү минь чи яагаад гутлын дотор түрүүнд хутга нийлэв. Ёс мэдэж яв! гэхэд:
- Биед хүрээгүй түшмэлд билчээрт хүрээгүй малын мах өгөхөөр чинь билүүнд хүрээгүй хутгыг дотор түрүүндээ нийлсэн юм гэж хэлээд дуугүй болгож байжээ. Энэ бол хоолны хэрүүл биш гэрийн эзнийг л чимхээд авсан хэрэг. Тэрбээр сэргэлэн саруул ухаантай, цэцэн хурц хэл яриатай, ном эрдэмд чамгүй нэвтэрсэн тул алив юмны үнэн худал, эв дүйг олохдоо сайн, зарга шүүх талаар гарамгай байжээ. Цэцэн туслагч хошуу ноён биш боловч Халх дөрвөн аймгийн чуулганд тогтмол оролцдог байсан нь түүний нэр хүнд байр суурийг илтгэнэ.
Нэг удаа Дамбийжанцан Зүйлийн хүрээнд ирж буу тавин лам, ноёдыг сүрдүүлэн цуглуулаад бурхан номыг буруу тахиж байна гэж ааглан, заримыг нь хүлж, хошуу ноёнд тугаа бариулчихаад дэргэдээ зогсоон дүвчигнэжээ. Энэ байдлыг харсан Цэцэн туслагч “Хаа газрын оргодол вэ чи” гэнгүүт Дамбийжаа түүнийг барьж авч сүрдүүлэхэд тоосонгүйгээр үл барам “Наад туг шүү юмыг нь хая чи!” гэж хошуу ноёноо загнаж байсан гэдэг. Мөн бөх зүрхээ.
Дамбийжаа баруун хязгаарын ард олныг бужигнуулж Маажинсан уулнаа гарах үедээ Цэцэн туслагчийнд ирж :
- За хө, чи намайг хоёр тэмээтэй бадарчин гэж ярьсан гэлүү? гэхэд
- Тэгсээн, Би таныг байтугай “богдыг сохор тангад” гэчихсэнл хүндээ гэхэд Дамбийжаа:
- Зиа тэгдэг юм байж. Тэгвэл чиний хоёр хүүхний нэгийг авч явна даа гэхэд нь:
- Буг юм бол аваад яв, бурхан юм бол танд бузар болох байлгүйдээ гэж хэлэхэд өөрийгөө бурханы хувилгаан, ариун номын мөр хөөсөн хүн гэж өргөмжилсөн баагий яаж ч чадаагүй гэсэн.
Дамбийжаа ер нь манай нутгийнханд тусч болсон усч болсон. Олон хүнийг тамлаж, нүд нүүрийг нь ухан унжуулж, хэнхдэг цээжийг нь хадаж зүрхийг нь сугалдаг аймшгийн аймшиг байжээ. Гэтэл баруунд түүний тухай бичдэг сурагтай. /би ямар тэр хэлийг мэдэх биш. Инесса Ломакинагийн "Жа ламын толгой" гээд ном гарсан байнлээ/. Дамбийжаагийн хатан болж явсан Бүжид чөлөөлөгдсөний дараа дуулж ирсэн дууг манай нутгийнхан хааяа дуулсаар байдаг. Энэ дуунд:
Алтай нутагтаа очиход
Алаг нүд минь газарч
Аав ээждээ очиход
Атан тэмээ минь газарч
Аюултай дайсныг дарсан
Ардын засгаа магтъя гэж гардаг.
Нэг удаа нутгийн ард Ээнзэн гүтгэгдээд Цэцэн туслагчид хандан ялаас хэлтрэх арга зааж өгөхийг хүсчээ. Тэгэхэд Цэцэн туслагч: “Авсан уу” гэвэл “авсан” гээрэй “үнэн үү” гэвэл “үнэн” гээрэй “яасан бэ” гэвэл “нуусан” гээрэй “хаана нуусан бэ” гэвэл “Шөнө дундын үед шинийн гуравны сар чанх орой дээр голлож байхад Улаан нурууны оройд үхэр харганы дор нуусан” гээрэй гэжээ. Ээнзэн шүүх хурал дээр цэцэн туслагчийн хэлснээр мэдүүлжээ. Шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь нэгд шинийн гуравны сар шөнө дунд орой дээр гардаггүй, хоёрт Улаан нурууны оройд үхэр харгана байдаггүй юмсанжээ. Заа тэгээд ихийм бийй. Ширээ буур бөхөндөө шавдаг байхад Ширээтийн гэгээн үүдэндээ шавдаг байжээ /шээдэг гэсэн үг юмдагуу/ гэж хэлээд хүний ёс алдсаныг цайруулсан, олон сохрыг сохрын алийг тэр гэхэв онцолсон сохрын амрыг эрье гэх мэт олон сайхан юм бий. Шовх ёроолтой аягыг эрхээ мултлан цагираг болгож углаж тавьсан тухай яриа энэ хүнтэй холбоотой. Манай хошууны 1885 оны эр хэмжээлсэн дансанд /цэргийн бүртгэл/ хошуу ноёноос эхлэн тайж язгууртан 407, шинээр тайжийн зэрэг авах 53, хуягийн эр /цэрэг/ 269, хамжлагын эр /ард/ 847 гэж бүртгэжээ. /Энэ чинь зөвхөн цэргийн бүртгэл шүү дээ, жендер мээндэр гэж гэж бодуузай, 1924 оноос хойш л бүх хүнийг тоолдог болсон/. Мөн оны цэсэнд хошууны нутгийн хэмжээг заахдаа “... Өмнө этгээд улаан морин зүг болох Биж голын амны тус бэлээс умар этгээд хар хулганы зүг болох Далантүрүүн дор хүртэл зургаан зууны газар. Өмнө этгээд цагаагчин тахиа зүг болох Сутай уулын хяраас Дорно этгээд Хөхөгчин туулай зүг болох Баван Багваахай цахир хүртэл гурван зууны газар. Энэ завсар овоогүй. Үүнээс зогсолтын зүг болох Бачив хүртэл дөрвөн зуун тавин газар. Энэ завсар 5,6 дугаар овоо буй ... " хэмээн заасан байна.
Нохой гаслам халуунд халж, чөмөг царцам хүйтэнд хөрч, угалзан шуурганд малтайгаа хөөцөлдөж, хоёр нарны хооронд ажиллаж амьдарч явсан хөвчийн нурууны хөх эрчүүдийн нутагт хувьсгалын өмнө хуйхуу нар халдан алж талж байвч эсэргүүцэн тэмцэж ялан дийлж явжээ. Ард түмнийхээ дунд Цэцэн туслагч хэмээн алдаршсан Бат-Очирын Баянцогтын ач хүү Г.Лодон /Ааниа/ саяхныг хүртэл бидний дунд аж төрж байв. Түүний удам угсаа гадаад дотоодод олон бий.
Жаргалтайн дэлгэр нутгийнхаа тухай номноос бахархаж, харамсаж, уйлж, дуулж, хуулж бичлээ. Уулс минь нүдэнд үзэгдээд байх чинь /... самсаа шархирч, нүд бүрэлзэв, нас ахисных биз/.

Хан тэнгэрийг баясгасан
Хайрхан Алаг уул минь
Зүүд нойронд минь эргээстэй
Зүрх сэтгэлээс минь уяастай.
Эргээд тандаа очноо
Эжийн гол минь.
Удахгүй тандаа очноо
Уулс минь.
Учран золгоноо
Ухаант түмэн минь. /Сацал өргөнө/

Нутгийн номын эхний хуудсанд:
- ...............-таа
Насны тэтгэвэрт суугаад
Ном бичихээр сэнтэглэв.
Өөрийн чадал мөхөсдөж
Үеийн нөхөдтэйгээ өлгийлцсөн
Энэхүү номоо дурсгав. Ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш Б.Шарав гэжээ. Одоо яаанаа, хаашаа харж нуугданаа. Намайг харчихаад нүд нь орой дээрээ гараад ухаан алдаад уначихаас нь урьтан усы нь шахаж, буртгаа арилганаа. Манай нутгийн хөгшчүүдийн үг нь гэж чулуу шүүдээ. Захын дүү хөгшинтөгцөгайлгүйтэхгээдалцганачихымааалчхынсанкүүрийг гэх энүүхэнд.

среда, 10 октября 2007 г.

Хи хи хи

Анддаа Нанадаа зориулав. /томорсон/
Цэнгэлдэх хүрээлэнгийн зочдын тасалгааны хаалгыг нээмэгц, гурван залуу бүсгүй ширээ тойрон сууж хооллоно. Хүүе яадаг билээ, та, хаалга бушуу хаачих гээд "хи хи хи" гэж инээлдэнэ. Нүдээ анилдуулан ирмэлдүүлэн, аальгүйтэх бөгөөд "Хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ" гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан "айлгүй яах вэ! айлгүй яах вэ" гэж бас л дахин "хи хи хи" гэж инээлдэнэ.
Орж суугаад нэгэнтээ ширвэн ажиглавал "Хүн хоол идэж байхад яадаг хүн бэ" гэж мөн дахин "хи хи хи" гэж инээлдэнэ. Хүрэн даавуу дээлийг нарийн дурдан бүсээр бүсэлж, цагаан орос малгай өмссөн, зүүн талын соёондоо алтан шүдийг хийсэн, хүрээний хөөрхний тоонд орсон, нэг хүүхэн хөдлөх бүр аальгүйтэж, харах бүр "хи хи хи" гэж нүдээрээ инээнэ. Дараагаар "Чи ингээд би ингээд, тавгаа цааш нь шаазангаа нааш нь, энэ хүн нь тэр юм нь" гэлцэн дээгүүр доогуураа нудралдан, арван таван минутын зуур үргэлж "хи хи хи", "хи хи хи" гэж инээлдэн байгаад бас л "хи хи хи" гэж аалигүйтэн годолзсоор гарч одов. 1930 он

Таж Махал

Энэ гайхамшгийг хүн бүхэн мэднэ дээ. Цагаан хэрэмийг гайхахаас илүү хэн бариулав гэдэг нь бахархал төрүүлнэ. Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайн улс дундад азийн нутаг дэвсгэрт Узб, Кирг, Афг стануудыг хураан 150 жил тогтоод суурин дээр нь Төмөрийн улс тогтов. 1370-1500 он. Доголон Төмөр барулас овгийн хүн. Бухаар, Самаркаандад лалын сүмүүдийг бариулсан. Ираны Хорасан хотыг эзлэн, эсэргүүцлээ гээд 70000 хүний толгойгоор овоо босгосон. Их холоос цайран харагддаг байсан гэдэг. Яагаав нөгөө шарилыг нь ухаад гаргасан өдөр нь дэлхийн дайн гараагүй юу. Энэ хүмүүс нээрээ анхааруулсаар байтал. Нэг сонин юм нь Жуков гуай энэнд нэлээн анхаарсан байдаг. Шарилыг нь айгаад буцааж хийхээр онгоцонд ачаад явахдаа Москваг 3 тойрсон гэнэ. Тэгсэн чинь дайсны онгоц тэр хүрээнээс нь дотогшоо орж чадахгүй байсын байхоо. Тэгээд шарилыг нь яаг буцаагаад хийгээтэхсэн чинь Сталинградын дэргэдээс ялалтын чимээ сонсогдсын байхоо. Төмөр хүн ган хүн ч гэх шиг /сталь-ган/. Өө нөгөө Таж Махаал, мартах гэжиишдэ.
Төмөрийн ач гуч нь урагшаа яваад 1525-1858 онд Энэтхэг Бангладеш, Пакистан гээд тэр хавийн улсуудыг цуглуулаад Их Могол улсыг байгуулав. Бабуур хаан - Төмөрийн ач хүү. Аа Акбаар бол /гацав, дөч тач гэхгээл/ Таж Махаалыг Их Монголын Шах Жаахан арааб хатан Мумтаацад /сайхан арааб морь санаанд орж байх чин/ зориулан бариулжээ.

вторник, 9 октября 2007 г.

Бийрбал

Ааграа хот. Таж Махалын цагаан гантиган бунхан. Түүнээс холгүй нэгэн болдгийн оройд их Моголын хаан Акбар улаан боржин чулуун хот бариулж 1569-1586 он хүртэл энд суухдаа уг хотыг их Монгол улсын нийслэл болгосон ажээ. Хожим хиймэл нуур цөөрмүүд нь хатаж, усгүй болсон нь Ааграаг нийслэлээ болгох шалтгаан болсон гэлцдэг. Акбар хаан бүх л авъяаслаг шүлэгч, эрдэмтэн, хөгжимчин, дуучин, зураач нарыг лал, хиндүү гэж ялгахгүйгээр ивээн дэмжиж байжээ. Хааны зуны ордны чулуун цонх маш нарийн цоолбор хээтэй агаад түүгээр салхи орохдоо нэгэн сонин хөг аялгуу үүсгэдэг ажээ. Энэхүү ордны дэргэд Акбар хаан өөрийн дотны нөхөр, зөвлөгч, мэргэн Бийрбалд зориулан бариулсан 2 давхар гоёмсог өргөө байх юм. Каанпүрийн Тикваанпүр тосгонд ядуу бярманы гэрт төрсөн Бийрбал барагцаалбал 1528-1582 оны үед амьдарч байсан мэдээ бий. Бийрбалын авъяастайг хаан мэдээд 1560-аад оны үед дэргэдээ авсан бололтой гэж судлаачид тэмдэглэжээ. Цэцэн мэргэн хурц ухаанаараа Акбарын сэтгэлийг аргагүй татсан учир их хэмжээний эдлэн газар, хөрөнгө өгч байсны дээр "мэргэн зөвлөгч", "яруу найргийн хаан", "мэргэн шийтгэгч" зэрэг олон цол олгож байжээ. Акбар хаан хаана ч явсан түүнтэй хамт явдаг байжээ. Нэг удаагийн тулалдаанд Бийрбал амь эрсдэж цогцос нь ч олдсонгүй өнгөрчээ. Гэвч Энэтхэгийн ард түмний бүтээсэн үлгэр домог, шог хошин ярианд Бийрбалын дүр амьдарсаар иржээ. Бүтээлийг нь хулуун авч бохиртгосонд О.Сүхбаатар авгай тэвчин хүлцэнэ үү.
Хачин сайхан зүүд
Нэгэн үдэш эзэн хаан Бийрбал хоёр хөгжилтэй юм ярьж суужээ. Эзэн хаан хэлсэн нь:
- Бийрбал аа, урьд шөнө би нэг хачинн сайхан зүүд зүүдэллээ. Чи бид хоёр огторгуйагаар нисэж яваад хоёул унаж байх юм. Тэгэхдээ би балтай нүхэнд чи баастай нүхэнд уначихийн. Тэгээл би сэрчихлээ.
- Яммар сонин юм бээ? Эзэнтэн минь ээ. Би бас яаг тэгж зүүдлээд, тэгээд бие биеээ долоогоод цэвэрлэчихиин.
Акбар хаан ичсэндээ болоод дув дуугүй суув гэнэ.
Нэгээр барахгүй хоёр илжигний ачаа
Акбар хаан нэг удаа хүүтэйгээ өглөөгүүр ордныхоо ойролцоо зугаалж явжээ. Бийр бал бараа болж явав. Өглөө эртийн сэрүүн, сэвэлзсэн ариун салхинд тэдний сэтгэл санаа ихэд сэргэн, явсаар нэлээд холдсон байв. Буцахын хэрд нар шарж эхэлсэнд эзэн хаан хөвөнтэй нөмрөгөө Бийрбалын мөрөн дээр тохжээ. Хаан хүү ч эцгийгээ дууриан хөвөнтэй нөмрөгөө тайлан Бийрбалд өгсөнд мөн л мөрөн дээрээ тохжээ. Үүнийг хараад эзэн хаан Бийрбалаар тохуу хийх санаатай,
- Бийрбалаа! Одоогоор чиний мөрөн дээр лав нэг илжигний ачаа бий болчих шив? гэжээ.
Бийрбал тэр дорхноо,
- Замбуу тивийн их эзэнтээн, нэгээр барахгүй хоёр илжигний ачаа болоод байна гэжээ.
Энэ егөөг сонсоод хаан так чик.

воскресенье, 7 октября 2007 г.

Хэрээ хэрээний зүг ниснэ

А.С.Пушкин
Хэрээ хэрээний зүг ниснэ
Хэрээ хэрээндээ гуаглах нь:
Хэрээ бид хаа нэг идэж авна?
Хэрээ хэрээндээ хариулах нь:
Хоол бидэнд олдох болно.
Эзгүй талд бутын дор
Алагдсан баатар хэвтэнэ
Хэнд ямар учраас алагдсаныг
Ганцхан шонхор шувуу мэднэ
Бас харагч гүү нь мэднэ
Бас залуу гэргий нь мэднэ
Гүүг дайсан унан явжээ
Шонхор шугуйд нисэн оджээ
Харин гэргий амрагийг хүлээх нь
Алагдсаныг биш амьдыг юмаа.
Орч: Д.Нацагдорж

среда, 3 октября 2007 г.

Ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт амьдрахыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэг өдөр маргалдсаны дараа эхнэр “нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтад хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачихаар болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа.
Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юмсанжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа. Аав нь хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчиръя гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү нь юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь намайг уучлаарай гэх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй ихэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж чинь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу? гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил. Ийм зүйл хийснийг минь уучлаарай хэмээн өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй... Намайг энд орхихгүй гэдгийг мэдэж байсан юм” хэмээжээ.

“Сургамжит өгүүллэгүүд” номноос U-Life сонинд нийтлэгдснийг авлаа. /зохиогч нь тодорхойгүй юм/ Зүүдчин эрийн аавынхаа тухай дурсамжийг уншаад нэг их сэтгэл хөдөлж билээ.
http://zuudchin.blogspot.com/2007/06/blog-post_18.html
***
Одот тэнгэрийн тэнүүлчин
Оюун санааны гуйлгачин
***
Он цаг солбицоход
Орон зай давхцахад
Чулуун дотор загас хөвнө
****
Гангар эхлээд сэтгэлд эмтэрнэ
Газарт унаад дараа нь хагарна
***

понедельник, 24 сентября 2007 г.

Нисдэг хүн


http://www.flickr.com/photos/alainbachellier/349020779/
1989-90 оны үед "Эхо планеты" сэтгүүлд левитаци хийх чадвартай 2 залуугийн зураг, ярилцлага гарч нүд бүлтийлгэж чих дэлдийлгэж билээ. Тэд газраас 90 санж орчим "хөөрч", цаашдаа ийм чадвартай улсууд 100 метрийн уралдаан зохиох төлөвлөгөөтэй байгаа талаар бичсэн байсан. Тэгвэл Мял богд уулнаас ууланд нисэж хүрдэг байжээ.

Өдрөөр би олоогүйм шөнөөр чи юу олохов дээ

Мял богдын намтараас /Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/
... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов...
Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа.
Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан...
Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/
... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд “Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө. Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно. /126
/