Би буян үйлдэж бурхан бүтээж, өглөг өгч өгөөмөр загнаагүй ч бусдыг буруу замаар будаа бүү тээгээсэй гэж хүсдэг эгэл нэгэн.Аавын захиасыг умартаж архи дарсыг хэтрүүлэн амь тавихдаа хэдэнтээ тулсан ч тэнгэр бурханы өршөөлөөр мэнд өнгөрч байлаа.
Архи гээч тааруулж тохируулж чаддаггүй над шиг хүнд бол хүнд идээ юм байна. Амсахгүй байхыг байхыг шаардах андын минь сэтгэл юутай сайхан, архи сурталчлахыг хорьсон засгийн хууль юутай сайн.
Архины үйлдвэрлэлээ ашигтай байлгах, архичдын тоо толгойг өсгөхийн тулд эзэн хааны нэрээс авахуулаад үнэтэй цэнтэй бүхнийг ашиглаж байна. Алтан намар, ургацын баярын шагнал "Алтан түрүү"-г сэргээж байгаа нь цаанаа өөр зорилготой. "Алтангадасын түүх" гээд уншиж байтал архины реклам болоод явчих жишээтэй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр нэрээ нууна, мэдээ маягаар сэмхэн шургуулна. Хэдэн цаас авдаг юм байхдаа зайлуул. Үүнийг хараа, ерөөл өргөе энэ тэр гэсэн далд сурталчилгаа тасрахгүй, арга ажиллагаа нь ад зэтгэрийн гэмээр нарийсч байна.
Архинаас болж осгох, осолд өртөх зэргээр олон мянган хүн амь нас, ахуй амьдралаа алдаж байгааг хэн бүхэн мэднэ. Архины үйлдвэрлэл хэмээх бараан мөртэй энэ бизнесийг хувь хүн бус төр өөртөө авч буруу үйлийн үрийг буух эзэн, буцах хаяггүй болгомоор юм.
Урлаг соёл, улс төр нийгмийн зүтгэлтнүүд, элит хэмээгдэх ноёд, хатагтай нар архины шинэ брендийн нээлтэд оролцон амаа олохгүй магтах өнөө үед бадарчин хүү Амай шар айрагны сурталчилгаанд ашиглуулчихсандаа эмзэглэж байгаа нь нэгийг бодогдуулж, хүндлэх сэтгэл төрөв. Бас талх чихэр компани "Ерөөл" хэвийн боовны хэвшсэн
нэрийг өөрчилж буй нь архи сурталчлах муу үйлд гар бие оролцохоос татгалзаж буй хэрэг. Татгалзсан бүхэнд талархаж байнаа.Би ч бас эр зориг гарган "архи дэмий юм" гэж захиад бичлэгээ дуусгая.
Шог зургийг С.Цогтбаяр.